Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   02 сарын 28, 2019

ШИНЭ: "Тогтвортой хөгжил - 2030" цахим товхимлыг танилцуулах нь

Хойч үеийнхнийхээ хэрэгцээгээ хангах боломжийг алдагдуулахгүйгээр өнөөдрийнхөө хэрэгцээг хангахыг тогтвортой хөгжил хэмээн ойлгож болно. Өөрөөр хэлбэл ирээдүйд өөрсдийн болон үр хүүхдүүдийнхээ амьдралыг муутгахгүйгээр амьдралаа авч явахыг, нийгмээ удирдан залахыг тогтвортой хөгжил гэнэ. Тогтвортой хөгжлийн төлөө дуугарах нь, бодитой үйлдэл хийх нь өөртөө болон хайртай хүмүүстээ хийж буй маш том хөрөнгө оруулалт, цаашлаад улс орон, эх дэлхийдээ үзүүлж буй тус дэм билээ. Энэ том асуудалд, энэ том сэдэвт Unread-ийн багийнхан бид онцгой анхаарал хандуулж, хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэхийг хичээдэг бөгөөд энэ бодлогынхоо нэгэн илрэл болгож "Тогтвортой хөгжил - 2030" хэмээх цахим товхимлыг (newsletter) шинээр гаргах болсноо дуулгахад тун таатай байна. Ингээд энэхүү шинэ "бүтээгдэхүүн"-ийхээ тухай өнөөдөр танилцуулъя.

Цахим товхимолд бүртгүүлэхийг хүсвэл энд дарна уу.

 яагаад цахим товхимол гэж?

Хувь хүмүүс Тогтвортой Хөгжлийн Зорилгуудын талаар сонсоод маш их хүчин чармайлт, хөрөнгө нөөцийг шаардсан, хүрэхэд хол мэт зорилтууд байна гэж бодох нь бий. Нэгэн бодлын тийм ч юм шиг. Энэ чинь хүн төрөлхтний "гэрийн даалгавар" шүү дээ. Гэвч үгүй юм. Дэлхий нийтийн эдгээр зорилгуудыг зөвхөн засгийн газар, олон улсын байгууллага, хамтын бүлгүүдийн үүрэг хариуцлага хэмээн ойлгох явдал нэгэнт ард хоцорчээ. Эдгээр зорилгуудыг биелүүлэхэд засгийн газрууд, олон улсын байгууллагууд, бизнес компаниуд, хувь хүмүүс, хэвлэл мэдээллийн байгууллагууд гэх мэт бүх л оролцогч талуудын үүрэг роль нэн чухал юм. Үүнийг ч Тогтвортой Хөгжлийн Зорилгуудад нарийн тодорхой тусгасан билээ.

Тогтвортой хөгжил хэмээх ойлголтыг хүн бүр ухамсарлаж, өдөр тутмын амьдрал дахь энгийн үйлдлүүдээрээ хувь нэмэр оруулж болно гэдгийг ойлгочихвол дээрх зорилгуудыг хэрэгжүүлэх нь тийм ч хэцүү ажил биш болно. Энэ хүчин чармайлтад аж ахуйн нэгжүүд, бизнесийнхний оролцоо ч асар үнэ цэнтэй гэдгийг дурдах учиртай. Хэрэгцээт бүтээгдэхүүн/үйлчилгээг нийлүүлж, хүмүүсийн ажлын байраар ханган ажиллахын сацуу эргэн тойрондоо эергээр нөлөөлөх бусад боломжуудыг эрэлхийлж байдаг хувийн хэвшлийнхний оролцоог таниулж мэдүүлж байх нь зохистой билээ. Хувь хүмүүс, бизнесийнхний тэдгээр сайн жишээг бусдад таниулж, мэдээллийг хүргэн нөлөөллийг бий болгох үүргийг медиагийн салбарын бид үүрэх ёстой юм. Ийм л учраас, тогтвортой хөгжлийг цогцлоох гинжин хэлхээнд холбогч нь, сэдэлжүүлэгч нь байхын тулд бид энэхүү товхимлыг санаачилж буй.

"Тогтвортой хөгжил - 2030" цахим товхимолд бүртгүүлэх

ямар хүлээлттэй байЖ БОЛОХ вэ? 

Бидэнд орчиндоо ээлтэй амьдрах, тэдгээр сонголтуудыг хийх боломж хангалттай их бий. Магадгүй бидэнд тийм хүсэл эрмэлзэл байдаг ч хэрхэн хийх арга замаа олохгүй байгаагаас, энэ талын мэдлэг мэдээлэл дутмаг, хүртээмжгүйгээс тэрхүү сэдэл буурдаг болов уу.

Тогтвортой хөгжлийг дэмжих гэдэг нь өөрийн боломжийг хязгаарлах, тааруу сонголт хийх, хүсэж буй зүйлээсээ шууд татгалзах тухай ойлголт биш юм. Гагцхүү хангалттай мэдээлэлтэй л байвал бид одоогийн амьдралын хэв маяг, орлогын түвшнээ хэвээр хадгалах буюу ахиулахын хамтаар одоогийнхоосоо хэд дахин илүү хувь нэмрийг байгальдаа, орчиндоо, ирээдүйдээ өгч чадна.

Тэгэхээр та бүхэн Unread-ийн цахим товхимлоос тэдгээр арга замууд, технологиуд, сонголтуудын талаар өргөн хүрээний мэдээллийг олж авна. Эко аялал жуулчлал гэж юу вэ? Хэрхэн байгальд ээлтэйгээр амьдрах вэ? Тогтвортой хөгжилд суурилсан ямар технологиуд нээлтээ хийж байна? Дэлхий дахинд ямар сайн жишээнүүд гарч байна вэ? Дотоодод ямар шинэ хэрэгтэй санаачилгууд гарч байна вэ? Ямар компаниуд хаягдал багатай бизнес хийж байна вэ? гэх мэт олон асуултын хариуг танд хүргэж, дор бүрнээ хийж хэрэгжүүлж болох зүйлсийг санал болгож, орчиндоо ээлтэй амьдрах хүсэл, урам зоригийг тань улам бадраах болно.

цахим товхимол хэзээ хүрэх вэ?

"Тогтвортой хөгжил - 2030" цахим товхимлын маань анхны дугаар 3 сарын 6-нд та бүхэнд хүрнэ. Дэлхий ертөнцөд болж гол үйл явдлуудыг багцлан тоймлодог "Unread Weekly" цахим товхимол маань даваа гараг бүр танд хүрдэг бол бид энэхүү шинэ товхимлоо Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран бэлтгэж хоёр долоо хоногтоо нэг удаа, пүрэв гарагт хүргэх юм.

Энэхүү товхимлыг тогтмол уншина гэдэг л бидний яриад буй өнөө хувь нэмрийн нэг хэлбэр юм. Уншаад найз нөхөд, эргэн тойрныхондоо түгээвэл, санал болгодог байвал бид танд гүнээ талархах болно. Та ч гэсэн өөртөө талархах нь дамжиггүй биз ээ.

БҮРТГҮҮЛЭХ: "ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ - 2030" ЦАХИМ ТОВХИМОЛ

"Тогтвортой Хөгжлийн Зорилгууд" булантай танилцах:
http://www.unread.today/posts/category/10

Холбоотой зарим нийтлэлүүд:

2030 ОНЫ ДААЛГАВАР: 17 ЗОРИЛГО - 17 АСУУЛТ
GLOBAL GOALS: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА!
"ЗАЛУУЧУУД ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ АВЧИРНА": 17 ЗОРИЛТ - 17 САНААЧИЛГА

13006   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

О.Бүтэд
Э.Ганбаатар
Д.Ганзориг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.