Манай баг Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран нэгэн шинэ цахим товхимлыг (newsletter) эхлүүлсэн нь "Тогтвортой хөгжил 2030" юм. Хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгдэж буй "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-той холбоотой мэдээллүүд, үйл явдлууд, сайн жишээнүүдийг энгийн үгээр, сонирхолтой байдлаар тайлбарлан хүргэх энэхүү товхимлынхоо эхний дугаарыг бид давхар блог нийтлэл болгон хүргэж байна. 

Эхний дугаараараа бид Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан тогтвортой хөгжлийн тав дахь зорилго болох “Жендерийн тэгш байдлыг хангах” сэдвийг хөндсөн юм. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгаагаар яг одоогийн нөхцөл байдал хэвээрээ үргэлжилбэл хүйсийн тэгш байдал, тэгш оролцоог хангасан нийгэм 2217 онд л бүрэлдэн тогтох аж. Гэтэл бидэнд ийм удаан хүлээх боломж, эрх байгаа гэж үү? Жендерийн тэгш байдлын талаар та бид ямар зүйлсийг мэдэх хэрэгтэй вэ? Нөхцөл байдал одоо ямар байгаа, цаашид хэрхэн төлөвтэй байна вэ? Энэ тал дээр ахиц дэвшил, сайн жишээнүүд юу байна вэ?

Хүйсийн тэгш байдал гэж юуг хэлээд байна вэ?

Хүйсийн тэгш байдал гэх үгийг сонсохоороо зарим хүн “Өнөө л улигт сэдэв үү” гэсэн байдлаар төвөгшөөх нь бий. Зарим нь Монголд энэ бол асуудал биш шүү дээ гэсэн өнгө аясаар ханддаг. Гэвч энэ бол ингэж хөнгөн хуумгай хандах асуудал биш гэдгийг дараах цөөхөн тоо л гэрчилнэ. Дэлхийн 15-49 насны 5 эмэгтэй хүн тутмын 1 нь сүүлийн 12 сард биеийн болон бэлгийн хүчирхийлэл амссан, 49 оронд эмэгтэйчүүдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалсан хууль байдаггүй гэх мэт үзүүлэлтүүд бий.

Жил бүр 18-аас доош насны 15 сая орчим охиныг өөрийнх нь санаа бодлыг үл харгалзан хүчээр гэрлүүлж байна. 2016 оны байдлаар дэлхийн хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийн 57 хувь нь ажиллаж байгаа бол эрчүүдийн 70 хувь нь ажил эрхэлж байна. Бүтэн цагийн ажилтай эмэгтэйчүүдийн цалин хамт ажилладаг эрчүүдийнх нь цалингийн 77 хувьтай тэнцүү байдаг. Мөн S & P-ийн 500 компанийн гүйцэтгэх захирлуудын ердөө 4.8 хувь нь эмэгтэй юм. Харин улс төрийн талбарт, дэлхийн нийт парламентын гишүүдийн 32 хувь нь эмэгтэйчүүд байдаг бөгөөд энэ нь 1995 оны дүнгээс хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Монгол улсын хувьд одоогийн парламентын 76 гишүүний 13 нь буюу 17.1 хувь нь эмэгтэйчүүд байна. Гэтэл их дээд сургууль, мэргэжлийн сургалтын төвүүдийг төгсөгчдийн 64 хувь нь эмэгтэй байгаа нь хүйсийн тэгш байдал манай улсад ямар нөхцөл байдалтай байгааг илтгэх мэт.

Угтаа хүйсийн тэгш байдал гэдэг нь хүний үндсэн эрх төдийгүй амгалан тайван, хөгжин цэцэглэсэн, тогтвортой дэлхийг цогцлоох нэгэн суурь юм. Эмэгтэйчүүд, охидыг боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, ажлын байраар эрчүүдтэй адил тэгш хангах нь, улс төр, эдийн засгийн шийдвэр гаргалтад оролцох боломжийг нэмэгдүүлэх нь тогтвортой эдийн засгийг бий болгож, цаашлаад дэлхий нийтэд тогтвортой хөгжлийг авчрах билээ.

онцлох эшлэл 

БҮРТГҮҮЛЭХ: Тогтвортой хөгжил 2030 цахим товхимол

Чиг хандлага 

Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийг ялгаварлах, хүчирхийлэх явдлыг арилгахад чиглэсэн санаачилгууд энд тэнд хүчээ авч, дэлхий нийтийн хөдөлгөөн болон хувираад байгаа юм. Фэйсбүүкийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Шэрил Сандбергийн 2013 онд эхлүүлсэн Lean In хөдөлгөөн, 2017 онд хамтран ажиллаж байсан олон эмэгтэй жүжигчдэд бэлгийн дарамт үзүүлж байсан нь илэрсэн Харви Вэйнштэйний хэргээс үүдсэн бэлгийн хүчирхийллийн эсрэг #MeToo хөдөлгөөн, эмэгтэйчүүдийг жендерийн тэгш бус байдлын эсрэг арга хэмжээ авч эхлэхийг уриалсан #Time’sUp хөдөлгөөнүүд нь жендерийн асуудлыг олон нийтийн анхааралд хэзээ хэзээнээс илүүтэй авчирч, бодит үр дүнгүүдийг хэдийн гаргаж эхлээд байгаа юм. Тун саяхны жишээ хэлэхэд, 2019 оны Оскарын шагналыг 15 эмэгтэй хүртсэн нь 2018 оны Оскараас даруй есөөр илүү үзүүлэлт. Олны танил, нөлөөтэй хүмүүс энэ асуудлыг Оскар гэх мэт томоохон арга хэмжээнүүд дээр хүчтэй хөндөж, нөлөөллийг үзүүлж эхэллээ.

Түүнчлэн олон нийтээс аяндаа гарч буй эдгээр санаачилга, хөдөлгөөнүүдийн сацуу мэргэжлийн болон олон улсын байгууллагуудаас томоохон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж буй. Тухайлбал НҮБ-ын Эмэгтэйчүүдийн Байгууллагаас ​эрчүүд, хөвгүүдэд эмэгтэйчүүдийг ялгарлан гадуурхах, сөрөг хандлага гаргахын эсрэг, жендерийн тэгш эрх бүхий нийгмийн төлөө эвлэлдэн нэгдэнэ үү хэмээн уриалсан #HeForShe хөдөлгөөнийг эхлүүлсэн нь 2018 онд Монгол Улсад нээлтээ хийж, идэвхтэй өрнөж байна.

Ингээд харахаар хүйсийн эрх тэгш байдлыг хангах асуудал ойрын ирээдүйд маш эрчимтэй хэлэлцэгдэх, мэдэгдэхүйц ахиц гарах хандлага ажиглагдаж байна. Харин энэ эерэг өөрчлөлтөөс та бид ч хоцрох ёсгүй.

байгууллагуудад: Ажлын Таатай орчныг хэрхэн бий болгох вэ?

Орчин үед эмэгтэйчүүдийн эдийн засаг болон нийгмийн харилцаан дахь байр суурь улам бүр бэхжиж, тэдний оролцоо нийгмийн бүхий л салбарт зайлшгүй хэрэгтэй болж байна. Үүнийг дагаад эмэгтэйчүүдэд ээлтэй байгууллагын соёлыг бий болгох хэрэгцээ нэмэгдэж байгаа юм. Эмэгтэйчүүд эсрэг хүйсийнхнээ бодвол цалин бага авч, ажилд дэвших боломжоор хязгаарлагдмал байх нь түгээмэл. Удирдах ажилтнууд болон хамтрагчдынх нь зүгээс, эмэгтэйчүүдийг гомдоож сэтгэлийг нь сэвтээчих вий гэсэндээ эрчүүдийг бодвол санал сэтгэгдэл, шүүмж хэлэх нь 20 хувиар бага байдаг гэнэ. Иймд албан тушаал дэвшүүлэх, санал бодлыг нь сонсох, өсөх дэвжих боломжийг нь хангах зэрэгт ажилтнуудаа хүйсээр ялгаварлахгүй байх нь чухал юм. Эмэгтэйчүүд л оффисын цэвэр цэмцгэр байдалд анхаарах ёстой зэргээр эмэгтэйчүүдэд уламжлалт хандлагаар хандах нь зохисгүйг бас өгүүлэх юун.

Дэлгэрэнгүй унших: Байгууллагуудад өгөх зөвлөмж: Ажлын таатай орчныг хэрхэн бүрдүүлэх вэ?

Онцлох мэдээ

Түүхэн шийдвэр: Засгийн газрын шийдвэрээр Монгол улс 3-р сарын 1-ээс эхлэн бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн гялгар уутыг хэрэглээнээс гаргах түүхэн шийдвэр гаргасан билээ. Ингэснээр хөрсөнд шингэдэггүйгээсээ болж маш ихээр хуримтлагдан байгаль орчны тулгамдсан асуудал болоод буй гялгар уутны хэрэглээ үлэмж багасна. Гэхдээ бүх гялгар уутыг хориогүй, зузаавтар гялгар уутыг хэрэглэж болно гэдгийг уншигчдадаа сануулъя. Бүгдээрээ энэ зөв шийдвэрийг дэмжээд ажил бизнес болон ахуй амьдралдаа даавуун торыг хэрэглэж хэвшье.

Нийгмийн хариуцлага: Тогтвортой хөгжлийн дөрөв дэх чухал зорилго болох “Чанартай боловсрол”-ыг дэмжих, мөн компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд ХААН Банк өөрийн үйл ажиллагаанд ашиглаж байсан Cisco брэндийн сүлжээний тоног төхөөрөмжийг Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн компьютерийн сүлжээний лабораторид хандивлалаа.

Тэгш оролцоо: Unread-ийн багийнхан бид, байгууллагууд хүйсийн тэнцвэрт байдлыг хангахын тулд тодорхой амлалтыг өгч, түүнийгээ мөрдвөл үр дүнд хүрнэ гэж итгэдэг. Тийм ч учраас бид зохион байгуулж буй эвент, арга хэмжээнүүдийнхээ панел хэлэлцүүлэгт оролцогчдын хүйсийн харьцааг 50/50 байлгах зорилт дэвшүүлээд байгаа билээ.

Сайн жишээ: Удирдах түвшиндээ хүйсийн тэнцвэрт байдлыг анхаардаг байгууллагуудын нэг жишээ бол ХААН Банк юм. Тус банкны нийт 6,200 гаруй ажилтны 66 хувь нь, удирдах түвшний ажилтнуудын 42 хувь нь эмэгтэйчүүд байдаг аж. Сонирхолтой статистик өгүүлэхэд, ХААН Банкны нийт харилцагчдын 50 гаруй хувь нь, нийт карт эзэмшигчдийн 53 хувь нь, кредит карт эзэмшигчдийн 57 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг гэнэ. Интернэт болон мобайл банк хэрэглэгчдийн хувьд 55-58 хувь нь эмэгтэйчүүд байна.

Санал болгож байна

Унших: Шинэ сарыг урам зориг дүүрэн эхлүүлэх хамгийн төгс сонголт бол "Becoming". АНУ-ын тэргүүн хатагтай асны энэхүү намтар ном танд "өөрийн гайхалтай түүхийг" бүтээх сэдлийг төрүүлэх болно. (Unread: "Becoming: Миний түүх" номын тухай)

Үзэх: Мөрөөдлийг тань галзуу гэж шоолж байна уу? Үгүйсгэж, бас тохуурхаж байна уу? Дэмий дээ гэж гоочилж, бүтэхгүй дээ гэж үл тоож байна уу? Тийм байлаа ч, огтхон ч шантрах хэрэггүй. "Галзуу" хүмүүс юунд хүрч чаддагийг тэдэнд харуулахад л хангалттай. (Тоглоомын дүрмийг өөрчилсөн 20 настай гүйгчийн бахдам түүх)

Очих: Монголын технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн хамгийн том цугларалт. Топ компаниудад хариуцлагатай албан тушаал хашиж, карьерийн замналаараа үе үеийн залууст үлгэрлэж буй бүсгүйчүүд энд, "Women In Tech" арга хэмжээнд цугласан юм. (Women in Tech - Технологийн салбарыг эмэгтэйчүүд тодорхойлох нь)

Тогтвортой хөгжлийн эргэн тойронд болж буй үйл явдлууд, чухал мэдээллүүдийг энгийн үгээр, сонирхолтойгоор тайлбарлан хүргэх 2030 цахим товхимлын дараагийн дугаарыг та энд бүртгүүлэн хүлээн аваарай.