Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   01 сарын 13, 2019

7 хоногийн тойм: Хамгийн үнэтэй салалт + Хамгийн жигтэй наадам + Хамгийн алдартай жиргээ

Ковер зургийн тайлбар: "Алтан бөмбөрцөг" наадам олны таамгийг эвдсэн гэнэтийн ялалтуудаар дүүрэн байлаа

Онцлох: Алтан бөмбөрцөг наадмын ялагчид тодорлоо

Нэр хүнд, цар хүрээгээрээ зөвхөн Оскарын наадмын дараа бичигдэх "Алтан Бөмбөрцөг" шагнал гардуулах ёслол өнгөрсөн даваа гарагт явагдлаа. 76 дахь удаагийн наадам олон талаараа сонирхолтой, шүүмжлэгчдийн таамгийг эвдсэн "жигтэй" наадам болсныг эхэнд онцолъё.

Энэ жилийн хамгийн том ялагч нь ямар ч маргаангүй "Bohemian Rhapsody" байв. Queen-ий домогт дуучин Ф.Меркуригийн намтраас сэдэвлэсэн тус кино драмын төрлийн шилдэг киногоор тодорсноос гадна Рами Малек шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртсэн юм. Хэдий үзэгчдээс өндөр үнэлгээ авсан ч шүүмжлэгчдээс тааруухан дүгнэлт авсан тус киног ийм амжилт үзүүлнэ гэсэн хүлээлт бага байв. Тэд сүүлийн 33 жилд шилдэг киногоор тодорсон хамгийн муу үнэлгээтэй кино болжээ.

Шүүмжлэгчдээс онцгой өндөр үнэлгээ авч, бокс оффисоос ч 400 сая долларын орлого олсон Б.Күүпер, Лэйди Гага нарын тоглосон "A Star is Born" энэ өдрийн од болох магадлалтай байсан ч ердөө ганцхан шагналтай буцлаа. Гол дүрийн оддын амилуулсан Shallow нь шилдэг дуугаар шалгарчээ. Харин Green Book шилдэг инээдмийн/мюзикал киноны төрлийг оруулан нийт 3 төрөлд ялагч болсноор энэ өдөр хамгийн олон шагнал хүртсэн бүтээл болов.

Телевизийн цувралын төрөлд нэгээс их шагнал хүртсэн ердөө хоёрхон бүтээл тодорсон нь өрсөлдөөн жигд байсныг илтгэнэ. Netflix-ийн The Kominsky Method, FX-ийн American Crime Story тус бүр 2 шагналыг хүртсэн юм.

Netflix-ийн хувьд энэ наадам онцгой байж, хамгийн том ялагчдын нэгээр тодорлоо. Тэд нийт 5 шагналыг хүртсэний дотор алдарт найруулагч А.Куароны Roma шилдэг гадаад хэл дээрх кино, шилдэг найруулагчийн шагналуудыг хүртсэн нь Оскарын өнгийг тодорхойлсон явдал болов.

Тус наадмын хөтлөгч Сандра О мөн энэ өдрийн гол дүр байв. Тэрээр BBC-ийн Killing Eve-д бүтээсэн дүрээрээ телевизийн цувралын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртэж, 39 жилийн дараа ийм шагнал хүртсэн ази гаралтай жүжигчин болов. Өмнө нь Grey's Anatomy-д бүтээсэн дүрээрээ туслах жүжигчний шагнал хүртэж байсан тэрээр анхны хос шагналтай ази гаралт уран бүтээлч болжээ.

Vox: Алтан бөмбөрцгийн ялагчид ба ялагдагчид

Хамгийн "жигтэй" бөгөөд сонирхолтой наадам болов

дэлхий дахинд

2023 онд сар уруу аялах эхний жуулчин болох тасалбарыг худалдан авч алдаршсан Японы тэрбумтан Юсаку Маэзава дэлхийн хамгийн алдартай жиргээг эзэмших боллоо. Тэрээр твиттер хуудсаараа дамжуулан онлайн худалдааны платформынх нь борлуулалтын орлого дээд амжилт тогтоосонд талархан, 100 хүнд сая, сая иен бэлэглэх болсноо мэдэгдсэн юм. Жиргээг нь RT хийсэн буюу шэйрлэсэн хүмүүс дундаас азтан тодруулах болзолтой энэ тэмцээнд нь 5.7 сая хүн оролцсон нь өмнөх рекордыг 2 саяар ахиулсан тохиолдол болжээ.

Мексикийн хил дагуу хана барих сонгуулийн амлалттай холбоотойгоор зөвшилцөлд хүрч чадаагүйн улмаас АНУ-ын засгийн газар 22 дахь хоногтоо түр зогсолт хийж, түүхэн дээд амжилтыг тогтоолоо. Үүний улмаас 800 мянга гаруй төрийн албан хаагчид хохирч байгаа бөгөөд эдийн засагт 3.6 тэрбум долларын хохирол учруулаад байна. Ерөнхийлөгч Д.Трамп үүнтэй холбоотойгоор Давос хотноо чуулах Дэлхийн Эдийн Засгийн Форумд оролцохгүй болсноо мөн мэдэгджээ.

Facebook-ийн үүсгэн байгуулагчдын нэг Марк Зукерберг 2019 оны өөртөө тавих зорилтоо зарлалаа. Тэрээр технологийн ирээдүй, түүний нийгэмд үзүүлэх нөлөөний талаар олон нийтэд чиглэсэн цуврал хэлэлцүүлгүүд зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Зукерберг өмнөх жилүүдэд мандарин хэл сурах, сард 2 ном унших, АНУ-ын бүх мужаар аялах зэрэг зорилтууд дэвшүүлж байсан билээ.

Польшийн хүчний байгууллагынхан Хятадын технологийн гигант Huawei компанийн ажилтныг тагнуулын ажиллагаа явуулсан хэмээн буруутгаж баривчлав. Оны өмнөхөн тус компанийн CFO-г Канадад баривчилж, шуугиан тарьсны дараагаар энэ явдал болсон нь олны анхаарлыг ихэд татаж байна. Huawei энэ явдалд компани холбоогүй гэдгийг мэдэгдэж, тухайн ажилтныг үүрэгт ажлаас нь чөлөөлснөө зарлажээ.

Талбайн теннисийн ертөнцийн энэ оны хамгийн эхний их дуулга Австралийн нээлттэй тэмцээний өмнө 28 тамирчин "тоглолт наймаалцсан" хэрэгтэй холбоотойгоор баривчлагдлаа. Эдгээр тамирчид дунд Америкийн нээлттэй тэмцээнд оролцсон тамирчин хүртэл байсан гэнэ. Хамгийн сүүлд 2016 оны сүүлээр Испанид мөн ижил хэрэг дэгдэж, 6 тамирчин холбогдож байлаа.

Маэзавагийн өгөөмөр зан твиттер хэрэглэгчдийг хуйлруулав

технологийн ертөнцийн эргэн тойронд

Лас Вегас хотноо технологийн салбарын хамгийн том цугларалт CES 2019 явагдлаа. Уг арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн онцгой, хамгийн инновацилаг технологи бүхий бүтээгдэхүүн үйлчилгээнүүд танилцуулагддаг. Энэ жилийн гол тренд нь цахилгаан хөдөлгүүрт машинууд, ухаалаг хөтөч бүхий гэр ахуйн төхөөрөмжүүд, 5G технологи, AR технологи ашигласан шинэ апп-ууд, IBM-ийн танилцуулсан анхны арилжааны квант компьютер зэрэг бүтээгдэхүүнүүд байв.

Techcrunch: CES 2019-ийн хамгийн, хамгийн

CES 2019-ийн үеэрх хамгийн анхаарал татсан мэдээллийг Samsung хийж, хүлээлт дүүрэн байгаа шинэ утсаа гаргах өдрийг зарлалаа. Тэд Galaxy цувралын 10 жилийн ойтой давхцан гарах S10 загвараа 2-р сарын 20-нд танилцуулна гэнэ. Ихэнх шинжээчид Samsung-ийг 2-р сарын сүүлээр Барселонад явагдах Mobile World Congress-ийн үеэр утсаа гаргана хэмээн тооцож байсан билээ.

Сард 5 сая хоол хүргэлтийн захиалга авдаг гэх Postmates 100 сая долларын санхүүжилт татаж, үнэлгээгээ даруй хагас тэрбумаар буюу 1.8 тэрбум болгон нэмлээ. Postmates технологийн салбарын энэ оны эхний IPO-г хийхээр зэхэж байгаа билээ.
Тэрбум илүү хэрэглэгчтэй болоод буй Instagram нэг зургаа олон аккоунт руу оруулдаг нэмэлтийг нэвтрүүлж байна. Олон хуудас зэрэг удирддаг хэрэглэгчдэд зориулсан "regram" нэртэй уг нэмэлтийг хэрэглэгчид зураг пост хийж оруулахдаа шууд ашиглаж болох аж.

Цахилгаан скүүтер түрээсийн үйлчилгээ үзүүлэгч Bird 300 сая долларын хөрөнгө оруулалт татлаа. Ингэснээр Uber-ийн эзэмшдэг тус стартап 2 тэрбум долларын үнэлгээтэй болж байгаа аж.

2-р сарын 20-нд уулзацгаая :)

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм, Amazon-ий үүсгэн байгуулагч Жефф Бэйзос 25 жил ханилсан эхнэрээсээ салж байгаагаа зарлалаа. Хосууд удаан хугацаанд зөвшилцөж хамтын шийдвэр гаргасан гэдгээ сошиал медиагаар цацсан захидалдаа дурдсан байв. Бэйзосын хөрөнгийн хэмжээ 137 тэрбум доллараар хэмжигдэж буй бөгөөд салалттай холбоотойгоор хөрөнгөө тэнцүү хуваасны дараагаар түүний экс эхнэр Макензи Бэйзос 68 тэрбум доллартай болж, дэлхийн хамгийн баян эмэгтэй болох боломжтой юм. Сонирхуулахад, Amazon-ий анхны ажилтнуудын нэг Макензи 2005 онд "The Testing of Luther Albright" зохиолоороо утга зохиолын салбарын Америкийн хамгийн нэр хүндтэй шагналыг хүртэж байсан амжилттай зохиолч билээ.

Дэлхийн хамгийн том дундын оффисийн сүлжээг эзэмшигч WeWork компанийн бүтцээ шинэчилж, өнгө төрхөө шинээр тодорхойлж байгаагаа зарлалаа. Тэд групп компанийн нэрээ The We Company болгон өөрчилж, үүн дотроо дундын оффисийн WeWork, дундын амьдрах орчин үүсгэх WeLive, бага насны хүүхдүүдийн боловсролд чиглэсэн WeGrow гэсэн тусдаа компаниудтай болж байгаа аж. Энэхүү өөрчлөлт нь тэдний хамгийн том түнш SoftBank хөрөнгө оруулахаар төлөвлөж байсан 16 тэрбум доллараа 2 тэрбум болгон бууруулах шийдвэрийн дараагаар гарсан нь анхаарал татав.

Хятадын Xiaomi компани ирэх 5 жилд гэр ахуйн ухаалаг төхөөрөмж хөгжүүлэлтэд 1.5 тэрбум доллар зарцуулах болсноо мэдэгдлээ. Компанийн үүсгэн байгуулагч Лэй Жун компанийнхаа ирээдүйг AI+IoT буюу хиймэл оюунд суурилсан ухаалаг төхөөрөмж хэмээн тодорхойлсон нь энэ. Сонирхуулахад тэд өнгөрсөн 11-р сард Шведийн IKEA-тай хамтарсан ухаалаг тавилга бүтээх төсөл эхлүүлж байгаагаа зарласан билээ.

Элон Маскийн үүсгэн байгуулсан пуужингийн технологи хөгжүүлэгч SpaceX зардлаа танах үүднээс нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотгож байгаа гэнэ. 30.5 тэрбум долларын үнэлгээтэйгээр 500 саяын хөрөнгө оруулалт босгож буй гэх тэд 2017 оны эцэст 7000 гаруй ажилтантай хэмээн бүртгэгдсэн байдаг юм. Тэднээс гадна Ford Европ дахь үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг дүгнэж, 53 мянган ажилтнаасаа нэлээд хэсгийг нь цомхотгоно хэмээн мэдэгджээ.

Дэлхийн хамгийн том тоглоом үйлдвэрлэгчдийн нэг Mattel хамгийн алдартай брэнд барби хүүхэлдэйнээс сэдэвлэсэн бүрэн хэмжээний кино хийх болсноо зарлалаа. Warner Bros-той хамтран бүтээх уг кинонд Холливүүдийн од Марго Робби гол дүрд тоглох гэнэ. Өнгөрсөн жил хувьцааны үнэлгээ нь 27 хувиар буураад байсан Mattel-ийн үнэлгээ энэ мэдээний дараа 5 хувиар өсжээ.

68 тэрбум доллар: Дэлхийн хамгийн үнэтэй салалтын өртөг!

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Монгол HD телевиз Азийн Телевизийн Наадмаас 2 шагналыг хүртснээр Монголын телевизийн салбарт түүхэн амжилт үзүүллээ. 23 дахь удаагийн наадмаас тэд The Voice of Mongolia нэвтрүүлгээрээ шилдэг шоу нэвтрүүлэг, шилдэг нутагшуулалттай шоу гэсэн төрлүүдэд ялалт байгуулсан байна. 1995 оноос эхлэлтэй уг наадамд 1400 гаруй телевизийн уран бүтээл өрсөлддөг аж.

Амазоны эзэмшдэг, киноны салбарын дата мэдээллийн хамгийн том сан IMDB видео стриминг үйлчилгээгээ танилцууллаа. Freedive нэртэй уг платформоор дамжуулан хэрэглэгчид үнэ төлбөргүйгээр, гэхдээ дундаа сурталчилгаатайгаар Fringe, Heroes зэрэг цувралууд, Memento, The Last Samurai, Run Lola Run зэрэг бүрэн хэмжээний кинонуудаас үзэх боломжтой юм. Одоогоор зөвхөн АНУ-д л энэ үйлчилгээ нэвтэрчээ.

Оны өмнө үйл явдлын өрнөлөө өөрөө сонгож үргэлжлүүлдэг кино гаргаж, энтертэйнмент салбарыг "доргиосон" Netflix зохиогчийн эрхийн маргаанд дуудагдлаа. "Black Mirror: Bandersnatch"-ийн үеэр "адал явдлаа өөрөө сонгох" буюу "choose your own adventure" хэмээн хэлдэг хэсэг гардаг нь энэ хэлцлийн худалдааны эрхийг ижил нэртэй хүүхдийн номоороо дамжуулан эзэмшигч Chooseco-ийн сонорт хүрч, улмаар 25 сая долларыг нэхэмжилсэн байна. 1979-1998 оны хооронд 250 сая хувь борлуулагдсан гэх Choose Your Own Adventure номын цувралыг бүтээгчид киноны эрхийг нь 20th Century Fox эзэмшдэг гэдгийг мөн дурджээ.

Get Out киноны зохиолоороо Оскарын шагнал хүртсэн Жордан Пийл Youtube-тэй хамтран шинэ цуврал гаргах гэж байна. Weird City нэртэй уг кинонд телевизийн салбарын олон одод оролцон тоглосон бөгөөд 2-р сарын 13-нд Youtube Premium-ээр цацагдана. Ж.Пийл үүнээс гадна Netflix, Amazon-той хамтран контент хөгжүүлж байгаа юм.

Хойд Америкийн хамгийн алдартай спортын лигүүдийн нэг NBA Тwitter-тэй хамтран залуу хэрэглэгчид рүү чиглэсэн контент үйлдвэрлэж эхэллээ. Ингэснээр хэрэглэгчид NBA-ийн тоглолтын 2-р хагасыг зөвхөн нэг тоглогч руу онилсон буюу дагасан камерын тусламжтайгаар хүлээн авах боломжтой болох гэнэ.

Youtube дээр аль хэдийн 2.2 тэрбум хандалттай болоод амжсан "Baby Shark" Биллбордын жагсаалтын 32-р байрт бичигдэж, чартын түүхэн дэх хамгийн өндөр амжилт үзүүлсэн хүүхдийн дуунуудын нэг боллоо. Эцэг эхчүүдийн "сүлд дуу" болтлоо вайрал болоод буй уг дуу 2018 оны 8-р сард Британийн чартын эхний 40-д орж ирсэн билээ.

Vox: Baby Shark хэрхэн ийм өндөр амжилт үзүүлэв?

Контент дайнд тавтай морил, Youtube!

алдалгүй унших арван мэдээ

Forbes: Улаанбаатар хот крипто төлбөрийн системийг туршиж байна
Techcrunch: WeChat-ийн дараагийн алхам
Nikkei: Крипто олборлолтын дараагийн төв Монгол мөн үү?
9to5Mac: Hulu апп-ийн дизайнаа шинэчлэв
Variety: The Upsides бокс оффисийг тэргүүллээ
CNN: Далайн температур улам дулаарч буй нь ямар үр нөлөөтэй вэ?
Vox: Мэри Кондогийн цэгцтэй амьдралыг тайлбарлах нь
The Verge: Одон орон судлаачдын онцгой нээлт
BBC: Алдарт математикч Майкл Атияа таалал төгслөө
Polygon: Видео тоглоомын зохиолыг хэрхэн бичих вэ?

17012   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.