Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   01 сарын 11, 2019

Шинэ оныг ухаалгаар эхлүүлэх нь: Зөв дадлуудыг хэвшүүлэхэд туслах 11 чухал санаа

Шинэ он гараад 10 гаруй хоночихлоо. Та бүхэн шинэ оны зорилтуудынхаа араас эрч хүчтэй явсаар байгаа биз дээ? Гэхдээ зарим хүмүүсийн хувьд юмс санаснаар нь болж өгөхгүй, гоё сайхан зорилтуудаа мартагнасан явж байж ч магадгүй. Ер нь яг өөрийн гэсэн систем, зөв сайн дадлуудгүйгээр тавьсан зорилтдоо хүрнэ гэдэг шулуухан хэлэхэд боломжгүй л дээ.

Тийм ч учраас бид уншигчдадаа бүтэн жилийн турш эрч хүчтэй, арга стратегитай байхад нь туслахаар энэ нэгдүгээр сарыг "Өөрийгөө хөглөх сар" болгон зарлаж, өөрийгөө өөрчилж сайжруулахтай холбоотой нийтлэлүүдийг хүргэсээр байгаа билээ. Энэ удаа бид хамгийн нөлөө бүхий блоггеруудын нэг, зохиогч Райан Холидэйн бичсэн, зөв сайн дадлуудыг өөриймшүүлэх зөвлөгөө нийтлэлийг орчуулан хүргэж байна. Дадал зуршил тань таныг илэрхийлнэ. Түгээмэл биш энэ зөвлөгөөнд дурдагдсан санаануудыг хэрэгжүүлж чадвал та 2019 онд гайхалтай өөрчлөлтүүдийг хийх болно.

ЖИЖИГ СЭТГЭ - ҮНЭХЭЭР ЖИЖИГ ШҮҮ

Зохиогч Жэймс Клир "бяцхан дадал" (atomic habit) гэх санааг тодорхойлон гаргасан. Энэ нь таны амьдралд томоохон эерэг нөлөөг авчрах жижиг дадал юм. Британийн дугуйн баг бүх л үзүүлэлтээ 1 л хувиар нэмэгдүүлэхэд төвлөрч, улмаар амжилтаа суга ахиулсан түүх бол түүний ярьдаг олон жишээний нэг. 1 хувь гэхээр өчүүхэн сонсогдож болох ч энэ өсөлт нь хуримтлагдсаар эцэстээ томоохон нөлөө үзүүлдэг байна. Томоор сэтгэ гэж ярьдаг шиг, хүн өөриймшүүлэхийг хүсэж буй чухал дадал хэвшлүүд дээрээ жижиг сэтгэх учиртай гэнэ. Маш их уншина гэж өөртөө бүү амла. Харин өдөр бүр нэг хуудас уншина гэж амла. Том сэтгэх нь гоё л доо. Гэвч жижиг сэтгэх нь хавьгүй хялбар. Аливаа зүйлийг эхлүүлэхдээ амар хялбарыг нь л бид сонгодог шүү дээ. Харин нэгэнт эхлүүлсэн хойно түүнийг ахиулж хуримтлуулж болдог.

БИЕТ САНУУЛГА ТАВЬ

Биет сануулга нь өөриймшүүлэхийг зорьж буй дадал, стандартыг хийсвэр зүйл биш болгож, их дэм болох болно. Зохиолч, санваартан Уилл Бовен хүмүүсийг гомдоллосоор байдаг зуршлаас нь ангижруулах энгийн аргатай. Тэрээр өөрийн цуглаанд ирэгсдэд ягаан бугуйвч өгдөг бөгөөд тэдгээр хүмүүс гомдоллох бүрдээ бугуйвчийг нэг гараасаа нөгөөд шилжүүлэх дүрэмтэй гэнэ. Энэ бол өөрийгөө хянаж цэгнэх явдлыг хялбарчилсан энгийн шулуухан арга юм. Миний ширээнд байдаг зүйл бол Оливер Саксын зураг. Тэрхүү зураг дээр, байнга хэлж байхыг өөртөө (болон надад) сануулж ирсэн "ҮГҮЙ" хэмээх хүчтэй үг бүхий самбар байдаг. Daily Stoic-д зориулан бид зооснууд бүтээсэн шалтгаан бол, хүрч болох биет зүйл хүнд илүү нөлөөлдөг. Согтууруулах ундаанаас гарахыг хүсэгчдийн Alcoholics Anonymous нийгэмлэг өөрийн гэсэн чип гаргасан нь ийм л санаа зорилготой. 10 жил эрүүл байсныг тань илтгэх үнэтэй зүйл халаасанд тань байхад та түүнийг архи, пивоноос золих нь юу л бол.

ШААРДЛАГАТАЙ ЗҮЙЛСИЙГ БАЗААЖ БЭЛД

Өглөө ширээндээ суух үед минь гурван тэмдэглэлийн дэвтэр намайг хүлээж байдаг. Хэрвээ би бичих дадлаа тасалдуулахаар байвал тэдгээр дэвтрүүдийг ширээнээсээ холдуулах ёстой. Энэ учраас ихэнх өглөө би дэвтрүүдээ нээн бичдэг. Хэрвээ та өглөөдөө гүйж байхыг хүсвэл энэ стратегийг хэрэгжүүлж болно. Гутал, бэлтгэлийн хувцсаа орныхоо дэргэд, эсвэл өрөөнийхөө хаалганы өмнө тавь. Хэрвээ хүсэж байгаа зүйлээ тэр дор нь хийчих боломжтой та өөрийгөө бухимдуулах нөгөө замыг сонгохгүй байх магадлалтай.

ХУУЧИН ДАДЛУУДДАА СУУРИЛСАН ШИНЭ ДАДЛУУДТАЙ БОЛ

2018 онд би өөртөө, эргэн тойрондоо илүү их хувь нэмэр оруулах хэрэгтэй гэж хэлсээр байсан юм. Хэн нэгэн хүн сайн дурын ажил хийж буй тухай сонсоод "Би яг тийм зүйл хийх болно" гэж хэлдэг байлаа. Уиллиам МакАскилл орлогынхоо нэлээд хувийг хандивт өргөж байгааг уншаад бас л тэгмээр санагдсан боловч үнэндээ алийг нь ч хийхгүй яваад л байв. Харин Дэвид Седаристай хийсэн ярилцлагыг сонсож байгаад, нэлээн хол алхах дуртайг нь, алхаж явахдаа хог түүдэг дадалтай нь олж мэдсэн юм. Би өөрөө өглөө бүр алхдаг тул өөрийн болгож болох дадал байв. Ингээд би алхах үедээ хог түүдэг болов. Гол ажлыг нь угийн хийдэг байсан учраас энэ шинэ дадлыг хэвшүүлэх нь үнэндээ амархан байлаа. Энэ жижиг үйлдэл дэлхийг аврах уу? Мэдээж үгүй. Гэхдээ л бага боловч нэмэртэй шүү дээ. Энэ дадлаа би цааш нь хөгжүүлж, ахиулж чадна.

ӨӨРИЙГӨӨ САЙН ХҮМҮҮСЭЭР ХҮРЭЭЛҮҮЛ

"Хэн хэнтэй цагийг өнгөрүүлдгээ хэлбэл би хэн болохыг чинь хэлээд өгье" гэдэг бол Гётегийн үг. Жим Рон харин "Чи хамгийн их цагийг өнгөрүүлдэг таван хүнийхээ дундаж нь" хэмээн хэлж байв. Зөв сайн дадлуудтай болохыг хүсэж байвал өөрийг чинь хөгжүүлэх найзуудыг эрэлхийл. Миний ихэнх найзууд эрүүл чийрэг биетэй. Нэг нь ч тамхи татдаггүй. Ихэнх нь сайхан гэр бүлтэй, үерхдэг хүнтэй. Ихэнх нь зохион байгуулалт сайтай. Тэдэнтэй ойр байдаг учраас (санаа, үлгэр жишээ авдаг учраас) би өөрийгөө улам хөгжүүлэхийг хүсдэг. Бас ийм хүмүүсийн дэргэд тааруу муу байхаасаа ичдэг. Алдаа гаргавал амархан анзаарагдах учраас тэр шүү дээ.

СОНИРХОЛТОЙ БОЛГО

Би үргэлж, өдөр бүр суниалт хийдэг нэгэн байхыг хүсдэг байв. Өнгөрсөн зургаадугаар сараас хойш би бараг л өнжилгүйгээр өдөрт 50 (заримдаа 100) суниалт хийж чадсан юм. Яаж вэ гэж үү? Миний татаж байсан аппуудаас магадгүй хамгийн донтуулам нь болох Spar! -ийг ашиглаж эхэлснээс тэр шүү дээ. Яг одоо би 20 гаруй хүнтэй "50 суниах уриалга"-д нэгдээд байгаа. Бид өдөр бүр 50 суниагаад, түүнийгээ харуулах видеог оруулдаг юм. Хэрвээ та нэг л өдөр өнжвөл 5 доллар алдах болно. Эхлээд та өдөр бүр гүйцэтгэж, мөнгөө алдахгүйг хичээнэ. Удалгүй энэ нь нөгөөдүүлтэйгээ өрсөлдөх өрсөлдөөн болж хувирна. Хэдэн өдрийн дараа өөр нэг сэдэл бий болно: Ялагчид нь (хамгийн цөөн өнжсөн хүмүүс) бусдынхаа төлбөрүүдийг хувааж авдаг болно. Ингэснээр чи шагналыг авахыг эрмэлзэн үргэлжлүүлэн хийсээр байх болно. Ингэж л би мянга мянган суниалт, скуат, гэдэс таталт хийх болсон юм. (Бүр машинаа угаах, өдөрт 500 үг бичих сорилтуудыг ч гүйцэтгэж үзсэн). Энэ зуураа овоо хэдэн зуун доллартай олчихсон гэж байгаа.

ӨДӨР БҮР БАЙХ АЛБАГҮЙ

Би их уншдаг. Гэхдээ өдөр бүр биш. Би уншлагынхаа дийлэнхийг аялж явах үедээ хийж, номуудыг бөөнддөг юм. Өдөр бүр юм уншихыг өөрөөсөө шаардах нь 3-5 өдөр бөөндөж (энэ хугацаанд би 3-5 ном унших нь бий) уншихаас үр бүтээмж, авахын таашаалын хувьд бага гэж хэлнэ. Ингэж бөөндөж унших нь хүн бүхэнд тохиромжтой биш байж магадгүй ч сайн дадал гэдэг заавал өдөр бүр хийдэг зүйл байх албагүй юм. Аливаа зүйлсийг түргэвчилсэн байдлаар хийх (sprint), бөөндөж хийх (batching) зэрэг нь зарим зүйлсэд тохирно. Хамгийн гол нь үр дүн гаргах явдал шүү дээ.

ӨӨРТӨӨ ТӨВЛӨР

Миний мэдээ бага үздэг, өөрийн хяналтаас гадуурх зүйлсийг зөнгөөр нь орхидог нэг шалтгаан маань ердөө л нөөцийн хуваарилалт. Хэрвээ Трампын шөнийн 2 цагийн жиргээнүүдийн талаарх CNN-ий мэдээ таны өглөөг сүйтгэж орхивол зөв хооллох, хэцүү ажлыг хийхээр суух эрч хүч, урам зориг танд үлдэхгүй. Би мэдээ үздэггүй, сошиал медиаг нэг их шалгадаггүй, дэлхийд болж буй бүх л зүйлсийг анзаараад байдаггүй. Хайхрамжгүйдээ биш, надад хийх өөрчлөх зүйл маш их байгаад юм. Вашингтонд болж зүйлс, Их Британи Брекситээс гарах эсэхэд бухимдахаас илүүтэй би өөрийгөө "төвшитгөмөөр" байна. Эпиктет хэлэхдээ "Хэрвээ чи өөрийгөө өөрчилж сайжруулахыг хүсвэл, зарим зүйлсийг (буюу олон юмыг) огт мэддэггүй мэт харагдахаас санаа зовдоггүй байх хэрэгтэй" гэсэн билээ.

ӨӨРИЙН ХУВЬ ШИНЖИЙГ ТОДОРХОЙЛ

Ерөнхийдөө би Пол Грамын, бид хувь шинжээ (identity) аль болох цөөн зүйлсээс бүрдүүлэх эрэгтэй гэдэгтэй санал нийлдэг. (Орчуулагч:'Keep your identity small' нийтлэлийг уншвал илүү ойлгомжтой болно.) Гэхдээ өөрийн хувь шинжийн суурь болох тодорхой дадал, чанаруудыг хөгжүүлэх нь томоохон давуу талтай. Жишээ нь өөрийгөө нямбай хүн гэж үзэх нь, бусдад тэгж ойлгуулах нь надад чухал байдаг. Мөн би аливаа ажлыг цагт нь дуусгадаг хүн байна гэж өөртөө амласан. Мөн би өөрийгөө бичээч (writer) хүн гэж үздэг нь надад сайнаар нөлөөлдөг. Яагаад гэвэл энэ тодорхойлолтод нийцэхийн тулд би байнга бичих ёстой болдог юм. Цагаан хоолтон байх нь хүмүүсийн хувь шинжийн нэг хэсэг болдог. Зүгээр л амьтны гаралтай хоол хүнс идэхгүй байх тухай ойлголт байсан бол тэрхүү хоолны дэглэмийг нарийн чанд мөрдөх нь асар хэцүү байх биз. Цагаан хоолтон байх нь үзэл санаа, амьдралын хэв маяг байдаг учраас тэдгээр хүмүүс хоолны дэглэмээ мөрдсөөр байдаг. Тэд үүнийг сонголт бус, хийх л ёстой зүйл гэж үздэг.

ХҮНДРҮҮЛЭХ ХЭРЭГГҮЙ

Олон хүн бүтээмжтэй байх, оновчтой байхад хэтэрхий их анхаардаг. Зохиолч, артист, олны танил хүмүүсийн хэрэглэдэг арга техник, төхөөрөмж хэрэгслүүдийг, ерөөс тэр л зүйл нь тэднийг онцгойруулдаг мэтээр ойлгон ашиглаж эхлэх гэж оролддог. Үнэндээ цаадуул нь хийж буй зүйлд дуртай, хэлэх зүйлтэй байдаг учраас онцгойрч ялгардаг. Зарим хүмүүсийн дэглэм, хуваарь, хэрэглэж зохицуулахыг хичээж буй зүйлсийг хармагцаа би үнэндээ толгой сэгсэрдэг юм. Тэдний өөриймшүүлэхийг хүсэж буй дадал нь өөр бусад дадлуудыг шаардаж байдаг. Тэгэхээр ахиц гарахгүй нь ойлгомжтой. Тийм ч учраас би хийх ажлын жагсаалтаа аль болох богинохон гаргадаг. Би хэрэгжүүлж болохуйц зорилт тавихыг хүсдэг. Би дандаа завгүй байхыг, стресст орохыг хүсдэггүй. Тийм л учраас Жэймс Клирийн 'бяцхан дадал' хэмээх ойлголт тун чухал. Том нөлөө үзүүлдэг жижиг зүйлсийг анзаар.

АЛДСАН Ч ҮРГЭЛЖЛҮҮЛ

Өөрийгөө өөрчилж сайжруулах зам саад бартаа ихтэй. Халтирч гулгах нь зайлшгүй. Чи суниалт хийхээ мартана, хооллолт дээр өөрийгөө хуурна, сошиал медиагийн татах хүчинд сорогдоно, эсвэл ямар нэг юм гомдоллож, бугуйвчаа нэг гараасаа аван нөгөө гартаа зүүх ёстой болно. Гэхдээ энэ бүхэн зүгээр. Чи муу хүн болчихно гэсэн үг биш. Опрагийн дараах зөвлөгөөг санах хэрэгтэй:
"Хэрвээ чи өөрийнхөө Oreo пичень идэж байгааг баривал өөрийгөө бүү хараа, бүү гөвш. Зүгээр л бүгдийг нь идэж дуусахаасаа өмнө зогс."

Өөрөөр хэлбэл жижиг алдааг бүү том уналт болгон хувирга. Алдаа гаргавал, хаана зогссон байна, эргэж буцаад тэндээсээ үргэлжлүүл. Энэ бичвэрт дурдсан санаануудыг эргээд л хэрэгжүүлж эхэл. Төгс биш гэдгээсээ болоод бүрмөсөн больчихож л болохгүй.

Холбоотой нийтлэл:

UNREAD GUIDE: Шинэ жилийн зорилтыг хэрхэн үр дүнтэй тавих вэ?

66292   3


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.