Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   02 сарын 12, 2017

7 хоногийн тойм: #SuperBowl51 + #NYFW17 + #Эрдэнэт49

УИХ Эрдэнэттэй холбоотой асуудлаар шийдвэр гаргалаа

Өнгөрсөн зунаас хойш Монголын эдийн засаг, нийгмийн амьдралын хамгийн анхаарал татаж байсан асуудал болох "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувьтай холбоотойгоор УИХ-аас эцсийн шийдвэр гаргалаа. УИХ-аас томилсон ажлын хэсгийн дүгнэлтийг гишүүд хэлэлцэн, Монголын Зэс Корпорацийн "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг худалдан авах ажиллагаа нь хэд хэдэн хууль зөрчсөн, санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойгүй буюу хууль бус байсан зэрэг дээр үндэслэн уг наймааг цуцалж, 49 хувийг төрийн мэдэлд шилжүүлэн авах шийдвэр гарсан нь энэ юм. Нийт гишүүдийн 80,3 хувь нь буюу 61 гишүүдийн 49 нь энэхүү шийдвэрийг дэмжиж саналаа өгсөн байна. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы танхимд хүрэлцэн ирж, өөрийн саналаа илэрхийлсэн нь, ХХБ-ийн төлөөлөгчид зохих зөвшөөрлийн дагуу худалдан авалтыг хийсэн хэмээн "өмгөөлсөн" ч тэр нь хангалттай байсангүй.

Ikon: УИХ: "Эрдэнэт"-ийн 49 хувийг төрд эргүүлэн авах шийдвэр гаргалаа
Bloomberg: Монголын парламент Эрдэнэт үйлдвэрийн хувиа эргүүлэн авах шийдвэр гаргалаа

Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй одоог хүртэл анхаарал татсан хэвээр л байна.

Т.Брэди, Патриос 5 дахь удаагаа аваргаллаа

Хойд Америкийн хамгийн их үзэгчтэй мэргэжлийн спортын лиг америк хөлбөмбөгийн 2016 оны аварга багийг тодруулах тулаан буюу Супер Боулын төлөөх өрсөлдөөн өнгөрсөн долоо хоногийн гол үйл явдлуудын нэг байлаа. 51 дэх удаагийн Супер Боулын төлөө Хьюстон хотноо Нью Инглэнд Патриотс болон Атланта Фалконс багууд өрсөлдөж, Патриотс түүхэн дэх хамгийн агуу "эргэн ирэлт"-үүдийн нэгийг хийн, 30:28-аар хожиж 5 дахь удаагаа аваргаллаа. Ингэснээр тэд бүх цаг үеийн жагсаалтанд 6 түрүүтэй Питсбургийн ард 2-р байрт бичигдэх болж байгаа юм. Домогт Том Брэди энэ тоглолтын шилдгээр нэрлэгдэж, 4 дэх удаагаа энэ шагналыг хүртэн уг спортын түүхэн дэх хамгийн агуу холбогчдын нэг гэдгээ батлан харуулав. 28:3-аар хожигдож яваад зөрүүг арилган улмаар хожсон нь мөн дээд амжилт болсон бөгөөд шигшээд нэмэлт цагт ялагч тодорсон анхны тохиолдол болжээ. Нийт 30 дээд амжилт шинээр тогтоогдсон уг тоглолтыг зөвхөн америкт 113 сая хүн шууд үзсэн бөгөөд зар сурталчилгааны гучин секундын нэг багцын үнэ нь 5 саяас давжээ. Олны анхаарлыг татаж байсанчлан завсарлагааны үеэр үзүүлбэрээ толилуулсан Лэйди Гагагийн шоу "супер" байлаа. Өөрийн хит дуунуудаа зуу зуун дронуудын тусламжтайгаар хүргэсэн Гагагийн гол мессеж нь LGBT-чүүдийн эрхийг хамгаалах байсан юм.

CNN: Патриотсын ялалт хамгийн гайхалтай эргэн ирэлт мөн үү?
Forbes: Супер боулын шилдэг сурталчилгаанууд

Т.Брэди 4 дэх удаагаа шигшээ тоглолтын хамгийн үнэ цэнтэй тоглогч болов.

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукербергийн эхнэртэйгээ үүсгэн байгуулсан The Chan Zuckerberg сангаас эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж, өвчин судлалд дорвитой нөлөө үзүүлж чадахуйц 47 төсөлд 50 сая долларыг олгож байгаагаа зарлалаа. Үүнээс гадна тэд Сан Франциско орчим дахь орон сууцны дутагдалтай байдлыг шийдвэрлэхэд зориулж 3,6 сая долларын хандивыг өргөжээ. Google 2014 оноос хойш анх удаа Android Wear системдээ томоохон шинэчлэл хийж, 2.0 хувилбараа танилцууллаа. Ухаалаг цагны зах зээлд хамгийн түгээмэл хэрэглэгддэг энэ системийн шинэчлэлээр хийгдэх цаг, төхөөрөмжүүд энэ сарын сүүлээс худалдаанд гарч эхлэх гэнэ. Цахим төлбөр тооцооны систем Tilt-ийг худалдаж аваад удаагүй байгаа Airbnb өнгөрч буй долоо хоногт түүхэн дэх хамгийн том худалдан авалтынхаа нэгийг хийж, 200 гаруй сая доллараар өндөр зэрэглэлийн аялал, ресортуудыг санал болгодог Luxury Retreats-ийг эгнээндээ нэгтгэж байна. Харин шинэхэн CEO-той болоод удаагүй байгаа хүний нөөцийн шийдвэр гаргалтын систем Zenefits нийт ажилчдынхаа 45 хувийг цомхотголд оруулахаа зарлалаа. Snapchat-ийн IPO-той зэрэгцэн Хятадын зураг-видео хуваалцах платформ Kuaishou АНУ-д хувьцаагаа гаргах гэж байгаа тухай мэдээ цацагдаад байна. Өдөр бүр 40 сая, сар бүр 100 гаруй сая хүн хэрэглэдэг инстаграмтай төстэй энэ апп энэ оны сүүлээр глобал зах зээлд нэвтэрч, 3 тэрбум долларын үнэлгээтэйгээр хувьцаа гаргах бололтой. Сүүлийн үед ихээхэн тренд болоод буй жолоочгүй машины зах зээлд алдарт Ford хүч түрэн орж ирлээ. Тэд Uber болон Google-ийн топ инженерүүдийн байгуулсан Argo AI-ийн дийлэнх хувийг 1 тэрбум доллараар худалдан авчээ. Хамгийн сүүлд General Motors Cruise нэртэй AI машины технологи бүтээгч компанийг 1 тэрбум орчим доллараар худалдан аваад байсан билээ.

Recode: Форд жолоочгүй машины зах зээлд орж ирлээ
Wearable: Android Wear 2.0-ий талаар таны мэдвэл зохих бүх зүйлс

Форд жолоочгүй машины зах зээлийн хөгжлөөс хоцрохыг хүссэнгүй

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Дэлхийн хамгийн нэр хүндтэй таван загварын шоуны нэгт тооцогддог Нью Йоркийн загварын долоо хоног өнгөрч буй долоо хоногт эхэллээ. Энэ хавар, зуны загварын чиг хандлагыг тодорхойлох учиртай шинэ загварууд, хувцсуудаа дэлхийн томоохон брэндүүд танилцуулж байна. Энэ наадмаас хамгийн өндөр хүлээлттэй коллекцод тооцогдож байсан Calvin Klein-ий шоуны моделиуд нь Америкт ирээд удаагүй байгаа цагаачид байж, Трампын баримталж буй "хаалттай" бодлогын эсрэг том мессеж өгч чадсан нь олны талархлыг хүлээж байна. Тэгвэл Берлин хотноо 67 дахь удаагийн Берлиний Олон Улсын Кино Фестивал нээлтээ хийж, кино сонирхогчдын анхаарлыг өөртөө татаад байна. Францын Жанго нэртэй киногоор нээлтээ хийсэн уг наадам 18-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд 400 гаруй кино бүтээл оролцож байгаа юм. Грэмми наадам явагдах гэж буй энэ цаг мөчид энэ сарын сүүлээр явагдах Оскарын наадамд уран бүтээлээ хүргэх хамтлаг, дуучдын нэрс тодорхой болсон. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар шилдэг хөгжмийн төрөлд нэр дэвшсэн Жастин Тимбэрлэйк, Стинг, Жон Леженд нар бүгд уран бүтээлээ хүргэх ажээ. Marvel шинэ бүтээл Avengers: Infinity War-ийн зураг авалт эхэлснээ зарласантай зэрэгцэн Netflix энэ зуны гол хит Stranger Things-ийн 2-р улирлын трэйлэрээ цацаж, учир битүүлэг нууцлаг үйл явдлаар дүүрэн OA-ээ үргэлжлүүлж хийх болсноо мэдэгдсэн завгүй долоо хоног өнгөрлөө.

Stylecaster: NYFW-ийн гол трендүүд
IndieWire: Берлиний наадмын онцлох 5 кино

Загварын ертөнц бүгд Нью Йорк руу анхаарлаа хандуулж байна.

Технологийн салбарын шилдгүүд тодорлоо

Технологийн салбарын хамгийн нэр хүндтэй мэдээллийн хэрэгсэлд тооцогддог Techcrunch-аас жил бүр тодруулдаг Crunchie Awards-ийн энэ жилийн шагналтнуудын нэр тодорхой боллоо. Оны шилдэг стартапаар байгууллагын харилцааны платформ Slack тодорсон байна. Тэд өнгөрсөн жил хамгийн өндөр өсөлттэй стартапаар нэрлэгдэж байсан юм. Харин хамгийн шилдэг шинэ стартапаар жолоочгүй ачааны машины технологи хөгжүүлэгч Otto тодорлоо. Өнгөрсөн жил Uber-д зарагдсан Otto 10-р сард 50 мянган лааз шар айргийг жолоочгүй ачааны машинаараа амжилттай тээвэрлэж, олны анхаарлыг татсан билээ. Харин шилдэг үүсгэн байгуулагчаар байгууллагын харилцааны платформ хөгжүүлэгч Twillio-ийн Жефф Лаусон тодорлоо. Өнгөрсөн жил Brexit-ийн өмнөх өдөр IPO хийсэн тэдний зах зээлийн үнэлгээ 3 тэрбумд хүрээд байгаа юм. Шилдэг апп-аар Pokemon Go нэрлэгджээ. 10 дахь жилдээ олгогдож буй Crunchie Award-ийг Цахиурын хөндийн хамгийн нэр хүндтэй 120 хөрөнгө оруулагч, үүсгэн байгуулагчид болон сэтгүүлчдийн санал дээр үндэслэн тодруулдаг юм.

Crunchie: 2017 оны шагналтнуудын жагсаалт
Crunchie: Хэн хэн саналаа өгсөн бэ?

Crunchie Awards-ийн шилдгүүдэд ийм цом гардуулдаг.

17885   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.