Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   11 сарын 23, 2015

Онцлох бизнес: Lotus Yoga - Оюун санаа, бие махбодио амраа

Өнөөгийн стресс, бухимдал ихтэй нийгэмд хүмүүст оюун санаа, бие махбодио амраах газрууд чухал болоод байгаа билээ. Тэгвэл амрааж тайвшруулахаар барахгүй анагаан сувилах ач тустай Lotus Yoga төвийг бид энэ удаа онцоллоо. Иогийн Виняса буюу хөдөлгөөнийг амьсгалын дасгалтай холбосон урсгалаар дагнан сургалт явуулдаг уг төвийн гүйцэтгэх захирал Ө.Хулантай ярилцсанаа толилуулж байна.

Бизнесийн нэр: Lotus Yoga
Хаяг: Циркийн зүүн урд, Garuda төвийн 3 давхар
Үйл ажиллагааны чиглэл: Иогийн сургалт, иогийн багш бэлтгэх сургалт
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2014 оны 9-р сар
Үүсгэн байгуулагчид: Э.Цацрал, Ц.Борхүү, А.Болортуяа
Ажилтны тоо: 15
Цагийн хуваарь: Эхний сургалт 06.30 цагаас, сүүлийн хичээл 19.30 цагаас
Вэб: www.lotusyoga.mn, Lotus Yoga (фэйсбүүк)

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

Үүсгэн байгуулагч А.Болортуяа АНУ-д Иогоор мэргэшин төгсөөд, өөрийн гэсэн сургалтын төвийг нээн ажиллуулж байсан. 2014 онд эх орондоо ирээд иогийн гайхамшиг, түүний ач тусыг түгээн дэлгэрүүлэхээр санаа шулуудаж бусад үүсгэн байгуулагчидтайгаа энэ бизнесийг эхлүүлсэн.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Үүсгэн байгуулагчид маань хувийн хуримтлалаа нийлүүлэн хөрөнгө оруулалтын асуудлаа шийдсэн.

Хамтрагчдаа хэрхэн сонгосон бэ?

Миний хувьд Цацрал, Борхүү хоёртой эрүүл мэндийн салбарт хамт ажиллаж байсан найзууд. Надад хамтран ажиллах санал тавьсны дагуу энэ оны эхнээс хамтран ажиллаж байна.

Танайх ямар онцлог, давуу талуудтай вэ?

Бүх насныханд зориулсан сургалттай гэж хэлж болно. Учир нь 6 настнуудын ангиас ахмадын анги хүртэл өргөн хүрээг хамардаг. Мөн дээр нь галбиржуулан тураах, жирэмсний, насанд хүрэгчдийн, өсвөр үеийнхэний гэх мэт тухайн хүмүүсийн нас болон бие организмийн онцлогт тааруулсан сургалтууд ордог. Сургалт нь анхан, ахисан анхан, дунд шат гэх зэрэг дарааллаар үе шаттайгаар явагддаг.

Манай төвийн галбиржуулан тураах +Pilates-ийн анги маань өндгөвчийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хэвлий, өгзөг, гуя, бага аарцагийн буюу үтрээний булчин чангалах дасгал нэмэлтээр ордог нь төрсөн болон илүүдэл жинтэй хүмүүст тохиромжтой. Иог нь өөрөө дэлхийд түгээмэл учраас Монголд ажиллаж амьдарч буй гадаадын иргэдэд зориулсан англи хэл дээрх иогийн анги ч бас бий.

Болортуяа багш маань АНУ-д иогийн багшийн сургуулийг төгсөж, олон жил ажиллаж мэргэшсэн туршлагатай. Тийм учраас иогийн сургалтаас гадна багш бэлтгэх сургалт явуулж олон багш нарыг бэлдэж байна. Мөн манай багш нар Энэтхэгт мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаж байгаа.

Бизнесийн алсын хараагаа хэрхэн, юу гэж тодорхойлсон бэ?

Дунд хугацаандаа дүүрэг бүрт салбараа нээж, үйлчлүүлэгч нартаа илүү ойртох зорилт тавьсан. Урт хугацаандаа бол хөдөө орон нутагт салбаруудаа нээж, нийт монголчуудаа эрүүл саруул аж төрөхөд хувь нэмрээ оруулах зорилготой. Мөн иогийн дасгал хичээлийг онлайн байдлаар хүн бүрт тохирсон хэлбэрээр нь түгээх боломжийг бүрдүүлэх болно.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Манайд олон шалтгаанаар хүмүүс ирдэг. Хөдөлгөөний дутагдалд орсон, архаг хууч өвчинтэй, таргалалт, астматай, эсвэл зүгээр л эрүүл мэнддээ анхаарч явж байгаа гэх мэт. Тэгэхээр хүмүүсийнхээ онцлогт нь тааруулан тэдэнтэй тулж ажиллаж, сэтгэл ханамжтай байлгахыг зорьдог. Хичээлийг хүртээмжтэй байлгахын тулд нэг ангид хамгийн ихдээ 12 хүн хамрагддаг.

Энэ бизнесийг эрхлэхийн эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Манайд хичээллэж буй хүмүүс биед нь гарч буй эерэг өөрчлөлтүүдийн тухай бидэнтэй хуваалцаж, талархлаа илэрхийлдэг нь бидэнд маш их урам өгдөг. Сүүлийн үед хүмүүс иогийг сонирхож, түүний ач холбогдлыг илүү ойлгож эхэлж байна. Жишээ нь, жирэмсний иогоор хичээллэснээр элбэг тохиолддог тонусыг 100 хувь арилгаж, жирэмсний хямралуудыг давахад тусалж, хэвлий дэх хүүхдийг хангалттай хүчилтөрөгчөөр хангаж, зөв амьсгал аван хүндрэлгүй төрөхөд тусалдаг учраас охид бүсгүйчүүд их явах болсон.

Мөн эцэг эхчүүд манай 6-12 насны хүүхдийн ангид гар утас, тв, компьютерээс үүдэх хөдөлгөөний дутагдлаас сэргийлж хүүхдүүдээ сургалтанд хамруулж байна. Иогд явснаар хүүхдийн анхаарал төвлөрөлт нэмэгдэх, дархлаа сайжрах зэрэг олон давуу талтай.

Бэрхшээлтэй тал гэвэл манай Монголчууд эрүүл мэндийн боловсрол хангалтгүй, эмийн зохисгүй хэрэглээ өндөр, таргалалт, буруу хооллолт зэргээс үүдсэн өвчин эмгэг ихтэй байгаа нь анзаарагддаг. Эмийн бус эмчилгээний ач тусыг төдийлэн сайн мэддэггүй.

Учирч байсан хамгийн том бэрхшээл, сургамжаасаа хуваалцана уу?

Одоогоор том бэрхшээл гээд байх юм байхгүй. Ер нь иог өөрөө эрүүл, эерэг салбар шүү дээ.

Одоо та бүхэн юун дээр төвлөрөн ажиллаж байгаа вэ?

Шинэ ангиуд нээж байгаа. Жишээ нь, ажлын өдрүүдэд завгүй байдаг хүмүүст зориулан “Амралтын өдрийн анги” нээсэн. Сургалтанд явах боломж, цаг завгүй хүмүүст зориулан видео хичээлүүдийг бэлтгэж байна. Мөн шинэ он гармагц Хан-Уул дүүрэгт иог, баллет, төгөлдөр хуурын сургалтуудтай хосолсон төв нээхээр ажиллаж байна.

Танайд хичээллээд зорилгодоо хүрсэн хүмүүсийн жишээнээс хуваалцахгүй юу?

Манай төвд тууштай явж байгаа хүмүүст эерэг өөрчлөлт зайлшгүй мэдрэгддэг болохоор тэд сэтгэл өндөр байдаг. Суудлын ажилтайгаас болоод нуруу нь өвддөг хүмүүс энэ зовиураасаа салдаг. Мөн жирэмсэлж чадахгүй байсан эмэгтэйчүүд иогоор хичээллээд жирэмсэлсэн тохиолдол 4-5 гарсан шүү. Ахмад хүмүүсийн хувьд үе мөчний өвчин намдаж, даралт тогтворжиж, нойргүйдэл арилдаг. Манай сургалтын нэг гол онцлог бол амьсгалаар дамжуулан энерги өгөх. Зөв амьсгалахын ач тусыг хүмүүс сайн мэддэггүй тал бий.

Иогийг сонирхож байгаа болон одоо хичээллэж байгаа хүмүүст юу гэж зөвлөх вэ?

Хичээллэж эхэлбэл тууштай явах хэрэгтэй. Тэгж байж эерэг үр дүнгүүд гарна. Ингэснээр хэлж ирдэггүй, хийсэж ирдэг янз бүрийн өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой. Манайхыг нээгдсэнээс хойш тасралтгүй явж байгаа хүмүүс бий. Тэдний хувьд иог амьдралынх нь нэг хэсэг болчихдог юм.

Зарим хүмүүс би сунгалтгүй юм чинь иог хийж чадахгүй гэж боддог, гэтэл иог чинь өөрөө сунгалтгүй хүнийг сунгалттай, уян хатан болгодог юм шүү дээ. Иогоор хичээллэхээр оюун санаа төвлөрч, илүү мэдрэмжтэй болдог.

Мөн нэг хэлэхийг хүсдэг зүйл бол, эрэгтэй хүмүүс иогийг эмэгтэйлэг зүйл гэж бодоод байдаг. Эрэгтэй эмэгтэй хүмүүс бие организмд адилхан нөлөөтэй болохоор энэ далимд эрэгтэйчүүдийг иогоор хичээллээрэй гэж урьж байна.

40948   11


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.