Хүний эрх, ардчиллын төлөөх тууштай тэмцэгч Лю Сяабаогийн агуу түүх гунигтай төгслөө.

Дэлхий дахинд

Энэ долоо хоногт Монгол түмний үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр явагдаж өнгөрлөө. Монгол улсын 5 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга тангаргаа өргөснийхөө маргааш наадмыг нээн үг хэлсэн нь энэ жилийн онцлох үйл явдал байв. Үндэсний бөхийн барилдаанд будлиантай, найраатай мөчүүд олон байсан ч хамгийн олон фентэй бөхчүүдийн нэг Ц.Содномдорж 9 даван түрүүлж, улсын арслан цол хүртлээ. Хурдан морины уралдаанд эрлийз морьд уралдуулахгүй байх шийдвэр баяр наадмын комиссоос гарч, нийт морьдын талаас ихийг хассан нь мөн онцлууштай байв. Хятадын хүний эрх, ардчиллын төлөөх тууштай тэмцэгч Лю Сяабао 61 насандаа таалал төгслөө. 1989 оны алдарт Тиананмений талбайн оюутнуудын жагсаалын гол дүр, гол удирдагчдын нэг тэрээр 2010 онд Нобелийн шагналыг хүртсэн билээ. Тэрээр 2009 онд төрийн эсрэг хэрэг үйлдсэн хэмээн буруутгагдан 11 жилээр хоригдох ял сонссон бөгөөд өнгөрсөн долоо хоногт элэгний хорт хавдартай нь тогтоогдон шоронгоос чөлөөлөгдөөд байсан юм. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай холбоотой шуугиан тасрахгүй нь. Энэ удаад түүний хүү Дональд Трамп Жуниор сонгуулийн үеэр Оросын хуульчтай уулзаж, өрсөлдөгч Хиллари Клинтонтой холбоотой мэдээлэл солилцон, туслалцаа авсан байж магадгүй гэдэг хэрэг дэгдээд байна. Үүний хүрээнд Трамп Жуниор өөрийн имэйлийг ил болгож, Оросын талтай холбоотой байсан нь илэрсэн билээ. Францын үндэсний баярын өдөр тус улсад айлчилж буй Д.Трампын ерөнхийлөгч Э.Макроны гэргийтэй уулзах үеэрээ гаргасан "зохисгүй" авир нь мөн интернетийг байлдан дагуулав. Лондонд теннисийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй тэмцээн Уимблдон өндөрлөх дөхөж байна. Эмэгтэйчүүдийн төрлийн аваргаар түүхэн дэх хамгийн ахмад ялагч болох боломжтой байсан эгч Уиллиамсийг буулган авсан Испанийн теннисчин Г.Мугураза тодорчээ. Тэрээр өнгөрсөн 1-р сард Австралийн нээлттэй тэмцээний аварга болсон юм.

Ikon: Ц.Содномдорж улсын арслан цол хүртлээ
The Economist: Хятадын хүний эрхийн тэмцэгч Лю Сяабаогийн гэгээн дурсгалд

Олон хүнийг догдлуулсан үзүүр түрүү булаалдах барилдаанд шинэхэн арслан, улсын харцага Ө.Бат-Оршихыг давав. Эх сурвалж: Ekhsurvlalj.mn

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Дээд зэрэглэлийн гар утас үйлдвэрлэгч Vertu албан ёсоор дампуурлаа зарлалаа. 1998 онд Nokia-ийн үүсгэн байгуулж байсан тус брэнд 11 мянган долларын үнэтэй үнэт эдлэлээр хийгдсэн утаснуудаараа олны танил болж байсан. Сүүлийн жилүүдэд ухаалаг утасны зах зээлд шахагдаж, Хятад, Турк хэд хэдэн эздийн гар дамжсан тус компани 200 ажилтнаа энэ сард багтаан ажлаас нь чөлөөлөх болжээ. Америкийн зах зээл дэх бооцоот фантази тоглоомын үйлчилгээ үзүүлэгч Fanduel болон Draftking-ийн нэгдэх оролдлого бүтэлгүйтлээ. FTC-ээс тэднийг зах зээлийн 90 хувийг эзэлж, монополь болно хэмээн үзсэнээр энэ хэлэлцээрийг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тэгвэл Монголын зах зээл дэх хамгийн том шингэн хүнсний үйлдвэрлэгчид болох АПУ ХК болон дэлхийн томоохон үйлдвэрлэгчдийн нэг Хайнекен компанийн Монгол дахь архи, шар айрагны бизнес болох М Би Си ХХК нэгдэж, Эвэргрийн Инвестмент ХХК нэртэйгээр үйл ажиллагаа явуулах болсон байна. АПУ ХК-аас гаргасан хэвлэлийн мэдээнд өгүүлснээр Хайнекен АПУ ХК-ийн 25 хувийг эзэмших болж байгаа ажээ. Нэгдэх энэ үйл явц нь АПУ ХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлаас дэмжих шийдвэр гарч, хуулийн дагуу бусад шаардлагатай зөвшөөрлийг авсны дараа хэрэгжих бөгөөд 2017 оны 4 дугаар улиралд эцэслэгдэх төлөвтэй байна. Google-ийн толгой компани Alphabet-ийн эзэмшдэг Verily-ээс энэ зун Калифорнийн ойролцоо 20 сая орчим эр шумуулыг гаргах болсноо зарлалаа. Тэд эм шумуултай үржилд орон, "үхлүүт өндөг"-үүд гаргах зориулалттай юм. Ингэснээр бүс нутаг дахь зика, хумхаа зэрэг халдварт өвчнийг тээх боломжтой шумуулын тоог эрс багасгана хэмээн Verily үзэж байгаа юм. Дэлхийн хамгийн баян эрхмүүдийн нэг, алдарт хөрөнгө оруулагч Варрен Баффет, Билл & Мелинда Гэйтс тэргүүтэй 5 санд 3.1 тэрбум долларыг хандивлалаа. 86 настай Баффет 2006 оноос хойш нийт 27 орчим тэрбум долларыг сайн үйлсэд зарцуулаад байгаа бөгөөд өөрийн найз, Майкрософтын үүсгэн байгуулагч Билл Гэйтсийн санд 21 тэрбум долларыг хандивлаад байгаа гэнэ.

Bloomberg: Яагаад 20 сая шумуул гаргах нь үнэхээр сайн зүйл гэж?

В.Баффет Б.Гэйтсийн санд энэ жил 2.1 тэрбум долларыг хандивлажээ.

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Гүүглийн харьяа DeepMind-ийн хөгжүүлдэг хиймэл оюун ухаан өөрөө хэрхэн алхахыг сурсан нь энэ долоо хоногийн хамгийн онцлох үйл явдал байлаа. Хүн төрөлхтний тоглоомууд дундаас хамгийн түвэгтэй нь гэгддэг Го даамаар хүнийг ялсан энэ хиймэл оюун ухаан алхаж, үсэрч, саадыг тойрч сурсан нь нэг талаар "гайхалтай", нөгөө талаар "аймшигтай" мөч байв. Үүний дараахан Элон Маск дэлхийн лидерүүдийг хиймэл оюун ухаантай холбоотой журам, хуулиудыг оройтохоос нь өмнө гаргах хэрэгтэйг дахин нэг сануулжээ. Өнгөрсөн 8-р сард Хятад дахь бизнесээ гол өрсөлдөгч Didi-д худалдаж, томоохон зах зээлээ орхисон Uber ОХУ-ын зах зээлээс ч шахагдаж байна. Тэд Оросын зах зээл дээрх хамгийн гол өрсөлдөгч Yandex.Taxi-тай нэгдэж байгаа бөгөөд 3.7 тэрбум доллараар үнэлэгдэх энэ нэгдлээрээ дамжуулан 6 улсын 127 хотод үйл ажиллагаа явуулна. Оросын Гүүгл гэгдэх Yandex 100 сая долларын хөрөнгө оруулалт хийн, компанийн 60 хувийг эзэмших бол Uber 225 сая долларын хөрөнгө оруулалт хийж, 36.6 хувийг эзэмших болжээ. Өнгөрсөн жил Yandex.Taxi нийт 1 тэрбум долларын үнэлгээ бүхий такси захиалга хүлээн авсан бол Uber үүний талтай тэнцэх буюу 566 сая долларын захиалга авч байв. Зүүн өмнөд Азийн зах зээл дэх Uber-ийн гол өрсөлдөгч Grab компани Softbank тэргүүтэй хөрөнгө оруулагчдаас 2 тэрбум долларыг босгож байгаа гэнэ. Ингэснээр тэдний зах зээлийн үнэлгээ 5 тэрбум доллараар хэмжигдэх болж байна. Snapchat-ийн хувьцааны үнэлгээ IPO-ийн нэрлэсэн үнээс анх удаа доошоо орж, 16.99 доллар болсон байна. Энэ нь тэд өнгөрсөн 3-р сараас хойш ойролцоогоор 10 тэрбум долларыг алдсан гэсэн үг билээ. Amazon жил бүр зохион байгуулдаг, 30 цагийн хямдралтай худалдаа болох Prime Day-ээ амжилттай явууллаа. Prime Day-ийн борлуулалт өнгөрсөн жилийнхээс 60 хувиар өсөж, түүхэн дэх дээд амжилтыг эвдсэн гэнэ. Минутанд 6000-аас илүү худалдан авалт хийгдсэн гэх Prime Day-ийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн нь 50 хувь хямдарсан Amazon Echo Dot байжээ.

Bloombeg: Uber-ийн сургамж: Хэрвээ дийлэхгүй бол хөрөнгө оруул
Techcrunch: Prime Day түүхэн дээд амжилт тогтоолоо

Хиймэл оюун ухаан хэрхэн алхаж сурсныг эндээс үзээрэй.

Шинжлэх ухааны ертөнцийн эргэн тойронд

Хятадын эрдэмтэд квант төлөвт фотоныг дэлхийгээс сансар луу илгээх телепортын туршилтыг анх удаа амжилттай хийлээ. Өмнө нь 900 гаруй телепортын туршилтыг хийсэн гэх тэд 300 миль буюу 480 орчим км-ийн зайд фотоныг шилжүүлсэн нь одоогоор хамгийн хол зайд хийгдсэн туршилт болж байна. Хүмүүсийн зөвхөн зөгнөлт киноноос үздэг хормын эгшинд нэг газраас нөгөө газар луу шилжих боломжийг бүрдүүлэх телепортыг эрдэмтэд боломжтой гэж үзсээр ирсэн билээ. Харвард болон Оксфордын астрофизикчдийн хийсэн судалгаагаар нарыг унтрах хүртэл амьдрах чадвартай цорын ганц амьтныг "усны баавгай" гэх тардигрэйд (tardigrade) хэмээх амьтан хэмээн тодорхойлжээ. Тэд манай дэлхийд учирч болох бүх аюул гамшгийн төсөөллийг хийж, учрах гамшгийн хэмжээг тодорхойлсон юм. Эрдэмдтийн үзэж байгаагаар ямар ч солир мөргөж, хорт цацрагийн гамшиг учирсан далайн усыг бүрэн ууршуулж, хуурай болгож чадахгүй гэнэ. Гэхдээ аль ч тохиолдолд ямар ч нөхцөлд, тэр байтугай сансарт амьдрах тэсвэртэй, 30 жил хөлдөөсний дараа эргэж амь ордог гэгдэх, тардигрэйд л амьд үлдэж чадах ажээ. Математикийн салбарын Нобелийн шагнал гэгдэх Филдсийн шагналыг хүртсэн цорын ганц эмэгтэй, Ираны математикч Мариам Мирзахани 40 насандаа хөхний хорт хавдрын улмаас таалал төгслөө. Стэнфордын их сургуульд багшилж байсан тэрээр 2 удаа олон улсын математикийн олимпиадад аваргалж, Харвардын их сургуульд докторын зэрэг хамгаалан, 2014 онд математикийн салбарын хамгийн том шагналын эзэн болж байжээ. Уур амьсгалын өөрчлөлт, хэт халалтаас шалтгаалан дэлхий даяар түймрийн аюулд өртөж байгаа энэ цаг мөчид триллион тонны жинтэй мөсөн уул Антрактидад хагарсан байна. Энэхүү үйл явдлыг эрдэмтэд сүүлийн хэдэн сарын турш тооцоолж байсан бөгөөд 58 мянган км.кв хэмжээтэй том хэсэг бүсийн 4 дэх том мөс Ларсен С-ээс салжээ. Энэ үйл явдлыг хэдийгээр шууд нөлөөлөл багатай ч хожим учирч болох гамшгийн өмнөх маш том сануулга болж байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

MIT Technology Review: Эрдэмтэд фотоныг анх удаа телепортоор сансар луу илгээлээ
The Verge: Танилц Тардигрэйд, нар хүртэл амьдрах тэсвэртэй амьтан

Хэмжээгээрээ 0,03-0,05 мм тардигрэйд -272-оос +150 градуст амьдрах тэсвэртэй бөгөөд 30 жил хоол, усгүй амьдарч чаддаг гэнэ.

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Америкийн телевизийн салбарын шилдэг бүтээлийг тодруулдаг "Эмми" шагналд нэр дэвшигчдийн нэр тодорхой боллоо. 69 дэх удаагийн Эммид хамгийн олон төрөлд нэр дэвшсэн бүтээл нь HBO-ийн хиймэл оюун ухаан, роботын хөгжлийн нөлөөллийн тухай өгүүлэх Westworld боллоо. Тэд ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойрон дахь элэглэлээрээ үзэгчдээс өндөр үнэлгээ авсан Saturday Night Live-ийн адилаар 22 төрөлд нэр дэвшжээ. Хэдийгээр өнгөрсөн жилүүдэд гол шагналуудыг түүсэн Game of Thrones нь 7-р сард нээлтээ хийсний улмаас нэр дэвших эрхгүй болсон ч HBO давхардсан тоогоор нийт 110 нэр дэвшилтээр дээд амжилт тогтоов. Stranger Things, Master of None-ийн гайхалтай амжилтын дараагаар Netflix 93 нэр дэвшилтээр удаалжээ. Эммигийн эзэд 9-р сарын 17-нд тодорно. Дисней Флорида дахь паркдаа "Оддын дайн" цувралаас сэдэвлэсэн амралтын төвийг байгуулах болсноо зарлалаа. Зочин бүр өөрсдийн гэсэн түүх, хийх зүйлс, үүрэгтэй байх бөгөөд эргэн тойрон дахь бүх тохижолт, үйлчлэгчид нь "Оддын дайн"-тай холбоотой байх гэнэ. Тэд энэ долоо хоногт зохиож буй D23 Экспогийн үеэр 2019 онд нээлтээ хийх "Оддын дайн" паркийнхаа төлөвлөлтийг анх удаа мөн ил болгосон билээ. Үүнээс гадна Дисней 2019 оны 3-р сард "дэлдэн" зааны тугалын тухай өгүүлэх "Дамбо"-ын шинэ киног гаргахаа зарлаж, "Алладин"-д алдарт Уилл Смит тоглох болсныг мэдэгджээ. Энэ долоо хоногт Монголын амьд хөгжмийн хамгийн том наадам Playtime 16 дахь жилдээ амжилттай явагдаж өнгөрч байна. Энэ жилийн наадамд Япон, Швейцарь, ОХУ зэрэг орноос хамтлагууд ирж, нийт 30 гаруй хамтлаг 2 тайзнаа 3 өдрийн турш уран бүтээлээ хүргэж байна. Холливудын хамгийн хүчирхэг хосууд Бейонсе болон Jay Z ихэр хүүхдүүдийнхээ зургийг анх удаа ил болголоо. Энэ үеэрээ тэд хүүхдүүддээ Картер болон Руми гэсэн нэр өгснөө мөн мэдэгдсэн юм. Сонирхолтой нь Руми гэдэг нь Чингис Хааны байлдан дагууллын үед Афганы орчимд амьдарч, дүрвэн амьдарч байсан яруу найрагчийн нэр ажээ.

Unread: Эммигийн нэр дэвшүүлэлтээс анзаарсан 4 зүйл
Techcrunch: Диснейн шинэ парк - Оддын дайн

Оддын дайны парктай танилц!

Алдалгүй унших таван мэдээ

CNN: Туркийн төрийн эргэлт хийх оролдлогоос хойш нэг жилийн дараа
NYTimes: Сельфи авах гэж оролдоод 200 мянган долларын бүтээлийг эвдэв
Vox: Кид Рок Сенатад нэр дэвшиж байгаа гэж үү?
BBC: Сенегалд цэнгэлдэх нурж 8 хүн нас барлаа
Eurosport: Федерер 8 дахь түрүүгээ хүртэж чадах уу?

7 хоногийн тоймын өмнөх дугаарууд

7 хоногийн тойм: Тав дахь ерөнхийлөгч - Х.Баттулга + Дэлхийн лидерүүдийн дуулиант уулзалт + 11 сартай хүүгийн сүүлчийн хүсэл
7 хоногийн тойм: 20 настай Харри Поттер + 1000 стартаптай Парисын зогсоол + 201 саяын үнэтэй Стеф Карри
7 хоногийн тойм: О.Уормбирийн гунигт аялал + Т.Каланикийн хүсээгүй төгсгөл + Саудын хааны гэнэтийн шийдвэр
7 хоногийн тойм: Гал + Ихрүүд + Цом