Их хотын соёл, орчин үеийн хэв маяг гэх үгс сүүлийн үед хүн бүрийн амнаас гарах болжээ. Тэгвэл эрх чөлөөг эрхэмлэгч шинэ үеийн залуус өөрсдийгөө яаж илэрхийлдэг гээч? “Blu”-ээс асуу. Энэ удаа бид Улаанбаатарчуудад өвөрмөц, загварлаг бэлэн хувцсаар бэлэг барьж буй “Blu” брэндийг онцолж байна. Ингээд тус брэндийн үүсгэн байгуулагч Г.Энхтөгс, А.Цогтбилэг нартай хийсэн ярилцлагаа хүргэе. 

Бизнесийн нэр: “Blu” casual clothing
Үйл ажиллагааны чиглэл: Бэлэн хувцас
Үүсгэн байгуулагдсан: 2016 он
Үүсгэн байгуулагч: А.Цогтбилэг, Г.Энхтөгс
Ажилтны тоо: 10
Байршил: Peacemall-ийн 5 давхар 546 тоот, Maxmall-ийн 3 давхарт
Сошиал хуудас: FB: @bluclothin , Instagram: @blu_mongolia

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

А.Цогтбилэг: Би анх 2012 онд өөрөө хувцас оёж үзээд, өдөр тутмын хувцасны зах зээлд орох боломжтой юм байна гэдгийг ойлгосон. Тэр үеэс л сонирхлоороо Монголд олдохгүй өдөр тутмын хувцас хийж үзэх бодол төрсөн дөө.

Г.Энхтөгс:
Миний хувьд аль 2000 оноос футболкон дээр поп арт чиглэлийн зураг хэвлэж, сонирхолтой загвартай хувцас бүтээх нууцхан мөрөөдөл тээсээр ирсэн. Аз болоход 2016 онд Цотой нэгэн дундын оффист танилцаж, бизнес санаагаа ярилцаад хамтрахаар шийдсэн юм. Ер нь аливаа бизнесийг эхлүүлэхийн өмнө төрсөн санаагаа бусдаас нуух нь утгагүй хэрэг. Бизнес санаа яригдаж л байх ёстой. Ярьснаараа чи хамтрагчаа олж авна, хэн нэгэнд ямар нэг зүйлийг батлах шаардлага гарч ирнэ, түүндээ хүрэхээр ажиллаж эхэлнэ шүү дээ.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Эхлэлийн санхүүжилтээ өөрсдийн хөрөнгөөр шийдсэн.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Дэлхийн зах зээлд хувцасны бизнесийг High Fashion, Fast Fashion гэж хоёр хуваадаг. Бид Монголын зах зээлд Fast Fashion гэдэг ойлголт хэдийн өөрийн гэсэн хэв маягийг олчихсон гэж харж байгаа учраас энэ чиглэлд идэвхтэй ажиллаж байна. Тэгэхээр зорилтот бүлэг маань 0-45 насны хүн ам буюу залуу гэр бүл болж таарч байгаа юм.

Манайх өөрийн гэсэн оёдлын цехгүй. 10-аад жилийн өмнө Америк руу оёмол бүтээгдэхүүн квотгүй гаргаж эхэлснээс үүдэлтэйгээр оёдлын салбарын хүний нөөц нэлээн чадваржсан байдаг. Бид тэдгээр хүмүүстэй гэрээ байгуулан орчин үеийн хэв маягтай өдөр тутмын хувцсыг олон тоогоор хийхийг хичээдэг. Нэг талаар энэ нь маш харилцан ашигтай шийдэл. Харин ижил төрлийн бусад брэндээс ялгарах гол онцлог гэвэл хэт уламжлалт, үндэсний гэсэн хэв маягт баригдалгүй европ хувцсыг монгол хүн яаж хийх вэ гэдгийг харуулах явдал юм. Түүнчлэн бид үйлчлүүлэгчдэдээ тав тухтай, чанартай, бусдаас илүү загварлаг боловч харьцангуй хямд үнэтэй бүтээгдэхүүнийг санал болгодог.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ? 

Манай хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн бол мэдээж хэвлэмэл зураг бүхий футболк. Саяхныг хүртэл монгол футболк гэхээр хүмүүсийн толгойд хээ угалз, Чингис хааны хөрөг зэрэг уламжлалт дүрслэл буудаг байсан бол өдгөө энэ нэгэн хэвийн байдал бага багаар арилж байна. Футболк гэдэг поп соёлын маш том илэрхийлэл юм. Үүн дээр хэн ч, яаж ч зурж, бичиж, хүссэнээрээ тоглож болно. Энэ эрх чөлөөт соёлыг бид залууст түгээхийг хүсдэг. Хамгийн сонирхолтой нь футболкон дээр хэвлэсэн тэдгээр дүрс хүний ой тоонд үлдэх сайн сурталчилгаа болж чаддаг. Залуучууд гадаадын аль нэг одын нэр, зурагтай цамц их өмсдөг. Гэтэл Монголынхоо алдартны зурагтай хувцсыг тэр бүр хайгаад олдоггүй шүү дээ. Энэ хоосон зайг нөхөх нь манай брэндийн нэг зорилт. Одоогоор манайх нийт 250-300 орчим төрлийн загвар бүхий бүтээгдэхүүнүүд гаргаад байна. Үүнээс гадна шинэ залуу брэндийн хувьд бид бүхэн ирээдүйд бусад брэндүүд, хувь хүмүүстэй хамтарч ажиллах сонирхолтой. Яг одоо дэлхийн бэлэн хувцасны зах зээлд брэнд хоорондын хамтын ажиллагаа нэмэгдэж байгаа.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Юуны түрүүнд загвар гэдэг талаасаа хувцасны бизнест шинэлэг байдал чухал. Тийм ч учраас бид шинээр гарах загваруудынхаа өнгө, чанар, материалыг орчин үеийн чиг хандлагад дөхүүлэх гэж хичээж байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд Европ, Америкийн зах зээлд неон өнгөнүүд хүч түрж байгаа бол Монголд завсрын өнгөнүүдийн урсгал үргэлжилсээр байна. Харин загварын хувьд том, сул, эрх чөлөөт байдал тренд хэвээр байгаа юм.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Бид ойрын үед хэрэглэгчдэдээ зориулж ойрын хугацаанд гишүүнчлэлийн карт нэвтрүүлэх, зөвхөн нэг хүнд тусгайлан зориулсан "Special box” гаргах зэрэг тухайн хүнд чиглэсэн шинэ төрлийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

Манай зах зээлд гадны алдартай брэндүүд ихээр орж ирж байгаа нь дотоодын бизнес эрхлэгчид бидэнд тулгарч буй хамгийн том бэрхшээл юм. Ер нь монголчууд эх орондоо хийсэн бүтээгдэхүүнийг ямар ч тохиолдолд гадныхаас хямдхан байх ёстой гэсэн туйлширсан ойлголттой байдаг. Мөн манай гол түүхий эд болсон хөвөн даавуун материалыг Монголд хийдэггүй тул яалт ч үгүй импортоос хараат болдог тал бий. Ингэснээр дизайнер маань зарим тохиолдолд загвартаа тааруулж материал сонгох биш, эсрэгээрээ материалдаа тааруулж загвар зохион бүтээх шаардлагатай тулгардаг.

Харин хувцасны бизнес эрхлэхийн эерэг талаас дурдвал юуны өмнө үүгээр гадны импортыг орлох боломж бүрдэж буй. Манай бизнес эрхлэгчид дотооддоо сайн танигдаагүй байж гадаад зах зээлд гарах тухай л яриад байдаг. Яг үнэндээ Монголд хамгийн эрэлттэй бизнесийн салбаруудыг тоочиж үзвэл хувцасны зах зээл эхний тавд багтдаг. Бизнес эрхлэгчид маань бараагаа экспортлох талаар ярихаас өмнө дотооддоо импортыг орлох бүрэн боломж бий гэдгийг ойлгоосой.

ТАНАЙХААР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭГДЛЭЭС ХУВААЛЦАНА УУ? 

Ихэнх хүмүүс манай хувцаснуудыг анх ирж үзээд Монголд хийсэн гэдэгт эргэлздэг. Чанар гэдэг нэн тэргүүний асуудал. Бид хэрэглэгчийг заавал чанаргүй байсан ч үндэсний үйлдвэрлэлээ дэмж гэж шаардахгүй. Харин ч Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгч өөрөө гадны брэндээс илүүд үзэж, сонгодог болох хүртэл хийж буй зүйлээ улам сайжруулж, зах зээлийн бодит өрсөлдөөн явуулахыг чухалчилдаг. Энэ зорилго маань ч биелж эхлээд биднээс ихийг хүлээх байнгын үйлчлүүлэгчидтэй болчихсон.