Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   11 сарын 11, 2016

Нетворкинг эвентэд шинэ танилтай болоход тань туслах 4 зөвлөмж

Нетворкинг эвентэд оролцож буй тохиолдолд хүн бүрт үүсдэг хамгийн энгийн асуудал бол хэрхэн шинэ хүнтэй танилцаж, тэдэнтэй яриа өрнүүлэх вэ байдаг гэж боддог. Яаж нөгөө хүнээ эвгүй байдалд оруулчихгүйхэн шиг, нөгөө талаараа өөрөө бантчихгүйхэн шиг яриа эхлүүлж, шинэ танилтай болох вэ гэдэг бас их төвөгтэй "үйлдэл". Гэхдээ шинэ хүнтэй танилцаж, яриа өрнүүлнэ гэдэг бас "боломжгүй" зүйл биш. Бид нетворкинг эвентийн үеэр хүмүүстэй эхний сэтгэгдлээ таатай төрүүлж, яриа эхлүүлэх цөөн зөвлөмжийг хүргэж байна.

Завсарлагын цагийг ашигла

Кофены завсарлага эсвэл өдрийн хоолны цаг бол шинэ хүнтэй танилцах, сонирхолтой яриа өрнүүлэхэд хамгийн тохиромжтой үе. Бүтэн өдрийн арга хэмжээнд оролцож буй бол танд 2-3 удаагийн ийм боломж олдоно. Хоолоо авах гээд дараалалд зогсож байхдаа хажуудаа зогсож буй хүнтэй яриа эхлүүлэх хамгийн амархан байх болно.

"Сайхан үнэртэж байна шүү, ходоод хонхолзож байх чинь..."
"Ямар хоол байгаа юм бол доо? Чи анзаарч мэдэв үү?"
"Амттай л хоол байгаасай, юу юу өгч "алах" бол доо"
гэх мэт энгийн, өөрөөрөө байгаа ярианд ямар ч "хахир", "хатуу" хүн ямар нэг хариу өгч л таарна. Хоолоо авах хоорондоо аль хэдийн танилцаж, учир зоригоо ойлголчихвол амттай хоолоо идэнгээ шинэ танилтай болно гээд "давхар цохилт" л гэсэн үг.

Ганцаараа байгаа хүмүүсийг "онил"

Бөөн хүн бужигнасан арга хэмжээний төвөөс зугтааж, зайдуухан ганцаараа зогсож буй хэн нэгэнтэй яриа эхлүүлж, танилцах нь аль аль талаа "бантуулахгүй" эвтэйхэн арга болж мэднэ. Ганцаараа зогсож буй хүмүүсийн ихэнх нь багахан тавгүй эсвэл олон хүнтэй байх дургүй байгаа байж болно. Тийм хүмүүсийг эхэлж "өдөж" яриа өрнүүлж чадвал нөгөө хүн тань илүү тайвширч, харилцаа үүсгэхдээ таатай байх болно.

"Яаая, бас л их хүн байна шүү, найзуудаа ч олохоо байчихлаа. Энд жаахан зогсвол болох уу?"
"Ийм нетворкинг эвентэд орох нэг л тавгүй байдаг юм аа, тэ?
"Дажгүй арга хэмжээ болж байна шүү тэ? Дараагийн хөтөлбөр юу гэдгийг харсан уу?"
гэх мэтээр яриа эхлүүлж, шинэ харилцаа тогтоож болно.

Тэднийг магт, тэдэнтэй дуртай зүйлийг нь ярилц

Магтаалд дургүй хүн гэж байхгүй байх. Хүмүүстэй харилцахдаа жаахан тавгүй, интроверт тал руугаа хүмүүстэй яриа өрнүүлэхдээ тэдний өмссөн хувцас, хэрэглэж буй зүйлстэй холбоотой багахан магтаалаар эхлүүлэх нэг хувилбар бий. Мэдээж та нетворкинг арга хэмжээнд байгаагаа санаж, "сээтэгнэж" эсвэл "марзагнаж" хадууралгүй илүү мэргэжлийн яриа өрнүүлэх нь чухал шүү.

"Наадах чинь iPhone 7 юу? Нээрээ хэр юм байна? Би жаахан сонирхоод л байгаа." гэдэг ч юм уу, хэн нэгэн дэмждэг багийнхаа хэрэглэлтэй явж байвал,
"Хөөх, Челсигийн фен үү? Сүүлийн тоглолт ч янзтай болсон шүү тэ?" гэх мэтээр дуртай зүйлийг нь ярилцвал сонирхол нийлээд ч яриа хөөрөө цааш өрнөхөд илүү амар болно доо.

Гэрийн даалгавраа хий

Энэ бол бидний өмнөх нийтлэлээр ч хэлээд байгаа, сануулж буй хамгийн чухал зүйл. Та энэ арга хэмжээнд хэн ирж байгаа, ямар зорилготой ирж байгаагаа их сайн судлах хэрэгтэй. Дэмий мөнгөө, цагаа үрэх сонирхол хэнд ч байхгүй шүү дээ. Зохион байгуулагчидтай холбогдож, ижил чиглэлийн ажил хийдэг, ижил сонирхолтой хүмүүстэй холбож өгөхийг хүсэх хэрэгтэй. Дундын найзууддаа бас найдаж болно. Тэд чамайг үргэлж өөр хэн нэгэнтэй холбож өгөхдөө бэлэн байна. Зочид, панелистуудтай уулзах боломж олдвол юу гэж асуухаа, ямар асуудал дэвшүүлэхээ үргэлж төлөвлөж, үргэлж бэлэн байх нь зөв. Өөрөө ч өөрийгөө танилцуулахдаа, хийж байгаа зүйлээ ярихдаа товч тодорхой байлгахаар бэлтгэх нь зүйтэй. Мэдээж тэгээд, нэрийн хуудсаа хангалттай авч яв.

"Нээрээ би таны ярилцлагыг уншсан, таны зарим ишлэлүүд их сонирхолтой санагдсан шүү"
"Чи манай Алтанг таньдаг юм билээ тэ? Бид хамт нэг клубт явдаг юм"
"Би танилцуулгаас тань дизайнераар ажилладаг гэж харсан юм. Зөв үү?"
гэх мэтээр яриа өрнүүлбэл хэн ч үргэлжлүүлэхээс татгалзахгүй. Гэхдээ хамгийн энгийн бас амархан зүйл бол зүгээр л "Сайн уу? намайг .... гэдэг" гэж органикаар яриа өрнүүлэх байж мэднэ шүү. Өөртөө итгэлтэй л байх хэрэгтэй.

Төгсгөлд нь: Unplug-т бэлдэх нь

11-р сарын 19-ний өдөр бидний зохион байгуулах гэж буй Unplug 2016 арга хэмжээ салбар салбарын манлайлагчид, түүчээлэгчид, амжилтын түүхийн эзэд болон шинэ үеийн төлөөлөл, эрч хүчтэй залуу мэргэжилтнүүд, урам зориг дүүрэн залуусын цугларалт байх болно.

Бид оролцогчдын хооронд "утга учиртай харилцаа" үүсэхэд ихэээн анхаарч, зөвхөн хүндэт зочид, панелистуудаасаа гадна бүх оролцогчдоо танилцуулж байгаа билээ. Ингэснээр оролцогчид маань ямар нэгэн асуудал, бэрхшээлгүйгээр бие биетэйгээ харилцаа тогтоож, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэн, үр дүнтэй өдрийг өнгөрүүлэхэд дөхөм болох учиртай.

Бид тун удахгүй зөвхөн оролцогчдод зориулсан дундын групп, мэдээлэл солилцох талбарыг танилцуулах болно. Эндээс та дараагийн хамтрагчид, дараагийн түншүүд, дараагийн хөрөнгө оруулагчид, дараагийн анд найзуудаа олох боломжтой.

ТАНИЛЦ: UNPLUG 2016-ИЙН ОРОЛЦОГЧИД

18175   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.