Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   09 сарын 22, 2019

7 хоногийн тойм: Б төлөвлөгөө + Квант компьютер + Мөсөн панда

Ковер зургийн тайлбар: There Is No Plan(et) B

Дэлхий дахинд

Энэ даваа гарагт эхлэх уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын чуулга уулзалтын өмнө дэлхий даяар сая сая хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал өрнөж байна. 16 настай активист Г.Тюнбергийн нөлөөгөөр дэлхийн өнцөг булан бүрд сурагчид хичээлээ таслан гудамжинд гарч, ирээдүйн төлөө дэлхийн лидерүүдийг дорвитой алхам хийхийг шаардаж байгаа билээ.

The Verge: Залуусын дуу хоолой

Үүнтэй зэрэгцэн хэд хэдэн топ компани үүнтэй холбоотой амлалтууд өгч эхэллээ. Google сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр 18 шинэ төсөл эхлүүлснээ зарлалаа. Тэд 2 тэрбум долларыг нийт 1600 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай төслүүдэд зарцуулна. Үүнээс гадна тэд Европт 3 тэрбум еврог дата төв байгуулахад зарцуулах болжээ. Харин Amazon 2030 он гэхэд 100 хувь сэргээгдэх эрчим хүч ашигладаг компани болох амлалт өгч, зөвхөн хүргэлтэнд зориулан 100 мянган цахилгаан машин захиалах болсноо зарлав.

Канадын ерөнхий сайд Жастин Трудо арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан скандал дэгдлээ. Тэрээр 2001 онд сургуулийн үдэшлэгт Алладины дүрд хувирахдаа арьсаа хараар будан оролцсон зураг нь ил болжээ. Тэрээр өөрийн энэ үйлдлийг "бодлогогүй" байсныг хүлээн зөвшөөрч, уучлал гуйсан байна. Ирэх сард болох сонгуультай холбоотойгоор сөрөг хүчнийхэн нь түүний энэ үйлдлийг хүчтэйгээр хөндөн буруутгаж, улс удирдах эрхгүй хэмээн сурталдаж байгаа юм.

АНУ-ын засгийн газар энэ долоо хоногт хэвлэгдсэн Эдвард Сноудений шинэ ном болох "Permanent Records"-ийн бүх орлогыг хураан авах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна. Дэлхийн хамгийн нэртэй "шүгэл үлээгч"-ийг ажил мэргэжилтэй холбоотой нууцлалын гэрээгээ зөрчсөн, шинээр байгуулаагүй хэмээн тэд буруутгаж байгаа юм. Сноудений уг номд АНУ дэлхий даяар хэрхэн тагнуулын ажиллагаа явуулж, энгийн иргэдийн хувийн нууцад халдаж буй талаар бичжээ.

Өнгөрсөн долоо хоногт газрын тосны байгууламжуудад болсон дроны халдлагад Иран улсыг буруутай хэмээн үзэж байгаагаа АНУ, Саудын Арабын тал нуухгүй байна. Ираныг уг халдлагыг үйлдсэн хэмээж буй Иемений хэт даврагчдыг санхүүжүүлсэн тухай баримт байгааг тэд онцолж байна. Үүнтэй холбоотойгоор бүс нутгийн нөхцөл байдал ихэд хурцдаж болзошгүй байгаа нь хөрөнгө оруулагчдыг сандаргасаар байгаа юм.

FT: Саудын Арабын дрон халдлагын тухай бүхнийг эндээс

технологийн ертөнцийн эргэн тойронд

Google дэлхийн анхны квант компьютерийг бүтээснээ зарлалаа. Ингэснээр тэд өнөөгийн хамгийн хүчирхэг супер компьютерийн 10 мянган жил зарцуулж дуусгах тооцооллыг 3 минут 20 секундэд хийх боломжтой болсон гэнэ. Гэхдээ технологийн салбарт төдийгүй нийгэмд томоохон тэсрэлтийг дагуулах боломжтой уг дэвшил хэрэглээнд нэвтрэхэд дахин хэдэн жил шаардлагатайг мэргэжилтнүүд сануулж байгаа юм.

Facebook алдарт Ray-Ban брэндтэй хамтран ухаалаг нүдний шил бүтээж байгаа гэнэ. Orion гэх код нэртэй хийгдэж буй уг төслөөр дамжуулан тэд AR технологи шингээсэн, ухаалаг утсыг орлох төхөөрөмж хийхийг зорьж байгаа аж.

Энэ долоо хоногоос эхлэн Apple-ийн хэрэглэгчид iOS 13 үйлдлийн системээ татах боломжтой боллоо. Dark Mode-той болсноороо хэрэглэгчдийн талархлыг хүлээж буй энэ шинэчлэлийн хүрээнд тун дэвшилтэт "Sign in With Apple" нууцлалын нэмэлт идэвхжиж байгааг онцолъё.

Techcrunch: iOS 13-ийн бүх нэмэлтүүдийг танилцуулах нь

Хятад, Энэтхэг улсууд электрон тамхины борлуулалтыг бүрэн хориглох шийдвэр гаргасны дараагаар Америкийн хамгийн том сүлжээ дэлгүүр Walmart ч ижил алхам хийснээ мэдэгдлээ. Сүүлийн саруудад уушгины учир битүүлэг өвчний улмаас 8 хүн амиа алдаж, 500 гаруй өвчний шинж тэмдэг илэрсэн нь уг технологитой холбоотой гэх хардлагыг төрүүлсээр байгаа юм. Үүнтэй холбоотой гол брэнд Juul-ийн зах зээлийн үнэлгээ ч эрс буурч байна.

OpenAI нуугдаж тоглох чадвартай хиймэл оюун бүтээснээ танилцууллаа. Тоглоомын талбайд өгөгдсөн хана, шат зэрэг хэрэгслүүдийг ашиглан тодорхой хугацаанд өөрийгөө нуусан өрсөлдөгчөө олох зорилготой хиймэл оюун нийт 481 сая тоглолтыг хийж, өөрийгөө сургасан байна. Энэ нь уг технологийг төвөгтэй нөхцөл үүсдэг стратегийн шинжтэй тохиолдлуудад ашиглах бүрэн боломжтойг нотолсон хэрэг боллоо.

Нуугдаж тоглох уу?

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

50 тэрбум долларын үнэлгээтэйгээр IPO хийхээр зэхэж байсан "The We Company" төлөвлөгөөгөө оны эцэс хүртэл хойшлуулснаа зарлалаа. Дундын оффисийн хамгийн том сүлжээг эзэмшигчдийн хувьцааг хөрөнгө оруулагчид төдийлөн сонирхохгүй байгаа нь тус компанийн засаглал, төвөгтэй үйл ажиллагааны бүтэцтэй холбоотой юм. Харин түрээсийн байр, сууц олох үйлчилгээ үзүүлэгч Airbnb ирэх жилд багтаан нээлттэй компани болно гэдгээ мэдэгджээ.

WordPress, Tumblr-ийг эзэмшигч Automattic 300 сая долларын шинэ хөрөнгө оруулалтыг Salesforce-оос татлаа. 15 жилийн өмнө байгуулагдсан тус компани ингэснээр 3 тэрбум долларын үнэлгээтэй болж байгаа аж. Сонирхуулахад, дэлхийн топ 10 сая вебсайтын 34 хувь нь Wordpress платформ дээр бүтээгдсэн байдаг гэнэ.

Facebook таны телевизийг "ухаалаг" болгох Portal TV төхөөрөмжөө танилцууллаа. 149 долларын үнэтэй уг төхөөрөмж нь 12 мп-ийн камертай бөгөөд Messenger, Whatsapp-аар видео дуудлага хийн, тоглоом тоглож, видео үзэх боломжийг олгоно. Тэд үүгээрээ Fire TV, Roku зэрэг стримингэд төвлөрсөн бусад төстэй төхөөрөмжүүдтэй өрсөлдөх бус харилцаа холбооны шинэ сувгийг бүтээх зорилготой байгааг онцолжээ.

Онлайн төлбөр тооцооны технологи хөгжүүлэгч Stripe 35 тэрбум долларын үнэлгээтэйгээр 250 сая долларын хөрөнгө оруулалт татлаа. Ингэснээр 9 настай тус компани Airbnb, Palantir зэрэг цахиурын хөндийн топ стартапуудаас давсан үнэлгээтэй болж байна гэсэн үг юм.

Huawei хүлээлт өндөртэй байсан Mate 30 загварын шинэ утсаа танилцууллаа. Тус компанид чиглэсэн хоригийн улмаас Android-ийн нээлттэй эхийн хувилбар дээр суурилан бүтээгдсэн үйлдлийн системтэй уг утас Google-ийн ямар ч апп-ийг суулгаагүйгээр хэрэглэгчдэд хүрчээ. 5G технологи дэмждэг, куад камертай уг утас 799 доллараас эхлэн борлуулагдана.

Facebook одоо таны том өрөөг эзлэхийг хүсэж байна

энтертейнмент ертөнцийн эргэн тойронд

Британийн хамгийн алдартай телевизийн цувралуудын нэг "Downtown Abbey"-ийн бүрэн хэмжээний кино 31 сая долларын орлогоор бокс оффисыг тэргүүллээ. Энэ нь Focus Features-ийн түүхэн дэх хамгийн амжилттай кино болон үлдэж байна. Disney, Fox-ийн гол найдвар тавьж байсан, Б.Питтийн гол дүрд нь тоглосон "Ad Astra" 19.2 сая доллар цуглуулж 2-т бичигдэв. 80 сая долларын төсвөөр бүтээгдсэн уг кино дэлхийн зах зээлээс нийт 46 сая долларыг олоод байна. Харин С.Сталлонегийн Рэмбогийн түүхийн сүүлийн бүлэг "Rambo: Last Blood" 3-р байрт бичигджээ.

2020 онд нээлтээ хийх HBO Max контентын сандаа "The Big Bang Theory"-г нэгтгэлээ. Гэрээний өртөг 1 тэрбум доллараар хэмжигдэж байгаа гэнэ. Тус стриминг платформ өөр нэг топ бүтээл "Friends"-ийн эрхийг мөн дангаар эзэмших болоод байгаа билээ. Энэ хооронд Netflix 2021 оноос эхлэн "Seinfeld"-ийн 150 ангийг цацах эрхийг 500 сая доллараар худалдан авсан байна.

Тэгвэл ирэх жилийн 4 сард нээлтээ хийх NBCUniversal-ийн стриминг платформ албан ёсны нэрээ ил болголоо. "Peacock" нэртэй уг платформ нь Universal, Dreamworks-ийн 15 мянга гаруй топ, оригинал контентуудыг агуулна гэдгээрээ онцлог. "The Office"-ийг 500 сая доллараар Netflix-ээс "урвуулсан" тэд түүхэн дэх хамгийн алдартай сансрын цувралуудын нэг "Battlestar Galactica"-г дахин шинээр бүтээх болсноо мөн мэдэгджээ.

Болзооны апп Tinder үйл явдлаа өөрөө сонгон үргэлжлүүлдэг оригинал контент бүтээж байна. Апп хэрэглэгчдийг идэвхжүүлэх, улмаар видеон дээр гаргасан шийдвэрүүдээрээ ярианы сэдэв эхлүүлэх зорилготой "Swipe Night" нь 10-р сарын 6-аас эхлэн долоо хоног бүр цацагдах аж. Уг контентыг Drake-ийн хэд хэдэн клипийг хийж танигдсан К.Эванс найруулж байгаа гэнэ.

Бээжин хотноо явагдах 2022 оны өвлийн олимпийн бэлгэдэл тодорлоо. Дэлхий даяар явуулсан нээлттэй шалгаруулалтын дараагаар "Bing Dwen Dwen" нэртэй мөсөн хулсны баавгай тодорсон байна. Уг маскот нь шударга өрсөлдөөн, тамирчдын эрч хүч болон хүүхдийн цэвэр ариун сэтгэлийг илэрхийлсэн гэнэ.

Мөсөн хулсны баавгайг паралимпийн бэлгэдэл дэнлүүн хүүтэй цуг танилцуулав

алдалгүй унших арван мэдээ

Variety: Emmy-ийн ялагчдыг таамаглах нь
Америкийн телевизийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналыг хэн хүртэх вэ? "Game of Thrones"-ийг дийлэх бүтээл гарах уу? Netflix, Hulu, Prime уламжлалыг эвдэх үү?

ESPN: NBA тохиролцооны эсрэг дүрэм баталлаа
Супер оддын хоорондоо тохиролцож, "шударга бус" нөхцөл үүсгэх үйлдлийг хязгаарлахыг багийн эзэд бүгд дэмжив

Vox: Area 51-ийг хэрхэн эзлэх вэ?
Мянга мянган фанатууд магадгүй энэ дэлхийн хамгийн "нууцлаг" газрыг зорьж байгаагийн шалтгаан юу вэ? Невадад таныг юу хүлээж байгаа гэж?

Bloomberg: Bayer-ийг дампууруулж ч мэдэх худалдан авалт
Хэдхэн сарын өмнө аспириныг бүтээгчид 63 тэрбум доллараар Monsano-г итгэл төгс өөрийн болгов. Гэтэл 18 мянган зарга шүүх дээр ирсний дараа энэ наймаа тэднийг ацан шалаанд орууллаа.

CNBC: Хэвлэмэл ном одоог хүртэл үнэ цэнээ алдаагүй
Америкийн зах зээл дээрх нийт борлуулалтын 90 хувийг хэвлэмэл ном эзэлсээр. Англид 44 хүртэлх насныхан нийт худалдан авагчдын 63 хувийг бүрдүүлж байна.

QZ: Яагаад аалзны амийг хэлтрүүлэх хэрэгтэй вэ?
Аалз хэзээ ч санаандгүй гарч ирдэггүй. Учир нь түүний экосистем дэх үүрэг таны төсөөлснөөс ч их.

Fast Company: Microsoft-ийн хамгийн чухал төхөөрөмж
Тэд бүх төхөөрөмжид нийцдэг юниверсал төхөөрөмж бүтээж байна. Тоглоомын ертөнцийг тэр чигт нь өөрчлөх потенциал үүнд бий.

The Guardian: 21-р зууны хамгийн шилдэг 100 кино
Шинэ мянган гарснаас хойш бүтээгдсэн хамгийн шилдэг кино таны хувьд юу вэ? Экспертүүд There Will Be Blood гэж үзэв. Та санал нийлэх үү?

BBC: Өндөг идэх нууц
Өндөг үнэхээр супер хоол гэж үү? Эсвэл зүрхний өвчин үүсгэгч үү?

The Verge: Pixel 4-ийн талаар бидний мэдэх бүх зүйлс
Google-ийн шинэ утас 10-р сарын 15-нд гарна.

7390   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.