Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   12 сарын 25, 2018

2018 оны онцлох аппликейшнүүд

Шинэ жилийн тусгай-цувралаараа оны онцлох аппликэйшнүүдийг танилцуулж байна. Эдгээрийн дотор шинээр гарсан нь ч бий, шинэчлэгдсэн сайжирсан нь ч бий. Мөн хувийн хэвшлийнхэн хийсэн, мөн төрийн оролцоотойгоор эхлүүлсэн апп-ууд ч байгаа юм. Эдгээр апп-уудыг эмхэтгэж суухад бидэнд шийдэх асуудал маш их байгаа нь, тэдгээрийг боломж болгон хувиргах технологийн шийдэл асар их байгаа нь тодорхой байлаа.

МЭДЭЭЛЭЛ, ЭНТЕРТЭЙНМЕНТ

Мэдээлэл, контент бол гар утасны апп-ийн хамгийн гол хэрэглээнүүдийн нэг. Энэ чиглэлд онцлууштай ямар шинэ апп-ууд гарч, ямар нь илүү сайжирч шинэчлэгдсэнийг хүргэе.

M+

Хэвлэмэл ном, сэтгүүлүүдийг цахимжуулан, хаа яваа газраасаа гар утас, таблетаасаа унших боломжийг M+ нээсэн нь энэ жил цахим орчинд олон хүнийг баярлуулав. Ном, сэтгүүлүүдээс гадна аудио ном, подкастуудыг сонсох боломжийг олгон, таны алтан цагийг хэмнэж, мэдээлэл авах хэв маягийг хялбарчилж буй. Үүнийгээ ч батлах мэт M+ Unplug 2018-ын "Шилдэг аппликейншн"-ээр тодорсон билээ. Далимд дурдахад, манай Unread-ийн нэг шинэ бүтээгдэхүүн болох бизнес, хувь хүний хөгжлийн номуудын "Товчлол" тус апп дээр тавигдаад байгаа юм.

Дэлгэрэнгүй: Апп тойм: "M+" - Цахим номын сангаар цангаагаа тайл

LOOKTV

Кинонд дурлагсад, энтертэйнмент нэвтрүүлгийг хашраагчдад зориулсан эдгээр апп-уудыг онцлох нь зүйтэй. Энэ зун Looktv шинэчлэгдэж тэр бүр юм үздэггүй хүмүүс хүртэл гар утаснаасаа контент үзэж харагдах болсон. Интернэттэй үедээ дуртай киногоо татаад дараа нь үзэж болдог нь апп-д гарсан өөрчлөлтүүдийн нэг. Кино сангаа улам бүр тэлж, дуртай сувгаа гар утас, таблет дээрээ нөхөж үзэж болдог нь олон хэрэглэгчийг татаад байгаа.

Looktv: iOS,Andriod

ORI

Харин MongolHD-ээс бэлтгэсэн шинэлэг энтертэйнмент нэвтрүүлгүүд, цувралуудыг зөвхөн ORI-оос үзэж болно. IPTV-ээр нөхөж үзэх боломжгүй болсон гэсэн үг. Апп-аас гадна лаптоп, Apple TV, Google Chromecast-аар гардаг нь давуу талтай. Шинэ хэрэглэгчдэдээ долоо хоног үнэгүй туршиж үзэхийг санал болгодог бөгөөд сарын хураамж нь тийм ч өндөр биш болохоор нэмэлт төлбөрт санаа зовох шаардлагагүй юм билээ. Netflix шиг OTT үйлчилгээ дэлхийд гол чиг хандлага болж буй энэ үед монгол хэрэглэгчдээ контентоор хангаж буй эдгээр аппуудыг магтууштай.

ORI: iOS, Andriod

ЦАХИМ ТӨЛБӨРИЙН СИСТЕМ 

Төлбөр тооцооны систем, апп-уудын өрсөлдөөн өдрөөс өдөрт ширүүсэж байна. Өрсөлдөөнөөс хэрэглэгчид хождог болохоор бид алгаа ташаад хүлээж сууя. Ингээд энэ онд шинээр гарсан, сайн байсан төлбөр тооцооны апп-уудтай танилцъя.

lendmn

LendMN-ийн апп нь зээл авах боломжийг олгодог байсан бол "Лэнд хэтэвч" нэмэлт нь яг л хэтэвчийн үүрэг буюу мөнгөө гар утсаараа дамжуулан тун хялбархан, чөлөөтэй захиран зарцуулах боломжийг олгоод байгаа билээ. Апп-ийн хэрэглэхэд амар байдал, хүчтэй бөгөөд бүтээлч идэвхжүүлэлтийн ачаар "Лэнддий" гэсэн хүмүүс, бизнес үйлчилгээний цэгүүд эрс олширч буй нь та бүхэнд илхэн харагдаж байгаа биз ээ.

Дэлгэрэнгүй:
Апп тойм: Лэнд Хэтэвч - Гүйлгээ хийх бүр л хялбар боллоо

khanbank

Хамгийн олон хүн хэрэглэдэг Хаан банкны апп энэ онд шинэчлэгдсэн юм. Илүү дутуу үйлдлүүдээ авч, маш ойлгомжтой, хэрэглэхэд тун хялбар болгосон байсан нь олон хүний талархлыг хүлээсэн юм. Цоо шинэ үйлдэл функц нэмээгүй ч үлдэгдэл нь, сүүлийн гүйлгээ нь харагддаг болгосон, үндсэн данс гэсэн ойлголтыг гаргаж ирсэн зэрэг нь авууштай. Мөн интернэт банкинд нь ч гэсэн энэ шинэчлэл хийгдсэн гэдгийг онцолъё.

Khanbank: iOS, Andriod

socialpay 

Дансны дугаар шаардалгүй Фэйсбүүк, Твиттер, имэйл, утасны дугаараар гүйлгээ хийх боломжтойгоороо SocialPay ялгарч байгаа. Үүнээс гадна GPS-ээ асаагаад ойр байгаа хүндээ мөнгө шилжүүлж болно гэхээр сонирхолтой байгаа биз. Хүсвэл хувь чатаар шууд харилцаж, нэхэмжлэл хүртэл илгээж болдог. Өдөр тутамдаа чат, мсж бичдэг шиг л гүйлгээ хийчихдэг болохоор заримдаа дахиад явуулчих вий гэж эргэлзмээр хурдан.

SocialPay: iOS, Andriod

GEREGE 

Төлбөр тооцооны бүхий л үйлчилгээг гүйцэтгэх зорилготой Гэрэгэ Системсийн апп-уудыг дурдах нь зүйтэй. Gerege Pay апп нь мөнгө шилжүүлэх үндсэн үйлчилгээнээс гадна тээврийн хэрэгслийн татвар, торгууль, и-баримтыг төлөх, автобусны картаа цэнэглэх гээд олон үйлдлийг хийх боломжийг хэрэглэгчид олгоно. Харин Gerege Agent апп нь бараа үйлчилгээгээ бүртгэх, борлуулах, тайлан мэдээ гаргах боломжийг бизнес үйлчилгээнийн байгууллагуудад олгож байгаа юм.

GeregePay: iOS,Andriod

Smartcar 

Машин барьдаг бүхий л хүмүүсийн цагийг хэмнэсэн, авто тээврийн үйлчилгээнүүдийг нэг дор үзүүлдэг SmartCar aпп хэрэглэгчдийнхээ тоог улам бүр нэмсээр байгаа юм. Жолооч нар SmartCar апп юм уу вэбээр зочлон өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, татвараа төлөх, төлсөн эсэхээ шалгах боломжтой.

Ажил чирэгдэл их дагуулдаг төлбөр тооцооны асуудлыг гар утаснаасаа л шийдчихээд гол зүйлдээ төвлөрч суух боломжтой байх нь.

Smartcar: iOS,Andriod

УНААНЫ АПП-УУД

Замын түгжрэл жил ирэх тусам нэмэгдсээр. Энэ асуудал олон шалтгаантай ч түгжрэлийг багасгах нэг ойлгомжтой арга бол иргэд бид тээвэрлэх, зорчих хэв маягаа өөрчлөх явдал юм. Такси дуудах, нэг зүгт яваа хүмүүс хоорондоо нэгдэх, дугуй унах гэх мэтээр төрөл бүрийн арга замаар энэ хэв маягийг өөрчилнө. Энэ чиглэлд ч олон санаа, олон оролдлого гарсан жил байлаа.

UBIKE

Дулааны улиралд замын түгжрэл болоод давхар дасгал хөдөлгөөнийг хялбархан шийдсэн Улаанбаатар хотын анхны дугуй түрээсийн апп Ubike-ийг онцлууштай. Зуны улиралд уг аппаар замаа дөтлөх залуус нэлээд олон болоод амжсан. Дугуйг мянган төгрөгөөр нэг цаг түрээслэх боломжтой болохоор хүртээмж сайтай. Өвлийн улиралд түр завсарлаад буй Ubike хавар шинэхэн скүүтэр түрээстэйгээр эргэн ирэх сурагтай. Хэдийгээр улам сайжруулах зүйлс байгаа ч бидний дугуй унах хэрэглээг илүү нэмэгдүүлж, цагийг хэмнэнэ гэдэгт итгэлтэй байна.

Ubike: iOS,Andriod

Beeco – Замын унаа апп 

Сайн хөршийн холбоог бий болгож, дайх, дайгдах унаагаа хялбар олоход туслах Beeco цаг олсон апп мөн. Дэлхийн хотуудад shared economy буюу нэг нэгэнтэй хуваалцдаг, түрээсэлдэг үйлчилгээ ихэд дэлгэрээд байгаа энэ үед ойрхон ажиллаж амьдардаг хүмүүс нэг чиглэлд нэг унаанд сууж, нэг нэгийнхээ цаг зав, мөнгө төгрөгийг хэмэх боломжийг олгоно. Гараанаас дөнгөж гарч буй, нөөц боломж ихтэй энэ апп-д амжилт хүсье.

Beeco: iOS, Andriod

ABA taxi Mongolia. 24/7 service in Ulaanbaatar

Таксинд явах хүсэлтэй жолооч, зорчигч хоёрыг холбосон платформ бөгөөд зорчигч маршрутаа оруулж ойр байгаа жолооч нарт санал илгээж болдог. Хугацаа ба жолоочийн мэдээллийг харж сонгодог бөгөөд хэрэглэгчийн үйлчилгээ, гомдол саналыг үндэслэн хариу арга хэмжээ авдаг нь онцлууштай.

Aba taxi: iOS, Andriod

2018 оны онцлохуудыг нэрлэх Unread Special цуврал контент дараах хуваарийн дагуу хүрнэ:

12.25: Оны онцлох гарааны бизнесүүд
12.26: Оны онцлох аппликэйшнүүд
12.27: "Би хэрхэн ажилладаг вэ?" - Шинэ оны тусгай дугаар
12.28: Атаархлын жагсаалт: Оны онцлох нийтлэлүүд
12.29: Оны онцлох кинонууд
12.30: Оны онцлох номууд
12.31: 2019 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд

25656   2


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Намуунцэцэг
Д.Ганзориг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.