Жил бүрийн төгсгөлд бид уламжлал ёсоор шинэ жилийн тусгай-цуврал нийтлэлийг хүргэдэг билээ. Энэ удаа 2018 онд шинэлэг санаа, сайн гүйцэтгэл, хурдтай өсөлтөөрөө ялгарч чадсан гарааны бизнесүүдийг онцолж байна. 2018 онд гарааны бизнесийн орчинд тэмдэглүүштэй үйл явдлууд олон болж өрнөв. Гарааны бизнесийг дэмжих төвүүд нэг биш нээгдэж, гадаад зах зээлээс хөрөнгө оруулалт татсан гарааны бизнесүүд нэмэгдэж, зарим бизнес IPO хийн дотооддоо хөрөнгө босгох боломжийг харуулж, амжилттай яваа зарим нь байр сууриа улам батжуулав. Ингээд олон бэрхшээл, сорилтыг үл ажран урагшаа тэмүүлсээр буй залуучуудын үүсгэн байгуулсан онцлох гарааны бизнесүүдийг нэрлэснээ хүргэе.

ERxes

Хэрэглэгчтэй харилцах, борлуулалтаа хөтлөх, оновчтой маркетинг хийх гэсэн аливаа бизнест тулгардаг гурван асуудлыг нэг дор шийдэж өгч чадах шийдэл бол "Эрхэс" платформ. Нээлттэй эхэд суурилан монгол инженерүүдийн олон жилийн хүч хөдөлмөрийн үр дүнд хөгжүүлэгдсэн тус бүтээгдэхүүн 2018 онд оролцсон шилдэг гарааны бизнесийг шилж сонгох дотоодын болоод гадаадын хэд хэдэн шалгаруулалтад өнгөлснийг бид өмнө нь танилцуулж байв. Тухайлбал тус компани Цахиурын хөндийн нэр хүндтэй Blackbox Connect 23 хөтөлбөр болон Digital Ocean компанийн Hatch инкубатор хөтөлбөрт шалгарсан нь тэдний бүтээгдэхүүний чанар, чансааг бүрэн илтгэнэ. Тэд Seedstars-ийн Монгол дахь шалгаруулалтанд түрүүлж, "Unplug 2018"-аас "Шилдэг стартап" шагналын эзэн болж амжилт арвинтайгаар энэ оныг үдэв. Дотооддоо хэдийн томоохон хэрэглэгчдийг эгнээндээ нэгтгэсэн тус компани 2019 онд гадаадын зах зээлд амжилттай нэвтэрлээ гэх сайхан мэдээг дуулгах болов уу.

Дэлгэрэнгүй: Онцлох бизнес: erxes - Дэлхийд үнэлэгдсэн технологийн стартап

SHOppy

"Unplug 2018"-ийн "Шилдэг стартап" шагналд бизнес, технологийн сэтгүүлчид, экспертүүдээс олон санал авч хүчтэй өрсөлдсөн компани бол Shoppy. Яах аргагүй тэд онлайн худалдаа гэх амин хэрэгцээт, асар их нөөц боломжтой салбарт тэсрэлт хийн, хамгийн хурднаар, хамгийн амжилттайгаар байршаад байна. Shoppy.mn өөрсдийгөө зөвхөн интернет худалдааны сайт бус худалдаа, маркетингийн цогц систем гэж тодотгодог бөгөөд хиймэл оюуны тусламжтай хамтрагч байгууллагуудынхаа борлуулалтыг нэмэгдүүлнэ хэмээн амлаж буй.

Дэлгэрэнгүй: Онцлох бизнес: Shoppy.mn - Хиймэл оюунд суурилсан онлайн худалдаа

UB COMEDY

Энтертэйнмент салбарт шинэ давлагаа үүсгэн хүч түрэн орж ирж буй залуус бол UB Comedy. 2018 оныг тэд амжилт бүтээл ихтэй үдэж байгааг энэ 12-р сард гадаадад хийж буй аялан тоглолтуудаас нь харж болно. Мөн "Авьяаслаг монголчууд" шоугаар дамжуулан илүү олон хүн стэнд-ап хошигнолыг ойлгодог болсон байх. UB Comedy-г юу онцгой болгодог юм бол гэж бид хэсэг бодлоо. Өөрийгөө хошигнож чаддаг гэж боддог л бол, шуудхан тайзан дээр гараад үзээд алдаж болдог, амьдралд ойрхон маазрал хошигнолуудыг хүргэж чаддаг стэнд-ап төрлийнх нь өөрийн онцлог хамгийн түрүүнд санаанд орж байна. Нөгөөтэйгүүр, UB Comedy-ийн өөрсдийн менежмент, бодлого сайн байгаа тул ингэж амжилттай яваа болов уу. Юутай ч тэд залуучуудын үзэх юмыг, хийх юмыг олшруулж, контентийн салбарт өнгө нэмсээр явна.

BEAUTY SECRETS

“Beauty Secrets” урьдчилсан захиалгат үйлчилгээг Монголдоо анхлан нэвтрүүлээд буй. BeautyBox буюу туршилтын жижиг хэмжээтэй таван төрлийн бүтээгдэхүүнтэй хайрцаг нь сар бүр хэрэглэгчийн хүссэн газарт хүргэгдэж, таарч тохирох эсэх нь мэдэгдэхгүй гоо сайхны бүтээгдэхүүн авах эрсдэлийг бууруулж, Монголын зах зээл дээр тренд болж буй гоо сайхны брэнд, бүтээгдэхүүний дээжийг хэрэглэж туршин цаг, мөнгөө хэмнэх боломжийг үйлчлүүлэгчдэд олгодог. Шинэлэг, цаг үеэ олсон моделийг амжилттай хэрэгжүүлж буй тус бизнес мөн NY Barneys, ULTA, Peach & Lily зэрэг алдартай брэндүүдийг beautysecrets.mn дээр албан ёсны эрхтэйгээр худалдаалдаг билээ.

Дэлгэрэнгүй: Онцлох бизнес: Beauty Secrets - Гоо сайхныг түгээх шидэт илгээмж

LENDMN

Ердөө 18 сарын хугацаанд апп-аар дамжуулан 600,000 удаа зээл олгосон LendMN энэ онд IPO хийн, олон нийтэд хувьцаагаа арилжаалж эхэлсэн нь Монголын гарааны бизнесийн экосистемийн онцлох үйл явдал байлаа. Байгуулагдаад ердөө 10 сарын дотор IPO хийсэн нь тэдний хурдыг илтгэнэ. Энэ жил апп-даа "Лэнд Хэтэвч" нэмэлтийг амжилттай нэвтрүүлсэн тэд мөн саяхан Филиппиний зах зээлд зориулсан LendPinoy апп-аа гаргажээ. Үүсгэн байгуулагч Ч.Анарын Euromoney сэтгүүлд ярьснаар, LendMN дижитал банк болоход тун ойрхон ирээд байгаа гэнэ. 2019 онд тэднээс бүр ч том мэдээнүүд хүлээж болох биз ээ.

Дэлгэрэнгүй:
Апп тойм: LendMN - Санхүүгийн асуудлаа даруй шийд
Апп тойм: Лэнд Хэтэвч - Гүйлгээ хийх бүр л хялбар боллоо

CALLPRO

Саяхан байгууллагын харилцаа холбооны цогц үйлчилгээ үзүүлэгч CallPro 1.1 сая долларын үнэлгээтэйгээр шинэ хөрөнгө оруулалтыг Япон улсаас татсан гэдгээ зарласан юм. Ингэснээр тэд Японы зах зээлд нэвтэрч, үйлчилгээний цар хүрээгээ тэлэх боломжтой болж байгаа гэсэн үг. Тус хөрөнгө оруулалт нь харилцаа холбооны салбарт “Мобиком” компанид тус улсын “KDDI Telecom”, “Sumitomo” корпораци хөрөнгө оруулалт хийснээс хойших хамгийн том санхүүжилтүүдийн нэг аж. Сонирхуулахад, Японы тэрбумтан Таками Юүичи нь мөн ЛендМН-д хөрөнгө оруулалт хийсэн эрхэм. Бизнесийн байгууллагуудын зардлыг бууруулж, үйлчилгээний цар хүрээг өргөтгөхөд онцгой нөлөө үзүүлж буй CallPro өсөлт, хөгжлөөрөө энэ оны хамгийн онцлох стартапуудын нэг байлаа.

Дэлгэрэнгүй: Онцлох стартап: CallPro - Тэднийг маркетингаасаа асуу

TERBUMTAN + ШАГАЙЧИН

Саяхан л огт хоосон шахуу байсан нэг салбар бол тоглоом, наадгайны бизнес. Харин сүүлийн үед эрч хүчтэй залуу энтрепренерүүдийн ачаар шинэлэг шоглоомуудыг гарч ирэх болов. Эдгээрээс бид "Шагайчин", "Тэрбумтан" хоёрыг онцолъё. Шагайчингийн хувьд орчин цагт мартагдах шахаад байсан монголчуудын уламжлалт сайхан тоглоом шагайг сэргээн дэлгэрүүлж байгаа. Том жижиггүй зурагт, гар утаснаас салахаасаа байсан бид цагийг зугаатай, хөгжилтөй өнгөрүүлэхэд "Шагайчин" брэнд тусалж чадна. Харин "Саятан", "Монополь" зэрэг хөлөгт тоглоомуудад шинэчлэн хийн сайжруулсан "Тэрбумтан" тоглоом найз нөхөд, хамт олноороо хөгжилдөхөд тун сайн тохирно. Манай багийнхан л гэхэд хоёр хоног зугаалгаар явахдаа туж тэрбумтандсаар байгаад ирж байв. Давхар санхүүгийн боловсролд хувь нэмэр үзүүлдэг гэхээр байдаг л нэг тоглоом биш шүү.

Дэлгэрэнгүй:
Онцлох бүтээгдэхүүн: "Тэрбумтан" хөлөгт тоглоом - Санхүүгийн эрх чөлөөнд хөтөлнө
Онцлох бүтээгдэхүүн: Шагайчин - Айлаас эрэхээр авдраа уудал

2018 оны онцлохуудыг нэрлэх Unread Special цуврал контент дараах хуваарийн дагуу хүрнэ:

12.25: Оны онцлох гарааны бизнесүүд
12.26: Оны онцлох аппликэйшнүүд
12.27: "Би хэрхэн ажилладаг вэ?" - Шинэ оны тусгай дугаар
12.28: Атаархлын жагсаалт: Оны онцлох нийтлэлүүд
12.29: Оны онцлох кинонууд
12.30: Оны онцлох номууд
12.31: 2019 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд

Өмнөх жилүүдийн онцлох гарааны бизнесүүдтэй танилцахыг хүсвэл:

2017 оны онцлох гарааны бизнесүүд
2016 оны онцлох гарааны бизнесүүд