Мартын 8-ны босгон дээр бид бизнесийн салбарын нэгэн лидерийг ярилцлагадаа урилаа. Тэр бол Монос Хүнс ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Отгондарь юм. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй бөгөөд одоогийн ажилдаа томилогдохоосоо өмнө Монос Группийн Стратеги, бизнесийн хөгжил хариуцсан захирлаар ажиллаж байсан. Мөн Монгол Эм Импекс, Таван Богд зэрэг компаниудад төсөл, хөрөнгө оруулалт, бизнес хөгжил, төслийн удирдлагын чиглэлээр 14 жил ажилласан туршлагатай. Тэрээр 2011 онд байгуулагдсан Монос Хүнс компанийг “Цэнэг” брэндийн бэлдмэл, “Энхжин” ургамлын цай, “Экос" эрүүл мэндийн ус зэрэг 6 брэндийн 80 гаруй нэр төрлийн эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгч компани болгон хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа нэгэн. Түүнийг 2016 онд МҮХАҮТ-ээс оны шилдэг энтрепренер эмэгтэйгээр шалгаруулж байв. Ингээд амаржаад хэдхэн сар болж байгаа хэдий ч компанийн энэ онд тавьсан том зорилгынхоо төлөө ажил, амьдралаа хослуулан яваа А.Отгондарь захиралтай ярилцсанаа хүргэе.

Байршил: Улаанбаатар
Эрхэлж буй ажил: Монос Хүнс ХХК-ийн гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone X
Хэрэглэдэг компьютер: Macbook Air 12'
Сошиал хуудсууд: Otgondari Agvaandorj (Фэйсбүүк), Otgondari Agvaandorj (ЛинкэдИн)

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ?

Би багийн гүйцэтгэл, хамтын ажиллагааг их чухалчилдаг. Өнгөрсөн хугацаанд гүйцэтгэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх нэвтрүүлэх үйл явцад байнга гар бие оролцож ирсэн учраас энийгээ өөрийн давуу тал болгож, компанидаа гүйцэтгэлийн удирдлагын систем нэвтрүүлж, түүнийгээ чанд баримтлан ажиллаж байна. Багаараа үр дүн, гүйцэтгэл, амжилтаа богино хугацаагаар хянаж, дүгнэж урам авч, баг хамт олноо идэвхжүүлж хурдтай урагшлахыг зорьдог.

Мөн төлөвлөлтөд их анхаардаг. Манай компани жилийн төлөвлөгөөгөө өмнөх жилийн 3-р улирлын ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлээд буюу 11-р сарын сүүлээр батлуулчихдаг. Төлөвлөгөө тодорхой байхаар багаа хуваарилаад, нарийвчлан төлөвлөөд явах боломж бүрдэнэ. Өдөр тутамдаа гэвэл имэйлээ шалгахаас ажил эхэлнэ. Голдуу борлуулалтын тайлан, үйлдвэрлэлийн мэдээ гэх мэт өдрийн тайлангуудтайгаа танилцан ажлаа эхлүүлнэ. Монос группийн болон компанийн уулзалт хурлыг ихэнхдээ өглөө эрт товлочихдог болохоор шууд уулзалт, хурлаар ажлаа эхлэх тохиолдол бас их. Ажлын төлөвлөлтөө чухлаас нь эрэмбэлэн хийдэг. Өөрийн өдрийн төлөвлөлтөөс шаардлагатай мэдээллээ багийнхандаа хуваалцана, ялангуяа гадуур уулзалт хурлын талаар.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Имэйл апп болон Фэйсбүүкийн байгууллагуудад зориулсан хувилбар болох Workplace, Workchat аппууд. Эдгээр апп-ийг Монос группийн хэмжээнд албан ёсоор хэрэглэдэг юм. Workplace болон Workchat дотор ажлын группууд болон төслийн баг үүсгээд,төслийн менежмент маягаар ашигладаг. Энэ нь орон зай хамааралгүй харилцаагаа маш чөлөөтэй явуулж, хурдан шийдвэр гаргахад тустай байдаг.

Ажлын төлөвлөлтийг Calendar, Reminder дээр хийгээд, уулзалт хурлын тэмдэглэл, анхаарах зүйлсээ Note дээр хөтөлдөг. Танай Unread-ийн аппаас бас мэдээлэл авах дуртай шүү.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Миний хувьд цаг хэмнэх сайн аргын нэг бол чадварлаг баг, хамт олныг бүрдүүлэх гэж боддог. Багаа бүрдүүлсэн бол өөрөө бүхнийг хийх гэж зүтгэлгүй бусдадаа итгэл хүлээлгэж, ажил хариуцуулж явах нь зүйтэй.

Мөн ачаалалтай үедээ маркетингийн аутсорсинг авах гэх мэтээр бусад мэргэжлийн үйлчилгээг авахыг дэмждэг. Салбарын шилдэг сайн мэргэжилтнүүдтэй зоригтой хамтарч, мэдлэг чадварыг нь ашиглах нь ихээхэн цаг хэмнэдэг, баг хамт олон маань ч суралцаж хөгждөг.

Монос Групп болоод манай компанийн үр дүнтэй хэвшүүлж чадсан зүйл бол төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлага. Төлөвлөгөө, гүйцэтгэлдээ байнга явцын хяналт хийгээд сурчихаар ажил орхигдож эзэнгүйдэхгүй, төлөвлөсөн үр дүн, зорилтдоо хүрэхэд чухал нөлөөтэй байдаг. Сайн төлөвлөлт, зохион байгуулалт нь өөрөө цаг хэмнэх шилдэг арга байх.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Би тэмдэглэлийн дэвтэр ашиглах дуртай, дэвтэрт их ач холбогдол өгдөг. Мөн гар утасныхаа Note дээр их тэмдэглэл хийнэ. Туслах маань уулзалтын цагууд, шийдвэрүүд, багаараа төлөвлөсөн үүрэгт ажлуудыг Outlook-д календарь үүсгээд оруулчихдаг. Мөн багийнхан маань хариуцсан ажлын явц, төслүүдийн төлөвлөлтөө Outlook дээр урилга явуулах хэлбэрээ хуваалцдаг. Эдгээрийг маш сайн хэвшүүлчихсэн л дээ. Хамтран ажиллаж байгаа байгууллагаас хамаараад Trello хэрэглэх үе ч бий. Харин урт хугацаанд хэрэгжүүлэх ажил, төслүүд дээр бол гол санаануудаа дэвтэр дээр буулгаж төлөвлөдөг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Хүмүүсээс намайг аливааг зохион байгуулах, мультитаскинг чадвар сайтай гэсэн дүгнэлт сонсож байсан. Миний хувьд стратеги төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын талаар илүү туршлагатай болов уу гэж бодож байна.

Монос группд Стратеги, бизнес хөгжил хариуцсан захирлаар 3 жил ажиллаад Монос Хүнс ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон нь нэг талаар компанийг зохион байгуулалт, менежментийг сайжруулах даалгавар байсан л даа. Туршлага дээрээ тулгуурлаад орон тоо, бүтцийн өөрчлөлт хийнэ гэлгүйгээр гүйцэтгэлийн удирдлагыг системтэйгээр хэрэгжүүлж эхэлсэн нь их өгөөжтэй байгаа.

Ажилдаа цэгцтэй байдлыг их чухалчилдаг. Үйлдвэрийн компанид, ялангуяа хүнсний компанид чанар стандартыг хангаж ажиллах нь хамгийн чухал зүйл учраас бүх түвшиндөө эмх цэгц, дэг журам, зохион байгуулалттай байж, үүнийг тогтмол хэвшил дадал болгох хэрэгтэй байдаг. Иймд 5S хөтөлбөрийг хэрэгжүүлээд байнга л үнэлгээ, хяналт хийгддэг. Хамгийн сүүлд л гэхэд манай дээр компьютерийн файлуудаа цэгцлэх дотоод хяналт орох жишээтэй.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Хамгийн бахархалтай нь бид үндэсний үйлдвэрлэгч, тэр тусмаа эрүүл мэндийн хүнсний үйлдвэрлэгч. Бид эх орныхоо хөрсөнд ургасан, органик ургамал, байгалийн зэрлэг жимс, өөрсдийн тариалсан чацаргана жимс, Моносын ботаник цэцэрлэгийн хүрээлэнд тарималжуулсан эмийн ургамлын орц найрлагатай, өдөр тутамдаа хэрэглэж болох хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж хэрэглэгчдэдээ хүргэдэг.

Эрүүл мэндийн үйлдэлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч учир чанар стандартын маш хатуу бодлоготой ажилладаг. Бид яаж илүү инновацилаг байх вэ гэж байнга эрэлхийлдэг. Компани дотор бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн баг ажиллахын сацуу группийнхээ Эм судлалын хүрээлэнтэй хамтран судалгаа шинжилгээгээ хийдэг юм. Манайх нэг шинэ бүтээгдэхүүн зах зээлд гаргах гэж, технологийг нь боловсруулах гэж багадаа нэг жил, түүнээс дээш хугацаа зарцуулна, судалгаа хөгжүүлэлтдээ хөрөнгө, цаг хугацаа их зардаг.

Бэрхшээлтэй талууд гардаг ч гэсэн тэр бүхнийг даваад л гардаг даа. Бэрхшээл туулахгүйгээр амжилтад хүрнэ гэж байдаггүй болохоор нэг их тоочоод байхыг хүсэхгүй байна.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ЗОРИЛТУУД?

Шинээр эрүүл мэндийн ус ундааны үйлдвэр байгуулах төсөл дээр төвлөрөн ажиллаж байна. Төслийнхөө санхүүжилтийг босгохоор IPO хийхээр бэлтгэл ажлаа хангаад явж байна. Хөрөнгийн биржээс зөвшөөрөл гарчихсан, одоо Санхүүгийн Зохицуулах Хорооноос зөвшөөрлөө хүлээж байна. Мэдээж олон нийтээс босгосон хөрөнгийг төлөвлөсний дагуу оновчтой зарцуулах, эргээд үр өгөөжийг нь хүртээх ёстой учраас мэргэжлийн байгууллагууд маш болгоомжтой хандаж, нарийн хянаж шалгадаг юм байна. Төслийн санхүүжилтийг хэрэглэгчдэдээ нээлттэй болгох, хувьцаа эзэмшигчид маань бидний хэрэглэгч болох гээд олон давуу талтай учир бид IPO хийхээр шийдсэн хэрэг.

Төслийн талаар бага зэрэг дэлгэрүүлж ярья. Манай компанийн хувьд сүүлийн 3 жилийн турш олон шинэ бүтээгдэхүүн гаргасан. Манай ааруултай үрэл гэхэд үндэсний үйлдвэрийн компаниудын синержи болсон бүтээгдэхүүн. Өөрөөр хэлбэл ууган үйлдвэрүүдийн нэг Сүү ХК-аас ааруулаа худалдан аваад орчин үеийн жимсээр бүрэх технологиор энэ бүтээгдэхүүнээ хийдэг. Манай цай цехийн мастерийн “Монос цэцэглүүлэгч” төслийн номинацид оролцож тэргүүн байр эзэлсэн бүтээл нь одоогийн манай Эко цай. Импортыг орлох, орчин үеийн завгүй хэв маягт нийцсэн хэрэглэхэд хялбар, органик жимсний орцтой гээд олон давуу талтай бүтээгдэхүүн. Олон шинэ бүтээгдэхүүнийг маань хэрэглэгчид таатай хүлээн авч эрэлт хэрэгцээ нь өсөж байгаа тул бид ч үйлдвэрлэлээ дараагийн түвшинд өргөжүүлж хөгжүүлэх шаардлага үүссэн. Энэ хүрээнд бид өндөр хүчин чадалтай, орчин үеийн технологи бүхий төхөөрөмжийг суурилуулж шингэн хүнсний үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр төслөө хэрэгжүүлээд эхэлсэн байгаа. Төслийн хүрээнд 2019 онд шинээр 32 нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргана. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт нь цаг хугацаа их шаарддаг учраас нэлээн эртнээс бүтээгдэхүүний төлөвлөлтөө эхэлсэн. Манай бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төслийн баг Монос группийн дэргэдэх судалгаа шинжилгээний хүрээлэн, мөн Солонгос, Орос, Хятадын мэргэжлийн баг, хүмүүстэй хамтран ажиллаж байна.

Хүнсний үйлдвэрлэл, тэр тусмаа эрүүл мэндийг дэмжсэн үйлдэлтэй хүнс байх учраас чанар хяналтын өндөр шаардлага шалгууртай. Иймд бид шингэн хүнс, хуурай хүнсний үйлдвэрүүддээ HACCP хүнсний эрүүл аюулгүй байдлын стандарт, GMP үйлдвэрийн зохистой дадлыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн энэ ондоо багтаагаад ISO 9001-2015 чанарын удирдлагын тогтолцоог менежментдээ нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Бидний бас нэг чухал зорилт бол экспорт. Одоогоор бид Хятад, Япон зэрэг улсууд руу бүтээгдэхүүнээ амжилттай экспортлоод байна. Эко уусдаг цай маань Японы Покет март сүлжээ дэлгүүрээр худалдаалагдаад эхэлчихсэн. Манай компанийн хувьд Япон улсын зах зээлийг ихэд сонирхож байгаа. Тийм ч учраас яг одоо буюу 3 дугаар сарын 5-9-ний хооронд Япон улсад зохиогдож буй “Foodex Japan-2019” үзэсгэлэнд Монос Хүнс компани эх орноо төлөөлөн оролцож байна. Япон дахь нийлүүлэгчийн маань татан авсан Эко цай маань зарагдаад дуусчихсан, эрэлт ихтэй байна гэсэн мэдээллийг тэнд байгаа багаасаа авсан.

ТА КОМПАНИЙНХАА ДОТООД СОЁЛЫН ЖИШЭЭНҮҮДЭЭС ХУВААЛЦАХГҮЙ ЮУ?

3 жилийн өмнө компанидаа ирээд би дотоод уур амьсгал, харилцан ойлголцлыг сайжруулахаар олон ажил хэрэгжүүлсэн. Ингээд компанийн бүх хүмүүсийг хэлтэс, алба үл хамааран 4 багт хувааж, янз бүрийн арга хэмжээ, тэмцээн уралдаануудыг зохиох болсон. Өөрөө ч эдгээр арга хэмжээнд оролцоо сайтай байж, бүгдийг багаараа хийх арга барилаар ажилласан юм. Ингэтэл маш богино хугацаанд ажилтнууд маань хоорондоо найрсаг, хүндэтгэлтэй болж, ажилдаа илүү сэтгэлээсээ ханддаг болсон.

Монос Групп ер нь ажилтнуудаа яаж мотивацижуулах вэ гэдэгт ихээхэн анхаардаг л даа. Монос академиас хувь хүний хөгжлийн, мэргэжлийн гээд маш олон төрлийн сургалт хийгддэг. Зарим сургалтууд нь зайны сургалтууд ч байдаг, хобби сонирхлын клубүүдтэй. Дотооддоо төслийн уралдаан, бүтээгдэхүүний санаа гаргах хакатон зэргийг байнга зохион байгуулдаг. Манай Эко цай л гэхэд "Монос цэцэглүүлэгч" төслийн уралдаанд түрүүлсэн бүтээгдэхүүн юм. Санаачилга гаргасан, бүтээгдэхүүн хөгжүүлсэн хүмүүсээ ч сайн урамшуулах бодлого барьдаг. Тийм ч учраас бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр манайхан их санаачилгатай шүү. Анх би компанидаа ирээд үзэмтэй үрэл хийж байгаа технологиороо ааруултай үрэл хийе гэсэн санаачилга гаргаж байв. Эхэндээ хүмүүс гайхаж байсан ч бага хэмжээгээр туршилт үйлдвэрлэл хийгээд амталгаа хийж үзэхэд бүгд таашааж, зарим сайжруулалтыг хийгээд зах зээлд гаргаж байлаа. Хэрэглэгчид ч сайн хүлээж авсан.

Дотоод соёлын өөр нэг сонирхолтой жишээ хэлэхэд, удирдах ажилтнууд маань залгамж халааны төлөвлөгөө буюу өөрийг нь орлох, залгамжлах хөтөлбөрийг боловсруулж батлуулдаг. Ингээд тодорхой хугацаанд нэг нь нөгөөдөө ментор болж, багаар ажилладаг учраас компанийн удирдлага, менежмент байнга бэлтгэгдэж байдаг гэж болно.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Сүүлийн үед ном унших нь нь багасаад байсан ч бага хүүхдээ харахын зэрэгцээ унших боломж гарч байна. Намтар болон уран зохиолын номуудад дуртай. Хамгийн сүүлд Элон Маскийн намтрыг уншаад эрсдэл үүрэгч гэж энэ хүнийг л хэлэх байх гэж бодсон шүү. Монос группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар группийн бүх захирлууддаа энэ номыг бэлэглэсэн юм.

Айн Рэндийн "Эх сурвалж" романыг олон жилийн өмнө уншиж байсан, миний дуртай номын нэг. Хүн өөрийгөө олох, өөрийгөө таньж мэдэх, өөрийн хүсэл зорилго, ажил мэргэжилдээ үнэнч байх гээд энэ номноос ойлгох зүйл маш их. Ер нь Айн Рэндийн зохиолуудад дуртай. Яг одоо бол Google-ийн хүний нөөцийн бодлого, соёлоос суралцахаар "Ажлын дүрэм" номыг уншиж байна. Төвлөрч унших цаг хүүхдүүдээ унтуулаад л гардаг болохоор оройдоо л уншина.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Хөгжим сонсох дуртай. Бүх л төрөл жанрын хөгжим сонсоно. Өнгөрсөн жилийн зуны аялалд компаниараа явах гээд хөгжмийн жагсаалт үүсгэх болоход, сүүлийн үеийн хөгжмийг залуучуудаас нэг их дутахгүй сонсдогоо мэдсэн шүү. Бас мюзикл их сонирхолтой санагддаг.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Эхнээсээ ойлгомжтой нээлттэй тодорхой байснаар ажил хурдтай, амжилттай явдаг. Өөрийгөө их нээлттэй харилцаатай гэж боддог. Гэхдээ өөрийгөө сонсох, эргэцүүлж төвлөрөх цаг мэдээж байна.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Жаахан оройтдог талдаа. Шөнө 12-1 цагийн үед унтвал гайгүй эрт унтаж байгаа нь энэ. Ном уншихаараа бүр оройтчихдог. Өглөө 7.30-д босдог. Амралтын өдрүүдэд өглөө сайн унтаж авна.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Ажиллаагүй үедээ мэдээж гэр бүлдээ ихэнх цагаа зарцуулна. Хүүхдүүдээ салхинд гаргана. Гэртээ сайхан хоол хийнэ. Технологийн нөлөөгөөр орчин цагт ажлын цаг гэдэг ойлголт лимитгүй болчихсон юм шиг. Ялангуяа манай шингэн хүнсний үйлдвэрийн төсөл манай салбарыг тэлж өргөжүүлэх чухал төсөл учраас манайхан багаараа нэлээн их ачаалалтай ажиллаж байгаа. Миний хувьд ажилдаа зайнаас нэлээн оролцдог болоод байна. Ер нь гэртээ байсан ч ажилдаа анхаарч, ажиллах үе цөөнгүй.

Мөн бага хүүхдээ төрүүлээд жин их нэмсэн болохоор сүүлийн үед гэртээ дасгал хийж байгаа. Би өөрөө нэг их спортлог биш ч ширээний теннис тоглох дуртай. Нэг жил компанийн ширээний теннисний аварга болж үзсэн нь миний спортоор гаргасан хамгийн том амжилт (инээв). Манай хамт олон бол харин маш спортлог, группийнхээ тэмцээнд байнга том амжилт үзүүлдэг. Эдгээр үеүдэд багаа сайн дэмжинэ ээ.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Ажлын амжилт, үр дүнгээсээ мэдээж их урам зориг авна. Ялангуяа шинэ бүтээгдэхүүнээ өлгийдөж авах үнэхээр сайхан байдаг. Сүүлд манайх хар саримс гэх бүтээгдэхүүн гаргаж, өнгөрөгч сараас худалдаанд гаргалаа. Саримсыг тодорхой температурт урвалд оруулж хар болгоход биологийн идэвх нь бүр нэмэгддэг юм байна. Манай технологич Солонгос улсад хар саримсны судалгааг хийж байсныг үргэлжлүүлэн бүтээгдэхүүн болгосон нь энэ юм.

Мэдээж нөхөр, үр хүүхдээсээ байнга урам, эрч хүчийг авна. Хамт олноосоо их энерги авна. Мөн сайхан номоос, сайхан киноноос. Ер нь хүн өөрөө л зөв хандлагатай байвал эрч хүч, урам зориг авах зүйл их байдаг шүү дээ. Жижигхэн зүйлс ч хүнд эерэг сайхан мэдрэмж, сэдэл өгдөг.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Ээж маань хүүхдүүдээ бараг загнадаггүй болохоор хааяа загнаад хэлсэн үг нь их жинтэй бууж үлддэг юм байна л даа. Нэг удаа манай ахыг нэлээн ширүүн зэмлээд "Хүн чинь хүнийг хайрлаж байж эргээд хайрлуулдаг юм" гэж хэлсэн нь сэтгэлд их гүн үлдсэн. Хүн бүр мэддэг байж болох ч яг хэрэгжүүлдэг үү гэвэл асуудалтай байж мэдэх юм.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Юутай ч Фэйсбүүк болон утас компьютерийн тоглоомд зарцуулдаг цагаа багасгаадгэр бүл, найз нөхдөдөө, эсвэл илүү сонирхолтой бүтээлч зүйлд зарцуулж байгаарай. Өөрийгөө танин мэдэж, өөрийн зорилго, хүсэл тэмүүллийг тодорхой болгох нь их чухал санагддаг. За тэгээд хамгийн гол нь хийж буй зүйлдээ чин сэтгэлээсээ хандаж, гүйцэтгэл, үр дүнгээсээ өөртөө сэтгэл ханамжтай ажиллаасай.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Сүү ХК-ийн шинэ гүйцэтгэх захирал М.Мандхайг санал болгоё. Манайх Сүү ХК-тай хамтарч ажилладаг. Сүү компани дээр ямар төслүүд хэрэгжиж байна, ямар ажлууд хийх төлөвлөгөөтэйг нь сонирхвол сонирхолтой байх болов уу.

Мөн удахгүй Мартын 8 болох гэж байгаа учраас Монголынхоо бүх сайхан ээжүүд, эмэгтэйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе.