Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   12 сарын 04, 2016

7 хоногийн тойм: #ForzaChapecoense + Шатрын хаан цолоо хамгаалав + Элементүүдийн шинэ нэр

Бразилын хөлбөмбөгийн клубийн осол хөлбөмбөгийн ертөнцийг цочроолоо

Бразилын хөлбөмбөгийн Шапекоэнсэ клубийн тамирчдыг тээвэрлэж явсан онгоц Колумбын Меделин хотын ойролцоо осолдож, 71 хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг энэ долоо хоногт гарлаа. LaMia Airlines 2933 онгоцонд нийт 77 зорчигч байсан бөгөөд 3 хөлбөмбөгчин, 1 сэтгүүлч болон онгоцны инженер, үйлчлэгч хоёр амьд гарсан байна. Онгоцонд Шапекоэнсэ клубийн үндсэн багийн бүх тоглогчид, дасгалжуулагчдын алба, арын албанаас гадна 21 сэтгүүлч байсан юм.

Юуны улмаас осол гарав?
Онгоцны ослын шалтгаан одоогоор тодорхой болоогүй ч урьдчилсан байдлаар онгоцны шатахуун дууссаны улмаас цахилгаан тасарч, улмаар осолдсон гэх таамаг байна. Онгоц осолдохдоо зөвхөн хуваагдаж, ямар нэг дэлбэрэлт болоогүй нь шатахуунгүй байсан гэх таамгыг баталж байгаа юм. Клубийг тээвэрлэх учиртай байсан онгоц нь Бразилын агаарын хилд нэвтрэх лицензгүй байсан учир клуб тамирчдаа Боливын Санта Круз хот руу энгийн нислэгээр тээвэрлэж, тэндээсээ Колумб явахаас өөр аргагүй болсон байна. Ийн хуваарь өөрчлөгдсөн ч онгоц Боготад буун шатахуунаа цэнэглэх учиртай байсан ч онгоцны нисгэгчид тодорхойгүй шалтгааны улмаас шууд нисэхээр шийджээ. Санта Крузээс Меделин хүртэл 3000 км-ын зайтай бөгөөд RJ85 онгоц бүрэн шатахуунтай үедээ 2965 км-ыг туулах боломжтой хэмээн тэмдэглэгдсэн байв. Онгоц Меделиний онгоцны буудал газардахаас 10 орчим км-ын өмнө цахилгаан тасарсан бөгөөд онгоцны нисгэгч агаарын хяналтын төвтэй бүрэн ойлголцож, онцгой анхааруулга өгч чадаагүйгээс болж ослын буулт хийж чадаагүй гэнэ. Тухайн үед механикийн гэмтэлтэй өөр нэг онгоц ослын буулт хийхээр захиалга өгсөн байсан тул хяналтын төвөөс тэднийг 7 минут хүлээхийг хүссэн дуу бичлэг олон нийтэд ил гарсан юм. Хяналтын төвөөс нөхцөл байдал тун хүнд байгааг ойлгож, шууд газардах зөвшөөрөл удалгүй өгсөн ч нэгэнт оройтсон байлаа.

Guardian: Осол юунаас болов? Бид юу мэдэх вэ?

Тэд хэн байв?

7-хон жилийн өмнө Бразилын хөлбөмбөгийн 4-р лигт тоглож байсан 200-хан мянган хүнтэй жижиг хот Шапекогийн бахархал болсон тус клуб Копа Судамерикана тэмцээнд өөрсдөөсөө хавьгүй хүчирхэг Сан Лоренцо, Индепендьенте зэрэг багуудыг хожсоор финалд шалгараад байсан юм. Бразил даяар төдийгүй Өмнөд Америк даяар тэдний "үнсгэлжингийн үлгэр"-ийн талаар бахдан бичиж, "битүү морьд" хэмээн тооцож дэмжиж байлаа. Гэвч тэдний үлгэр аз жаргалтайгаар дууссангүй.

Mirror: Шапекоэнсэ клубийн тухай: Тэд хэн байв?

Ослын дараа
Энэхүү ослын дараагаар тэдэнтэй финалд өрсөлдөх байсан Атлетико Насионал клубээс Копа Судамериканагийн цомын түрүүг тэдэнд шилжүүлэхийг хүсэж, "мөнхийн аваргууд" хэмээх лоозонтойгоор дурсгалыг нь хүндэтгэх арга хэмжээг тоглолт явагдах учиртай байсан цэнгэлдэхэд хийсэн юм. Дээд лигийн бусад клубууд нь Шапекоэнсэд 3 жил дээд лигээс хасагдахгүй байх "дархлаа"-г олгохыг хүсэж, үндсэн багийн бараг бүх тоглогчдоо "алдсан" тус клубт тоглогчид зээллэгээр тоглуулахад бэлэн байгаагаа мэдэгджээ. Алдарт Роналдиньо өөрөө тус багийн төлөө тоглохыг хүсэж байгаагаа мэдэгдэв. К.Роналду, Л.Месси тэргүүтэй супер одод ч хандивын гараа сунган, мөнгөн тусламжийн цуваа тасрахгүй хэвээр. Бразил даяар 3 хоногийн, Шапеко хот 30 хоногийн гашуудал зарлажээ.

BBC: Хөлбөмбөгийн ертөнц Шапекоэнсэгийн төлөө нэгдэж байна

2016 оны Victoria's Secret загварын шоу явагдлаа

Дэлхийн загварын ертөнцийн хамгийн алдартай шоунуудын нэг Victoria's Secret Fashion Show Парис хотноо эргэн ирлээ. Ингэснээр уг шоу 16 жилийн дараа Францад эргэн ирсэн бөгөөд 1995 онд анх явагдсанаасаа хойш ердөө 2 дахь удаагаа АНУ-аас өөр газарт явагдсан юм. Энэ жилийн хувьд хамгийн онцлох дотуур хувцас буюу 3 сая долларын үнэтэй "фантази бра"-г 25 настай Америкийн модель Жасмин Түүкс өмсжээ. Өнгөрсөн жил энэ шоунд дебютээ хийсэн К.Женнер, Ж.Хадид нараас гадна А.Лима, И.Шэйк, А.Амброзио, Л.Алдриж зэрэг загварын салбарын өнгийг тодорхойлогч алдартай моделиуд энэ шоуг чимсэн юм. Жижи Хадидын дүү Белла Хадид мөн анх удаа энэ шоунд оролцсон байна. Энэ жилийн урлагийн гол үзүүлбэрийг 1 сая долларын үнэтэй малгай өмссөн Лэйди Гага хийсэн бөгөөд Бруно Марс, The Weeknd нар уран бүтээлээсээ хүргэжээ. Victoria's Secret Fashion Show шоу 12-р сарын 6-аас эхлэн олон нийтэд хүрч эхлэх ажээ.

Refinery29: Victoria's Secret 2016-ийн онцлох зурагнууд
Forbes: Хөшигний ард: Victoria's Secret Fashion Show

Шинжлэх ухааны ертөнцийн эргэн тойронд

Бидний өмнө мэдээлж байсанчлан, химийн үелэх системийн хамгийн сүүлийн 4 гишүүн албан ёсны нэртэй боллоо. Олон улсын онолын болон хэрэглээний химийн холбоо өнгөрсөн жилийн 12-р сард үелэх системийн 113, 115, 117, 118-р элемент нээгдсэнийг албан ёсоор баталснаас хойш ямар нэр өгөх талаар салбарын хүрээллийнхний дунд болон олон нийтийн дунд ихээхэн хэлэлцүүлэг өрнөөд байсан юм. Японы РИКЕН хүрээлэнд нээгдсэн 113-р элемент "Япон" буюу Нихониум гэдэг нэртэй болж, Nh товчлолыг хэрэглэх боллоо. Нихониум нь түүхэнд Ази үндэстний нэр өгсөн анхны элемент болж байгаагаараа онцлогтой. Харин 115-р элементийг ОХУ-ын нийслэл Москва хотын нэрээр "Московиум" хэмээн нэрлэх болж, Mc товчлолыг оноожээ. 117-р элементийг тус нээлтийг хийхэд оролцсон Вандербилтийн Их сургууль байрладаг Теннессий мужийн нэрээр буюу Теннессине хэмээн нэрлэх болж, Ts товчлолыг хэрэглэх болжээ. Харин үелэх системийн хамгийн хүнд элемент болж, 7-р үеийг бүрдүүлж буй 118-р элементийг тус нээлтийг хийсэн багийн ахлагч, Оросын нэрт эрдэмтэн Юри Оганессианы нэрээр буюу Оганессон хэмээн нэрлэж, Og гэсэн товчолтойгоор тэмдэглэхээр боллоо. Түүхэнд 2 дахь удаагаа л амьд хүний нэрээр химийн элементийг нэрлэсэн тохиолдол энэ болжээ. Өдгөө дэлхий даяар Менделеевийн үелэх системийн 8-р үе буюу шинэ хэт хүнд элементүүдийг өндөр энергитэй хүчирхэг хурдасгуурт суурилан гарган авах ажил маш эрчимтэй хийгдэж байгаа билээ. Үүнээс гадна энэ долоо хоногийн Nature сэтгүүлд нийтлэгдсэн "далайн зөгий"-ний тухай судалгааны нийтлэл бидний далайн экосистемийн тухай мэдлэгийг илт нэмсэн үйл явдал боллоо. Өмнө нь далайн ургамлууд зөвхөн усны урсгалын тусламжтайгаар тоосоо түгээж, ургадаг гэж эрдэмтэд үздэг байсан бол шинэ судалгааны үр дүнгээр далайн сээр нуруугүй амьтад ч газар дээрх зөгийн адилаар тоос хүртээж, ургамлууд ургах, үржих нөхцөлийг бий болгодог нь батлагджээ. Математикчид болон сайн дурын сонирхогчдын хамтарсан баг Сиерпинскигийн 6 тооны нэг гэгдэж байсан 10223-ийг ашиглан, 9.3 сая оронтой "анхны тоо"-г илрүүлсэн нь оронгийн тоогоороо одоогоор 7-д бичигдэх анхны тоо болжээ. Ташрамд дурдахад, одоогоор илэрсэн хамгийн урт анхны тоо буюу 22 сая оронтой уг тоо цаасан дээр хэрхэн харагддагийг эндээс үзээрэй.

NYT: Шинэ элементүүд нэртэй боллоо
ScienceAlert: Эрдэмтэд далайн зөгийг олж илрүүллээ

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Хүндхэн жилийг өнгөрүүлж байгаа Твиттер сошиал нетворк апп хөгжүүлэгч, "даруухан" түүхт Yes-ийг худалдаж авсан нь энэ долоо хоногийн хамгийн онцлох мэдээ байлаа. Гэхдээ үүний учир тэр даруй тайлагдаж, Твиттер сүүлийн 1 жил гаруй эзэнгүй байсан бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан дэд ерөнхийлөгчийн албан тушаалаа Yes-ийн үүсгэн байгуулагч Кэйт Коулменд санал болгохдоо, түүний компанийг авсан нь тодорхой болсон юм. 2014 оноос хойш 5 удаа солигдоод байгаа энэ албан тушаалд томилогдсон К.Коулмен Google-д 10 гаруй жилийг өнгөрүүлэхдээ Gmail, Inbox, Gchat зэрэг бүтээгдэхүүнийг хариуцаж байв. Гэхдээ Твиттер энэ долоо хоногт борлуулалтын гол менежерүүдийн нэгээ Stripe-д алджээ. Цахиурын хөндийд бүтээгдэж буй хамгийн сүүлийн үеийн, онцлох бүтээгдэхүүнүүдийг нэгтгэн танилцуулдаг Product Hunt шинэ эзэнтэй боллоо. Тэднийг стартапууд болон хөрөнгө оруулагчдыг холбодог Angellist 20 сая доллараар худалдаж авчээ. Удаан хугацаанд хүлээлгэсний эцэст Нетфликс оффлайн горимд ажилладаг боллоо. Хэр их киног, хэдий хэр хугацаанд татаж авч болох зэрэг нарийн мэдээлэл гараагүй байгаа ч тэд зарим кинонуудыг татаж авч болох тохиргоог хэрэглэгчдэд санал болгож байна. Гэхдээ Диснэйн кинонууд энэ жагсаалтанд багтаагүй нь олон хэрэглэгчийг бухимдуулж байгаа бололтой. Өнгөрөгч долоо хоногийн даваа гарагт тохиосон цахилгаан барааны супер хямдрал буюу Cyber Monday-ийн нийт борлуулалтын дүн "Хар баасан гараг"-ийг давж, 3.45 тэрбум долларт хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 7.6 хувиар өсөж, дээд амжилт тогтоосон хэрэг болжээ. Төгсгөлд нь хиймэл оюун ухааны бичсэн "байж болох хамгийн муу" гэж тодорхойлогдсон шинэ жилийн дууг эндээс сонсоорой.

Recode: Нетфликсээс та одоо кино татаж авч үзэж болно.
CSM: Яагаад Твиттер энэ жижиг стартапыг худалдаж авах болов?

Спортын ертөнцийн эргэн тойронд

Шатрын дэлхийн аварга цолны төлөөх халз тулаан Нью Йорк хотноо явагдаж өндөрлөлөө. 2013 оноос хойш дэлхийн аварга цолыг эзэмшиж буй Норвегийн залуу их мастер Магнус Карлсен энэ удаад өөртэйгөө нас чацуу ОХУ-ын их мастер Сергей Каръякинтой тоглож, хүнд хэцүү 16 өргийн дараагаар аваргаа хамгаалж чадлаа. 2 шатарчин үндсэн 12 өргийн дараагаар бие биенээ нэг нэг удаа хожин, үлдсэнд нь тэнцэж, 6:6-ийн харьцаатайгаар тэнцсэнээр рапид тулаанаар ялагчаа тодруулах болсон. 25 минутанд багтаан тоглох дүрэмтэй рапидаар явагдсан 4 өргийн хоёрт нь М.Карлсен ялж, аваргаа хамгаалсан нь энэ юм. Дэлхийн чансааг тэргүүлж буй М.Карлсен өөрийнх нь хэлснээр "хамгийн хүнд тулаануудын нэгээ хийж", ялалт байгуулан 2018 он хүртэл дэлхийн аварга цолыг эзэмших болсон бол энэ тулааны дараа рейтингдээ 13 оноо нэмж аван, 6-р байр луу дэвшсэн С.Каръякин "эцсийн өргүүдэд боломжоосоо доогуур тоглосондоо өөрийгөө буруутган", дахин сонгон шалгаруулалтын тэмцээнд орж, хариугаа авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Өнгөрч буй долоо хоногт дэлхийн автомашины ертөнцийн хамгийн алдартай уралдаан Формула 1-ийн дэлхийн аваргын нэр тодорхой боллоо. Энэ улирлын уралдаан тэр чигтээ Мерседесийн хослол Л.Хэмилтон болон Н.Росберг нарын хооронд өрнөж, ялагч эцсийн мөчид тодорхой болсон юм. Абу Дабигийн гарааг Хэмилтоноос 12 онооны илүүтэй эхлүүлсэн Росберг эхний 3-т ороход л хангалттай байсан ба даалгавраа амжилттай биелүүлж, 385 оноогоор карьертаа анх удаа дэлхийн аварга боллоо. 1982 онд түүний аав Кеке мөн дэлхийн аварга болж байсан бөгөөд аав, хүү хоёул дэлхийн аварга болсон ердөө 2 дахь тохиолдол болжээ. Улирлыг тааруу эхлүүлсэн дэлхийн 3 удаагийн аварга Хэмилтоны хувьд сүүлийн 5 гараанд дараалж түрүүлсэн нь хангалттай байсангүй. Мерседес улирлын 21 гарааны 19-т нь түрүү авч, зохион бүтээгчдийн цомд 2 дахь жилдээ дараалан "тасархай" тэргүүллээ. Удаах байруудад Ред Булл, Феррари оржээ. Нико Росберг тэмцээний дараа их спортоо орхиж байгаагаа зарлажээ.

Medium: Дараагийн дэлхийн аварга даанч хол байна даа, С.Каръяакин
BBC: Росберг аварга боллоо. Гэхдээ тэр энэ цолыг эзэмших эрхтэй юу?

14788   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.