Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   03 сарын 05, 2016

Д.Энхтайван агсны "Ертөнцийг дүрслэх урлаг" номын хэсгээс

Өнөөдөр бид HereeG Entertainment, “Шинэ агшин нийгэмлэг” ТББ, салбартаа анхдагч Агшин.мн вэбсайт, Монголын Фликрчидийн Группийн үүсгэн байгуулагч, "Дайн ба Энх" хамтлагийн МСИТ, Kurtz Karanq, Seriyoz нэрээрээ олонд танигдсан, бидний хүндлэн хайрлаж, санан дурсаж явдаг Д.Энхтайван  агсны "Ертөнцийг дүрслэх урлаг" хэмээх номыг онцолж байна. Энэхүү ном нь Монголд дижитал гэрэл зургийн чиглэлээр гарсан хамгийн өргөн цар хүрээтэй, чанартай бүтээлүүдийн нэг бөгөөд Монголын орчин үеийн гэрэл зургийн хөгжлийг нэг алхмаар урагшлуулсан юм. Түүний өөрийн бичсэнээр "Энэ ном нь гэрэл зургийн оюун түлхүүрүүдийг агуулсан бөгөөд эдгээрээр оюунаа хэрхэн нээх нь уншигч таны тааллаар билээ". Ум сайн амгалан болтугай.

Гэрэл зургийг Б.Бат-Оргил, 2012. https://www.flickr.com/photos/bat-orgil/15610409533

Зохиомж

Гэрэл зураг нь дурсамж юм. Хөшсөн дурсамжинд үзэгдлийн санал, цаг хугацаа, орон зай дүрслэгдэн үлддэг төдийгүй бүтээгчийн сэтгэл, үйлдэл, эв дүй, арга залийг уншиж болно. Иймээс юу ч өгуулээгүй зураг гэж байдаггүй бөгөөд муу зураг гэдэг нь тухайн зурагчны чадвар ямар байгааг хэлж өгдөг.

Зохиомж гэдэг нь тодорхой талбарын үзэгдэл зүйлсийг зохистойгоор буулгах, эсвэл зохист байдалд оруулан эмхлэн найруулж үүсгэдэг хөдөлмөр юм.

Зохиомж бутээхийн өмнө ямар юмс агуулагдахыг тооцоолсон байх шаардлагатай, өөрөөр хэлбэл үзэгчдэд үзүүлэх дүрслэлээ тов тодорхой бодно. Үүний тулд заримдаа цаасан дээр гар зураг гаргадаг. Үзэгч хүмүүнд бүтээлийг хамгийн тодорхой үзүүлэх нь зохиомжлохын гол зорилго болно. Ямар нэгэн сэтгэлгээг дүрслэхдээ бүхий л зүйлсийг үүсгэн найруулж бүтээн босгодог бол зарим тохиолдолд бэлэн буй үзэгдлийг зөв хүрээлэн буулгадаг ба эдгээрийн аль аль нь адилхан зохиомж юм.

Номын зургуудаас

Хамгийн эхлээд камерын шагайвчинд ямар юмс үзэгдэж байгааг тухайлбал үзэгдлийн гол биет, орчин, ар болон бусад зүйлсийг зөв байгаа эсэхийг хянан нягталж гэрэл сүүдрийн ялгарал, өнгөний зохицол зөв бол зургаа буулгах хэрэгтэй. Ингэж сайтар хянасан бүтээлээс эмх цэгц мэдрэгдэнэ.

Зохиомж хийх эхэндээ ярвигтай ч оролдлого дадлага туршлага нь яваандаа түвэггүй болгодог. Гэрэл зурагчны ажиглах чадвар, уйгагуй хөдөлмөр л давтагдашгүй хэв шинж онцлогийг бий болгож энэ нь цаашдаа орчин үзэгдэлд шинжилгээ хийх, ямар нөхцөлд ямаршуухан бүтээл гарч болохыг урьдчилан таамаглах чадварыг суулгах юм. Түүнчлэн камерын болон засварлах програмын ажиллагааг өөрийн болгож чадах нь зохиомжийг хүсэлдээ нийцсэн харагдацтай болгоход тустай. Энд дурдаж байгаа бүхнийг ухаарч чадсан зурагчны бүтээлүүд нь уран бүтээлчээ алдаршуулан магтуулах билээ.

"Ертөнцийг дүрслэх урлаг" номын 12-р тал

20023   3


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.