Та радио сонсохоос гадна хэзээ нэгэн цагт өөрөө радио хөтлөх юм уу подкаст хийн бусадтай хуваалцахыг хүсэж байсан уу? Эсвэл зүгээр л найз нөхөдтэйгээ дуу хоолойгоо байнга солилцож, олж сонссон сонин содон зүйлсээ эмх цэгцтэйгээр хуваалцахыг хүсдэг үү? Тэгвэл Anchor хэмээх апп энэ боломжийг хялбар бөгөөд шинэлэг байдлаар танд санал болгож байна. Радиогийн шинэ эрин үеийг авчрах зорилготой Anchor нь өөрт буй аудио контентийг бусдад хуваалцаж, мөн бусдын аудиод аудио хэлбэрээ сэтгэгдэл үлдээж болдгоороо та бидний хэрэглэх сошиал медиагийн тоог нэгээр нэмж байна.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Та энэ апп-ийг бусдад дуу хоолойгоо хүргэх, бусдыг сонсох, хэрэгтэй мэдээлэл авах, тухайн сувгуудад аудио хэлбэрээр хариулт өгөх буюу сэтгэгдэл үлдээх, англи хэлээ сайжруулах зэрэг олон зорилгоор ашиглаж болно.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

Tech, Life, Politics, TV&Movies, Gaming гэсэн үндсэн хэсгүүдтэй. Алдартай эрдэмтэд, хөгжимчид, улс төрч, хошин шогийнхон гээд өөр хаана ч сонсох боломжгүй сувгуудыг сонсох боломжийг олгож буйгаараа давуу талтай юм. Таны тухай өдрийн аудионуудыг Инстаграм шиг дараагийн 24 цагийн турш Stories байдлаар хадгалах боломжтой. Фэйсбүүк, твиттерт лайк дардаг шиг Anchor-т нэг товшилтоор "алга ташдаг" гэх мэт зугаатай функцүүд бий. Дизайны хувьд өнгөлөг, энгийн бөгөөд ойлгомжтой.

Anchor нь аудио хийгээд зогсохгүй Apple-ийн хөгжим, эсвэл Spotify-аас бүрэн хэмжээний дуу клипийг татах, дэлхийн жишигт нийцсэн хөгжимчид, дууны дизайнеруудын өндөр чанартай хөгжмийг нэмэх боломжийг санал олгодог. Аудио хэлбэрт байж болох бүх л контент таны халаасанд орж ирсэн мэт санагдах вий.

Саяхан Anchor шинэ нэмэлт оруулсан нь аппаараа дамжуулан сурвалжилга хийх боломжтой болсон явдал юм. Мөн IOS, Android, вэб, Amazon Alexa, Google Home, болон bluetooth-өөр д амжуулан машиндаа ч тоглуулах боломжтой болохоор хаана ч байсан та Anchor-тай хамт байж чадна.

Апп-т оруулах аудио бичлэгийг Waves хэмээн нэрлэх ба дээд тал нь 2 минутын урттай эдгээр бичлэгүүдийг Твиттерийн жиргээ шиг бусад платформууд дээр embed хийн хуваалцаж болдог.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Аудио оруулах хязгаар 2 минут байгаа нь зарим тохиолдолд сул тал болох магадлалтай.

UNREAD-ИЙН ҮНЭЛГЭЭ

Радио салбарыг шинэ шатанд гаргах зорилготой энэ апп-д бид 7 оноо өгч байна.