Сүүлийн үед залуучуудын дунд хүчээ авч буй энтертайнмент төрөл бол стэндап комеди. Ганцаар тайзнаа гарч амьдралаас урган гарсан, амьдралд ойр хошигнолуудыг өгүүлдэг энэ урсгалыг Монголд зориглон эхлүүлж, тун амжилттай таниулж яваа залуу бол Б.Батбилэг юм. Түүний үүсгэн байгуулсан, 2014 оны нэгдүгээр сараас эхлэлтэй UB Comedy клуб жил ирэх тусам өргөжсөөр өдгөө 6 үндсэн ажилтан, 10 гаруй гэрээт уран бүтээлчтэй, Азийн шилдэг комеди клуб болжээ. Тэрээр Эрэл дунд сургууль, Raffles институтийг тус тус дүүргэсэн байна. Ингээд Батаатай Сант-Асар төвийн хоёр давхарт байрлах клубийнх нь байранд ярилцсанаа хүргэе.

Байршил: Улаанбаатар
Эрхэлдэг ажил: UB Comedy клубийн үүсгэн байгуулагч, комедиан
Хэрэглэдэг гар утас: iPhone XR
Хэрэглэдэг компьютер: Macbook Air 13
Сошиал хуудас: Batbileg Batts (Фэйсбүүк), @shaldanshimpanze (Инстаграм)

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Өглөө тухайн өдөр хийх ажлуудаа төлөвлөөд гэрээсээ гардаг. Өнөөдөр гэхэд Дүнжингарав орж визний материал хөөцөлдөх, үдээс хойш танайхантай уулзах, дасгалаа хийх, орой шоундаа орох зэрэг ажлууд байна. Ийм ажлуудын хооронд гардаг завсар зайнд оффистоо сууна, хүмүүстэй уулзана, сошиал медиагаа шалгана, шоугаа сурталчилна. Ер нь би тогтож суугаад байхаас илүү хөдөлгөөнтэй ажиллахыг эрмэлздэг юм шиг байгаа юм.

Манай клуб 7 хоногийн 6 өдөр шоутай байдаг. Үүнээс 3-4 орой нь би комеди хийдэг. Комедианы хувиар бол цаг үргэлж санааны эрэлд хатдаг. Сонирхолтой санаа орж ирвэл гар утасныхаа Note дээр тэмдэглэж, түүнийгээ аль болох олон газар олон хүнд ярьж, хүмүүс хэр хүлээж авахыг хардаг. Тэгээд тэр санаагаа тараг бүрэх мэт тархиндаа бодож хөгжүүлдэг. Бид шоу бүрээ бичиж авдаг. Бичлэгээ эргэж үзээд, өөрийн хэр сайн ярьсан, ямар алдаа оноо гаргасан, хүмүүс ямархуу байдлаар хүлээж авсан зэргийг нарийн хардаг. Ингэж өөрийгөө хөндлөнгөөс харах нь их чухал байдаг л даа. Үндсэндээ санааг тайзан дээр амилуулж, бүр сайжруулаад явдаг гэсэн үг. Гэхдээ хошигнолынхоо 20 хувьд нь тухайн үед эмоци гаргах, нөхцөл байдлаа мэдрэн ярих орон зайг үлдээдэг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Сошиал медиа аппууд, Youtube, санаануудаа тэмдэглэх Voice Memo, Notes. Мөн Stitcher гэх аппаар подкаст их сонсдог. Клубийн сошиал медиа сувгуудыг надаас гадна манай графикийн дизайны хоёр залуу, зарим комедианууд хөтөлдөг.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Дур сонирхол төрүүлээгүй, сэтгэл хөдөлгөөгүй хүсэлтүүдээс татгалзах л их чухал юм шиг санагдаад байгаа. Тим Феррисийн подкаст дээр нэг зочин нь " 'Ямар гоё вэ', 'Тийм ээ' гэж бодогдуулах, сэтгэл хөдөлгөх зүйлсэд нь л 'Тийм' гэж бай, 'Байж болох л юм' гэх мэтийн хүчтэй биш сэтгэгдэл төрүүлж байвал шууд татгалз' гэж зөвлөсөн нь бодууштай санагдсан шүү. Ер нь тухайн жилийнхээ төлөвлөгөөгөө гаргаад, юу хүсэж байгаагаа тодорхой болгоод, замаас минь гаргаж мэдэх, эрчийг минь сааруулах зүйлсээс татгалзаж суръя гэж боддог болоод байна.

Миний өөр нэг арга бол яаралтай л биш бол зарим хүний утасны дуудлагад хариулахгүй байх. Утсаар ярих хүмүүс ер нь ихэнхдээ өөрсдийн санаа, төлөвлөгөөг л ярьдаг, зарим тохиолдолд тулгадаг шүү дээ. Гэтэл би чинь бас өөрийн гэсэн санаа, төлөвлөгөөтэй явж байгаа. Зарим дуудлагууд үнэхээр тухайн өдрийн эрч хүчийг алдуулдаг. Тиймээс утсаар ярилгүй мессеж бичиж үлдээгээд, өөрийн боломжтой цагаар эргэж залгахыг эрмэлздэг.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Гар утасныхаа Reminder, Note апп-ууд дээр тэмдэглэдэг. Voice Memo дээр бас санаануудаа тэмдэглэх нь бий.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ? 

Ойлгомжгүй, тодорхойгүй нөхцөл байдалд орвол нэг их сандралгүй шийдэх гарцыг олдог гэж боддог шүү. Жишээ нь аялан тоглолтоор явж байхад шоу болох газрын тайз нь тэр болгон бидний хүсэл, шаардлагад нийцэхгүй. Тийм үед хурдтай арга хэмжээ авч шийдэл олно.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Би клубийнхээ захирал, бас уран бүтээлч буюу комедианы үүргийг хослуулан гүйцэтгэж байна. Аль аль нь надаас байнга өөрийгөө хөгжүүлэхийг, дасан зохицохыг шаарддаг. Би бол ийм хүн, ийм л ажил хийдэг хүн гээд аливаа зүйлээс хойшоо суугаад байх боломжгүй. Туг барина, тугал ч хариулна гэдэг шиг олон юмыг хийх болдог. Би л өөрөө хөгжихгүй бол бүх юм зогсох магадлалтай байдаг тул хариуцлагатай байхыг хичээдэг. Бизнес удирдах, хүмүүстэй харилцах тал дээр би өөрийгөө хурдан ахиж хөгжиж байгаа гэж боддог. Нэг хүнээс хамааралтай энэ байдал нь нэг талаар сул тал учир сүүлийн хагас жил компанидаа тогтсон системийг бий болгохыг хичээж байгаа.

Эерэг сайн тал гэвэл, харьцангуй эрх чөлөөтэй, өөрийн төлөвлөгөөний дагуу ажилладаг нь таатай байдаг. Стэндап комеди гэх шинэ урсгалыг анхнаас нь таниулж хөгжүүлж ирсний хувьд бас ч гэж олон хүнд танил болсон байна. Энэ нь эргээд бизнест маань эергээр нөлөөж, өөрөөр замнасан бол олдохооргүй байсан олон боломжийг нээж, уулзахааргүй байсан хүмүүстэй уулзуулж байна.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Өөрийн бие даасан уран бүтээл буюу Special шоугаа гаргахаар ажиллаж байна. Энэ төлөвлөгөөндөө жилийн өмнөөс орсон, дахиад нэг жилийн зай байгаа байх. Энэ зорилгодоо өөрийгөө бүх талаар бэлдэж, чамбай бүтээл хийхээр зорьж байна даа.

Тоглолт, шоуны хувьд бид энэ зун анх удаа олон улсын комеди фестивалийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Олон улсын комедиануудыг урьж Silk Road нэртэй наадам, бас монгол комедиануудын том шоуг зохион байгуулах юм.
Ойрын хугацаанд гэвэл Идэрээ, Содоо бид гурав 4 сарын 26, 27-нд Сөүлд 2 орой тоглоно.

Манай компани тоглолт зохион байгуулах, контент хийх, уран бүтээлчдийг хөгжүүлэх, хөгжих орчноор хангах зорилготой. Стэндап урсгалыг олон нийтэд сайн таниулах, хүлээн зөвшөөрүүлэх, чанартай контент хийдэг болох нь манай зорилго. Одоо 10 орчим уран бүтээлчтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Бас шинээр гаргаж ирэхээр зорьж байгаа 7 хүн байна.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Түүхэн роман унших сонирхолтой. Сүүлд "Аугаа эрин - Хөх илдний очис" романыг уншсан, их таалагдсан. Бас мэдээж комедианы хувиар хөгжих зорилгоор алдартай комедиануудын ном бүтээлүүдийг уншдаг. Сүүлд Кевин Хартын "I Can't Make This Up: Life Lessons" номыг уншсан юм байна. The Improv франчайз комеди клубийн үүсгэн байгуулагчийн дурсамжийг уншиж байв. The Comedy Bible гэж бас комедигийн суурь зарчмуудыг өгүүлсэн онолын маягийн номыг нэрлэж болно. Zen and the Art of Standup Comedy номыг бас уншиж байсан.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Хөгжим бол миний нэг салшгүй хэсэг. Өмнө нь хип хоп хамтлагтай байв. Одоо сонсдог хөгжмийн маань тал нь хип хоп байх. Бас фанк, инди, электро урсгалын хөгжмүүд бий. Хөгжмөөр өөрийгөө илэрхийлэхийг хүсдэг болохоор эргээд уран бүтээл хийж магадгүй л байх.

Мөн өдөр бүр гадаадын сонирхолтой подкаст, нэвтрүүлгүүдийг сонсдог. Комедиан, UFC-ийн тайлбарлагч Жое Роганы "Joe Rogan Experience", орчин үеийн сошиал медиа, бизнесийн орчны талаар сонирхолтой мэдээллүүдийг хүргэдэг Гари Вэйнерчукийн "GaryVee" подкастуудыг алгасахгүй сонсдог.

 ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Хүн төрөлхийн дотогшоо юм уу нээлттэй байдаг гэдэгт би итгэдэггүй юм. Нөхцөл байдлаасаа хамаараад аль аль чанарыг нь үзүүлдэг байх гэж боддог. Мэдээж комеди намайг өөрийгөө илэрхийлэх тал дээр сайн хөгжүүлсэн. Бүр анхнаасаа нээлттэй, нүүрэмгий байсан гэж хэлэхгүй ээ.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Дунджаар 8 цаг унтдаг юм байна. Шөнө голдуу 01-02 цагийн үед унтаад 8 цагийн нойр аваад сэрдэг.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Зарим хүн намайг дуртай юмаа хийгээд зүдэх юмгүй их амархан амьдардаг байх гэж боддог байж магадгүй. Үнэндээ зарим үед ядаргаанд орчихмоор их ядарсан байдаг юм. Хоёр жилийн өмнө хатгаа тусаад бие нэлээн чилээрхсэнээс хойш эрүүл мэнддээ анхаарах ёстойг, хэт хүчлэх хэрэггүйг ойлгосон.

Амралтын өдрүүдэд гэр бүлээрээ аав ээжийндээ очих, хотоос гарч салхилах зэргээр гэр бүлдээ л цаг зарцуулахыг боддог. Сүүлийн үед иог хийж байна, төмөр өргөж байна. Дасгалынхаа дараа бясалгах маягтай юм бодож хэдэн минут болоход гоё гоё шинэ санаанууд орж ирдэг. Бас сүүлийн үед компьютерын тоглоом жаахан тоглочихоод байгаа.

Нээрээ, энэ хагас сайн өдөр буюу 4-р сарын 20-нд "Mommy Meetup #2: Жаргалтай гэр бүлийн төлөө" арга хэмжээнд оролцож, аавуудын хэлэлцүүлэгт сууна. Бусад аавуудтай зовлон жаргалаа хуваалцаж, туршлага солилцоно доо (инээв).

Та аавын үүргээ хэрхэн биелүүлдэг вэ? Хүүхэд хүмүүжүүлэхдээ анхаардаг зүйлс?

Ажлаасаа ирээд охиндоо тэврүүлж, охинтойгоо юм ярих хамгийн сайхан шүү. Охиноо цэцэрлэгээс нь авах гэж жигтэйхэн яардаг. Охин маань намар төрсөн юм. Эхнэр төгсөх курсэд байсан болохоор өвөл гэртээ охиноо харж, өдөр бүр салхилуулдаг байв. Тэр үеэс л энэ жаахан амьтны амьдрал надаас, миний сонголтуудаас бүрэн хамаарах юм байна гэж бодогддог, хариуцлагатай байх ёстойгоо ойлгодог болсон доо. Би охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөхдөө “Миний охин ухаантай, мундаг. Найзуудтайгаа эв найртай тоглоорой, багшаасаа юм асуугаарай, цэцэрлэг дээрээ гоё хөгжилтэй байгаарай” гэж урам зориг өгдөг. Бас гэртээ хамт дасгал хийж, хичээж чармайж байгаагаа харуулах зэргээр биеэр үлгэрлэхийг хичээдэг дээ.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Сонсдог подкастууд, үздэг нэвтрүүлгүүдээсээ би төрөл бүрийн шинэ санаа, урам зориг авдаг.

Сүүлийн үед бодит ертөнц гэдэг бол хатуу, өөрчлөгдөшгүй биш байна, амьдралыг хүн хүссэнээрээ бүтээж болдог юм байна аа гэдэгт их итгэх болсон. Хүн бүр өөрийн дотоод ертөнцтэй. Дотоод ертөнцөө өөрчлөхөд эргэн тойрон нь дагаад өөрчлөгддөг юм шиг.
Тэгэхээр хүн өөрийн ертөнцийг яаж бүтээх вэ, өөрийгөө яаж илэрхийлэх вэ, орчлонд зам мөрөө хэрхэн үлдээх вэ, тэр нь ямар арга зам байх вэ гэдгийг эргэцүүлж бодох ёстой юм шиг. Комеди ч хийж байсан, бизнес ч хийж байсан, өөр ч юу хийлээ гэсэн энэ бүх салангид зүйлс цаанаа л нэг зүгт чиглэж байгаа.

Миний хэлэх гээд байгаа энэ санааг манай монголчууд "Сайн явах санааных", "Санаж явбал бүтнэ", "Амны бэлгээс ашдын бэлгэ" гэх зэргээр товч тодорхой буулгасан байдаг шүү дээ. Би 22 настай байхдаа дэвтэр дээрээ "25 нас хүрэх үедээ өөрийн гэсэн комеди клубийг байгуулсан байна" гэж бичиж байв. Өнгөрсөн жил өөрийн гэсэн клубийн байртай болоод итгэж чадахгүй "Хөөх, амьдрал гэдэг чинь ийм байдаг юм байна ш дээ" гэж уулга алдаж байлаа.

Бас өөрийгөө олон хүний ачаар тун ч сайхан цаг үед төрж дээ гэсэн бодол надад эрч хүч өгдөг. Би кабелийн ТВ-тэй, чөлөөтэй гадаад дотоодод зорчдог, интернэттэй үед төрсөн. Харин аав ээжийн үе, эмээ өвөөгийн үе, түүнээс өмнөх үеүдэд зовлон бэрхшээлтэй зүйлс их байсан. Энэ олон хүн зориг тэвчээр, ухаан, золиос гаргасны дүнд, хувьсгалын тохироо бүрдсэн мэт эрх чөлөөтэй, хөгжиж цэцэглэсэн үед төрсөн учраас амьдралаа хий дэмий өнгөрөөх эрхгүй юм шиг санагддаг.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Жое Роганы "Чамд ямар хүн хүндэлж бишрэх сэтгэл төрүүлнэ вэ, чи өөрөө яг л тийм хүн бол" гэсэн үг байдаг. Энгийн бөгөөд яг л хэлчихсэн байгаа биз дээ. Өөрийн үнэлдэг, чухалчилдаг чанаруудыг өөртөө суулгах хэрэгтэйг ойлгуулсан энэ үгийг байнга бодож явдаг. Үүнтэй ижил төстэй нэг үг байдаг нь Махатма Гандигийн "Чи энэ дэлхийд ямар өөрчлөлт харахыг хүснэ, өөрөө тэр өөрчлөлт нь бай" гэсэн үг.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЮУ ГЭЖ ХЭЛЭХИЙГ ХҮСДЭГ ВЭ?

Эхлээд хүн өөрийгөө олох хэрэгтэй л гэж боддог доо. Өөрийгөө олоогүй хүн бусдыг буюу урсгал дагаад явчихдаг. Залуучууд бид энэ амьдралд юу хийх ёстойгоо байнга л эрэлхийлэх хэрэгтэй байх. Хүн дур сонирхол оргилж байгаа байгаа зүйл рүүгээ, тэр чигт тэмүүлэхэд буруудахгүй л гэж боддог.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Ээжийгээ санал болгоё: "Digital Dental Office"-ын захирал, шүдний их эмч Ж.Билгээ. Би ээжийгээ эрхэлсэн ажлаа бүрэн эзэмшсэн мастер гэж боддог. Эмчийн ажлаа ч хийнэ, захирлын ажлаа ч хийнэ. Заримдаа унтахынхаа өмнө ажлаа хийж байдаг. Би ээж шигээ хөдөлмөрч байсан бол одоо их л өөр түвшинд хүрчихсэн байх байсан байх (инээв).

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.