Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   02 сарын 11, 2019

Валентины баярт: Хайрын тухай ярилцацгаая!

Энэ орчлонд хүн буй болоод олон мянган жилийг элээж, асар их өөрчлөлтийг туулжээ. Хүн бөөрөнхий дэлхийн өнцөг буланд бүрд хэдэн мянган үндэстэн ястан болон тархаж, буман зүйлийн хэлээр ярих ажгуу. Тэдгээрийн ертөнцийг үзэх үзэл, соёл уламжлал, зан заншил түмэн янз. Эдгээр хүмүүсийг нэгэн дор цуглуулбал хоорондоо ойлголцох гэж их л бэрх явдал болно. Тийм боловч усан нүдэт, цусан зүрхт хүн гэгчийг цаг хугацаа, орон зай, арьсны өнгө, үзэл бодол, ер зааглагч бүхнээс үл хамааран ХАЙР хэмээх агуу хүч нэгтгэн ойртуулдаг билээ.

Түүхийн туршид хүмүүс хайрынхаа төлөө, хайраа өгсөн нэгийнхээ төлөө уйлж дуулж, цэнгэж гансарч, ялж ялагдаж, мандаж уруудаж, бичиж туурвиж иржээ. Яагаад гэвэл хайр гэдэг хүнийг хүн болгодог сэтгэлийн шидэт долгион юм. Амьдрах их хүслэн юм. Оршихуйн мөнхийн ундарга юм.

Хайрын хамгийн сод гайхамшиг нь магадгүй түүний тоолж баршгүй олон хэлбэр, хувирал биз ээ. Хорвоогийн тоосыг хөдөлгөөд буцсан, өдгөө хөдөлгөж буй хүн бүхэн бүгд хайр сэтгэлийг өөр өөр янзаар мэдэрч, өөр өөр аргаар илэрхийлдэг. Та цор ганц, таны хайр давтагдашгүй.

Хайр сэтгэлийн тоолж баршгүй олон тохиолыг нэмэх, хайрын шинэ өнгийг бүтээх хувьтай бид. Хайрлан дурлаж, амьдралын амт шимтийг мэдэрч, санаж эгээрч явах билээ. Ийнхүү энэ агуу хүчийг магтан дуулаад, Валентины өдөрт зориулсан тусгай нийтлэлийг хүргэе. Нийтлэлийнхээ санааг гаргах гэж "нэлээн юм" болсон багийнхаа бүх гишүүдэд бичих онгодоо дуудаг хэмээн "эморох" нөхцөл боломжийг хангалттай их олгосон гэдгээ энд зориуд дурдсу. Та бүхэн бидний хайр сэтгэлийн их далайгаас сувд мэт хэдэн түүхийг шүүрдэж, хайраа илэрхийлэх буюу бататгахад туслах санаануудыг эмхэтгэснийг хүлээн авна уу.

Д.Ганзориг

Хүн бүрд байдаг нэг гол хэрэглэл бол түрийвч. Биеэсээ салгадаггүй тэр зүйлийг нь бэлэглэе гэвэл Levi's-ийн түрийвчийг санал болгоё. Хайрт чинь таныг байнга бодож, түрийвчиндээ шургуулсан таны зургийг байнга үзэх болно.

ҮҮРД ЧИНИЙХ БАЙХЫГ ХҮСНЭ (Б.Батзаяа)

2007 оны үед санагдана. Юу ч хамаагүй орчуулж, эмхэтгэж гаргахын мөрөөсөл болсон миний бие мэдэх мэдэхгүй, чадах чадахгүй зүсэн зүйлийн сэдэв, ном барьж аваад нухдаг байлаа. Яг юунаас сэдэл авснаа санахгүй ч “Бүх цаг үеийн алдарт хайрын захидлууд” гэх эмхэтгэл хийхээр 1400-аад оноос эхлэн зуун зуунаар нь шүүн, чадан ядан орчуулж байж. Хэдий уг эмхэтгэлийг дуусгаж чадаагүй ч өнөөдөр танд орчуулгын минь нэгээхэн хэсэг хүрч байна. Хайр гэдэгт зүйл цаг хугацаанаас үл хамааран ертөнцийг эрхшээдэг аж. Мянганы өмнө амьдарч ахуй, хаан боол үл ялган хайр сэтгэл дэлхийг ноёлж, захидал хэмээх чимээгүй үгсээр сэтгэлийн чавхдасыг хөглөж байсан ажгуу. Танд хүргэх захидлыг учрыг товч тайлбарлаваас:

“Английн хаан Генрих VIII тухайн үед оршин байсан Арагон хаант улсын (одоогийн Испани улсын нэг хэсэг) гүнж Катеринатай гэрлэсэн байсан боловч сурвалжит айлын охин Анна Боленд (1501 - 1536) хайр сэтгэлээ илчилж байжээ. Түүний Анна Болен руу илгээсэн хайрын захидлууд Ватиканы номын сангаас олдсон бөгөөд Генрих Арагоны Катеринатай гэрлэсэн гэрлэлтээ цуцлуулахаар оролдож байх үед эдгээр захидлуудыг Анна Боленаас хулгайлж Пап ламтан руу нууцаар илгээсэн гэж үздэг. Генрих 1533 онд Катеринагаас салж Аннатай гэрлэжээ. Мөн онд Анна охин төрүүлсэн нь хожим Английн хатан хаан Элизабет I гэж алдаршсан юм. Гэвч тун удалгүй 1536 онд Аннаг буруу номтон хэмээн олны өмнө цаазаар авсан байна. Аннагийн төрүүлсэн охин буюу хожмын Элизабет I хатан хааныг хууль ёсны бус гэж үзэн цаазаар авахыг оролдож байсан юм. Эдгээр захидлуудыг 1528 онд бичигдсэн гэж үздэг ба Аннагийн хариу захидлууд хэзээ ч олдоогүй аж. Захидлууд Франц хэл дээр бичигдсэн байжээ.”

Амраг минь, бүсгүй минь:

Намайг алсад, эзгүй байх хойгуур сэтгэл чинь хөрч, санаа бодол чинь хувираасай гэж үл хүсэх тул би өөрийгөө, дурласан зүрхээ турьхан алган дээр чинь тавья. Тэнгэрийн од, эрхэс, нар, сар цөм хүршгүй алсад оршдог шиг тарчилж, шаналж байгааг минь хэмжих арга алга. Хоног өдөр удааширч, хором мөч урагш ахихгүй байгаа юм гэж үү? Хол байгаа хэдий ч хайр минь унтрах биш харин ч улам дүрэлзэн асаж байна. Чинийх ч мөн ялгаагүй гэж найдна. Хүсэл байх авч хүрч очих чадал мөхөсдөх тэсэхүйеэ бэрх юм. Гэхдээ итгэл найдвар минь ган мэт бат бэх хэвээрээ байна. Чамтайгаа нүүр тулан учрах боломж үгүй тул чинийхээ нэгэнт мэдэх болсон аргаар өөрийнхөө зургийг шигтгэсэн бугуйвчийг илгээе. Танхил чамд минь илгээмж хүрэх үед тэдний оронд байх сан гэж мөрөөднөм.

Намайг өөрөөсөө түлхсэн, эс түлхсэн мэт захидлыг тань уншаад юу гэж ойлгохоо үл мэдэн шаналж сууна. Зүрхэнд минь хайрын сум сүлбэн ороод даруй жил өнгөрч…

Гэтэл алслан одсон энэ хугацаанд, өдийг хүртэл сэтгэлийн чинь аль нэг хэсэгт намайг гэх орон зай байдаг эсэхийг үл мэдэн тарчилж, гоо сайхны тань өмнө хүчин мөхөстөх миний бие бидний энэ хайр дурлалыг юу гэж боддогоо нуулгүй хэлээч гэж сөгдөн гуйнам. Заримдаа захидалдаа “Амраг минь” гэж бичихээс айх юм. Нэгэнт надад хайргүй бол ингэж нэрлэх нь зохимжгүй. Хайр дурлалын оргилд хүрч байж ингэж дуудах учиртай бус уу?

Гэхдээ… Хэрэв чи амраг минь байхыг хүсдэг бол, өөрийн бие, сэтгэлийг надад өгөхөд бэлэн байгаа бол чамайгаа амраг минь гэх бус харин амьдралын минь цорын ганц хайр минь гэе. Чамаас бусдыг ухаан бодлоосоо таягдан хаяж, зүрх сэтгэл минь ганцхан чамд үйлчилнэ гэдгийг амлая. Хэзээд чиний үнэнч боол байсан билээ би. Цаашид ч боол чинь байхыг хүснэ. Тийм учир миний энэ болхи захидалд шийдтэй хариу өгөхийг гуйж байна. Бичгээр хариу өгөхийг эс хүсвэл биечлэн уулзаж сэтгэлийн минь үгийг сонсооч. Хаана гэдгийг л надад хэлчих, хүрээд очъё. Битгий ай!

Үүрд чинийх байхыг хүсэх тэр л хүний гараар бичигдэв.

Таны үнэнч боол,
Генрих Р.

Мonet” ресторан 19 дүгээр зууны алдарт зураач Клауд Монэгийн нэрээр нэрлэгджээ. Зөвхөн Монэ л ногоон навчис дээрх гэрэл сүүдэр, үүлсийн гайхамшигт хэлбэр, хэн нэгний зурвасхан инээмсэглэлийг гайхмаар дүрсэлсэн шиг хайртынхаа эгнэгт санан дурсах жаргалтай мөчийг Monet Restaurant Ulaanbaatar-т бүтээгээрэй.

ТООНООР УНАХ ЦАСАН ШИРХЭГ МЭТ (Д.Ганзориг)

Оюутан байхдаа би нэг хэсэг яруу найраг их сонирхсон сон. Шүлгийн ном гайгүй уншдаг байлаа. Нэг удаа сургуулийн самбар дахь зараас харсан уу, МУИС-ийн утга зохиолын дугуйланд яруу найрагч Л.Өлзийтөгс ирж уулзалт хийнэ гэдгийг мэдлээ. Сонирхол төрж тэрхүү уулзалтад яваад очлоо доо. Манийг бодвол “жинхэнэ” шүлэгч залуус босоод тэрлэсэн мөртүүдээ уншин сонирхуулж, зочин найрагчаас асуулт асууж байв. Л.Өлзийтөгс нэг хариултдаа Б.Явуухулангийн “...Голоос хайртай амраг минь Шөнөдөө гэрэлтэм царайлаг даа…” гэдгээс

"Чиний бороо тоссон алга чинь
Дөнгөж ниссэн шувууны үүр шиг халуухан юм
Чиний нар ичээсэн харц чинь
'Дөрвөн уул'-ын цэнхэр аялгуу шиг бүлээхэн юм"
гэх мөрүүдийг илүү яруу гэж боддог хэмээсэн юм. Энэ бол яруу найрагч Д.Баттогтох агсны “Сарны охин” шүлэгний нэгээхэн хэсэг ажээ. Ингэж би Баттогтох хэмээх найрагчийг мэддэг болов. Дөрвөн уулын тэр цэнхэр аялгууг сонсож, "Сарны охин”-оор ч хэсэгтээ өвчлөв.

Шүлэг цааш ийн үргэлжилдэг:

Чи
Одтой шөнөөр олж хараагүй од юм
Чи
Одоо хүртэл бодоод санаанд минь ороогүй шүлэг юм.

Чи миний сэтгэлд тооноор унах цасан ширхэг мэт буусан
Би чиний буух замаар гэртээ харьж явсан…

Яаж ингэж гайхалтай хэлж чаддаг байна аа? Эмэгтэй хүн байсан бол би энэ шүлгийг надад уншиж өгсөн залууд бараг шууд л дурлах байсан байх гэж бодогддог. "Хүний сэтгэлд тооноор унах цасан ширхэг мэт буух”-аас илүү гоё зүйрлэлийг би хэзээ ч олж чадахгүй байх. Зүрх сэтгэлийн ямар гээчийн гоё нэвтрэлт вэ.

Өөр нэг шүлэгт нь:

Араг үүрч аргалд явах юмсан, бодол түүх юм сан
Айлынхаа охиныг мөрөөдөж зүүдлээд нүдэн дээр нь үнсэх юм сан… гэсэн гэгээн мөртүүд байдаг. Яагаад ч юм, харж явдаг охиноо мөрөөдөж зүүдлээд хацар дээр нь биш, уруул дээр нь биш, нүдэн дээр нь үнсэнэ гэдэг бүр ч илүү илэрхийлэл, дүрслэл мэт санагддаг.

Хүнд өвчний улмаас ердөө 27 настай хорвоогоос одсон тэр яруу найрагч найзынх нь хэлснээр ариун цагаан сэтгэлээр, утга уянгын шүлгүүдээр хүнийг орчлонг аргадаж явсан гэдэг. Д.Баттогтох сайхан сэтгэлтэй сувилагч бүсгүйд хайртай, нөгөөх нь ч түүнд сэтгэлтэй байжээ. Амьдралынхаа сүүлчийн хормуудад тэрээр хайртай бүсгүйдээ “Би чамд хань болж чадахгүй ээ. Чи намайг мартаад амьдралаа бод” хэмээсэн хүнлэг бөгөөд гунигтай түүх бий. Тэдний хайр үнэхээр цэвэр ариун сэтгэлийн хайр байсныг шүлгүүдийг нь уншаад үзсэн хэн ч ядах юмгүй ойлгоно.

Ямар ч шунал тачаалгүй, ууч, өрөвч сэтгэлтэй гэгээнтэн мэт тэр найрагч бол оногдсон тавилангаа ер бусын амгалан тайвнаар хүлээн авч, ахархан богино насандаа эерэг сайхныг цацрааж, хайрын тухай дуулсан шиг дуулж, орчлонгийн сайхныг дуу алдан өгүүлж байсан гайхамшигт хүмүүн. Тэгээд л тэр:

Хол явах юмсан, орон гэрээ санаж уйлах юмсан
Хоног өдрүүдийг тоолж, хэн нэгний илгээсэн
Нулимсан дусалтай захиаг уншиж өөрийгөө мэдрэх юм сан… хэмээн мөрөөдсөнөө биелүүлэхээр хулжин оджээ.

Хайр маш олон янз. Модны үндэс мэт гүн гүнзгий, дэлбээлж буй нахиа мэт нялх, нар сар мэт холын... Хайр олон янз ч хайраа илчлэх хамгийн нандин, хамгийн сонгодог арга олонгүй мэт. Түүний нэг нь хайртдаа цэцэг барих явдал билээ... Flower Fairy-ээр дамжуулан нандин хайрын түүхээ хамтдаа бичихийг танд санал болгоё.

"Хайр цор ганц” (М.Хулан)

Надад бол “Хайр гэж юу вэ?” гэх нь “Чи амьсгалдаг уу?” гэж асууж буйтай адил энгийн хэрнээ инээдтэй асуулт.

Би өөрөөсөө энэ асуултыг сэмээрхэн асуугаад хариултыг нь олохгүй тэвдэж билээ. Хүн өөрийнхөө ертөнцөөс гарах тусмаа өөрийгөө илүү нээдэг гэдэг шиг бусдын хайрын түүхийг сөхөх төдийд л би өөрийгөө хайрын тухай юу ч мэдэхгүйгээ мэдэх юм. Магадгүй энэ захиа жинхэнэ хайр гэдэг эцэс төгсгөлгүй, гэгээн, үхлээр ч үл хязгаарлагдам зүйл болохыг илтгэсэн бололтой.

Та хайрын тухай юу мэддэг вэ? Хайрын тухай олон тодорхойлолт, олон өнгө байдаг. Нобелийн шагналт, алдарт физикч Ричард Фейнманы хайрт эхнэр нь тэнгэрийн оронд одсоноос хойш 16 сарын дараа бичсэн дараах хайрын зурвас өөр нэгэн онцгой түүхийг өгүүлэх болно.

Хонгорхон Арлин минь,

“I adore you, sweetheart”

Энэ үгийг сонсохдоо чи минь жигтэйхэн дуртай байж билээ. Зөвхөн чамайг баярлуулахаас гадна энэ үгс намайг дулаацуулах ид шидтэй болжээ.

Чамдаа захидал бичээгүй ямар ч удсан юм бэ дээ? Зөрүүд, уянгын халил үгүй зангаасаа болж сэтгэлээ уудлаагүй бараг хоёр жилийн нүүр үзсэнг минь ойлгоорой. Би чамдаа хайртай гэдгээ хэлэхийг, улам ихээр хайрлахыг, түүгээр ч зогсохгүй үүрд хайрлахыг хүсэн сууна.

Тэнгэрт одсоноос чинь хойш, миний чамайг гэсэн хайр хэрхэх бол хэмээн бодож байсан ч одоог хүртэл чамайгаа тайтгаруулмаар, энхрийлмээр санагдах юм. Бас чинийхээ хайрыг хүсэн хүлээсээр л. Чиний зөвлөгөөнүүд хэрэгтэй асуудлууд хэчнээн их гээч. Чамтай хамт хийхийг хүссэн зүйлс, хамтдаа бүтээж болох байсан зүйлс ч дундрахгүй юм. Хамтдаа хувцас хийх, хамтдаа хятад хэл сурах, эсвэл бяцхан кино үзвэрийн проектортой болох… Адал явдлыг эрэгч, аз жаргалыг минь бүтээгч чамгүйгээр эднийг төсөөлөхийг ч хүсэхгүй нь.

Энэ хайр чамаас хариу нэхэхгүй. Намайг гэх чи үгүй байгаа ч би чамайг хайрласаар л. Өдийг хүртэл маш үзэсгэлэнтэй, мөн ухаантай нэгэнтэй учирсан байлаа ч энэ дэлхийд үгүй чамайг минь хэн ч орлож үл чадна. Эмнэлгийн орон дээрээ хүртэлт надад хийж өгч чадаагүй зүйлийнхээ төлөө зовнин суусан чи минь. Миний төлөө одоо санаа зовох хэрэггүй дээ.

Магадгүй чи намайг бүгдийг мартан илүү аз жаргалтай ирээдүйг ганцаар бүтээгээсэй хэмээн хүсэж буй биз. Өдийг хүртэл миний амьдралд өөр нэгэн гол дүр байтугай найз бүсгүй байхгүй байгаад чи гайхах нь тодорхой. Чи л миний хайрын түүхийн гол дүр, цаашдаа ч тиймээрээ байх болно.

Хайрт эхнэр минь чамдаа би хайртай.

Ричард

Жич: Энэ захидал хэзээ ч эзэндээ хүрэхгүй нь харамсалтай. Учир нь би чиний шинэ хаягийг үл мэднэм.

Хайртдаа өгөх хамгийн нандин бэлэг бол түүнтэй хамт өнгөрөөх цаг хугацаа, зэрэг цохилох бугуйн цаг. Хамт өнгөрөөсөн, дурсамж бүтээсэн, хайрлаж дурласан мөчүүдийг тань илтгэх “Swatch” цагийг санал болгоё.

Хайр бол чи. Чи бас би. (А.Ундрал)

Хайрлаад төрдөг мэдрэмжийг ямар үг хамгийн төгс илэрхийлж чадах вэ?

Бүтэн. Бүрэн. Дүүрэн.
Итгэл. Дулаан. Хүлээлт. Золиос. Мөрөөдөл.
Аз жаргал. Утга учир. Хүсэл тэмүүлэл. Эрч хүч. Түшиг тулгуур. Үгүй ээ, хангалттай биш байна. Нэг л биш. Эсвэл бүгдээрээ нийлэх учиртай юу?

Хүн төрөлхтний бүтээсэн ямар ч “үг” тэр мэдрэмжийг бүрэн төлөөлж чадахгүй гэж үү?
Уншиж буй зохиол бүрээсээ, автаж буй дүр болгоноосоо, хөвж буй өрнөл бүхнээс эрж хайлаа. Огт өөр ертөнцөөр аялуулж, гайхамшиг бүрийг төсөөлөлд минь амилуулдаг дуртай дуу болгоноо онгичлоо. Хариултаа олсонгүй.

Тэгвэл хайр ямар өнгөтэй юм бол? Бүрх малгай духдуулж, цоохор хантааз өмссөн гудамжны зураачид баахан өнгийн будаг өгөөд хайрыг зур гэвэл хэрхэн дүрслэх байсан бол?

Зүрх өвтгөж, сэтгэл шархлуулдаг болохоор хар бараан өнгөтэй юм болов уу? Гал шиг дүрэлзэж, зориг самбаатай болгочихдог юм чинь улаан өнгөтэй юм болов уу? Бөөн эргэлзээ төрүүлж, хариултгүй асуултанд умбуулдаг болохоор саарал өнгөтэй юм болов уу? Баяр хөөр бэлэглэж, эрч хүч нэмдэг бол ямар өнгөтэй гэх бол? Эрүүл ухааныг мартагнуулж, зүүдэндээ хөвж буй сэтгэгдэл төрүүлдэг бол, ухаан бодлыг уймруулж, хөнгөн гунигт автуулчихдаг бол ямар өнгөтэй гэж нэрлэх вэ? Эсвэл зүгээр л больчихъё гэж бууж өгөөд бүх будгаа холиод бантан болгоод хаячихад болох биш үү?

Үнэхээр “ганц” өнгөөр хайрыг төсөөлж болохгүй гэж үү? Хэзээ ч бүрэн ойлгохгүй гэдгээ мэдэх ч шантрахгүй ширтэн суух уран зураг бүрээс эрлээ. Ухаарал хайрлаж, сэдэл нэмдэг дэлгэцийн бүтээл бүрээс хайлаа. Бас л болсонгүй.

Тэгтэл дээр тавьсан санамсаргүй ч юм шиг асуултынхаа хариултыг би “санаатай” тавьсан дуртай дууныхаа үгсээс бас аялгуунаас олох шиг санагдсан юм.

Хайр бол чи.
Чи бас би.
Хайр бол жинхэнэ. Жинхэнэ хайр.
Хайр бол мэдрэмж. Хайрыг мэдрэхийн нэр.

Леннон энэ дуундаа ямар ч баггүй үнэнээрээ, ямар ч маяггүй байгаагаараа, яг жинхэнээрээ, сэтгэлээсээ дуулж байгаа юм шиг санагддаг. Энгийн бас жинхэнэ. Хайр гэдэг бол чи бас би. Хайрыг бүтээгч, хайрыг мэдрэх, мэдрүүлэх тэдний бүтээл. Харин түүний өнгө нь тэндээс ундран урган цалгих, тэдний хамтдаа сүлэн бүтээх сэтгэлийн илэрхийлэл.

Хайрыг би энэ амьдралаас тамшаалж болох хамгийн үнэн мэдрэмж гэж ойлгодог. Хамгийн төвөгтэй боловч хамгаас тодорхой. Хамгийн нандин бөгөөд хамгаас эмзэг. Хамгийн үнэн гэвч бүхнээс эргэлзээтэй тэр мэдрэмж.

Дарс удах тусмаа амт нь төгөлдөрждөг гэлцдэг. Амтны сайханд нар, сар, салхи бороо ч мөн нөлөөлнө. Хайр ч бас нар, сар, цас бороонд хамт байж цаг хугацааг өнгөрөөх тусмаа илүү амт шимттэй сайхан болдог биз. Урт удаан хугацааг хамт өнгөрөөх түүнтэйгээ Шинэ Зеландын алдарт Марлборо дарсны бүс нутгийн гол илэрхийлэл болсон жимслэг амт, сайхан үнэр бүхий Cloudy Bay-ийн дарсыг хувааж уугаарай.

солонгын өнгөтэй мэдрэмж (Д.Мөнхбаясгалан)

"Хайрлах нь цорын ганц оновчтой сонголт" (Love is the only rational act) гэх ганц өгүүлбэр Tuesdays with Morrie номоос ой тойнд маань их тодоор үлдсэн байдаг юм. Би үүнд чин сэтгэлээсээ итгэдэг бөгөөд амьдралд тохиох салаа замын уулзвар бүрд хайр мэдрүүлсэн замыг нь сонгохыг хичээх болсон. Энэ бодлыг маань улам бататгах мэт нэгэн гайхалтай хийцтэй, хуучны классик бүтээл санамсаргүй олж үзсэн нь 1998 онд бүтээгдсэн Pleasantville кино байлаа. Хэн ч хэзээ ч дүрмээс гаждаггүй, гомдоллодоггүй нэгэн хэвийн аз жаргалтай тосгонд гэнэтхэн сэтгэл хөдлөл, жинхэнэ хайр бий болсноор ямар их өөрчлөлт гардаг гээч...

Дуртай ажлаа хийгээд орой нь гэртээ харихад хамгаас хайртай хүмүүс маань инээмсэглээд угтдаг амьдрал л миний туйлын хүсэл билээ. Энгийн боловч миний хувьд аз жаргалыг ингээд л тодорхойлчихож байгаа нь тэр бөгөөд бүх хүн амьдралдаа сэтгэл хангалуун, жаргалтай байвал хэчнээн сайхан. Гэхдээ амьдралыг зөвхөн жаргалтай, эсвэл зовлонтой хэмээн хоёр хуваан тодорхойлох нь Ван Гогийн бүтээлийг хар, цагаанаар харуулдаг шилний цаанаас бишрэн шүт хэмээн тулгаж буй мэт уйтгартай, утга учиргүй санагдах юм.

Зүрхэнд хүрч, сэтгэл хөвсөлзүүлсэн тэр нэг хүнээс үүдсэн гунихрал шүлэг тэрлэх онгод хөглөдөг шиг бороотой өдөр цонхоор ширтэн суухдаа, дуртай хөгжмөө амьдаар нь сонсохдоо, чадах эсэхдээ эргэлзсэн хэвээр том боломж руу зориглон үсрэхдээ, орчноо үл анзааран хайртай хүнийхээ нүд рүү ширтэхдээ мэдэрдэг бүхэн л угтаа амьдралыг маань өнгө будаг нь холилдсон гайхалтай урлагийн бүтээл мэт болгодог биз ээ. Энэ бүх мэдрэмжийг хар цагаан, сайхан муухай, эсвэл жаргалтай зовлонтой аль нь болохыг хэлж мэдэхгүй ч бүгд өөр өөрийн гэсэн өнгө, утга учрыг ардаа нууж байдаг гэдэгт итгэдэг.

Тийм ээ, утга учир, үнэ цэн бүхий дуртай ажил, үргэлж бие биесээ дэмжин түших хамтрагч, гэр бүл маань жаргалтай амьдралын маань хамгийн том орц нь мөн хэдий ч түүнтэй хамт ирэх олон өнгийн сэтгэл хөдлөл, адал явдал, баяр гуниггүйгээр хэрхэн төсөөлөх билээ. Хайр халуун дулаан, бүрэн дүүрэн мэдрэмжээс гадна гуниг харуусал, ганцаардлыг ч хамтад нь агуулж байж бидний амьдралд төгс хувилбараа олдог болов уу.

Валентиныг зөвхөн хосууд л тэмдэглэдэг гэж үү? Үгүй шүү. Та хэдийн хос болчихсон бол хайртай хүндээ, хараахан амжаагүй бол өөртөө бэлэг өгөөрэй. Аль ч тохиолдолд Beauty Secrets-ийн бэлэг танд яг тохирно.

Хамгийн сүүлчийн амлалт (А.Аззаяа)

Бидний хайрын түүх их гайхмаар. Гэнэн томоогүй, үерхэл, хайр гэдэг зүйлийг огт мэдэхгүй тийм жаахан хүүхэд байхаасаа л нөхөрлөж эхэлсэн. Зүгээр л найз төдий гэж боддог байсан хүн бүхий л амьдралын минь утга учир болно гэж хэн санах вэ дээ. Хэдий бидний хайр удаан үргэлжлээгүй ч үүрдийн ариун нөхөрлөлийнхөө төлөө би чамайг мөнхөд нандигнасаар байхыг хүснэ. Магадгүй чи гайхах л байх, яагаад надад энэ бүхнийг хэлж байгаа юм бол гэж. Санаж байна уу? Миний хамгийн сүүлд чамд өгсөн амлалтыг? Анх эхэлснээс дуусах хүртэл чамдаа өгсөн амлалтуудаа бүгдийг нь биелүүлэхийг хүссэн юм. Биелүүлэх албагүй л дээ. Гэхдээ энэ амлалтыг л биелүүлэхийг маш их хүссэн. Энэ захидлаар чамдаа хэлэхийг хүссэн үг бүхнээ сэтгэлийн угаас гарган хэлэхийг хүслээ. Чамд өгсөн хайр, хүндэтгэл, итгэл найдвар, уйтгар гуниг, харуусал, гомдол бүхнээ үүнтэй хамт үдье.

Чамайг харахад зүрхэнд минь асар олон цэцэг дэлбээлдэг. Сарнай цэцэг атаархмаар үнэртэй, нил цэцэг шунамаар өнгөтэй, алтанзул бадамлянхуагаас үзэсгэлэнтэй цэцэгс дэлгэрдэг. Магадгүй чиний ид шид тэр биз.

Чамайг байдаг гэдгийг ч мэддэггүй байсан үе рүү буцмааргүй байна. Албаар. Чиний байгаа үгүйг ч мэдэлгүй амьдарч байсан хором бүр их харамсмаар санагддаг болсон. Хамтдаа байсан ч бай, байгаагүй ч бай чи миний амьдралд орж ирж гэрэл гэгээг нэмсэн болохоор. Хувь тавилан байсан ч эрт учирсан бол гэж боддог. Зүгээр л бид буруу цагтаа учирсан зөв хүмүүс юм шиг...

Чиний надтай хуваалцсан бүхэн надад зүйрлэшгүй үнэ цэнтэй бөгөөд хэн ч булааж авч чадахааргүй. Чиний аядуу зөөлөн байдал, надад өгсөн нөхөрлөл гээд бүх зүйл маш нандин. Зүрхэнд минь хэзээ ч мартагдахгүй өнгөрсөн цаг болж үлдсэн. Хожим хөнгөн гуниг төрүүлэх тэр дурсамж бүхэнд, хором мөч бүхэндээ би хайртай.

Харамсахгүй ээ, бас баярлалаа. Дурсамж болон үлдээсэн бүхэнд чинь сайн сайхныг л хүснэ би. Аз жаргалтай мөч, түүнийг бэлэглэсэн хүн хоёрыг мартахгүй...

(Захидлын хэсгээс)

Усан ягаан өнгийн болор зүрхэн энэ зүүлт бол өөрийн зүрх сэтгэлийг даган зоригтой, бадгангуйгаар хайраа илэрхийлэхийн бэлгэдэл болсон гоёл билээ. Нарны гэрлийн тусгалд бүр ч сэтгэл татам, тансаг харагдах, хамгийн романтик гэгдэх Capri, Formentera, Portofino, Stromboli арлуудаас санаа аван бүтээсэн гүн утга бүхий Swarovski зүүлтийг валентины хамгийн онцгой бэлгэнд санал болгоё.

Сэтгэл гаргаж бүтээсэн нийтлэлийг маань дуустал уншсан танд баярлалаа. Юу бичих билээ, ямар түүхийг сонгох билээ гэж бид сүүлийн хэд хоног жигтэйхэн бажгадаж, хэрэндээ их хичээсэн юм шүү. Бидний дахин дахин онцолсончлон хайр гэдэг тоолшгүй олон өнгө, хэлбэртэй. Бид энд өөрсдийн хайрын түүхийг бүтээсээр, та тэнд өөрийн хайрын жимийг гаргасаар яваа. Онцлох ёстой, дэлгэх ёстой гайхалтай хайрын түүхүүд, захидлууд, сэтгэл хөдлөлүүд цаана нь өчнөөн бий. Тэр бүхнийг дараагийн удаа хэмээн баяртайгаар үлдээгээд энэхэн нийтлэлээ жаргаая.

Уншигч танд Валентины өдрийг мэндийг хүргэе.
Хайр сэтгэл мандтугай.

НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

А.Аззаяа
А.Амаржаргал
Б.Батсайхан
Б.Батзаяа
О.Бүтэд
Д.Ганзориг
Д.Мөнхбаясгалан
Б.Намуунцэцэг
А.Ундрал
Н.Халиунаа
М.Хулан

Креатив директор:

Б.Батзаяа
О.Бүтэд

Гэрэл зургийг:

Г.Ананд

Хандалт / Сэтгэгдэл:

37839   6

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.