Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   03 сарын 04, 2016

Дэлхийн ажиллахад хамгийн таатай компаниуд

Америкийн алдарт Fortune сэтгүүл 1997 оноос хойш "Ажиллахад таатай шилдэг компаниуд"-ын жагсаалтыг жил бүр зарлаж ирсэн юм. Ажилчдын сэтгэл ханамж, халамж, хангамж, ажилчдад чиглэсэн бусад үйлчилгээнүүдийн талаарх үнэлгээг зах зээл дээрх ажиллах хүчнээс өөрсдөөс нь асууж, боловсруулсан байдаг нь энэ жагсаалтын үнэ цэн, итгэхүйц байдлыг улам нэмэгдүүлдэг. Гэхдээ энэ бол зөвхөн хамгийн гоё оффистой газруудын жагсаалт бус, түүнээс гадна соёл, уур амьсгал, хангамжийг агуулсан ойлголт юм. Unread энэ долоо хоногт зарлагдсан 2016 оны ажиллахад хамгийн таатай компаниудын жагсаалтаас зарим компанийг онцгойлон нэрлэж байна. 

1. GOOGLE/ALPHABET

Сүүлийн 10 жил тасралтгүй энэ жагсаалтанд багтаж буй Google болон түүний толгой компани Alphabet 7 дахь удаагаа 1-р байрт эрэмблэгдлээ. Угаас үнэгүй хоол унд, үсчин, фитнесс ,тэр ч бүү хэл автомашины засварын үйлчилгээг төв байрнаасаа үнэгүй авах эрхтэй байсан Google-ийн ажилчид энэ жилээс виртуал эмчийн үзлэгт тогтмол хамрагдаж, хөхний хорт хавдрын шинжилгээнд шууд орох боломжийг хангасан нь эрүүл мэндийн бүрэн хэмжээний үйлчилгээг хүртэх эрхтэй болсон гэсэн үг юм. Google-ийн нийт ажилчдын 96 хувь нь өөрийн компанийг ажиллахад "гайхалтай" газар хэмээн тодорхойлсон бөгөөд 95 хувь нь дарга нартаа сэтгэл ханамжтай байдаг гэнэ. Шинэ хүнтэй болсон эцэг 12 долоо хоног цалинтай чөлөө авах боломжтой бөгөөд өөрсдөө хүсвэл тодорхой санаачилга дэвшүүлэн байгууллагын зардлаар хөгжиж буй оронд сайн дурын төслүүд хэрэгжүүлэх боломжтой гэнэ. Google Reach Volunteer нэртэй уг хөтөлбөрийн хүрээнд Google-ийн ажилчид өнгөрсөн жил л гэхэд Гана, ӨАБНУ, Энэтхэг зэрэг улсуудад төрөл бүрийн төслийг эхлүүлжээ.

2. ACUITY Insurance

Висконсинд төвтэй, 1200 ажилтантай энэ даатгалын компани зах зээлд эзлэх хувиараа Америктаа эхний 50-д ч багтдаггүй хэдий ч ажилчдын сэтгэл ханамж, тэдэнд үзүүлж буй хангамж, давуу талаараа толгой цохиж байна. ACUITY-д 5-аас дээш жил ажилласан ажилчид тусгай клубийн гишүүд болж, улмаар Lady Gaga-ийн тоглолтыг VIP суудлаас үзэх, NBA-ийн ододтой уулзах, эсвэл нэр хүндтэй зочдын оролцдог хандивын үдэшлэгт оролцох зэрэг давуу эрхүүдийг "байгууллагын зардлаар" хүртдэг нь ажилчдын "үнэнч" байдлыг нэмэгдүүлдэг гэнэ. Тэрчлэн сар бүр өөрийн уулзахыг хүссэн захирлууд, удирдах ажилтнуудтай өдрийн хоол хамт идэх боломжтой байдаг бөгөөд та ердөө хүсэлтээ илгээж, хамт уулзахыг хүссэн 10 гаруй хүнтэй хамт групп үүсгэн цагаа тохироход л хангалттай. Аа тийм, онцгой баярын өдрүүдээр оффис дотроо үзэсгэлэн хийчихдэг гэж байгаа.

3. BOSTON CONSULTING GROUP

Судалгаа шинжилгээ, зөвлөх үйлчилгээний дэлхийн топ компаниудын нэг Boston Consulting Group 11 дэх жилдээ дараалан энэ жагсаалтанд багтлаа. Хэдий өмнөх жилийн байраасаа нэгээр ухарсан ч нийт ажилчдынх нь 99 хувь нь ажлынхаа уур амьсгалд 5-аас 5 оноо өгсөн байна. Харвардын Бизнесийн Сургуультай хамтран ажилчдынхаа ажил-амьдралын тэнцвэрийг зөв тогтоож, тэднийг ажилдаа илүү дур сонирхолтой болгох зорилго бүхий PTO хөтөлбөрийг хэрэгжүүлж буй бөгөөд энэ төсөлдөө 110 сая долларыг аль хэдийнэ зарцуулчихаад байгаа ажээ. Мөн жил бүрийн хавар дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй оффисийнхон цуглаж, хөлбөмбөг, воллейболын тэмцээн хийдэг гэнэ. Энэ тэмцээн өнгөрсөн жил Италийн Венеци хотноо зохиогджээ.

10. EDWARD JONES

Энэхүү жагсаалтанд 17 дахь жилдээ дараалан багтаж буй санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Edward Jones компани топ 10-т дахин багтсан байна. Дэлхий даяар 7 сая үйлчлүүлэгчтэй энэ компанийн хамгийн гол давуу тал нь ажилчдадаа олгодог менторинг буюу чиглүүлэх хөтөлбөр бөгөөд шинэ ажилчид нь компанийн төдийгүй салбарын шилдгүүдтэй хамтран, тэднээс суралцах боломжтой байдаг гэнэ. Үүнээс гадна ажилчдаа ажиллаж буй төсөл, мэргэшиж буй салбарт нь эзэмшил хувьтай болох, хамтрагч болох боломжоор бүрэн хангадаг аж.

49. ERNEST & YOUNG

Дэлхийн топ аудитын компаниудын нэг EY өнгөрсөн жилтэй харьцуулахад 30 байраар урагшилсан нь энэ жагсаалтын хамгийн том үсрэлт байлаа. Долоо хоногт 20 цаг л ажиллсан байхад бүтэн цагийн ажлын урамшуулал, хангамж хүртэх уян хатан нөхцөлийг санал болгодог энэ компани шинээр эцэг, эх болох гэж буй ажилчдадаа зориулан тусгай хөтөлбөрт сургалт явуулдаг. Одоогоор энэхүү сургалтанд 600 гаруй ажилчин хамрагджээ. Үүнээс гадна аялахаар зэхэж буй EY-ийн ажилчид компанийн гэрээт тусгай агентуудаар дамжуулан хямдралтай, хөнгөлөлттэй нөхцөлт аяллыг төлөвлөх боломжтой байдаг. Ташрамд хэлэхэд, энэ салбарын Big Four гэж нэрлэгддэг бүх компаниуд энэ жагсаалтанд багтсан бөгөөд KPMG 42-т, PwC 53-т, Deloitte 90-д жагсчээ.

63. IKEA

Дэлхий даяар 120 мянга гаруй ажилтантай IKEA 4 жилийн дараа дэлхийн хамгийн ажиллахад таатай компаниудын жагсаалтанд эргэн ирлээ. Шинээр орсон ажилтан бүр "IKEA-ийн толь бичиг"-ийг гардан авдаг бөгөөд үүнд түгээмэл хэрэглэгддэг үгсийн тайлбараас гадна компанийн эрхэмлэх зүйлс, соёл, дагаж мөрдөн баримталдаг зарчмуудыг агуулсан байдаг ажээ. Хэрвээ ажилтан (цагийн ажилтан ч байсан хамаагүй) өөрөөсөө дээд албан тушаалтантай зөрчилдөж, гомдол гаргасан тохиолдолд түүнийг нь долоо хоног тутам хуралддаг хороо хэлэлцэн шийдвэрлэдэг соёлтой гэнэ. IKEA-ийн ажилчид хүүхэд үрчилж авсан тохиолдолд компаниас нь 15 мянган доллар хүртэлх санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна 6 долоо хоног хүртэл хугацаагаар чөлөө өгдөг гэнэ.

77. ACTIVISION BLIZZARD

Дэлхий нийтийг байлдан дагуулж буй Warcraft, Call of Duty зэрэг тоглоомуудыг бүтээгч, саяхан Candy Crush-ийг 6 тэрбум доллараар худалдан авсан видео тоглоом үйлдвэрлэгч Activision Blizzard энэ жагсаалтанд өнгөрсөн жил анх удаа багтаж, 96-р байрт орж байсан бол энэ жил өмнөх амжилтаа 19 байраар ахиулсан байна. Шинэ тоглоомоо олон нийтэд зарласан онцгой өдрүүдэд тэд бүх шатны ажилчдаа хамруулсан "усан буун байлдаан"-ыг оффис дээрээ зохион байгуулдаг бөгөөд үүнийг нь нэгэн ажилтан "миний амьдралын хамгийн сайхан өдөр байлаа" хэмээн дүгнэсэн нь санаандгүй хэрэг биш. Төрөл бүрийн хэдэн мянган компьютер, тоглоомуудтай "Тоглоомын бүс" оффисийн хамгийн их хөдөлгөөнтэй хэсэг гэнэ. Мөн эмэгтэй ажилчдыг татах, тэднийг дэмжих хөтөлбөрүүдийг шинээр зохион байгуулж, TEDx-тэй төстэй Activisionaries нэртэй ярилцлага, лекцүүдийг зохион байгуулж эхэлжээ.

99. MARS

Snickers, Mars, Twix, Milky Way, Wrigley, Skittles, M&Ms гээд дэлхийд нэр нь түгсэн бараг бүх л амттануудыг үйлдвэрлэгч Марс компанид ажилладаг гэдгээрээ нийт ажилчдын 96 хувь нь бахархдагт гайхах зүйл үгүй. Мэдээж хүссэн амттанаа идэж болохоос гадна хүссэн үедээ үнэгүй массажинд орж, саунд сууж, фитнессээр хичээллэж болно. "Дэлхийг тэжээмэл амьтдад илүү ээлтэй болгох" гэсэн зорилготой энэ компанийн ажилчид өөрсдийн тэжээдэг амьтдаа оффистоо авчирч болдог бөгөөд тэднийг оффисийн нэг ажилчин гэж тооцдог гэнэ. Сайн дурын маш олон хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтойгоос гадна "co-working space" буюу нээлттэй оффисуудад сууж, өөрсдийн санааг хөгжүүлж, хэрэгжүүлэх боломжийг олгодог.

ТУН УДАХГҮЙ: Unread "Монголын ажиллахад хамгийн таатай компаниуд"-ын жагсаалтыг гаргахаар зэхэж байна. Та бүхэн өөрсдийн ажилладаг болон мэддэг ажиллахад таатай компаниудын талаарх мэдээллийг бидэнд илгээж, санал хүсэлтээ илэрхийлэхийг урьж байна.

54605   32


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.