Байгууллагын нэр: IT Zone 
Байгуулагдсан он: 1997
Үйл ажиллагааны чиглэл: Мэдээллийн технологи
Ажилтны тоо: +230
Хаяг: City Tower, 4-р давхар
Вэб/сошиал хуудас: www.itzone.mn ITZone LLC 

Яагаад сонгоХ БОЛОВ?

Өдгөө 20 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй “Таны Амжилтыг Хурдасгана” уриатай Ай Ти Зон компани бусад байгууллагуудыг технологийн оновчтой цогц шийдэл буюу програм хангамж, тоног төхөөрөмж, дэд бүтэц төдийгүй сургалт, нөү-хаугаар хангадаг билээ. Мэдээллийн технологийн анхдагчдын нэг, энэ салбарын өнгийг тодорхойлж яваа тус компанийн хотын төвийн Сити Тауэр барилгад шинээр төвхнөсөн төв оффисыг бид зорьсон юм.

Тус компанийн минимал оффисын шийдэл, хүчирхэг ухаалаг технологиуд, дотоод сургалтын системийн нийлбэр биднийг сонголт хийхэд тун ч хялбар болгосон. Ялангуяа ажилтнуудаа дэмжих, сургах тал дээр Ай Ти Зон мэдээллийн технологийн гэлтгүй бусад салбарынханд үлгэр жишээ авахуйц жишгийг тогтоож чаджээ. Тиймдээ ч 230 гаруй ажилтных нь компанид ажилласан дундаж хугацаа гайхмаар өндөр байдаг биз ээ.

АЖЛЫН ОРЧИН

Минимал хэв маяг давамгайлсан Ай Ти Зоны ажлын орчин гэртээ байгаа мэт тухтай тайван мэдрэмжийг төрүүлэх аж. Тэд хамт олондоо дээд зэргийн тухтай, энгийн-таатай орчин бүрдүүлэхийг зорьсныг оффисоор нь зочлоод харж болно. Хүн бүр оногдсон хувийн орон зайгаа өөриймсгөөр, өөрийн арга барилдаа тохируулан тохижуулжээ.

Ажилтнуудын чөлөөт хувцаслалт нь ажлын тухтай, чөлөөт орчинг бүрдүүлсний баталгаа мэт. Оффис дотор гэрийн углааштай явах ажилтан ч таарч магадгүй.

Мэдээллийн технологийн салбарыг хөгжлийн бусдад дамжуулагчийн хувьд тэд технологийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилт бүрийг ашиглаж, хэрэгжүүлэхийг чухалчилдаг. Оффисоо хаалганаас эхлээд хурлын өрөө, цаг тооцох болон гэрээ хийх систем нь хүртэл бүрэн автоматжсан аж.

Байгууллагын соёл, БОЛОМЖ, УРАМШУУЛАЛ

Ай Ти Зоны ажлын арга барил нь Цахиурын хөндийн технологийн компаниудыг эрхгүй санагдуулах аж. Ажлын цагийн уян хатан бодлого барьдаг болохоор ажилтнууд заавал 9-18 цагийн хооронд баригдалгүй хүссэн цагтаа ирж, хүссэн цагтаа явж болдог.

Тэр байтугай заавал компанийн оффист шигдэж сууж ажиллахгүй гэрээсээ ажлаа амжуулах боломжтой гэвэл итгэх үү? Тэгвэл бүтээлч, шинийг санаачлагч Ай Ти Зонынхон энэхүү санаачилгыг амжилттай хэрэгжүүлдэг. Тэд ажилтнуудаа зайлшгүй суух ёстой багийн хурал, харилцагчийн уулзалтад оролцохыг шаардах бөгөөд бусдаар бол ажлын 8 цагийг гэрээсээ юм уу Улаанбаатар дахь гурван оффисийн аль нэг дээр сууж ажиллахыг зөвшөөрдөг. Хамгийн гол нь бүтээмж өндөртэй байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг байна.

Томоохон компаниудын жишгээр тэд ажилтнуудаа сургаж хөгжүүлэх зорилго бүхий академийг үүсгэжээ. 2016 онд байгуулагдсан Ай Ти Зон Академи ажилтнуудын байнга суралцаж чадамжаа ахиулах хэрэгцээг хангаж, дэлхийн томоохон технологийн компаниудын чиг хандлага болох инженерийг бизнес сэтгэлгээтэй, бизнесийн хүнийг инженерийн ур чадамжтай болгож, амжилтыг хурдасгах манлайлагчдыг бэлтгэх зорилготой.

Ер нь салбарын онцлогоос шалтгаалан ай ти зончуудад цаг ямагт суралцан хөгжих хэрэгцээ шаардлага байнга тулгардаг гэж хэлж болно. Байгууллагын 70 гаруй хувийг инженер, програмистууд эзэлдэг технологийн компанид албан тушаал дэвших гэхээсээ мэргэжил дээшлүүлж, салбартаа болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат авах нь илүү үнэ цэнтэй байдаг гэнэ. Өнөөдрийн байдлаар 100 гаруй ажилтан мэргэжлийн албан ёсны сертификаттай болж, 35 хувь нь дэлхийн нэр хүндтэй Microsoft, Oracle, Cisco, Dell, Canon, HP зэрэг компаниудын албан ёсны батламжит инженерүүд болоод амжээ. Үүнээс гадна хувь хүний хөгжлийг дэмжих төрөл бүрийн хөтөлбөр, уулзалт, арга хэмжээнүүд компани даяар тогтмол явагддаг гэдгийг онцолж байсан юм.

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС" ЖАГСААЛТЫН ТУХАЙ

Насанд хүрсэн хүн өдрийн тал буюу талаас ч их цагийг оффис дээр өнгөрүүлдэг болохоор оффисын тав тух, загвар шийдэл гэдэг сэтгэл санаанд нь, амьдралынх нь чанарт томоохон нөлөө үзүүлдэг билээ. Бид оффисын дизайны өвөрмөц, дэвшилтэт шийдлээр ажилтнуудынхаа бүтээмж, сэтгэмжийг нэмэгдүүлдэг, ажилтнууддаа санаа тавьдаг байгууллагуудыг олж алдаршуулахаар "Улаанбаатарын хамгийн таатай оффисууд" жагсаалтыг гаргахыг зорьсон юм.

Бид эдгээр таатай оффисуудыг сонгохдоо оффисынх нь загвар шийдэл, тав тухыг харахаас гадна ажилтнуудаа хөгжүүлэх, урамшуулахад чиглэсэн өгөөжтэй, шинэлэг санал санаачилгуудыг гаргадаг эсэхийг нь харгалзсан болно.

Бүтэн сарын турш 2000 гаруй уншигчид, 120 гаруй хамтрагчийнхаа хамтаар эрэн хайсан аяллын үр дүн маань та бүхэнд ийн хүрч байна. "Улаанбаатарын хамгийн таатай оффис" жагсаалт жил бүрийн тавдугаар сард шинэчлэгдэн хүрэх болно.

АНД ГЛОБАЛ: THE FUTURE OF BANKING IS NOW
АНУН: АЖИЛ ГЭР, АЗ ЖАРГАЛ
АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ: ХҮЧТЭЙ, ХАМТДАА
BAT SOLUTION PARTNERS: INNOVATION NEEDS EMOTION
IT ZONE: ТАНЫ АМЖИЛТЫН ХУРДАСГУУР
LANDBRIDGE: WHERE LOGISTIC SOLUTIONS ARE NEEDED
НАНО ИНТЕРНЭЙШНЛ: БҮХНЭЭС ТҮРҮҮНД
SMS - STARTUP MARKETING SPACE: ЗӨГИЙ ШИГ БАЙ
ХААН БАНК - ЦАХИМ БАНКААР ТЭРГҮҮЛЭГЧ
ЮНИТЕЛ - ТҮРҮҮЛЖ АЛХАНА