"Өөрийгөө хайрлах сар"-ын хүрээнд бид "Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлагадаа анх удаа мэс засалч хүнийг зочноор урилаа. Тэр бол анагаах ухааны доктор, профессор, Монгол улсын зөвлөх эмч, хүний гавьяат эмч, АШУҮИС-ийн мэс заслын тэнхмийн эрхлэгч О.Сэргэлэн юм. 2009 оноос хойш Монголд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлж нутагшуулсан гавьяатай түүнийг олон улсын мэс засалчдын "American College of surgeons” байгууллагаас 2017 оны дэлхийн 5 шилдэг мэс засалчийн нэгээр тодруулсан билээ. О.Сэргэлэн эмч 37 жилийн карьертаа 6000 орчим хагалгаа хийж, олон мянган шавь төрүүлжээ.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил, албан тушаал: Монгол Улсын хүний гавьяат эмч, АШУҮИС-ийн мэс заслын тэнхмийн эрхлэгч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор
Хэрэглэдэг гар утас: Samsung S7 Edge
Хэрэглэдэг компьютер: Суурин Dell компьютер
Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Төлөвлөлттэй

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Ажлаа маш сайн төлөвлөдөг. Өглөө босож нүүр гараа угаахаас эхлээд л нэг юм хийж байх зуураа өөр юу хийж болох вэ, нэг газраар явахдаа ямар зүйлсийг нэг дор амжуулж болох вэ гэж бодож төлөвлөдөг. Би АШУҮИС дээр хичээл заадаг тул сургууль руу нэг орохдоо нэлээд хэдэн ажил амжуулж, хэдэн хүнтэй уулзахыг бодно. Нэг давхрын хаанаас нь явбал эргэж буцалгүй цаг алдахгүй явах вэ гэх мэтээр. Дадлагын хичээлүүд маань эмнэлэг дээр явчихдаг болохоор нийт цагийн 90 хувь нь эмнэлэг дээр өнгөрдөг.

Ер нь өдөрт дунджаар 12 цаг ажилладаг. Том хагалгаатай үед бүр ч олон цагаар ажиллах ёстой болдог.

Эмч хүн, тэр дундаа мэс заслын эмч хүн маш няхуур байх ёстой. Дутуу ажил хийвэл төлөөс нь хүний амь байдаг учир ажил маань намайг аливаа зүйлийг гүйцэд хийж сургасан.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?


Мэдээж, ажлын гол зэмсэг бол эмч хүний чагнуур, аппарат, мэс заслын багаж хэрэгсэл. Бас сайн үзэг гэж хэлж болно. Эмч бид чинь маш их бичнэ шүү дээ. За гар утсаараа бол имэйлээ шалгана, бичнэ. Гадна дотны хүмүүстэй имэйлээр их харилцдаг. Харин компьютерт бол сайнгүй ээ. Презентац зэргээ шавь нарынхаа тусламжтай л бэлдэнэ дээ.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Түрүүнд хэлсэнчлэн сайн төлөвлөж л цаг хэмнэнэ дээ. Сайн төлөвлөж байж л энэ их ажлыг амжуулна. Надад энэ тал дээр үлгэр дууриал болсон хүн бол миний багш Пэлжээгийн Долгор. Монгол даяар “Цагаан Долгор” гэж алдаршсан, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, гавьяат багш мундаг хүн байсан. Төлөвлөж ажил амжуулах тал дээр би багшийгаа гүйцэхгүй.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Ширээний календарь дээрээ хийх ажлуудаа улаан эрээн болтол нь бичнэ. Мөн дэвтэр дээрээ тэмдэглэл хийдэг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Намайг дотоод, гадаадад үнэлснийг бодоход мэргэжлийн ажилдаа сайн байх. Түүнчлэн багш хүний хувьд шавь нарынхаа эрдмийн ажлыг хянаж засах ажилд дадамгай гэж боддог. Энэ тал дээр ардын эмч Б.Гоош багш минь мөн үлгэр жишээ хүн байлаа.

Ар гэртээ бол би өөрийгөө хоол сайхан хийдэг гэж боддог. Гэвч хоол хийх цаг зав тун ч хомс юм даа.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Эмч хүнд 3 чанар байх ёстой. Нэгдүгээрт, дээд зэргийн энэрэнгүй байх ёстой. Хоёрдугаарт, насан туршдаа суралцдаг байх ёстой. Гуравдугаарт, заавал судлаач байх ёстой. Аливаа зүйлийг зорилготойгоор судалж байж сурч хөгжинө.

Мэс засал хийнэ гэдэг мэдээж маш нарийн. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал бол бүр нарийн ажил. Эрхтэн шилжүүлсэн, шилжүүлж авсан өвчтөн, донор хүнтэй бол бүр яг л нялх хүүхэд асарч байгаа юм шиг харилцах, хайрлах учиртай. Жаахан л өөрчлөлт гарахад эрсдэл гарах магадлал өндөр болдог. Асуудлыг цаг алдахгүйгээр зоригтойгоор шийдэх хэрэг байнга гарна. Ер нь миний ажлын хамгийн хэцүү нь зориглож шийдвэр гаргах л байдаг. Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагчийн хувьд би энэ үүргийг хүлээдэг.

Мөн манай багийнхны хувьд эрхтэн шилжүүлэх мэс заслаа хийхээс гадна эм тан, тоног төхөөрөмж гээд бүх л зүйлсэд өөрсдөө гар бие оролцох болдог. Энэ нь биднийг ачааллыг их нэмдэг. Хөгжилтэй улсад бол энэ болгон дээр тусдаа баг ажиллаж, эмч нар нь мэс засал, эмчилгээндээ л төвлөрдөг. Одоогоор санхүүгийн боломж, хангамж сайн биш болохоор бид байгаа нөхцөлдөө тохируулан эрвийх дэрвийхээрээ л зүтгэцгээж байна.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

За өнөөдөр л гэхэд, үдээс хойш элэг тайрах хагалгаатай. Мөн мэргэжлийнхээ сэтгүүлд Б.Гоош, П.Долгор багш нарынхаа тухай дурсамж өгүүлэл бичих үүрэг хүлээгээд өчигдөр өнөөдөр сууж байна.

5 сарын 25-нд элэг шилжүүлэн суулгах нэг хагалгаа орно. Бид энэ жил 24 хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийнэ гэж төлөвлөснөөс одоогоор есийг нь хийгээд байна. Ирэхийн 14 хоногийн дотор 3 хүн орохоор байна.

Хагалгаа хийгээгүй үед бол өвчтөнүүдээ хянах, эмчлэх ажлаа тасралтгүй хийнэ. Шинэ хүмүүс үзнэ. Мөн АШУИС-ийн 3, 6-р курсийн оюутнуудад лекц уншдаг.

Судалгааны хувьд, элэг шилжүүлэхтэй холбоотой төрөл бүрийн судалгааг л шавь нартайгаа хийж байна. Дархлаа дарангуйлах эмийн, цөсний замын хүндрэлийн, судасны хүндрэлийн, хавдрын хүндрэлийн гэх мэт судалгаанууд дээр ажиллаж байна. Өнөөг хүртэл бид бараг 50 хүнд элэг шилжүүлэн суулгасан болохоор үр дүнгээ олон улсын судалгаатай харьцуулах боломжтой болсон. Элэг шилжүүлэн суулгах эмчилгээ ер нь олон улсад 50-60 хувийн амжилттай байдаг бол биднийг сургасан БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийн хувьд 80-90 хувийн амжилттай. Тэгвэл манай багийнхны эмчилгээний хувь БНСУ зэрэг хөгжилтэй улсын эмнэлэгийнхтэй адил байгаад бид тун баяртай байгаа.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Дуунд дургүй монгол хүн гэж байхгүй биз ээ. Миний хувьд Түмэндэмбэрэл гуайн дуунуудад их дуртай. Энэ хүнийг гүйцэх дуучин одоо болтол гараагүй гэж боддог шүү.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Эмч хүн маш их уншиж судлах шаардлагатай. Мэргэжлийнхээ бүх л том сэтгүүл, судалгаануудыг уншина. Элэг, ходоодны мэс заслын салбарт дэлхийд ямар дэвшил, шинэ эмчилгээ, хандлага гарч байна вэ, тэр бүгдээс хоцролгүй явах ёстой.

Мэргэжлийн бус зүйлсийг унших цаг бараг л гарахгүй. Амралттай үедээ уран зохиолын ном барьж авдаг. Сурагч оюутан байхдаа номоос салдаггүй байлаа. Маам, Банзрагч гуайн зохиолууд сайхан байдаг.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Нээлттэй хүн. Хэлэх гэсэн юмаа айж ичихгүйгээр хэний ч өмнө хэлчихдэг. Дутагдлын өмнө дуугүй өнгөрөхгүй, илүү зантай талдаа гэх үү дээ.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Үдэш 11.30-12 цагийн үед унтаад өглөө 5 цаг гэхэд босчихоод байдаг юм. Хүнд өвчтөнтэй үед сэрээд л эмнэлэг рүүгээ гүйнэ шүү дээ. Бусад үед бичих судлах ажлаа хийнэ. Бид 2050 хуудастай дэлхийн мэс заслын сурах бичгийг орчуулж байгаа юм. Ойрын үед өглөө 5-7 цагийн хооронд энэ орчуулгыг хянах засварлах ажилтай байгаа.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Ажиллаагүй үедээ гэртээ голдуу байна. Хоол хийнэ, зурагт үзнэ. Ач зээтэйгээ тоглоно, зугаацуулна. Жилдээ нэг амрахаараа хөдөө явахыг боддог доо.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Ажлынхаа үр дүнгээс л авна даа. Эмчилж анагаасан хүмүүс тэнхрээд "Эмч ээ, баярлалаа" гэж хэлэхийг сонсох чинь эмч хүний жаргал шүү дээ. Өнөөдөр л гэхэд ходоод тайруулах хагалгаа хийлгэсэн хоёр хүн эмнэлгээс баярлалаа гээд гарч байна.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

П.Долгор багшаасаа би аливаа ажлыг цагт нь хийж амжуулахын чухлыг сурч ойлгосон. Өөр нэг эрхэмлэж, шавь нартаа захиж явдаг зүйл гэвэл "Суусан цэцнээс явсан тэнэг дээр" гэх зарчим. Хүн нэг байрандаа удаан хөшүүн тогтуун байдалтай байж болохгүй. Хүмүүстэй танилцаж, газар үзэж, гадаад хэл сурч, орчноо гаднаас нь харж байх ёстой гэж боддог.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

"Зорилготой амьдар" гэж захья. Биелж болохуйц зорилгыг өмнө тавьж яваарай. Би дөрөвдүгээр ангид байхдаа эмч болъё гэсэн зорилго тавьсан. Нэгдүгээр курсдээ мэс заслын эмч болъё гэсэн зорилго тавьсан. Мэс засалч болсон хойноо сайн мэс засалч болъё гэсэн зорилго тавьсан. Дараа нь 2000-аад оны эхнээс элэг шилжүүлэх хагалгааг Монголдоо хийе гэж зорьсон. Эдгээр зорилго маань биелж, одоо нойр булчирхай шилжүүлэн суулгах хагалгааг Монголдоо хийх зорилго тавиад байна. Өдий зэрэгт хүрсэн минь зорилготой ажилласных, зориглож эхлүүлснийх.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Хөдөлмөрийн баатар, ардын эмч, зүрхний мэс засалч Н.Баасанжав багшийгаа санал болгоё. Гуравдугаар эмнэлэгт зөвлөнө, хувийн эмнэлгээ удирдана, эмчилгээгээ хийнэ, холбоогоо удирдана гээд үнэхээр асар их ажлыг хийж амжуулдаг хүн дээ.