Эстони улсад зочилсон тэмдэглэлийнхээ эхний хэсгийг бичин, үргэлжлүүлнэ гэж амласнаас хойш баахан удчихжээ. Гэлээ ч бичилгүй өнгөрөхөд дэндүү хайран тул хожуу ч гэсэн энэхүү нийтлэлийг хүргэж байна. E-stonia гэгдэх болсон энэ жижиг улс цахим засаглал төдийгүй боловсролын систем, гарааны бизнесийн экосистем зэргээрээ гайхагддаг тул энэ удаа эдгээр салбаруудынх нь талаар олж мэдсэнээ, төрсөн сэтгэгдлээ буулгалаа.

ГАРААНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН

Нийтлэлийн эхнийг хэсгийг унших: Цахим засаглалын хөгжил буюу Эстони улсаар аялсан тэмдэглэл

Гэхдээ аливаа улсад өөрийн зовлон бий. Тэд оросуудаас эмээдэг нь илтэд мэдрэгдэж байсан. Түүнчлэн хүн дутахын зовлон байдаг аж. Цагаачлалын бодлого чанга болохоор ажиллах хүчин дутагдалтай байдаг, өөрсдийнх нь ажиллах хүч Скандинавын орнууд руу өндөр цалинтай ажил хөөн гараад явчих хандлага байдаг гэнэ. Энтрепренерүүд нь төр засгаас энэ бодлогоо эргэж харахын шаарддаг юм байна. Гэхдээ сүүлийн үед эдийн засаг сэргэж байгаа тул Европын бусад орнууд руу явсан эстоничууд нутагтаа эргэж ирэх нь нэмэгдсэн гэж биднийг хариуцаж явсан Элари хэлнэ лээ.

Чадалтай боловсон хүчний дутуудлаа нөхөхөөр тэд бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, e-Residency гэх дэлхийн анхны "цахим улс"-ыг үүсгэн, бөмбөрцгийн хаанаас ч Эстонийн цахим иргэн болох боломжийг олгожээ. Хамт явсан Иордан залуу өргөдлөө гаргасан, и-иргэн болоод энд бизнес эхлүүлэх зорилготой байгаагаа дуулгасан нь сонирхол татсан. И-иргэн болоотохвол Европт бизнес эрхлэхэд дөхөм болохын зэрэгцээ Эстонийн цахим засаглалын үйлчилгээнүүдэд нэвтрэх боломжтой болох гэнэ. Сайтаар нь ороод үзвэл e-Residency-д одоогоор 138 орны 23,735 хүн өргөдөл гарган цахим иргэн болж, үүний дүнд 3877 компани шинээр байгуулагджээ. Ингэж тэд бусад улс орнуудаас энтрепренер сэтгэлгээтэй, чадварлаг хүмүүсийг өөртөө татаж байна.

Гарааны бизнесийн орчин хөгжихөд нэг л том жишээ хэрхэн эергээр нөлөөлдгийг Эстони улс яруу тодоор харуулсан. 2003 онд гурван эстони залуугийн оролцоотойгоор та бидний сайн мэдэх Skype аппликэйшин бий болж, дорхноо дэлхийд түгсэн билээ. Skype улмаар 2005 онд eBay-д 2.6 тэрбум доллараар зарагдаж, 2011 онд Microsoft eBay-гээс 8.5 тэрбум доллараар өөрийн болгосон юм. Өдгөө ч Skype-ийн хөгжүүлэлтийн гол цөм баг нь Эстонид байрлан ажилладаг. Технологид эртнээс хөрөнгө оруулсных нь үр дүнд бий болсон Skype-ийн гайхам амжилтаас эстоничууд технологийн стартапуудыг дэмжих ёстойг улсаараа бат нот ойлгосон нь тодорхой. Түүнээс хойш дэлхийн технологийн томчуудаас хөрөнгө оруулж татаж чадсан TransferWise хэмээх тэрбум доллар давсан үнэлгээтэй финтек апп ч төрөн гарчээ.

Эдгээр жишээ бидэнд хүн амтай цөөтэй улсын стартапууд гадаад зах зээлийг онилох ёстойг бэлээхэн хэлж өгч байна. Нэг сая хүнтэй газар чи хэчнээн мундаг апп хийлээ ч хэдийхэн орлого олох вэ дээ.

Энэ хэсэгт мөн төрийн цахим үйлчилгээнүүдийн гүйцэтгэлийг хувийн компаниуд хийдэг гэдгийг дурдах нь зүйтэй. Ингэж төр засаг нь гарааны бизнесүүдээ дэмждэг, боловсролтой хэрэглэгчдийг бэлддэгийн үр дүнд Эстони өдгөө Европын, гарааны бизнес эхлүүлэхэд хамгийн таатай улсуудын нэг болж чаджээ.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ОРЧИН

Таллиннд анх газардаад, онгоцны буудлаас нь эхлэн өнгөлөг, дизайнлаг байдалд нь сэтгэл татагдсан шүү. Барилга байшингууд, тавилга хэрэгслүүд нь чанартай, цаанаа л нэг нүнжигтэй. Тооноос илүү чанарт анхаардаг минималист байдал, байгалийн материалуудыг ашиглах ур, гадаа гудамжинд ч, барилга байшин дотор ч тааралдах урлагийн бүтээлүүд. Гоёмсог хийцтэй теннисний ширээнүүд гадаа ч, дотор ч олон тааралдсан нь энэ спортод дуртай надад сэтгэгдэл төрүүлж байлаа. Нэг телевизтэй нь танилцаж яваад тэсэлгүй "урлаглаг" байдлынх нь учрыг асуувал, лав л улсын байгууллагуудын барилгыг барихдаа нийт төсвийнх нь нэг хувийг интерьер, тохижилтод зарцуулах дүрэм журамтай гэнэ.

Хоол хүнсний тухайд ярилтгүй сайхан. Гоёмсог дизайнтай ресторанууд олонтой юм билээ. Хоолны салбар сүүлийн үед хурдтай хөгжиж байгааг тэд хэлж байсан. Зүүн Европ хийгээд Сканданивын өнгө үнэрийг сүлсэн энэ улсаас, дээшээ Скандинавын улсуудаар, доошоо Европын бусад улсуудаар аялах хүсэл зориг бадруулаад буцсан даа.

БОЛОВСРОЛЫН СИСТЕМ

Цахим засаглалын чуулганы дараагийн хоёр өдөр бид байгууллагуудаар зочилсон юм. Эхлээд Кино, медиа, урлаг, харилцаа холбооны сургуульд зочилж, кино фестивалийн шилдэг богино кинонуудыг үзэж, Эстонийн медиа салбарын талаар танилцуулга сонсож, дараагаар нь Эстонийн улсын телевиз, радио зэрэг цөөн хэдэн газартай танилцав. Таллиннаас цаг гаруй давхин мэргэжлийн сургалтын төвтэй танилцан, тогооч мэргэжлээр төгсөж буй бүсгүйчүүдийн "тайлангийн" үдэшлэгт зочин болох аз ч тохиов.

Сүүлийн өдөр бид эхлээд нэгэн дунд сургуулиар, дараа нь боловсролын яамаар зочлов. Эстони дунд сургуулийн боловсролын үзүүлэлтээр (PISA хэмээх олон улсын үнэлгээгээр) Европдоо нэгдүгээрт, дэлхийд Сингапур, Японы дараа гуравдугаарт ордог юм байна. Боловсролын чанар өндөр байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Өмнө дурдсан сургуулийн цахим систем бол тэдгээрийн нэг нь. Өөр нэг чухал хэсэг нь боловсролыг тэгш хүртэх боломжийг бүрдүүлсэн байдал ажээ. Баян айлын хүүхэд, ядуу айлын хүүхдэд адилхан нөхцөл боломжийг санал болгодог. Өдрийн хоол, сурах бичиг зэргийг нь улсаас буюу орон нутгийн төсвөөс гаргадаг хэмээж байв. Сурах бичгүүдээ онлайнаар давхар тавих ёстой гэсэн шаардлагыг тавьдаг ажээ.

Харин сургалтын арга барил нь харьцангуй уламжлалт байдлаар явдаг нь тун сонирхолтой санагдсан. Сургуулийн системд орчин үеийн, шинэ аргачлалуудыг нэвтрүүлэх тал дээр ажлууд хийгддэг ч одоохондоо бол харьцангуй багш төвтэй уламжлалт арга барил зонхилдог ажээ. Багш нар нь харьцангуй эрх мэдэлтэй, хүүхдүүдийг тулж дэмжих, хичээлийн хоцрогдлоос сэргийлэхдээ сайн байдаг гэнэ. Багш нарын дундаж нас 48 байдаг нь Европдоо хамгийн ахмаддаа ордог байна. Гэхдээ мэдээж сургалтандаа технологийг өргөнөөр ашиглана. Бид тус сургуулийн технологийн өрөөгөөр зочлоход сурагчид дэлгэцэн дээр тоглоом тоглон юм сурч байсан юм.

Ингээд Эстонийн Боловсролын яаман дээр "Бид өнөөх л өөрсдийгөө магтах ажлаа хийх болох нь" хэмээн танилцуулгаа эхлүүлсэн ажилтны үзүүлсэн атаархам видеог та бүхнийг ч гэсэн үзээсэй гэсэндээ, боловсролын салбар маань хурдхан л ийм түвшинд хүрээсэй гэж мөрөөдсөндөө орууллаа.

ТӨГСГӨЛИЙН ОРОНД

Цөөн хоногийн аяны богцоо бүрэн задлахад ийм байна. Монголоо бодож сэрлээ гэдэг шиг аргагүй л бид юу билээ, яах билээ гэж бодогддог юм билээ. Эстони, Монгол хоёрт ялгаатай талууд бий ч адил төстэй тал цөөнгүй бий. Адилхан л Зөвлөлтийн системийн нэг хэсэг байсан. Хүн ам цөөтэй. Хүйтэн сэрүүн уур амьсгалтай. Интернэт, ухаалаг утасны хэрэглээ өндөр. Технологи ашиглаад амархан шийдчихэж чадах төрийн үйлчилгээг авах гэж өвлийн хүйтэнд даарах хүсэлгүй.

Харин тэд зоригтой шийдэж чадсан. Хамгийн чухал боловсролын салбараа "бодсон", додомдсон. Цахим засаглалыг шат дараатай, тууштай хэрэгжүүлж, авлигыг халсан. Гарааны бизнесүүдээ дэмжсэн шиг дэмжсэн. Бидэнд бэлээхэн жишээг үзүүлсэн, харуулсан. Гагцхүү санаж сэрэх нь, санаж сэрээд үйлдэх нь бидний үүрэг, бидний ажил билээ.

Нийтлэлийн эхний хэсгийг унших: Цахим засаглалын хөгжил буюу Эстони улсаар аялсан тэмдэглэл

Төсөөтэй нийтлэлүүд: ХЯТАДЫН ИННОВАЦИЙН ХӨГЖИЛ БУЮУ БЭЭЖИН, ГУАНЖОУ, ШЭНЖЭН ХОТУУДААР АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ #1

ХЯТАДЫН ИННОВАЦИЙН ХӨГЖИЛ БУЮУ БЭЭЖИН, ГУАНЖОУ, ШЭНЖЭН ХОТУУДААР АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ #2