Хөгжим сонирхогчдын бүтэн жил хүлээдэг Playtime наадам маргааш эхлэх гэж байна. Зөвхөн дотоодын төдийгүй олон улсад нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлчид ирж оролцдог энэхүү наадам гурван тайзнаа 30 гаруй уран бүтээлчтэйгээр явагдахад бэлэн болоод буй. 16 дахь жилдээ зохиогдох гэж буй чансаатай наадмын өмнө халаалт болгон сонсвол зохих 8 дууг танд зориулж байна. 

Харанга - Толин хул

Энэ жилийн Playtime наадмын "гол" хамтлаг бол домогт Харанга. Баяр наадмын "урт" амралтын үеэр тохиож буй гэдэг утгаараа ч, Харангын амжилтыг тэмдэглэн өнгөрүүлнэ гэдэг талаасаа ч "Толин хул" бол төгс сонголт. Ямар ч хүнийг огшоож, сэтгэлийг нь хөдөлгөж чадах энэ дуу үе үеийн туршид үндэсний их баяр наадмын сүлд дуу байсаар байх биз ээ.

The Lemons - Сүүлийн уянга

Өнөө цагийн Монголын амьд хөгжмийн ертөнцийн өнгийг тодорхойлогч The Lemons хамтлаг ямар ч маргаангүй Playtime-ийн хамгийн онцлох хамтлаг байх болно. Эхний өдрийг хаан уран бүтээлээ хүргэх тэд өнгөрсөн жил хийсэн Unplugged тоглолтоо тусдаа цомог болгон гаргаад удаагүй байгаа. Үзэгчдийг хөөргөж, жинхэнэ утгаар нь Плэйтаймын уур амьсгалыг мэдрүүлдэг The Lemons-ийн залуусын хэрхэн ажилладаг тухай бидний нийтлэлийг уншиж амжаагүй бол заавал уншаарай.

Nisvanis - Нэргүй дуу

"Нисванис"-гүйгээр Плэйтайм "давсгүй хуурга" л гэсэн үг. Хамгийн хөдөлмөрч хамтлаг гэж хэлж болох тэдний хувьд наадмын 2 дахь өдөр тоглох хуваарьтай байгаа. Амралтын өдрөөрөө "Нэргүй дуу"-г нь сонсон, наадамдаа бэлдээрэй.

The fin.- Night time

Японы шилдэг хамтлагуудын нэг The Fin. энэ жилийн Плэйтайм наадмыг чимэх болно. Кобе хотоос гаралтай тэд 2010 онд байгуулагдсан ч богинохон хугацаанд дотооддоо төдийгүй олон улсад ч чамгүй танигдаж чадсан. Азийн хамгийн алдартай инди хамтлагуудын нэг гэгдэх тэд инди-рок, синти-поп урсгалаар уран бүтээлээ хүргэдэг аж. Таны амралтын өдрийг зөөлөн хэмнэл, аялгуулаг дуугаралтаараа чимэх Night Time-ийг танд санал болгоё.

Magnolian - Өвөлжөө

Монголын амьд хөгжмийн салбарт намуун гэхдээ сэтгэлд дотно аяз, гүн агуулгатай үгсээрээ хүч түрэн орж ирж буй Magnolian энэ жилийн хамгийн их хүлээлт дагуулж буй уран бүтээлчдийн нэг. Өнгөрсөн жилийн хамгийн шилдэг цомгуудын нэгт тооцогдох Famous Men-ий амжилт түүнийг ийн үнэлэгдэхэд хүргэж буй нь гарцаагүй. Unread-ээр дамжуулан видеонийхоо нээлтээ хийсэн "Өвөлжөө" дууг нь бид санал болгож байна.

One Sentence. Supervisor - No Space Left

2011 онд байгуулагдсан One Sentence. Supervisor бол Швейцариас гаралтай хамтлаг. Тэдний 2016 онд гаргасан 2 дахь цомог болох "Temporar Musik 1-13" ихээхэн амжилт олж, тухайн ондоо Швейцарийн индендент хөгжмийн холбооны "Оны шилдэг цомог"-оор нэрлэгдэж байжээ. One Sentence. Supervisor 15-ны үдэш тоглох хуваарьтай.

The Colors - The Light Within

Орчин цагийн монгол рок хөгжмийн ертөнцийн нэгэн онцгой дүр The Colors энэ жилийн наадмын 2 дахь өдрийн сүүлчийн хамтлаг болон тоглох болно. Өвөрмөц хоолой, эрч хүчтэй дуугаралтаараа аль хэдийн залуусын хамгийн сонсох дуртай хамтлагуудын нэг болсон тэдний тоглолт сэтгэл хөдөлгөсөн мөчөөр дүүрэн байх нь гарцаагүй.

Mohanik - Морьтой ч болоосой

Сүүлийн 2 жилийн Плэйтайм наадмыг "өнжсөн" Моханик эргэн ирлээ. Наадмын хамгийн цоглог, хамгийн доргио, хамгийн эрчтэй үзүүлбэрийг үзүүлдэг уламжлалаа Моханикийнхан энэ жил ч үргэлжлүүлэх нь тодорхой. Хэзээ ч хуучрашгүй "Морьтой ч болоосой"-г хүлээж буй олон залуус Гачууртыг зорих биз ээ.

Бонус: Playtime 2016: After Movie

Наадмын хөтөлбөр

Наадмын талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс
Арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс