Өнөөдрийн дугаартаа бид, унаж яваа машинаа өгөөд оношлогоо хийж баталгаа гаргасан “одтой” машин шинээр худалдан авах боломжийг иргэдэд олгодог “trade in” үйлчилгээг Монголд анх удаа амжилттай нэвтрүүлээд буй автодилер компани болох "Автоланд" ХКК-ийн үүсгэн байгуулагч М.Түвшинбаярыг урилаа. МУИС-ийг электроникийн инженер мэргэжлээр төгссөн тэрээр MCS Электроникс-д инженер, инженерингийн албаны даргаар ажиллаж байсан бөгөөд үүний дараа мэдээллийн технологийн “Ньюсоник” компанийг үүсгэн байгуулсан юм. Тэрээр автомашин сонирхдог хоббидоо хөтлөгдөн жил гаруйн өмнө Автоландыг үүсгэн байгуулж, авто зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг нэвтрүүлж байна.

Байршил: Монгол, Улаанбаатар
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: "Автоланд Эс Си" компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 6, таблет iPad
Хэрэглэдэг компьютер: iMac
Сошиал хуудсууд: Tuvshinbayar Magvan (фэйсбүүк)

ТАНЫ АЖЛЫН ХАМГИЙН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Хурдтай ажиллахыг эрхэмлэдэг. Аливаа ажлыг туршиж үзээд, болохгүй бол дараагийн шийдлийг нь хурдтай гаргаж ирэхийг хичээнэ. Нэг ажилтай удаан зууралдах сонирхолгүй.

Өөрөө шинийг санаачлагч байхыг хичээхийн зэрэгцээ ажилтнууддаа шинэ санаа санаачилга гаргах боломжийг, эрх чөлөө олгохыг хичээдэг. Мөн аливаа асуудлыг зөвхөн нэг талаас биш, аль болох олон талаас харахыг их хичээдэг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Үйлдлийн системийн хувьд Windows, браузер Chrome ашиглана. Фэйсбүүк Мессенжер, Viber, WeChat-аар хүмүүстэй холбогдоно. Мэдээг iKon, Gogo, UbInfo зэргээс авна. Өөрсдийн Autoland апп-ийг мэдээж байнга ашиглана. Машинуудын мэдээллийг Cars.com, Autotrader.com, Netcarshow.com сайтууд, мөн Unegui-ийн аппаас авдаг юм. Мөн Голомтын SocialPay үйлчилгээг ашигладаг.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Ажлын цагаар бол шинэ тутам эхэлж байгаа бизнес учраас байнга уулзалттай байна. Тиймээс ажлын бус цагаар болон өглөө их эрт ажил дээрээ ирж төвлөрөх цэгцлэх, бодож эргэцүүлэх ажлаа амжуулж л цаг хэмнэнэ дээ. Эрт босох гэж хэлж болох юм.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Хувьдаа бол дэвтэр дээр, харин ажилтай холбоотой зүйлсийг iCloud, Google Drive дээр тэмдэглэнэ. Мөн манай компани дотроо ERP систем хөгжүүлж байгаа. Түүгээрээ удахгүй байгууллагын харилцаа холбоогоо явуулдаг болно доо.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Юмыг логикоор харах, шийдэл олохдоо өөрийгөө муугүй гэж боддог. Аливаа асуудлыг эвтэйхэн, арга эвийг нь олж зохицуулж чаддаг. Мөн харааны ой тогтоолт сайн шүү. Машинд хоббитой болсон шалтгаан маань энэ ажигч байдалтай холбоотой гэж боддог юм.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Монголчууд бид өнөөг хүртэл гадаадад урьд нь унаж байсан хуучин машиныг оруулж ирж унаж байна. Автомашины арилжааны 90 хувь нь хуучин машин байдаг гэх дүн бий. Хуучин машины худалдаа гол төлөв машины захууд, ченжүүдээр дамжин явдаг. Бид энэ төрлийн худалдааг цоо шинэ түвшинд гаргахаар зорьсон.

Машин худалдаж авах үед хүмүүст тулгардаг бэрхшээл бол хэнээс авахаа, авсан машин нь найдвартай эсэхэд эргэлзэж зовдог. Ингэж авсан машинд чанарын ямар ч баталгаа байдаггүй. Авсан хойноо асуудлыг нь мэдэх, халаглах тохиолдол олон бий. Тиймдээ ч таньдаг мэддэг хүнээ машин сонгохдоо туслуулдаг. Яг ийм асуудал тулгарсан хүмүүст туслах үйлчилгээг олон улсын жишиг, стандартаар нэвтрүүлэх гэж зорьж яваа маань миний ажлын онцлог. Машин худалдан авах, эсвэл машинаа сайжруулах, мөн түүнчлэн машинаа зарах хүсэлтэй хүмүүсийн хэрэгцээг хангаж буй үйлчилгээ бол бидний санал болгож буй автодилерийн үйлчилгээ юм. Хамгийн гол нь машиныг оношлож, засвар үйлчилгээ хийж, чанарын байдалд нь “од”-оор үнэлгээ өгөөд, худалдаж авсан хүнд нь баталгаа гаргаж байгаа. Машинаа зээлээр авах боломжтой ба хуучин машиныг нь оношлож “од” бүхий үнэлгээ өгөөд урьдчилгаанд нь тооцож авч байгааг trade-in гээд байгаа юм. Бид энэ үйлчилгээг Голомт банктай хамтран хэрэгжүүлж байгаа.

Нөгөө талаар шинэ машин авах хүсэлтэй, эсвэл машинаа сайжруулах хүсэлтэй хүнд унаж яваа машинаа зарах гэж ихээхэн цаг заваа зарцуулж, учраа олохгүй үнээ буулгах шахаасанд орж зовдгийг хэн ч гэсэн төсөөлж байгаа байх. Тэгвэл манайх машинд нь үнэлгээ хийн худалдаж аваад дараагийн эзэнд нь борлуулж өгч байгаа юм. Хүмүүст яг хэрэгтэй, дутагдаж байсан үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж цаг завыг нь хэмнэж, стрессийг нь бууруулж байгаа эерэг сайн тал нь гэж болно. Монгол улсад зах зээл хөгжөөд хүн болгон машин унадаг шахуу хэрэглээтэй болчихсон энэ үед олон улсад хэдийнэ жишиг болсон энэ үйлчилгээ Монголд байхгүй байсныг мэдэрч, ялангуяа хуучин автомашины зах зээлд гол үйлчилгээ болохоор зорьж байна. Мэдээж шинэ үйлчилгээ учраас үйлчилгээний нарийн учрыг нь ойлгохгүй байгаа хүмүүст баталгаа гаргаж өмнөөс нь хариуцлага хүлээж байгаагаа ойлгуулахад багагүй цаг зарцуулах шаардлагатай байдаг.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Манай компани Хан-Уул дүүрэгт Монгол дахь анхны second hand буюу урьд нь унаж байсан машины showroom-ийг байгуулах гээд бүтээн байгуулалтын ажил хийж байна. Энд машины том заал, оффис, нотариат, банк гээд төрөл бүрийн үйлчилгээг багтаасан нэг цэгийн үйлчилгээ байрших юм.

Мөн бид шинэ машин импортоор оруулж ирдэг компаниудтай хийх хамтын ажиллагаагаа өргөжүүлж, нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна. Ер нь бол авто арилжааг хариуцлагатай, иж бүрэн, мэргэжлийн болгох тал дээр шаардлагатай бүх алхмыг хэрэгжүүлнэ дээ.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ХӨГЖИМ ТАНЫГ ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛГОДОГ ВЭ?

Ажиллаж байх үед бол нэг их сонсоод байдаггүй. Ер нь бүх л урсгал чиглэлийн хөгжим сонсдог. Заримдаа сонгодог аялгуунууд, заримдаа тухай тухайн цаг үеийн хит дуунуудыг сонсоно. Монголоос Харангын Чука, Лхагваа, Сарантуяа, сүүлийн үеийнхнээс A Sound, харин гадаадаас Майкл Жексон, Элтон Жон нарт дуртай.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Ном нэлээд уншдаг байсан, сүүлийн үед утас, таблетаар л харах болж дээ. Аюурзанын зохиолууд дажгүй. Хийж байгаа ажилтай холбоотойгоор Хенри Фордын номыг уншиж байна. Мөн блог нэлээн уншина аа. Baabar.mn-ий нийтлэлчид, Дефакто Жаргалсайхан, Датакомын Д.Энхбат, Голомтын Ө.Ганзориг нарын нийтлэлүүдийг уншдаг.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Нээлттэй талдаа хүн. Бодож байгаа зүйлээ шуудхан хэлчихдэг. Хүний бодлыг тааж, өөрөө таалгах дургүй талдаа. Харилцаан дээр бол бие биеэ хурдан ойлгоод, нэг чиглэлд хандах нь чухал гэж боддог.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Орой 11-12 цагийн үед унтаад өглөө 6.30 гээд босчихдог. Босоод хүүхдүүдээ сургуульд нь бэлдэнэ дээ.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Гэрэл зураг авах дуртай. Хөдөө машинтай аялал хийж, зураг авах сайхан байдаг. Аль болох очиж байгаагүй газрууддаа очихыг хүсдэг. Гэхдээ тэр болгон яваад байж чадахгүй байна. Хотод бол дугуй унана. Гэхдээ дугуйгаа машинаар ачиж очоод, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг боломжтой газруудад нь л унах юм даа. Замаар унах хэцүү. Мөн гольф сонирхож үзсэн, цаг их зарцуулдаг тул бас амаргүй юм билээ.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?

Гэр бүлээсээ, 4 хүүхдээсээ, хамт олноосоо эрч хүч авна. Бас манай үйлчилгээг үнэлж буй, хэрэгтэй санаа хэлж буй үйлчлүүлэгчид урам зориг өгдөг шүү. Анх оюутны ширээнээс холдоод, удирдлага дор нь ажиллаж байсан болохоор Ж.Оджаргал захирлыг хүндэлдэг. Бас хамт ажиллаж байсан зураач С.Цогтбаяр ах байна. Эдгээр хүмүүсийг хүндэлж, үлгэр дууриал авна.

Мөн байгалийн сайхнаас эрч хүч авна. Мэдээж бас ажлаасаа, туршилтын жолоодлогоос сайхан мэдрэмж авна шүү дээ.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Нэг найз маань "Хийгээд алдах нь алдаа биш, алдахгүй бол харин тэр аяаараа ололт" гэж хэлж байсныг байнга санаж хэрэгжүүлэх гэж хичээдэг. Хийж эхлээгүй байж л халшраад байдаг хүмүүс бий. Нэлээд олон жил бизнесийн салбарт ажилласны дараа зоригтой хийгээд оновол оноод, алдвал алдаад, хурдан маневр хийгээд явах нь зөв юм байна гэж итгэх болсон. Үзээд алд гэдэг дээ.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭЖ ХЭЛЭХ ВЭ?

Хүмүүсийн хэлдэг л зүйл байх. Гэхдээ л энгийн үнэн зүйл учраас давтахыг хүсэж байна. Дуртай зүйлээ олоод, тухайн ажилдаа дурлаад, сэтгэлээсээ хийвэл л хүн юманд хүрнэ. Хүн хийж буй ажлаасаа сэтгэл ханамж, таашаал авах ёстой. Мөн ажлаа хийхдээ зөвхөн өөрт хэрэг болно гэдгээр биш, энэ хийж буй ажил өрөөл бусдад ямар нэг байдлаар эерэг үр нөлөө үзүүлж байгаа гэдгийг бодож ажлаа хийж байгаарай гэж хэлэх байна.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

IT Zone-ийн Д.Баттулга захирлыг санал болгоё. Мөн сайн танихгүй ч чадварлаг хүн шиг санагдсан болохоор Нэткапитал-ийн Д.Сүндийг санал болгож байна.