Өчигдөр буюу 10 сарын 24-нд Нэгдсэн Үндэстний Байгууллагын өдрийг дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэв. Хүн төрөлхтөнийг эв нэгдэлтэй, тайван амгалан амьдруулах зорилготой бий болсон энэ том байгууллага 72 дахь жилтэйгээ золгож байгаа юм. Харин манай орон 1961 онд НҮБ гэдэг гэр бүлийн нэг гишүүн болж, дэлхийд тусгаар тогтнолоо бүрэн хүлээн зөвшөөрүүлсэн билээ. Өнөөдөр буюу НҮБ-ын Ажилтнуудын өдөр бид НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч хатагтай Биата Транкмантай ярилцсанаа хүргэж байна. Тэрээр карьерынхаа туршид НҮБ-д ажиллаж байгаа бөгөөд Монголд томилогдохоосоо өмнө Индонези, Шри Ланк, Камбож, Хятад зэрэг улсуудад ажиллаж байсан юм.

Байршил: Монгол, Улаанбаатар
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин Зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч
Хэрэглэдэг гар утас: iPhone 7
Хэрэглэдэг лаптоп: Acer
Сошиал хуудсууд: @beatetrankmann (твиттер)

ТА АЖЛАА ХЭРХЭН ЯВУУЛДАГ ВЭ? ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ? 

Миний гол ажил бол талууд, хүмүүсийг хооронд нь холбох, уулзуулах, харилцаа холбоогоор хангах, зөвшилцөлд хүрэхэд нь туслах. Тэгэхийн тулд бусдын оронд өөрийгөө тавин асуудалд хандах хэрэгтэй байдаг. Хүн бүр л үзэл бодлоо илэрхийлэхийг хүсдэг учраас сайн сонсдог байх нь чухал. Монголчууд германчуудын адил харьцангуй шулуун хүмүүс тул амар байдаг юм. Ер нь Зүүн Өмнөд Азид бол хүмүүс үзэл бодлоо ил шулуун хэлэх нь ховор.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Сүүлийн үед төрөл бүрийн апп, програмууд байдаг болжээ. Хүн өөрийн хэрэгцээнд тохирохыгоо сонгоод үнэгүй шахам ашиглах боломжтой нь сайхан. Би гэрээсээ хол байдаг учраас Whatsapp, Telegram-ийг их ашигладаг. Ийм технологи өмнө нь байдаггүй байлаа. 1992 онд Тайваньд сурч байхад гэр рүүгээ утсаар ярихад мөн ч үнэтэй байдаг байж билээ. Мөн Твиттер үе үе хэрэглэнэ. Товч тодорхойгоор мэдээлэл авах, хэлэх гэсэн зүйлсээ дамжуулчихдаг гоё хэрэгсэл шүү.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Машин дотор ажил амжуулах чадвар болов уу. Хүмүүс ер нь машинд юм хийж чаддаггүй, дотор нь муухайраад байдаг шүү дээ. Харин би сүүлийн 20 жил Азийн айхавтар замын хөдөлгөөнтэй хотуудад ажиллаж байсан болохоор машин дотор юм амжуулаад сурчихсан. Жакартагийн зам ямар гэж бодно... Улаанбаатар ч ялгаагүй. Машинд намайг сатааруулах зүйлс байдаггүй болохоор бүтээлч байдаг. Гэхдээ машинаа өөрөө жолооддоггүй гэдгийг тодруулж хэлэх нь зөв байх (инээв). Жолоо барьж байхдаа утсаар ярих, мессеж бичих нь мэдээж асар аюултай.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Тэмдэглэлийн дэвтэр дээр хөтөлдөг. Бичгийн хэв маань муухай болохоор апп хэрэглэх хэрэгтэй гэж бодоод л байдаг юм. Хэрвээ тэгж чадвал миний хувьд том инноваци болох байх шүү (инээв). Ажлын жагсаалтаа 7 хоногоор нь гаргаж, явцын дунд нэмж хасаад явдаг. Мөн цахимаар календарь хөтөлж уулзалтуудаа зооно. Ер нь хүмүүстэй уулзах, зөвлөлдөх бол миний ажлын нэг гол хэсэг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Түрүүнд хэлсэнчлэн хүмүүсийг холбох, нэгтгэх, дундын шийдэлд хүргэхдээ сайн байх. Менежмент хийнэ гэдэг бол бусдын оронд өөрийгөө тавихын нэр. Хүн өөрийгөө нэн тэргүүнд тавих уу, оролцож буй бүх талуудыг бодох уу гэдгээс энэ бүхэн хамаарна. Энэ нь эргээд хүлээсэн үүрэг даалгавар, хариуцлагын асуудал байдаг.

Гэртээ ч гэсэн хүмүүсийг зохицуулж, нэгтгэж, үл ойлголцлыг шийддэг нь би гэхэд болно. Манайх бусад гэр бүлийн л адил гишүүн бүр нь өөр өөрийн онцлогтой, үүрэгтэй. Нөхөр маань маш сайн тогооч болохоор би гал тогоонд байх хориотой шахуу (инээв). Нөхрийг маань хүмүүс бүр ресторан нээгээч гэдэг юм шүү.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Хамгийн түрүүнд хэлэх ёстой зүйл бол би ажлаа ажил гэж боддоггүй юм. Амьдралын дуудлага гэж боддог. НҮБ-д ажиллахыг би багаасаа л мөрөөдсөн. Бүр жаахан байхад хүмүүс надаас том болоод юу болох вэ гэж асуухад эмч болоод Африкт буй хүүхдүүдэд тусална гэдэг байлаа. Аав ээж маань эмч хүмүүс юм л даа. Ээж маань дэлхийн 2-р дайны үед өссөн болохоороо биднийг хоолоо сайн ид, Африкт буй хүүхдүүд хоолгүй байгаа гэдэг байсан. Би тухайн үед хүмүүс яагаад ийм зөрүүтэй амьдардгийг ойлгодоггүй байв. Тэгээд л боломж бололцоо багатай нөхцөлд амьдарч байгаа хүмүүст тусалдаг хүн л болъё гэж шийдсэн юм. Үүнд маань НҮБ төгс тохирох газар.

Ажлынхаа ачаар би олон оронтой, олон хүмүүс, олон соёлтой танилцсан. Ази Номхон Далайн орнуудад хориод жил амьдарлаа. Үүний ачаар ертөнцийг үзэх үзэл маань тэлж өргөжсөн гэж боддог. Эерэг өөрчлөлтүүдийг хийнэ, дэлхийг илүү сайн сайхан газар болгохын төлөө ажиллана гэдэг ихээхэн сэтгэл ханамжийг өгдөг.

Харин сорилт болдог зүйл гэвэл байнга л гэрээсээ хол байх юм. Гэхдээ мэдээллийн технологийн ачаар байнгын холбоотой байдаг. Мөн ер нь их олон цагаар ажиллана шүү. НҮБ-ын төв байр 12 цагийн зөрүүтэй болохоор оройн цагаар ч байнгын холбоотой байдаг. Анх Монголд томилогдоод их баярласан ч цаг агаарын хувьд жаахан санаа зовж байлаа. Халуун оронд олон жил амьдарчихсан байсан. Гэхдээ энд ирээд өвлийг давж болохыг ойлгосон доо.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

2015 онд дэлхийн лидерүүдийн баталсан Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг биелүүлэхэд улс орнуудад туслах нь НҮБ даяар хийгдэж буй гол ажил. Ядуурлыг бууруулах, тэгш бус байдлыг багасгах, уур амьсгалын өөрчлөлтөөс дэлхийгээ аврах зэрэг томоохон 17 зорилт бий. Энэ бол үлэмж том зорилт, амаргүй ажил. Бид Монгол Улс ТХЗ-ыг хөгжлийн бодлого, засгийн газрын ажлын төлөвлөгөөндөө тусгаж оруулах тал дээр дэмжин ажиллаж байна. Монгол бол их сонирхолтой орон. Мянганы Хөгжлийн Зорилтуудыг биелүүлэхэд ихээхэн ахиц гаргасан шүү.

Нөгөө талаас хийх ажил маш их байна. Монголын ядуурлын түвшин сүүлийн судалгаагаар 21-ээс 29 хувь болж өссөн байна. Өөрөөр хэлбэл гурван хүн тутмын нэг нь ядуу байна. Мөн Монгол бол уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж буй орнуудын нэг. Хөдөө орон нутагт хүмүүсийн амьжиргаа тааруу байгаагаас хотыг зорьсон нүүдэл тасрахгүй байна. Гэвч хүмүүс хотод ирэхэд эмнэлэг, боловсролын үйлчилгээ, цахилгаан, ус гэх мэт амин чухал дэд бүтэц хүртээмжгүй байдаг. Гэр хороолол тэлж, байгаль орчинд муугаар нөлөөлж байна. Эдгээр нь бидний төвлөрч ажиллаж буй асуудлууд.

Монгол уул уурхайгаас гадна эдийн засгаа төрөлжүүлэх нь чухал байна. Уул уурхай гол орлогыг бүрдүүлдэг ч inclusive буюу хүртээмжтэй хөгжилд шаардлагатай байгаа хангалттай олон ажлын байрыг үүсгэдэггүй. Мөн эрчим хүчний хэрэглээг илүү үр ашигтай болгох, нүүрснээс хараат бус болох нь чухал байна. Бид эрчим хүчний үр ашигтай хэрэглээ нэмэгдүүлэх төслүүд хэрэгжүүлж байгаа.

Мөн бид Засгийн газрын түнш гэдгээ энд дурдахыг хүсэж байна. Түүнээс биш хөрөнгө оруулагч, донор биш. Бид бол холбогчид. Хүмүүсийг, байгууллагуудыг мэдлэг, мэргэшил, инноваци, шинэ практикт холбохыг хичээдэг. ТХЗ-ыг хэрэгжүүлэх нь маш өргөн хүрээтэй том ажил. Засгийн газраас гадна иргэний нийгэм, судалгаа, боловсролын салбарынхан, хувийн хэвшлийнхэн үүнд гол үүрэгтэй. Үүндд асар их хөрөнгө мөнгө шаардлагатай учраас хувийн хэвшлийнхнийг татан оруулах нь нэн чухал. Хувийн хэвшил бол инноваци, ажил эрхлэлтийн гол хөдөлгүүр. Түүнчлэн Монгол улсын хувьд залуучуудын үүрэг роль тун өндөр. Хүн амын 50 хувь нь 29-өөс доош насныхан байна. Залуучууд улс төрд идэвхтэй оролцдог, энтрепренершипийг хөгжүүлэхэд идэвхтэй санаачилгатай байх хэрэгтэй.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ХӨГЖИМ ТАНЫГ ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛГОДОГ ВЭ?

Ажиллаж байхдаа хөгжим сонсож чаддаггүй, сатаараад байдаг юм. Гэхдээ хөгжим тоглодог хүмүүсийн гэр бүлд төрж өссөн болохоор, мөн жазз гитарч, хөгжмийн зохиолч нөхөртэй болохоор хөгжим миний амьдралын нэг хэсэг. Дуурь, поп, жазз гээд бүх л төрлийн хөгжим сонсох дуртай даа. Монголын дуурийн театр гайхалтай шүү. Өндөр түвшинд тоглодог. Хөгжмийн зохиолчдоос Бах, дуурь гэвэл Вердиг сонсох дуртай. Орчин үеийнхнээс жазз төгөлдөр хуурч Билл Эвансыг сонсоход тааламжтай байдаг.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Ном унших цаг ч үнэхээр хомс доо. Баярын өдрүүдэд л ном зохиол уншдаг. За ажил дээрээ бол өдөр тутам хөгжлийн баримт бичиг, судалгаа, тайлангууд л байнга уншина аа. Яаж инноваци, их өгөгдөл зэргийг хөгжилд ашиглах вэ, блокчэйнийг хүмүүнлэгийн зорилгоор хэрхэн ашиглах вэ гэх мэт хөгжлийн шинэ трендүүдийг судална.

Сүүлийн үед би ядууст ээлтэй, хүртээмжтэй зах зээлийг бий болгох тухай нэлээд уншиж байгаа. Өнгөрсөн сард Рокфеллер сангаас гаргасан хүртээмжтэй зах зээлийн тухай материал гаргасныг уншсан. Харин миний байн байн эргүүлж харах дуртай нэг ном бол Жэймс Траубын бичсэн Кофи Аннаны намтар. Тэр хүн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа юу хийхийг зорьж, ямар алсын хараатай ажиллаж байсан талаар бичсэн ном юм.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Аль аль чанар нь бий. Арай илүү нээлттэй талдаа юм уу. Би хүмүүстэй ажиллах, харилцах дуртай. Одоо хийж буй ажил маань ч олны өмнө ярихыг шаарддаг. Гэхдээ би анхаарлын төвд орохыг эрмэлздэггүй. Хүмүүст чадлаараа нөлөөлж, мэдээллийг зөв зүйтэй хүргэхийг хичээдэг.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Оройтож унтах гээд байдаг. Орой илүү бүтээмжтэй байдаг юм л даа. Гэвч энэ нь миний хуваарьт сайн нийцдэггүй. Зарим өглөө эрт уулзалттай байдаг. Тэгэхээр энэ бүхнийг зохицуулж, тэнцвэрийг нь олох хэрэгтэй. Сайн нойр авч чадахгүй бол ажлаа сайн хийж чадахгүй шүү дээ.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Би балет сонирхдог. Багадаа балетаар хичээллэдэг байлаа. Одоо ч долоо хоногтоо 2-3 удаа балетийн хичээлд суудаг. Монголын балетийн сургалт үнэхээр сайн. Хичээлийн цаг болоход бүх юмаа хаяад л балет руугаа гүйнэ шүү дээ. Тэнцвэрээ олохын тулд анхаарлаа сайн төвлөрүүлэх ёстой байдаг тул өөр юм бодолгүй тархи амардаг. Ер нь 21-р зуунд хүмүүс эрүүл амьдралын хэв маягаа орхигдуулах хандлагатай болоод байгаа. Хүн бүтээлч байхын тулд эхлээд эрүүл байх ёстой шүү дээ.

Мөн ууланд, агаарт алхах дуртай. Нөхөр маань хөлбөмбөг үздэг болохоор дагаад бас нэлээн үзнэ ээ. Оюутан байхдаа дөрвөн залуутай хамт оюутны байранд амьдардаг байлаа. Хөлбөмбөг үзэхгүй бол ямар ч нийгмийн амьдралгүй болох гээд байдаг байв (инээв).

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?

Хоёр зүйл хэлж болно. Нэг нь миний ажил. Түрүүнд хэлсэнчлэн энэ бол амьдралын дуудлага юм. Өөрийн зүгээс хүмүүсийн амьдралыг дээшлүүлэхэд бага ч гэсэн хувь нэмэр оруулж байгаадаа сэтгэл өег байдаг. Хийж буй ажил маань амьдралд нь эергээр нөлөөлсөн хүмүүсээс заримдаа санал сэтгэгдлийг нь сонсдог. Жишээ нь өнгөрсөн өвөл бид зудад малаа алдсан малчдад тусалсан юм. Хүмүүсээс баярлалаа гэсэн захидлууд авахад их сайхан байсан шүү. Иймэрхүү зүйлс ажлаа цаашид сайн хийх, үргэлжлүүлэх сэдлийг өгдөг.

Мөн Кофи Аннан зэрэг үлгэр дууриал болсон хүмүүсээс урам зориг авдаг. Тэр хүн ажиллаж байх хугацаандаа НҮБ-ыг шинэчлэхийн төлөө шаргуу ажилласан. Түүнчлэн UNDP–ийн өмнөх тэргүүн Хелен Кларкийг дурдаж болно. Олон хариуцлагатай алба хашиж явсан, эмэгтэйчүүдийг манлайлж, араасаа дагуулсан хүн. Тэр бол хэцүү түвэгтэй асуудлуудыг ярихаасаа хэзээ ч эмээдэггүй дайчин эмэгтэй.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Анхны удирдах албан тушаал дээрээ очиход нөхрийн маань хэлсэн үг надад их тус болсон шүү. Шинэ ажил маань ёстой хэцүү, дааж давшгүй санагдаж байлаа. Нөхөр маань тэгэхэд "Уул руу битгий хар, урдах замаа, дараагийн алхмуудаа хийх газар руугаа л хар" гэж зөвлөсөн юм. Уул руу буюу ажлаа томоор нь харвал айж сүрдэнэ. Түүний оронд ажлаа жижиг жижгээр нь хувааж, дэс дараалалтай явуулах хэрэгтэй гэсэн санаа юм даа.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Өөрсдийн хувь заяаны эзэн, тодорхойлогч гэдгээ нэн түрүүнд ойлгох нь чухал. Тийм ч учраас эргэн тойрныхоо амьдрал, үйл хэрэгт оролцож, хувь нэмрээ оруулж байгаарай. Өөрсдийнхөө ажлыг сайн хийж, бусдад чадах чинээгээрээ туслах хэрэгтэй. Бид эргэн тойрондоо, эх орондоо, эх дэлхийдээ яаж л бол яаж хувь нэмрээ оруулж болно. Дор дороо гэрлээ асаалттай орхихгүй байх, хог хаягдал бага гаргах, нийтийн тээврээр зорчих гэх мэтээр эерэг үйлдлүүдийг хийж болно. Хүмүүсийн хэрэглээний хэв маягийг яаж өөрчлөх вэ, хүлэмжийн хий ялгаруулалтыг хэрхэн багасгах вэ зэрэг бодлогын том асуудлуудыг ч тавьж, дуу хоолойгоо хүчтэй илэрхийлж болно шүү дээ.

Хоёрдугаарт, мөрөөдлөөрөө амьдар. Би энэ ажлыг горилсон нэр дэвшигчдийн дунд бараг хамгийн магадлал багатай нь байсан байх. Би Ivy League буюу АНУ-ын топ их сургуулиудын нэгийг төгсөөгүй, ээж аав маань огт өөр ажил хийдэг, танил тал ч нэг их байхгүй байсан. Ялангуяа НҮБ-д ажилд ороход заавал танил тал хэрэгтэй гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Гэвч тийм биш. Чи өөртөө итгээд, тууштай байвал хүссэн газраа очно.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Монгол улсын лидерүүдтэй ярилцаж, тэд дэлхий ертөнцийг хэрхэн харж, ирээдүйг хэрхэн төсөөлдөгтэй танилцвал сонирхолтой санагдаж байна. Магадгүй шинэ Ерөнхий Сайд.

Гэрэл зургийг Х.Хантүшиг

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.