Өглөө бүр яг 7 цагт захиалагчдынхаа имэйл хаягаар дотоод, гадаадын олон сонирхолтой мэдээг гуравхан минутанд уншиж дуусгахуйц байдлаар багцлан, найдвартай эх сурвалжуудаас бэлтгэн илгээдэг Remo Daily-г өнөөдөр онцолж байна. Дэлхийд болж буй голлох үйл явдлуудыг тоймлон хүргээд зогсохгүй уншигчдын хэвлэл мэдээллийн боловсролд хөрөнгө оруулалт хийж буй Рэмо Медиатай танилцана уу. 

Бизнесийн нэр: Рэмо медиа
Үйл ажиллагааны чиглэл: Өдөр тутмын имэйл мэдээ (newsletter), хэвлэл мэдээллийн боловсрол олгох сургалт
Үүсгэн байгуулагдсан он: 2018
Ажилтны тоо: 2
Сошиал хуудас: Рэмо Медиа, Фэйсбүүк

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ЯАЖ ОЛСОН БЭ?

Дэлхийн хөгжингүй орнуудад ихэнх байгууллагууд имэйлээр сурталчилгаа, мэдээ мэдээллээ явуулдаг, хоорондоо харилцдаг. Харин Азид, ялангуяа Монголд энэ соёл дөнгөж эхлэлийн шатандаа явж байна. Хэд хэдэн газрууд имэйл мэдээ (newsletter) илгээдэг байсан ч яг өдөр тутмын мэдээлэл хүргэдэг газар байхгүй байлаа. Ингээд хоёр жилийн өмнөөс л энэ санааг хэрэгжүүлэх юм сан гэж бодож явсаар энэ оны нэг сараас анхны дугаараа илгээсэн.

Одоогоор өдөр бүр имэйлээр илгээгддэг Remo Daily маань 3,000 гаруй уншигчтай болсон байна. Агуулгын хувьд нэг мэдээнд хоёр монгол, найман гадаад мэдээ ордог. Монгол мэдээ нь ямар нэгэн улс төр, хов живнээс холуур, танин мэдэхүйн сэдэвтэй байдаг бол гадаад эх сурвалжаас технологи, санхүү, бизнес, урлаг, спорт гээд олон төрлийн сэдвийг хамарсан мэдээллүүд байдаг учраас манай уншигчид дуртай байдаг.

Бидний явуулдаг өөр нэгэн үйл ажиллагаа бол хуурамч мэдээллээс хамгаалах, хэвлэл мэдээллийн боловсрол олгох сургалт. Хэдий чанартай контент нийлүүлдэг газар зөндөө байдаг ч чанартай уншигч бэлтгэхэд анхаарч буй нь ховор юм шиг санагддаг.

Монголд 500 гаруй мэдээллийн сайт байдгаас надад 400 орчмынх нь линк байдаг юм. Тэдгээр замбараагүй олон вэбсайтаар хүмүүс зочилсоор, уншсаар байгаа учраас л тэд оршин тогтносоор байгаа. Энэ бол их аюултай зүйл.

Жишээ нь гэхэд үе үе хортой жимс худалдаалагдаж буй тухай, сошиал медиагаар хуваалцвал байр, машин хожих тухай, урд хөршөөс 5 сая хятад орж ирээд Монголыг эзлэх гэж байгаа тухай хуурамч мэдээнүүд үргэлжлэн гарсаар байна. Хамгийн гол асуудал нь тэднийг уншсан, сонссон хүмүүс шууд л итгэн, цааш нь түгээсээр байгаа нь юм. Иймд чанартай контент хүлээж авдаг, үнэн зөв мэдээлэл хүлээж авах чадвартай уншигчдыг бий болгох нь манай сургалтын гол зорилго юм.

Remo-д бүртгүүлэх

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Анх имэйл мэдээгээ хийх төслөө эхлүүлэхээр машинаа зарсан юм. Би өөрөө вэбсайтаа хийгээд, эхний долоон сарын хугацаанд бэлэн байгаа эх сурвалжуудаас мэдээллээ бэлтгэн илгээж, ганцаараа ажиллаж байсан учраас зардал багатай байсан. Өөрийн бага хэмжээний мэдлэг, IT мэргэжилтэй танил тал, найз нөхөд байсан учраас заавал их хэмжээний хөрөнгө оруулалт шаардаагүй.

Харин сургалтын тухайд анхандаа төлбөртэй хийх гэж байсан ч хүмүүс сонирхохгүй байсан учраас үнэгүй хийж эхэлсэн. Албан байгууллагуудаар явж сургалтаа үнэгүй хийсээр одоогоор нийт 1000 гаруй хүнийг сургалтандаа хамруулсан байна. Ерөнхийдөө сүүлийн 8 сарын хугацаанд нийт 150,000 төгрөгийн орлоготой л ажиллаж байна. Тэр нь манай найзын компани сургалтыг маань авснаар орж ирсэн орлого юм л даа.

Гэхдээ энэ хугацаанд бид нэг ч зар сурталчилгаа, төлбөртэй мэдээлэл аваагүй, цаашдаа ч авахгүй байхыг хичээнэ. Ирээдүйд, магадгүй нэг хоёр жилийн дараа уншигчид маань манай имэйлийг авахын төлөө мөнгө төлдөг болгохоор (subscription) зорьж байна.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Юуны түрүүнд бид одоог хүртэл нийт 200 гаруй олон улсын найдвартай эх сурвалжаас мэдээлэл бэлтгэн хүргэсэн байна. Мэдээллийн эрин зуунд дэлхий даяар болж буй асар их мэдээллийн урсгалаас эх хэл дээрээ тоймлоод, уншихад бэлэн болгоод хүмүүст хүргэж буй нь манай гол онцлог. Мөн уншигчид бидний явуулж буй имэйл рүү шууд хариу бичин, санал сэтгэгдлээ илэрхийлэх боломжтой байдаг.

Мөн бид зөвхөн нэг төрлийн имэйл мэдээ бэлтгээд зогсохгүй мэдээлэл түгээх, уншигчдын хэвлэл мэдээллийн боловсролыг сайжруулах янз бүрийн шинэлэг арга барилыг туршиж үзэхийг эрмэлздэг. Тухайлбал хуурамч мэдээллээс хамгаалах цахим сургалт, автомат хариулагч (chatbot), Instagram Story зэрэг бүтээгдэхүүнийг эхний байдлаар хөгжүүлж дууссан.

Remo Daily-ээс гадна амралтын өдөрт зориулсан Remo Weekend, олон улсын тэтгэлэгт хөтөлбөр, дадлага хийх боломжуудыг багцлан сард нэг удаа хүргэдэг Remo Scholarships, хамгийн уншууртай, чанартай бичвэр бүхий дотоод, гадаад тус бүр 5 блог нийтлэлийг онцолдог Remo Blog зэрэг имэйл мэдээ одоогоор уншигчдад хүрч байгаа.

Remo Scholarships бол манай хамгийн эрэлт ихтэй, уншигч олонтой бүтээгдэхүүн. Харин тэр бүр блог сонирхож уншдаггүй хүмүүсийн хувьд Remo Blog нь тэднийг мэдээллийн шинэ эх сурвалжтай танилцуулсан хэрэг болж байгаа юм. Мөн бид тухайн долоо хоногт болох онцлох арван арга хэмжээ бүхий Remo Event-ийг явуулж үзсэн боловч бүгд фэйсбүүк дээр байж байдаг болохоор хүмүүс нэг их уншихгүй байсан. Харин сошиал медиа хэрэглэдэггүй хүмүүс нэлээн талархалтай хүлээж авч байсан шүү.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТЛАДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ? 

Найдвартай мэдээлэл түгээх, уншигчдадаа хэвлэл мэдээллийн боловсрол олгох, мөн хуурамч мэдээний эсрэг ажиллах нь бидний гол зорилго. Ийм ч учраас бид мэдээгээ бэлтгэхдээ үргэлж эх сурвалжийг нь дурдахаас гадна найдвартай эсэхийг нь нягталдаг. Мэдээлэл яагаад чухал вэ гэхээр хүн өөрийн авсан мэдээлэл дээрээ тулгуурлаж шийдвэр гаргадаг, тэр шийдвэр нь үйл хэрэг болдог. Тэгэхээр аль болох зөв үйлдэл гаргахад бодит мэдээлэл чухал.

Түүнчлэн монголын уншигчид дэлхийн хамгийн сайн контентийг хүлээж авах ёстой гэсэн зарчмыг баримтлан ажиллаж байна. Жишээлбэл, уншигчид Рэмогоор дамжуулан The New York Times, The Washington Post, The Guardian зэрэг томоохон чанартай сувгуудыг мэддэг болох нь бидний бүтээхээр зорьж буй үнэ цэн юм. Өөрөөр хэлбэл дэлхийн хамгийн сайн контент нийлүүлдэг вэбсайтыг монгол уншигчидтай болоход гүүр нь болох явдал юм. Ингээд харахаар хийж байгаа зүйл маань ихээхэн утга учиртай юм шиг санагдаж, түүндээ урамшдаг.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Инновацилаг медиа компаниудын нэг байж, хэвлэл мэдээллийн боловсролыг илүү олон хүмүүст хүргэх, мөн цаашдаа үйл ажиллагаагаа олон улсад тэлэхээр төлөвлөж байгаа.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Одоогоор хуурамч мэдээнээс сэргийлэх, хэвлэл мэдээллийн боловсрол олгох сургалт дээрээ илүү төвлөрч ажиллаж байгаа. Бид хуурамч мэдээлэл гэж юу болох, түүнийг хэрхэн ялгахыг таниулсан аргачлал гарган, сошиал медиа болон хэвлэл мэдээллийн хүрээнд ангилан, нийт 20 ширхэг зөвлөгөө хүргэдэг. Жишээлбэл, нийтлэгдсэн он сар өдөр, зохиогчийг нь харах, хуурамч мэдээлэл гэдэг нь илт байвал сэтгэгдэл хэсэгт бичиж бусдад мэдэгдэх гэх мэтээр мэдээллийн хариуцлагатай хэрэглэгч, мөн түгээгч байхыг уриалдаг.

Бид өдөр бүр ямар нэгэн сувгаар, хүссэн хүсээгүй маш олон мэдээллээр бөмбөгдүүлж байдаг. Тиймээс тэр дундаас үнэн бодит, чухал мэдээллийг ялгаж салгах чадвартай байх хэрэгтэй. Энэ чадварыг хүмүүст аль болох залуугаас нь заах ёстой гэдэг үүднээс Сант сургуулийн 9-12 дугаар ангийханд сургалтаа орохоор төлөвлөж байгаа.

Имэйл мэдээний (newsletter) хувьд одоогоор дөрвөн төрөл байгаагаас гадна дэлхийн банк санхүү, эдийн засаг, хөрөнгийн зах зээлтэй холбоотой агуулга бүхий Remo Money, техник технологийн мэдээ мэдээлэл бүхий Remo Tech нэртэй өдөр тутмын имэйл мэдээнүүдийг нэмж гаргахаар төлөвлөж байгаа. Ирээдүйд салбар бүрийг хамарсан 10 гаруй имэйл товхимол гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ерөнхийдөө дэлхийн бүхий л чухал салбарын мэдээ мэдээллийг монголчууддаа хялбар, ойлгомжтой байдлаар хүргэх нь бидний зорилго юм.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Хэвлэл мэдээллийн салбар хүмүүсийг соён гэгээрүүлэх, зөв мэдлэг мэдээлэл түгээх үүрэгтэй. Тиймдээ ч бидний сургалт, имэйл товхимлууд бусдад хэрэгтэй, ажил амьдралд нь бага ч болов тус нэмэр болдог учраас бид энэ ажлаа хийхдээ сэтгэл хангалуун байдаг.

Бэрхшээлтэй тал нь Монголд имэйл мэдээ уншдаг соёл тогтоогүй учраас манайхыг "Аппликейшн юм уу, вэбсайт юм уу?" гэж их андуурдаг. Өнөөдөр л гэхэд нэг хүн над руу имэйл бичихдээ Ремод яаж бүртгүүлэх вэ гэж асуусан байсан. Үнэндээ www.remo.mn ороод бүртгүүлэхэд дээд тал нь 20 секунд л хангалттай. Нэг бүртгүүлчихсэн байхад уншигчаас өөр юу ч шаардахгүйгээр имэйл мэдээнүүд очих юм. Уншигчдын дижитал хэрэглээний мэдлэг (digital literacy) харьцангуй сул байдаг. Үүний нэг жишээ нь манайхаас явуулсан имэйлүүд имэйлийн сурталчилгаа (promotions/updates), спам (spam) фолдер руу нь орчихсон байгааг анзаарахгүй байгаагаас харагддаг. Мөн янз бүрийн хэрэгтэй хэрэггүй сурталчилгааны имэйлүүдэд unsubscribe хийх буюу бүртгэлээ цуцалдаггүйн улмаас манай имэйл тэр дунд нь орхигдох гэх мэт асуудлууд их тохиолддог.

БИЗНЕС ЭХЛҮҮЛСЭН ЗАЛУУ ХҮНИЙ ХУВЬД ҮЕИЙНХЭН, ДҮҮ НАРТАА ЮУ ХЭЛЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА ВЭ?

Байгаа бүх нөөцөө ашиглаад хийж эхлэх л хэрэгтэй. Хэдий жижиг байсан ч хамаагүй түүнийгээ гололгүй ямар нэгэн юм эхлүүлэх нь л чухал. Нэгэнт эхэлчихсэн байхад явцын дунд хүмүүс зааж зөвлөөд, шүүмжлээд сайжрах болно. Одоо Remo Daily-ийн эхний арван дугаарыг харахаар санаа зовоод л байдаг юм. Гэхдээ эхэлсэн нь хамгийн чухал байсан.

Миний хувьд дэлхий нийтээр яригдаж байгаа маш том асуудал болох хуурамч мэдээний асуудлыг харьцангуй бага зардал, өөрт байгаа нөөц боломжийг ашиглан хувь нэмрээ оруулж болохыг харуулахыг хүсдэг. Мөн Монголд тулгамдсан асуудлуудад бүтээлч, зардал багатай шийдэл олон бий гэж боддог.