Ковер зургийн тайлбар: Galaxy S9-ийн шинэ өнгө

Дэлхий дахинд

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын хувьд энэ долоо хоног ихэд завгүй байлаа. Хамгийн ойрын, итгэлтэй зөвлөхүүдийн нэг Х.Хикс хэвлэл мэдээллийн албаны даргын албан тушаалаа хүлээлгэн өгч, ёс зүйн асуудалд өртөөд байгаа хүргэн Ж.Кушнерийн нэвтрэх зэрэглэл буурснаас илүү онцлох мэдээ бол тэрээр албан бусаар 2020 оны сонгуулийн бэлтгэл ажлаа эхлүүлсэн явдал байв. Трамп 2016 оны сонгуульд дижитал багийг ахалсан Брэд Парскалийг 2020 оны сонгуулийнхаа ахлах менежерээр томилов. Фэйсбүүк, Твиттер, Гүүглтэй хамтран Трампын мессежийг илүү өргөн хүрээнд түгээх тал дээр голчлон ажиллаж, ялалтанд ихээхэн хувь нэмэр оруулсан түүнд "ихэд найдаж" байгаагаа ерөнхийлөгч нуусангүй. Тангаргаа өргөсөн өдрөөсөө л ирэх сонгуулийнхаа мөнгийг босгож эхэлсэн Трамп өнгөрсөн жил л гэхэд 22 сая долларын хандивыг цуглуулаад амжжээ.

Vox: Трампын 2020 оны сонгуулийн төлөв

Их Британи шинээр худалдаанд гаргах 10 пенсийн зоосны загваруудаа танилцууллаа. Тэд улсынхаа соёл, уламжлал, онцлогийг шингээсэн үгсийг цагаан толгойн үсгээр төлөөлүүлэн нэг талд нь дүрсэлсэн байна. Тухайлбал B үсгийг домогт тагнуулч Ж.Бонд, S үсгийг алдарт Стоунхенж, C үсгийг крикет (cricket), L үсгийг Лох Несийн мангас тус тус төлөөлжээ. 26 төрлийн шинэ зоос энэ сарын сүүлээс эхлэн олон нийтэд хүрнэ.

TIS: Танилц: 10 пенсийн шинэ зооснууд

Италийн шигшээ болон Фиорентина клубын хөлбөмбөгчин Давиде Астори 31 насандаа зуурдаар таалал төгссөн нь хөлбөмбөгийн ертөнцийг цочроолоо. Карьераа Милан клубээс эхлүүлж, Рома, Кальярид хүчин зүтгэж явсан тэрээр Италийн шигшээд 14 тоглолт хийж байсан юм. Түүний дурсгалыг хүндэтгэн энэ долоо хоногийн Сери А-ийн бүх тоглолтуудыг хойшлуулжээ.

Саран дээр аялж буйгаа Фэйсбүүкээр шууд дамжуулмаар байна уу? Боломжгүй мэт санагдах холын энэ мөрөөдлийг 2019 ондоо багтаан бодит ажил болгохоор зүтгэж байгаагаа Vodafone Germany зарлалаа. Тэд Нокиа болон автомашин үйлдвэрлэгч Аудитай хамтран, Берлин дэх PTScientist сайн дурын судалгааны багийн тусламжтайгаар 4G интернетийг саран дээр бий болгохоор зорьж байгаа аж. Сонирхуулахад, энэ жилийн Mobile World Congress-ийн үеэр хэд хэдэн компани илүү хурдтай, илүү дэвшилтэт 5G технологийг хэрэглээнд нэвтрүүлэх болсноо зарласан билээ.

Словакийн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн гол төлөөлөгчдийн нэг Ян Кучиак сүйт бүсгүйн хамтаар буудуулж нас баржээ. 27 настай Кучиак өнгөрсөн жилүүдэд авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй холбогдсон бизнесменүүд болон улс төрчдийн эсрэг материал цуглуулан ажиллаж байсан нэгэн юм. Өмнө нь хэд хэдэн удаа сүрдүүлгэнд автаж байсан гэх түүнийг гэрээс нь цээж, толгойдоо буудуулсан байдалтайгаар олжээ.

007, давхар автобус, цай гээд өөр ямар зүйлс танд Британийг санагдуулдаг вэ?

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Гүүгл багийн харилцаа холбооны хэрэгслийн зах зээлд хүч түрэн орж ирж, Hangouts Chat-аа нээлттэй болголоо. Өнгөрсөн жил Google Hangouts-аа багуудад зориулсан Hangouts Chat, видео дуудлаганд зориулсан Hangouts Meet болгон 2 салгасан. Ингэснээр тэд Slack, Workplace by Facebook болон саяхан танилцуулагдсан Microsoft Teams-тэй шууд өрсөлдөх болж байгаа юм. Гүүгл G-Suite-ийн хэрэглэгчдийг шууд татаж, Calendar, Mail-тэй хосолсон байдлаар ажиллана гэдгээрээ давуу тал үүсгэнэ гэж үзэж байгаа аж.

VentureBeat: Google Slack-ийн өрсөлдөгчийг танилцууллаа

Монголчуудын хамгийн түгээмэл хэрэглэдэг чат апп-уудын нэг Viber хязгааргүй их гишүүнтэй чат групп үүсгэх боломжтой Viber Community-г танилцууллаа. Энэ нь 1 тэрбум хэрэглэгчтэй болсон тус апп дээр сонирхлын, тухайлсан сэдвийн болон бусад сурталчилгааны зориулалттай группүүдэд тэрбум хүртэлх гишүүд элсүүлэх боломжтой болсон гэсэн үг юм. Сонирхуулахад, Фэйсбүүк 150, Whatsapp 256, WeChat 500, Telegram 100,000 гишүүнтэй чат үүсгэхийг зөвшөөрдөг аж.

Амазон гэрийн хонх, камер болон хамгаалалтын системийн технологи хөгжүүлэгч Ring-ийг 1 тэрбум доллараар худалдан авлаа. Тэд таны гэрийг үүднээс эхлэн ухаалаг технологиор аюулгүй орчинд амьдруулахыг хүсэж байна. Сонирхуулахад, Ring-ийг бүтээгчид 5 жилийн өмнө алдарт Shark Tank шоунд оролцсон ч хөрөнгө оруулалтын тохиролцоо хийж чадалгүйгээр нэвтрүүлгийг орхиж байсан ажээ.

Фэйсбүүк таныг өөрийн дуу хоолойгоор найзуудтайгаа харилцаж, статусаа шинэчлэхийг хүсэж байна. Тэд Voice Clips нэртэй шинээр туршиж буй нэмэлтээрээ дамжуулж, хэрэглэгчдэд аудиогоо шууд хуваалцах боломжийг олгож байгаа гэнэ. Хэрэглэгчдийг илүү оригинал, хувийн мэдээллээ итгэлтэйгээр хуваалцах боломжийг олгож чадна хэмээн тэд найдаж байгаа аж.

Amazon Echo, Google Home зэрэг ухаалаг төхөөрөмжүүдийн ачаар Америкийн зах зээлд дуу хоолойгоор дамжуулан шоппинг хийх хандлага эрс нэмэгдэж байна. OC&C-ийн тооцоогоор 2022 он гэхэд ухаалаг төхөөрөмждөө "тушаал" өгөн хийлгэх онлайн худалдан авалтын зах зээл 40 тэрбум доллар болж өснө гэнэ. Энэ тоо 2017 онд 2 тэрбум доллартай тэнцүү байсан билээ.

Хоол хүргэлтийн үйлчилгээ үзүүлэгч DoorDash 535 сая долларын хөрөнгө оруулалтыг SoftBank тэргүүтэй хөрөнгө оруулагчдаас татлаа. Энэ нь тэдний зах зээлийн үнэлгээ шууд 4 дахин нэмэгдэж байгаа гэсэн үг. Америкийн 600 гаруй хотод үйлчилгээ үзүүлж буй тэд олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа тэлэх зорилготой байгаа юм.

Фэйсбүүк микро-подкастыг зуршил болгохыг хүсэж байна

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Хөгжмийн стриминг үйлчилгээ үзүүлэгч Spotify Нью Йоркийн Хөрөнгийн Биржид нээлттэй компаниар бүртгүүлэх хүсэлтээ илгээлээ. Тэд ямар нэгэн дундын шат дамжлагагүйгээр буюу IPO хийх уламжлалт процессийг алгасан шууд-direct listing хийж байгаа нь анхаарал татаж буй. Өдгөө 159 сая идэвхтэй хэрэглэгчтэй Spotify 19 тэрбум долларын үнэлгээтэйгээр зах зээлээс 1 тэрбум доллар босгох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Гол өрсөлдөгчид болох Apple Music, Amazon Music Unlimited-ийг нийлүүлснээс ч илүү хэрэглэгчтэй, 2008 онд үүсгэн байгуулагдсан Шведээс гаралтай Spotify-г өнгөрсөн жил 4.99 тэрбум долларын борлуулалт хийжээ.

PitchBook: Spotify-ийн "онцгой" IPO-г тайлбарлах нь

Испанийн Барселона хотноо гар утасны ертөнцийн том тоглогчдын хамгийн том цугларалт Mobile World Congress амжилттай явагдлаа. Samsung энэ жилийн гол танилцуулгыг хийж, илүү дэвшилтэт Galaxy S9-оо зарласнаараа бүх компаниудыг манлайлав. Nokia Матрикс дээр гардаг 8110 утсаа танилцуулж, ZTE, Xiaomi, Sony шинэ ухаалаг утаснуудаа зарлан, HTC VR төхөөрөмжинд, Huawei лаптопд анхаарал илүү хандуулсан долоо хоног өнгөрлөө.

Techcrunch: Ухаалаг утас үйлдвэрлэгчдийг эрэмбэлэх нь

Өөрсдийгөө "камер хөгжүүлэгч компани" хэмээн тодорхойлсон Snap Inc шинэ загварын Spectacles нүдний шилэн дээр ажиллаж байгаа гэнэ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 2019 оны эхээр танилцуулах шинэ загвартаа тэд 2 камер багтааж байгаа аж. Мөн 130 долларын үнэтэйгээр борлуулагдаж буй Spectacles дээрээ тэд Warby Parker-тай хамтрахаар төлөвлөж байгаа бололтой.

Microsoft-ийг үүсгэн байгуулагчдын нэг Пол Аллен хиймэл оюуны технологи хөгжүүлэлтэнд зориулж 125 сая доллар хандивлана гэнэ. Тэрээр өдгөө 10 настай хүүхдийн хэмжээнд хөгжөөд буй хиймэл оюунд илүү common sense буюу "эрүүл ухаан" бий болгох санааг дэмжих аж.

Snapchat биш Spectacles-даа Э.Шпигел илүү итгэж байгаа гэх

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Холливудын хамгийн том хувийн студиудын нэг Weinstein Company дампуурлаа зарлалаа. Үүсгэн байгуулагч Х.Вэйнштэйний бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал сөхөгдөж, дэлхийг бүрхсэн #MeToo хөдөлгөөний эхлэл болсон асуудал тус группийг санхүүгийн хувьд хүнд байдалд оруулж, ийм нөхцөлд хүргэжээ. Гэхдээ зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэд хувийн хөрөнгө оруулагчдад бүх хөрөнгө, киноны эрхүүдээ 500 сая доллараар үнэлэн худалдах хэлцэл хийж байгаа ажээ.

Aлдарт Angry Bird-ийг бүтээгч Rovio Лондон дахь хөгжүүлэлтийн төвөө хааж байгаагаа зарлалаа. Өнгөрсөн жил 1 тэрбум доллараар үнэлэгдэн IPO хийсэн тэдний зах зээлийн үнэлгээ өдгөө бараг 50 хувиар унаад буй. Angry Bird-ийн их амжилтын дараа ихээхэн найдлага тавин зах зээлд гаргасан Evolution нь чартын 562-т, Match нь дөнгөж 700-д бичигдэж байгаа юм.

Netflix зөвхөн 2018 онд оригинал контент бүтээхэд зориулж 8 тэрбум доллар зарцуулж, нийт 700 орчим олон ангит ба дэлгэцийн бүтээл гаргахаар төлөвлөж байгаагаа зарлалаа. Видео стриминг зах зээлд ноёлж буй тэд гадаадын уран бүтээлчидтэй хамтран 80 шинэ киног цацах аж.

Netflix-ийн хамгийн амжилттай цувралуудын нэг Stranger Things ирэх онд нээлтээ хийх гуравдугаар улиралтай холбоотой мэдээнүүд цацагдлаа. Шинэ бүлэг уламжлал ёсоор 9 бус харин 8 ангитай цацагдах гэнэ. Мөн гол дүрийн жүжигчдийн дунд Робин нэртэй шинэ "баатар" нэмэгдэж, түүнд нь BBC-ийн Little Women-ий од М.Хавк тоглохоор болжээ.

Сүүлийн үед оригинал контентуудад ихээхэн анхаарал хандуулах болсон Apple Холливудын хамгийн алдартай аймшгийн кино бүтээгчдийн нэг М.Найт Шьямалантай хамтран ажиллах болсноо зарлалаа. The Sixth Sense, The Sign, Split зэрэг хит бүтээлүүдийг туурвисан тэрээр 30 минутын урттай 10 анги бүхий "сэтгэл зүйн триллер" цуврал хийх гэнэ.

Дэлхийн хамгийн их үзэгчтэй авто-уралдаан Формула 1 өөрийн гэсэн стриминг үйлчилгээг нээх болсноо зарлалаа. Энэ улирлын ДАШТ эхлэх 3-р сарын 25-тай зэрэгцэн нээгдэх F1 TV-д хэрэглэгчид сарын 8-12 доллар төлснөөр, бүх уралдааныг ямар ч сурталчилгаагүйгээр шууд үзэж, илүү дэвшилтэт статистик, нэмэлт өнцгүүдийг хүлээн авах боломжтой болно гэнэ.


2019 онд нээлтээ хийх "Ууртай Шувууд"-ын шинэ анги Rovio-г аварч чадах уу?

алдалгүй унших арван мэдээ

Vox: Оскараас юу хүлээх вэ?
Deadline: Black Panther-ийн ноёрхол үргэлжилсээр
VentureBeat: Дубайд хамгийн том VR парк нээгдлээ
CNN: 5000 жилийн настай шивээс олдлоо
NYTimes: А.Меркел эвслээ байгуулж чадлаа
The Verge: Samsung Galaxy S9-ийн хамгийн, хамгийн
BBC: Сирид хямрал үргэлжилсээр
Techcrunch: 2018 онд крипто хөрөнгө оруулалт улам нэмэгдэнэ
Recode: Buzzfeed гал тогоо, гэр ахуйн брэнд гаргажээ
QZ: Р.Баннистерийн дурсгалд