Мөнгөн хонх жингэнэж, шинэхэн сурагчид сургуулийн хаалга татан эрдмийн ертөнцөд хөл тавих цаг ойртжээ. Эцэг эхчүүд бяцхан хүүхдийнхээ хичээлийн шинэ жилд бэлтгэн, чанартай хичээлийн хэрэглэлүүдийг эрэлхийлж байдаг энэ цаг үед бид МАБУ Сурагчийн цүнхийг онцолж байна. Хөөрхөн хүүхдүүд, дүү нарын тань бүхий л хэрэгцээ шаардлагыг хангасан, биед эвтэйхэн, эрүүл мэндэд ээлтэй, аюулгүй байдлыг хангасан цүнхийг тэд загварчилж, тун удахгүй зах зээлд нэвтрүүлэх гэж байгаа аж.

Онцлох брэнд: МАБУ
Онцлох бүтээгдэхүүн: Сурагчийн цүнх
Үүсгэн байгуулагч: Ковэнт ТМ ХХК
Үүсгэн байгуулагдсан он: 2017
Сошиал хуудас: Мабу Арал
Борлуулалтын цэгүүд: 8 сарын 18-аас Мабу Арал дэлгүүрийн салбаруудаар, 8 сарын 20-оос Номин, И-март сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлнэ.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ САНААГАА АНХ ХААНААС, ЯАЖ ОЛСОН БЭ?

Хоёр жилийн өмнө охин маань сургуульд орсон юм. Тэр үед Монголд дөнгөж сургуульд орж байгаа хүүхдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан, монгол хүүхдүүдийн онцлогт тохирсон цүнх байдаггүй, дандаа л гадны янз бүрийн бүтээгдэхүүнийг авч хэрэглэдэг болохыг анзаарсан. Үүнээс улбаалаад хүүхдийн аюулгүй байдал, хэрэгцээг хангасан цүнх байх хэрэгтэй юм байна гэж үзээд санаагаа бодит болгохоор ажиллаж эхэлсэн.
Бүтээгдэхүүн хөгжүүлэх явцдаа охинтойгоо их зөвлөдөг байсан. Загвар, хийц зэргийг хийхдээ охиныхоо саналыг их асууж, хамтарч ажилласан.

ТАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Бид бүтээгдэхүүн хөгжүүлэх явцдаа дараах дөрвөн онцлог чанарыг шингээхийг зорьсон. Нэгдүгээрт, цүнх маань хүүхдийн биед эвтэйхэн, тухтай байх. Хоёрдугаарт, хүүхдийн аюулгүй байдлыг цүнх талаас нь хангасан байх. Гуравдугаарт, хүүхдийн хичээл, өдөр тутмын хэрэгцээнд шаардлагатай төрөл бүрийн функц, нэмэлтүүдээр тоноглогдсон байх. Эцэст нь, цүнх маань хүүхдэд ээлтэй, анхаарал татахуйц хийц загвартай байх тал дээр тус бүрчлэн их анхаарсан.

Цүнхний мөрөвч, арын зөөлөвч зэрэг нь мөр болон нуруунд ирэх ачааллыг бууруулахад зориулагдсан, хэмжээний хувьд хүүхдийн нуруунаас хоёр тийш илүү гарахааргүй нарийхан хийцтэй тул биеийн хөдөлгөөнд эвтэйхэн. Мөн эрүүл мэндэд ээлтэй талаас нь бодож цүнхэнд усны хлор, бохирдлыг шүүх цэвэршүүлэгчтэй усны сав хийж өгсөн. 6-8 насны хүүхэд өдөрт 1 литр ус уух шаардлагатай байдаг тул цүнхний ус цэвэршүүлэгчтэй усны саваар хаанаас ч ус хийгээд уух боломжтой.

Аюулгүй байдлын хувьд цүнхний мөрөвч, урд хэсэгт цацруулагч, доод хэсэгт нь цүнхийг бороо цаснаас хамгаалах цацруулагчтай уутыг байрлуулсан. Мөн цүнхний үндсэн материал нь хүйтэнд хөлдөж хагарахгүй онцлогтой.

Дунд сургууль бүрт долоо хоногт дор хаяж хоёр өдөр биеийн тамирын хичээл ордог. Энэ үед сурагчид биеийн тамирын хувцсаа хичээлийнхээ цүнхэнд, эсвэл тусдаа уутанд хийж авч явах нь элбэг байдаг. Харин МАБУ цүнх шаардлагагүй үед салгаж авч болдог биеийн тамирын хэрэглэлээ хийх тусгай хэсэгтэй. Энэ нь энгийн үед цүнхний жинг бууруулах, хувцас гутлыг хичээлийн хэрэгслээс тусдаа байлгах ач холбогдолтой. Мөн цүнхний доод хэсэгт өдрийн хоолоо хийх зориулалтын хэсэгтэй тул хичээлээ идэх зүйлстэй холихгүй байх давуу талтай.

Цүнхний мөрөвчинд сунадаг түлхүүрийн оосор бүхий халаас байршуулснаар сурагчид шүүгээ, гэрийн түлхүүрээ хаяж гээх асуудлыг шийдэж өгсөн. Мөн дотор хэсэгт гоёмсог хичээлийн хуваарь бэлэн байгаа нь сурагчид өдөр тутмын хичээлээ марталгүй харж, даалгавраа тохируулан хийхэд туслах болно. Мөн сурагчийн мэдээлэл, эцэг эхийн утасны дугаарыг бичиж хийх нэрийн хуудсыг байршуулсан нь гэнэтийн тохиолдолд цүнхний эзнийг олох, холбоо барихад туслах үүрэгтэй.

Загвар дизайны хувьд бид цүнхээ МАБУ хэмээх хүүхдийг хамгаалахаар дэлхий рүү илгээгдсэн харийн баатарын дүрсээр хийсэн. Анхны санаа, агуулгаа гаргачихаад нарийн загварын ажил дээр More Creative Agency-тай хамтарсан. Тэднийх МАБУ дүрийн өнгө төрх, бэлгэдэл бүрийг маш нарийн бодож, бүтээснээс гадна цүнхний бүхий л загвар, дизайны ажлыг хийсэн.

ТАНАЙ ОЙРЫН БОЛОН ХЭТИЙН ЗОРИЛГО? 

Би бусад бүхий л эцэг эхчүүдийн адил хүүхдүүдээ эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрохыг харахыг хүсдэг. Иймд энэхүү бүтээгдэхүүнээрээ дамжуулан өөрийнхөө ч, бусдын ч хүүхдүүдийн хэрэгцээ шаардлагыг хангахыг зорьж байна. Эхний ээлжинд бүтээгдэхүүнээ зах зээлд амжилттай нэвтрүүлж, олон хүмүүст хүргэх, цаашлаад бүтээгдэхүүнийхээ алдаа дутагдлыг засаж, улам сайжруулаад, монгол хүүхдийн онцлог, хэрэгцээнд яг цав тохирсон бүтээгдэхүүнтэй болохыг эрмэлзэж байна.

Японд л гэхэд бага сургуулийн сурагчид маш том, хатуу тагтай цүнх үүрдэг нь газар хөдлөлт болоход хамгаалалт болгож хэрэглэх зориулалттай байдаг. Энэ мэт тухайн газар орондоо тохирсон бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэж, хөгжүүлэх нь чухал.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТЛАДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Бид юу ч хийсэн бай энэ нь хэрэглэгч ба бүтээгч аль аль талуудад ашигтай байх ёстой гэсэн зарчим барьдаг. Эцэг эхчүүд, хүүхдүүд манай бүтээгдэхүүнийг аваад сэтгэл хангалуун болох, хэрэгцээ шаардлагыг нь хангах зэргээр ямар ч байсан хожих хэрэгтэй. Тэр хэрээрээ бүтээгдэхүүн хөгжүүлсэн компани ч ашиг олж, төдий чинээ цаашдаа бүтээгдэхүүнээ сайжруулан гаргах боломжтой болох юм.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Одоогоор энэ бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлэх ажилд төвлөрч байна. Үүний дараа энэ ондоо багтаагаад дараагийн төслөө эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Мөн л хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн байх болно.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД? 

Хүнд хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг санаачлан хөгжүүлж байгаа болохоор хүмүүс их дэмжиж, эергээр хүлээж авч байгаа. Харин бэрхшээлтэй тал нь үнэ болон чанарын харьцааг тэнцүүлэх явдал байдаг. Чанартай бүтээгдэхүүн хийхийг эрмэлзэх тусам өртөг нь ихэсдэг ч хэрэглэгч хямд үнийг илүү таашаадаг. Гэсэн ч бид хэрэглэгчдийн төлж чадах үнээс илүү чанартай, хэрэгцээтэй бүтээгдэхүүн хийхийг хичээдэг.