Бүтээлч санаагаа бодит бизнес болгосон залуусыг өнөөдөр та бүхэнд танилцуулж байна. Жижиг, угсардаг энэ гэр монголчууд бид өөрсдөө гарал үүслээ санахын тулд, монгол уламжлал, ахуйгаасаа холдохгүйн тулд гэр бүл, найз нөхдөөрөө угсрах буюу барьж, албан байгууллагадаа хадгалж  байхад нэн тохиромжтой бол гадаадын иргэдийн хувьд Монголыг сануулах гайхалтай сувенир болох нь дамжиггүй. Ингээд Urguu Puzzle-ийг үүсгэн байгуулагч Б.Золжаргал, үйлдвэрлэлийн менежер О.Манлай нартай ярилцсанаа сонирхуулъя.

Бизнесийн нэр: Өргөө Паззл
Хаяг: СБД, 1-р хороо, 4-р байр Б1
Үйл ажиллагааны чиглэл: Эвлүүлдэг тоглоом, сувенирын үйлдвэрлэл
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2015 оны 4-р сар
Үүсгэн байгуулагчдын нэр: Б.Золжаргал, М.Төртогтох
Ажилчдын тоо: 7
Фэйсбүүк: Urgoo Puzzle

Зүүн гараас: Б.Золжаргал, О.Манлай

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

Хамтрагч Төртогтох маань бидэнд хамгийн анх энэ санааны талаар танилцуулсан юм. Лазер машин дээр эвлүүлдэг тоглоом хийх боломжийн талаар, сонирхолтой шинэлэг зүйлс хийж туршиж үзье гэж биднийг уриалсан. Үнэндээ бидэнд гадаадын жуулчид ирэхээр өгөөд явуулчихаар, сонирхуулж бэлэглэчихээр бэлэг дурсгалын зүйлс, сувенир гэчихээр зүйл их бага байсан л даа. Сонголтууд байсан ч чанар болон агуулгын хувьд нэг л баригдмал байгаа юм шиг санагдсан. Тийм учраас илүү үндэсний хэв шинжээ хадгалсан, мөн өмнө нь байгаагүй шинэлэг зүйл гаргахаар зүтгэсэн. Тэр маань эвлүүлдэг, өөрсдөө угсардаг тоглоомын шийдэл болж, паззл дээр илүү тулгуурлаж бизнесээ хөгжүүлж эхэлсэн юм. Эвлүүлдэг 2D, 3D тоглоомуудаас гадна үндэстний маань илэрхийлэл болсон монгол гэрээ эвлүүлдэг байдлаар хийхийг зорьж, бүтээгдэхүүнүүдээ гаргаад явж байна.

Бүтэн нэг жилийн хугацаанд бүтээгдэхүүнийхээ хөгжүүлэлтийг хийсэн. Монгол гэрийн талаар анхны мэдэгдэхүүнтэй байсан бид мэргэжлийн экспертүүдтэй уулзаж, хээ угалзаас нь эхлээд бүх бэлгэдэл, учир шалтгаануудтай нь танилцаж, тэр бүгдийг шингээж, тусгаж өгөхөөр хичээн ажиллаж байна.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Байр түрээслэх, тоног төхөөрөмжөө худалдаж авах, материал татах гээд эхний шаардлагатай байсан зардлуудыг бид өөрсдийнхөө хуримтлалаас гаргаж шийдсэн.

Хэрхэн хамтрагчдаа сонгосон бэ?

Бид бүгд мэдээллийн технологийн инженерийн чиглэлээр их сургуульд хамтдаа сурч байсан найзууд. Анх 6, 7-уулаа энэ санаан дээр нэгдэж байсан ч тууштай үлдсэн 2 хүн нь одоо бизнесээ авч явж байна.

Танай бүтээгдэхүүн ямар онцлог, давуу талуудтай вэ?

Хэд хэдэн зүйлийг онцолж болно. Эхнийх нь, манай гэрүүд паззл гэдэг шинжээрээ гэрээсээ гадна бүх тавилгатайгаа хамт угсрагддаг. Одоогоор бол гэр дотор ор, авдар, ширээ, тулга, эргэнэг, хөхүүр бий. Хайрцагтай, хайрцгандаа угсрах заавартай. Гэр бүлээрээ эхний удаа угсраад суухаар нэг оройны ажил болдог юм билээ. 5 ханатай гэрийг угсрахад 3-4 цаг бол болно байх шүү.

Монгол гэрийг яг пропорцоор нь багасгаж хийсэн учир жинхэнэ гэрийг хэрхэн барьдаг яг тэр зарчим, дарааллын дагуу барьдаг. Хэрхэн яаж гэр барихыг олон нийтэд түгээж, мэдүүлж уламжлалаа хадгалах үйлсэд хувь нэмрээ оруулахыг зорьж байгаа гэж хэлж болно.

Бид захиалгаар хэрэглэгчдийн хүссэний дагуу бүтээгдэхүүнээ гаргадаг. Тухайн захиалагч маань ямар өнгөтэй, ямар хээтэй, ямар тавилгатай байх вэ гэдгээ өөрөө сонгож болно. Бид захиалгыг ажлын 3 хоногт багтаан гаргаж, хүргэж өгдөг.

Борлуулалтын дараах үйлчилгээндээ ч анхаардаг. Бид угсарч өгөх, зарим тавилгуудыг нэмж хийж өгөх, сольж өгөх зэргээр тухайн хүнтэйгээ үргэлж харьцаж, холбоотой байдаг. Хүмүүс гэрээ худалдаж авчихаад дараа нь яваандаа шинэ тавилга нэмэх, өнгө солих гэх мэтээр баяжуулах сонирхолтой байдаг юм.

Бизнесийн алсын хараагаа хэрхэн, юу гэж тодорхойлсон бэ?

Морин хуур айл бүрт байдаг шиг монгол гэрийг ч өрх бүрт түгээхийг бид эрмэлзэж байгаа. Монгол соёлыг, монгол уламжлалыг дэлхийд таниулах, сурталчлах боломж манай бүтээгдэхүүнд бий учир үүн дээр ихээхэн анхаарч ажиллах төлөвлөгөөтэй.

Үүнээс гадна гэртэй дагалдаж хөгжүүлж болох бусад бүтээгдэхүүнүүд дээр төвлөрөн ажиллаж байна. Гэрийн гадаах морины уяа, таван хошуу мал зэргийг мөн л угсардаг байдлаар санал болгож, бүтээгдэхүүнийхээ төрлийг арвижуулан, дагалдах зүйлсийг санал болгох юм.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Хамгийн чухал үнэт зүйл маань бүтээгдэхүүний чанар. Тийм ч учраас бид бүх материал, орцоо анхнаас нь найдвартай, чанартай газраас бэлтгэн авдаг. Зарим материалууд Монголд гологддог учир урдаас авчирч байгаа нь ч бий. Эсгий сонгохдоо хүртэл хэдэн сарын турш эрэл хайгуулж хийж байж, одоогийнх дээрээ тогтож байх жишээтэй. Манай бүтээгдэхүүнийг сонгон худалдаж авсан хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг хамгийн өндөрт байлгаж, хүссэн хугацаанд нь шаардлагынх нь дагуу нийлүүлэхийг зорьж байна даа.

Энэ бизнесийг эрхлэхийн эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд нь юу вэ?

Эерэг сайн тал мэдээж зөндөө бий. Гэрийг маань худалдаж авсан хүмүүсийн талархлын үгс бидэнд их урам зориг өгч, ахиад цаашаа ажиллаад байх сэдлийг бэлэглэдэг. Хүмүүс зургийг нь үзэж байгаад яг биетээр нь харахаар "төсөөлснөөс нь ч илүү" байдаг учир их баярлаж байгаа нь мэдрэгддэг. Үндэснийхээ уламжлалыг сурталчилсан, соён гэгээрүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа гэдгээрээ бид өөрсдийнхөө хийж буй зүйлээр бахархдаг. Их эерэг уур амьсгал бүрддэг гэж хэлж болно.

Мэдээж бэрхшээл их бий. Гэхдээ хамгийн том нь хөрөнгө мөнгөний буюу санхүүгийн асуудлууд л байна.

Учирч байсан хамгийн сургамжтай явдал?

Үйлдвэрлэлийн менежмент гэдэг зөвхөн нэг хүн супер авьяастай байх чухал биш, харин шат дамжлагад оролцож буй хүн бүр хариуцлагатай байх л гол юм байна гэдгийг ойлгосон. Бүх хүний хийж буй ажлууд нэг нэгнээсээ хамааралтай байдаг учир хийж буй зүйлдээ эзэн болж, хариуцлагатай байх хэрэгтэй байдаг юм билээ. Бид бизнесээ өөрсдөө авч яваа болохоор эхэндээ цагаа барихгүй байхаас эхлээд ажил цалгардуулах нөхцөл байдал үе үе үүсгэдэг байсан. Гэхдээ үүнээс болоод бусад хийж буй хүмүүсийн цаг, хөдөлмөр үрэгдэж байгаа гэдгийг ойлгоод энэ тал дээр их хичээх болсон шүү.

Одоо бол үйлдвэр дээр хайрцаг сав хийх, бүтээгдэхүүний зураг дизайн гаргах, зүсэлт хийх, будалт хийх гээд бүх шат дамжлагууд дээр мэргэшиж буй ажилчид байгаа учир манай бүтээгдэхүүний чанарт ч гэсэн их эергээр нөлөөлж байгаа.

Яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Бид яг одоо монгол гэрээ бага оврын буюу 40х40, дунд оврын буюу 60х60 гэсэн хэмжээтэйгээр гаргаж байгаа юм. Дөнгөж сая 90х90 буюу 8 ханатай чуулганы гэрийн загвараа гаргаж, худалдаанд гаргахад бэлэн болоод байна.

Үүнээс гадна бүтээгдэхүүний үнээ буулгах тал дээр хичээн ажиллаж байгаа. Манай гэрүүд хэмжээнээсээ хамаараад 199 мянга, 365 мянгын үнэтэй байдаг юм. Яах аргагүй гар ажиллагаа ихтэй, материалын чанар сайтай учир ийм үнэ тогтдог. Гэхдээ хүн бүрт хүртээмжтэй байлгах үүднээс, чанарыг нь алдагдуулахгүйгээр үнээ буулгахаар төлөвлөн ажиллаж байна.

Хамгийн амжилттай борлогддог бүтээгдэхүүнийхээ талаар хуваалцана уу?

Бид зөвхөн гэрээс гадна олон төрлийн жижиг сувенирууд хийдэг. 2D болон 3D тоглоомууд, бэлэг дурсгалын зориулалттай тоглоомуудыг гаргадаг. Гэхдээ монгол гэр маань бидний нэрийн хуудас болж, хамгийн олон хүмүүст хүрээд байна. Гэрт бол 40х40 хэмжээтэй гэрүүд, албан байгууллагуудад 60х60 их тохиромжтой байдаг. Хурим найр, баяр ёслолын үеэр бэлэг болгон өгөхөд ч нэн тохиромжтой. Гадаадын жуулчид маш их сонирхож, худалдаж авдаг.

Сая зун наадмын үеэр жуулчны бааз ажиллуулдаг нэг найздаа бэлэглэсэн байсан гэрийг маань тэнд амарч байсан гадаадууд харчихаад авч явах гэж зүтгээд, булаацалдаад, сүүлдээ дуудлага худалдаа хийж байж нэг нь авсан гэсэн. Нэг франц хүн 2000 еврогийн үнээр манай гэрийг үнэ цохиж авсан гэсэн шүү (инээв).


Гэрэл зургийг Б.Ганчөдөр