Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   04 сарын 21, 2019

7 хоногийн тойм: Дарь эхийн сүмд дүрэлзсэн гал + Хамгийн нөлөөтэй эрхмүүдийн жагсаалт + Дэлхийд үнэлэгдсэн Монгол рок

Ковер зургийн тайлбар: Хамгийн нөлөөтэй 100 хүн тодров

Онцлох

800 гаруй жилийн түүхтэй Парисын Дарь Эхийн сүм галд өртөж, дэлхий нийтийг цочирдуулав. Сүмийн дээвэрт хийгдэж байсан засвар уг галын гол шалтгаан байсан байж болзошгүй бөгөөд өглөө гэхэд бүрэн шатахаас сэргийлж галыг унтрааж чадсан юм. Галд оройн дээвэр, цамхаг болон цагны хэсэг өртжээ.

Уг сүмд жил бүр 12 сая хүн зочилдог нь Парисын өөр нэг бэлгэдэл Эйффелийн цамхгаас 2 дахин илүү үзүүлэлт юм. Өдөр бүр хүмүүс цаг цагаар дугаарласны эцэст соёлт нийгмийн хамгийн гайхалтай бүтээн байгуулалтын нэгийг гэрчилж, оюуны цангаагаа тайлдаг юм.

Дэлхий нийтэд "Квазимодогийн түүх", "Шоовдорлогсод" зэрэг зохиолуудаар дамжуулан танигдсан уг сүм 2013 онд 850 жилийн ойгоо тэмдэглэсэн билээ. Ерөнхийлөгч Э.Макрон 5 жилийн дотор сүмийг бүрэн сэргээн засварлах зорилготой байгаагаа зарласан. Гэхдээ ихэнх экспертүүд барилгын насжилт, хийцээс шалтгаалан дор хаяж 15 жил шаардлагатай гэж үзэж буй аж.

Францын эрх баригчид, бизнес эрхлэгчид, олон нийтийн байгууллагууд, түүхэн дурсгалуудыг хамгаалах нийгэмлэгүүд сүмийг сэргээн засахад зориулж, хандив цуглуулж эхэлсэн юм. Мөн ОХУ, Их Британи, Герман зэрэг олон улсаас туслах санал ирсэн байна.

Ердөө 24 цагийн дотор шаардлагатай гэгдэж байсан 700 сая еврог Францын тэрбумтнууд босгож чадсаныг мөн онцолъё. LVMH-ийг эзэмшигч Арногийн гэр бүлээс 200 сая, L'Oreal-аас 200 сая, Kering-ийн Пиногийн гэр бүл 100 сая, нефть, хийн Total-аас тус тус 100 сая долларыг хандивласан байна. Тэднээс гадна Apple, Badoo, Walt Disney зэрэг глобал брэндүүд ч санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ амлаад байна.

BI: Яагаад түүхэн барилгууд хурдан шатдаг вэ?

Дарь эхийн сүм дэлхийг дахин нэгтгэв

Дэлхий дахинд

Шри Ланка улсад зочид буудал, сүмүүдийг онилсон 8 удаагийн дэлбэрэлтээр дор хаяж 200 гаруй хүн амиа алдсан террорист халдлага боллоо. Улаан өндөгний баярын амралтын өдөр нийт 5 хотыг хамарсан уг халдлагын дараагаар эрх баригчид онц байдал зарлаж, сошиал медиаг мөн хориглоод байна. Одоогоор хэргийг хэн үйлдсэн, ямар зорилготой байсан нь тодорхойгүй хэвээр байгаа юм.

CNN: Шри Ланкад юу болов?

Өнгөрсөн жилийн Эх дэлхийн өдрийн өмнө Daisy нэртэй роботоо танилцуулж байсан Apple энэ удаад цахим хаягдалтай холбоотой дахин боловсруулалтын шинэ технологи хөгжүүлэх лаборатори нээж байгаагаа зарлалаа. Техасын Остинд байрлах уг лаб нь шинэ технологи хөгжүүлэхээс гадна байгальд ээлтэй материал гаргаж авахад гол анхаарлаа хандуулна. Тэд мөн 2019 оны хүрээлэн буй орчны тайлангаа ил болгожээ.

Apple, Microsoft, Xiaomi, Sony-ийн бүх төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг Foxconn-ийг үүсгэн байгуулагч Терри Гоу 2020 онд болох Тайванийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ зарлалаа. 7 тэрбум долларын хөрөнгөтэй гэгдэх тэрээр 1974 онд Foxconn-ийг анх байгуулж байсан бөгөөд 800 мянган ажилтантай аварга үйлдвэр болтол нь хөгжүүлсэн юм. Одоогоор сөрөг хүчний байр суурьтай буй Бээжинг дэмжигч Гоминдан намын гишүүн тэрээр өмнө нь ямар нэгэн улс төрийн албан тушаал хашиж байгаагүй гэнэ.

TED-ийн жил бүр зохиогддог оны нэгдсэн цугларалт Канадын Ванкувер хотноо явагдлаа. Энэ жил тэд The Audicious Project-оор дамжуулан нийт 8 төсөлд зориулан 280 сая долларыг босгосон нь онцгой байлаа. 1500 гаруй хүсэлтээс шалгарсан уг 8 төсөлд эмэгтэйчүүдийн эрх, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны чиглэлийн төслүүд хамрагджээ.

Time сэтгүүл жил бүр гаргадаг хамгийн нөлөөтэй 100 хүний жагсаалтаа танилцууллаа. 2004 оноос хойш жил бүр гаргаж буй энэ жагсаалт үйл хэрэг, ажил хэргээрээ хамгийн хүчтэй давлагаа үүсгэж, онцгой нөлөө үзүүлж буй лидерүүд, шүтээнүүд, титанууд, анхдагчдыг танилцуулдаг юм. Энэ жилийн нүүр хуудсанд алдарт жүжигчин Д.Жонсон, АНУ-ын төлөөлөгчдийн танхимын спикер Н.Пелоси, сэтгүүлч хөтлөгч Г.Кинг, Египтийн хөлбөмбөгчин М.Салах, жүжигчин Сандра О, дуучин Т.Свифт нар заларчээ.


Time: 2019 оны жагсаалттай танилцаарай

Алан хядагчид томоохон зочид буудал, сүмүүдийг онилжээ

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Хамгийн анхны мессенжер апп-уудын нэг BlackBerry Messenger 5-р сарын 31-ээс эхлэн албан ёсоор хаагдах гэж байна. 2005 онд анх гарсан тус чат апп нэгэн үе хамгийн аюулгүй, нууцлал сайтай хэмээн үнэлэгдэж, улс орнуудын төрийн тэргүүд, хууль хүчний байгууллагынхан хүртэл ашиглан мандаж байсан юм. Гэсэн ч Blackberry утастайгаа цуг өсөлтийн үед дасан зохицож чадаагүй бөгөөд сарын 2.49 долларын үнэтэй байгууллагын хэрэглэгчдэд зориулсан апп-аа үргэлжлүүлэн хөгжүүлэх болжээ.

Инстаграм оруулсан зургуудын лайкийг харагдахгүй болгох дизайны туршилтаа хийж байна. "Хэн алдартай байна, олон хүнд хүрч байна гэхээс илүү оруулсан зургийн агуулга чанар нь илүү чухал" хэмээн тэд үзэж байгаа гэнэ. Энэ нь хэрэглэгчдийн "сайн сайхан байдалд" эерэг нөлөө авчрах ач холбогдолтой хэмээн найдаж байгаа аж.

Сүүлийн жилүүдэд биет төхөөрөмжүүдэд анхаарал хандуулж буй Microsoft Surface Hub 2S нэртэй шинэ бүтээгдэхүүнээ зарлалаа. Энэ бол зөөврийн дэлгэц. Албан байгууллага, бүтээлч оффисуудад илүү тохиромжтой уг дэлгэц нь цагаан самбарын зориулалтаар ашиглагдахаас гадна дэлгэц болон хувирч Microsoft-ийн Teams, Skype, Office-ийн бүтээгдэхүүнүүдтэй нийцэн ажиллана. Өмнөх хувилбараасаа 40 хувиар хөнгөн, 60 хувиар нимгэн болсон 2S батарейтай болсон учир заавал тогонд залгаастай байх шаардлагагүй гэдгээрээ онцлог. 50 инчийн дэлгэц нь 9000 доллараар борлуулагдана гэнэ.

Microsoft Xbox-ийн шинэ хувилбар S загварыг ирэх сард гаргах гэж байна. Энэ загварын гол онцлог нь уг төхөөрөмж диск уншуулах шаардлагагүй. 1 тб-ын хардтай уг төхөөрөмж нь дижитал тоглоомын зах зээл рүү голлон чиглэж байгаа гэсэн үг. Үнэгүй 3 тоглоом дагалдан ирэх уг консолын үнэ 299 доллар байх ажээ.

Facebook зөвхөн сторигоос гадна хэрэглэгчдийн нүүр хуудсан дээр гардаг мэдээ, найзуудын шинэчлэлүүдийг хажуу тийш гүйлгэж үздэг туршилтыг хийж байна. Facebook, Instagram, Whatsapp-ийн нийт 1.2 тэрбум хэрэглэгч өдөр бүр стори ашигладаг нь тэдэнд нүүр хуудсаа бүрэн шинэчилж, илүү хайбрид бөгөөд интерактив байдал үүсгэх сэдэл төрүүлсэн бололтой. Гэхдээ энэ туршилт нэлээн эхэн үедээ яваа бөгөөд сурталчилгааны бизнест хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна.

Лайк харахыг хүсвэл заавал илүү үйлдэл хийнэ гэхээр ямар байна?

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Видео дуудлагын үйлчилгээ үзүүлэгч Zoom-ийн IPO амжилттай болж, эхний өдрөө 72 хувийн өсөлттэйгээр хаагдсан байна. 16 тэрбум доллараар үнэлэгдсэн тус компани 360 сая долларыг босгосон нь энэ. 22 жилийн өмнө, 8 удаа виз авах гэж оролдсоны эцэст Америкт ирсэн хятад инженер Эрик Юуаний компани IPO хийхдээ ашигтай ажилласан тайлантай цөөн компаниудын нэг байсан билээ.

Тэгвэл интернэт орчинд таалагдсан, онцлох зүйлсээ "пин" хийж цуглуулах боломж олгодгоороо алдаршсан Pinterest 10 тэрбумын үнэлгээтэйгээр 1.4 тэрбум долларыг амжилттай босголоо. "Мөрөөдлөө төлөвлөхөд туслах бүтээмжийн хэрэгсэл" хэмээн өөрсдийгөө тодорхойлсон Pinterest 250 сая идэвхтэй хэрэглэгчтэй аж.

Recode: Pinterest, Zoom-ийн түүхийг сөхөн үзвэл

100 тэрбум доллараар үнэлэгдэх IPO-ийнхоо өмнө Uber жолоочгүй машины технологи хөгжүүлэгч компаниа тусдаа салгах гэж байгаагаа зарлалаа. Тэд энэ компанидаа зориулан Toyota, Softbank-аас нийт 1 тэрбум долларын санхүүжилт авсан бөгөөд 7.25 тэрбум долларын үнэлгээтэй хэмээн тайландаа дурджээ.

2017 оноос хойш үргэлжилсэн Apple болон Qualcomm-ийн хоорондох шүүхийн маргаан эцэс боллоо. Apple чип үйлдвэрлэгч Qualcomm-ийн үнийг хэт өндөр байна хэмээн үзсэнээс энэ маргаан эхэлж, улмаар патентын дайн болтлоо хүндэрсэн. Гэсэн ч шүүхийн шатанд 2 тал тохиролцож, дараагийн 6 жилд хамтран ажиллах гэрээ байгуулснаас гадна Apple Qualcomm-д тодорхой төлбөр төлөхөөр зөвшөөрсөн байна. Энэ мэдээний дараагаар Qualcomm-ийн хувьцааны үнэлгээ 18 хувиар өсжээ.

1926 онд байгуулагдсан Европын хамгийн том сурталчилгааны агентлагуудын нэг Publicis түүхэн дэх хамгийн том худалдан авалтаа хийлээ. Тэд датанд суурилсан онилсон сурталчилгааны технологи хөгжүүлэгч агентлаг Epsilon-ийг 4.4 тэрбум доллараар худалдан авчээ.

2 ч юникорн нээлттэй компани боллоо

энтертАйнмент ертөнцийн эргэн тойронд

Netflix Нью Йорк хотноо оригинал контент үйлдвэрлэх зорилготой шинэ студийн цогцолбор нээх болсноо зарлалаа. 127 ажлын байр үүсгэх шинэ төвдөө зориулан тэд нийт 100 сая долларын хөрөнгө оруулалтыг эхний ээлжинд хийх аж.

Хүлээлт дүүрэн сүүлийн бүлгээ эхлүүлсэн Game of Thrones дээд амжилтуудыг ээлж дараалан эвдсээр байна. HBO-ийн мэдээлснээр даваа гарагт цацагдсан эхний ангийг 17.4 сая хүн шууд үзсэн нь түүхэн дээд амжилт болсон байна. 2 жилийн өмнөх 7-р бүлгийн сүүлийн ангийг 16.9 сая хүн шууд үзэж байсан гэнэ. HBO-ийн стримингийг ашиглан эхний өдөр нийт 36 сая үзэгч уг контентийг хэрэглэсэн нь мөн л дээд амжилт болжээ.

2005 оноос хойших хамгийн муу борлуулалттай бокс оффисыг "The Curse of La Llorona" тэргүүллээ. Тус аймшгийн кино 26.5 сая долларын орлогыг Хойд Америкийн зах зээлээс, бусад 71 зах зээлээс 30 сая долларыг тус тус цуглуулжээ. Энэ долоо хоногийн бокс оффисын нийт борлуулалт ердөө 112 сая доллар байсан гэнэ.

Өнөө цагийн энтертайнмент ертөнцийн нүүр царай Beyonce шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн бэлэг барьж, шинэ цомгоо гаргасан байна. Тэрээр цомгоо Netflix-тэй хамтран бүтээсэн Homecoming баримтат кинотойгоо зэрэгцүүлэн цацсан юм. Өнгөрсөн жилийн Coachella фестивальд оролцож, түүхэнд бичигдэхүйц тоглолт хийсэн түүхээ өгүүлж буй тэрээр уг тоглолтын үеэр бичсэн 40 дуутай цомгоо гаргасан нь энэ. Сонирхуулахад, Beyonce Netflix-тэй хамтран 60 сая долларын үнэ цэнтэй нийт 3 оригинал бүтээл дээр ажиллах гэрээ байгуулжээ.

Монголын метал рок хамтлаг The Hu хамгийн эрэлттэй хит дууны жагсаалт болох биллбордын 22-р байрт бичигдэж, түүхэн амжилт үзүүллээ. 2016 онд байгуулагдсан тус хамтлагийн Wolf Totem дуу нь Apple-ийн рок дууны жагсаалтыг өнгөрсөн долоо хоногт тэргүүлсэн бол энэ долоо хоногт 272 мянган стриминг сонсолттойгоор биллбордын жагсаалтад багтаж, хард рок дууны дижитал борлуулалтын жагсаалтыг тэргүүлсэн байна. Үүнээс гадна тэдний Yuve Yuve Yu нь топ жагсаалтад орж иржээ. Тэд Гэрэг нэртэй анхны цомгоо гаргахаар ажиллаж байгаа гэнэ.

Billboard: Монголын метал рок хамтлаг The Hu жагсаалтыг тэргүүллээ

алдалгүй унших арван мэдээ

Recode: Инстаграмын зуу зуун сая хэрэглэгчдийн дата эрсдэлд орсныг сануулав
Al Jazeera: Комедиан Украйны ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа
BBC: Дэлхийг байлдан дагуулж буй Израйл тв цувралын тухай
Politico: Трамп-ОХУ-ын холбоосыг шалгасан Мюллерийн тайланг сөхөн үзвэл
Vox: Өнгөрсөн жилээс хойш дэлхийтэй холбоотой бидний ойлгосон 7 зүйл
BI: Samsung Galaxy Fold зах зээлд гарахаасаа өмнө эвдэрч эхэлжээ
The Verge: GameBoy-ийн 30 жилийн ойд
Techcrunch: Apple сайжруулсан Siri-г MacOS-д хөгжүүлнэ
CNN: SpaceX-ийн туршилт бүтэлгүйтлээ
QZ: Boeing-оос жолоочгүй машины технологи хөгжүүлэгчид юу сурах вэ?

9574   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.