Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   10 сарын 31, 2015

"Thrive" номын хэсгээс: Overconnectivity буюу бидний цахим цэцэрлэг дэх могой

Өнөөгийн нийгэмд хүмүүс хөрөнгө мөнгө, эрх мэдэл гэсэн хоёр зүйлийн хойноос эх адаггүй хөөцөлдөх болсон нь стресс, стрессээс үүдсэнд элдэв өвчин гаарах шалтгаан болж байгаа тул эрүүл, тэнцвэртэй, утга учиртай амьдралыг амжилтыг тодорхойлох гурав дахь хэмжүүр болгоё гэсэн санаагаар Арианна Хаффингтон энэ номыг бичжээ. Өдгөө дэлхийн хамгийн том, нөлөө бүхий вэбсайтуудын нэгийг удирдаж яваа Арианна өөрийн амьдралын олон жишээ тохиолдлыг орчин үеийн судалгааны үр дүнгүүдтэй сүлж бүтээлээ туурвисан байна.

Тэгэхээр та Thrive буюу “Өөдлөн дэвж” хэмээн орчуулж болох энэ бүтээлээс сэтгэл зүй, нойр, бясалгал, интернэтийн нөлөөлөл, өгөх мэдрэмж зэрэг олон сэдвийн талаар хангалттай ихийг мэдэж авах боломжтой юм. Энэ удаа бид номын 62-р талаас хэсэгчлэн орчууллаа.

Overconnectivity буюу бидний цахим цэцэрлэг дэх могой

Харамсалтай нь технологи гэдэг бидний гэр бүл, унтлагын өрөө, оюун тархинд алгуурхан бөгөөд эргэлт буцалтгүй шургаж, биднийг өөрсдийгөө “шинээр нээхэд” улам хэцүү болгож байна. Судалгаагаар, ухаалаг утасны дундаж хэрэглэгч 6 минут хагас тутамд утсаа шалгаж байна. Энэ нь өдөрт 150 удаа гэсэн үг бөгөөд угийн бусадтай харилцаж холбогдох зориулалттай бидний тархи технологийн нөлөөгөөр гар утаснаас салах тун ч дургүй болж байгаа юм.

Гэхдээ технологийн бий болгодог харилцаа гэдэг заримдаа харилцаа холбооны бүрэн дүүрэн бус, тааруу хувилбар байдаг. Үүний дуут дохионууд (дуудлага, сэрүүлэг, анивчдаг гэрэл) технологигүй, бодит харилцаанд зарцуулах цаг хугацаа, эрч хүчийг үгүй хийж байдаг. Бүр ч аюултай нь, энэ зүйл бидний тархийг бодит амьдрал дээрх харилцаанд сайнгүй болгож байгаа баримт нотолгоонууд гарч ирэх боллоо.

Grist хэмээх байгаль орчны онлайн сэтгүүлийн нийтлэлч Дэвид Робертс иймэрхүү асуудал амьдралд нь тохиолдож байгааг анзаарчээ. Тэрбээр “Миний эрч хүч, энерги шавхагдчихлаа” хэмээн интернэт, өөрийн ажил хоёроос нэг жил хөндийрөхөөр шийдсэн захидалдаа дурджээ. Энэ эрс шийдвэрийг гаргах болсноо тайлбарлахдаа тэр ингэж бичсэн юм:

Би зингер бургер идэнгээ өдөржин твиттердэх дуртай ч, шөнөөр урт бичвэрүүд тэрлэх дуртай ч энэ амьдралын хэв маягт дутагдал байна. Би байнга л дутуу нойртой явдаг. Надад өөр хобби ч гэж алга. Үргэлж л ажил дээрээ. Байнга л интернэтэд. Энэ хэмнэл миний тархинд нөлөөлж байна. Би одоо ч гэсэн твийтээр сэтгэж байна. Хуруунууд маань утаснаас 30 секунд л холдоход татганаж эхэлдэг. Би бүр гар утсаа оролдохгүйгээр шээж ч чадахаа болилоо. Би ариун цэврийн өрөөнөөс жиргэдэг цорын ганц нь биш гэдгээ мэднэ. Онлайн ертөнц нь Америкийн олон нийтийн маш багахан, төлөөлж үл чадах хэсгийг бүрдүүлдэг атал миний хувьд бүхий л хорвоо болчихож. Би онлайнд бодит амьдралаас илүү цагийг зарцуулах болжээ.

Үнэхээр ч тэр ганцаараа бус. 2012 онд МакКинзий Глобал Интсүүцийн хийсэн судалгаагаар, мэдлэгийн эдийн засгийн салбарт ажиллаж буй дундаж ажилтан нийт цагийнхаа 28 хувийг имэйлд зарцуулж байгаа байна гэсэн дүн гарчээ. Имэйл шүүлтийн Sanebox компанийн мэдээлж байгаагаар, инбокс дотроосоо нэг имэйлийг ухаж гаргахын тулд бид 60-70 секундийг зарцуулдаг гэнэ. Sanebox-ийн Димитрий Лионов “Энэ үйл явц бидэнд тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлж байгааг бид ойлгох ёстой ” гэсэн юм.

22935   1


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.