Технологи үсрэнгүй хөгжиж буй өнөө цагт хөдөлмөрийн зах зээл биднээс өмнөхөөс огт өөр ур чадваруудыг шаардах болов. Бүтээлч сэтгэлгээ, технологитой харилцах чадвар, багаар ажиллах чадвар зэрэг нь үүний зарим жишээ. Өнөөдрийн нийтлэлээр орчин цагийн менежерүүд ямар чадваруудыг эзэмших хэрэгтэй талаар, мөн нэгэн шинэ сонирхолтой хөтөлбөрийн талаар танилцуулъя.

21-р зууны чадваруудын зарим жишээг дурдвал:

  • Нухацтай сэтгэлгээ (critical thinking), тулгамдаж буй асуудалд шийдэл олох
  • Өөрийгөө зөв илэрхийлэх, бусдыг ойлгох чадвар (EQ)
  • Багаар ажиллах, манлайлах
  • Энтрепренер буюу шинийг эрэлхийлэх сэтгэлгээ
  • Компьютер, технологи эзэмших чадвар (digital literacy)
  • Эдийн засаг, банк санхүү, шинжлэх ухаан зэрэг гол салбаруудын талаар ерөнхий мэдлэгтэй байх
  • Хэвлэл мэдээллийн шүүн тунгаах чадвар

Брэд Хамприй, Жефф Стөүкес нарын 21-р зууны босгон дээр хэвлүүлсэн “The 21st Century Supervisor: Nine Essential Skills for Frontline Leaders” номд 21-р зууны манлайлагчид, менежерүүдийн заавал эзэмших шаардлагатай есөн ур чадварыг зах зээлийн шинжилгээ, 1000 гаруй менежерийн дунд хийсэн судалгаанд үндэслэн гаргаж гурван үндсэн хэсэгт хуваасныг танилцуулъя.

1. Бусадтай харилцах (People Skills)

Үүнд хамтран ажиллагсад, бизнесийн түншүүд, хэрэглэгчидтэйгээ харилцах, үр дүнтэй хамтран ажиллах, өөрийгөө болон бусдыг харилцан хөгжүүлэх чадваруудыг хэлдэг. 21-р зуунд хамгийн түрүүнд технологийн мэдлэгээ дээшлүүлснээр ажилд орох боломжоо нэмэгдүүлнэ гэж боддог. Гэвч ажил олгогчид хамгийн түрүүнд тухайн хүнийг бусадтай хэрхэн харилцдагийг, ямар хандлагатайг, өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх чадвартай эсэхийг нь хардаг билээ.

2. Техник технологИтой харилцах (Technical Skills)

Үүнд технологийг үр дүнтэй ашиглах, цахим орчинд үр дүнтэй ажиллах, тоон үзүүлэлтүүдэд тулгуурлан үр дүнтэй дүн шинжилгээ хийх чадварууд багтана. Технологийг сайн ашигладаг бол илүү үр дүнтэй, хурдтай ажиллах боломж бүрддэг. Эзэмшээд удирдаад л сурчихвал, технологи асар их ажлыг хөнгөвчлөх болно.

3. Зохион байгуулах удирдах (Administrative Skills)

Үүнд төслийн удирдлага, зохион байгуулалт хийх, тайлан, илтгэл тавих, нөөцийн төлөвлөлт хийх гэх мэт чадварууд багтана. Энэ чадвар бол нөхцөл байдлаа мэдрэх, багийхандаа урам зориг, эрч хүч өгөх, санаа төлөвлөгөө боловсруулж бусдыг дагуулах зэргийн нийлбэр юм.

21-р зууны эдгээр чадваруудын эрэлт хэрэгцээ өдөр ирэх бүр нэмэгдсээр байна. Энэ хагас сайн буюу 5 сарын 5-аас эхлэн Боловсролын Санаачилгууд ТББ –аас олон улсын хэмжээний онол мэдлэгийг олгох жишиг хөтөлбөрийг эхлүүлж байгаа аж. Тус ACHIEVE хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрт олон улсын нэр хүндтэй их дээд сургуулиудад магистрын зэрэг хамгаалсан, шинэ үеийн 9 залуу манлайлагч менежерүүд дээрх 21-р зууны 9 ур чадварыг онол практикийг хослуулан заах болно.

Хөтөлбөрийн танилцуулах уулзалт энэ бямба гарагийн 18 цагаас Мэдээлэл Технологийн Үндэсний Парк (IT Park)-ийн 304 тоотод Educated Space-т зохион байгуулагдах юм.