Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   07 сарын 12, 2018

Зуны амралтаа бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 6 зөвлөмж

Баяр хүргэе! Та зуны зугаатай цаг ирэх хүртэл тасралтгүй хөдөлмөрлөж, суралцаж, ажиллаж энд ирсэн амрах эрхтэй нэгэн. Урт удаан ажлын ачаалал, стресстэй өдрүүд, хүнд сорилуудын дараа толгойгоо амрааж, тархиа сэргээх эрхтэй хүн. Гэхдээ бүх хүрсэн зүйлсээ таг мартаад, амралтаа зүгээр л цаг нөхцөөж өнгөрөөх гэж байгаа юм биш биз? Тэгвэл Unread танд зуны амралтаа илүү бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах зөвлөмжүүдийг хүргэж байна. Зөвлөмж бүрийн дараа илүү дэлгэрүүлж уншиж болох холбоотой нийтлэлүүдийг хавсаргасан байгааг бас уншиж үзээрэй :)

аялалд гарах

Амралтаараа шинэ газар нээж, очиж үзээгүй орчиндоо орох шиг бүтээлтэй зүйл гэж үгүй. Аялал бидний нүдийг нээж, өөр ертөнц, өөр өнцөг, өөр өнгийг санал болгодог. Цоо шинэ адал явдал бидэнд бүтэн жилийн турш эрч хүчтэй-бүтээмж дүүрэн ажиллах урам зоригийг өгдөг билээ.

Хамгийн гол нь зөв, үр бүтээмжтэй төлөвлөлт чухал гэдгийг сануулъя. Хаашаа явах, хэрхэн явах, юу хийх гэдгээс эхлээд хэр их мөнгө зарах, хэдий хэр хугацаа зарцуулах зэрэг энгийн зүйлсээс төлөвлөлт эхэлнэ. Аялахаар явах гэж буй газраа судалж, очиж байсан туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авч, интернетээр тарсан сэтгэгдэл, саналуудыг шүүх нь таныг гэрийн даалгавраа амжилттай давахад тань туслах болно.

Санал болгох: Монголоо улам сайн танья: Энэ зун аялбал зохих 8 газар

Өглөө эрт босох

Амралтын өдрүүдээр жаахан ч гэсэн нойр авах таны чин хүслийг бид ойлгож байна. Зуны халуун өдрүүдээр дээрээс нар шараад бие ч нозоорч орноосоо босох улам л зүдэргээтэй болдог нь сонин биш. Гэхдээ өдрийг аль болох эрт эхлүүлж, хожсон цагаа илүү бүтээмжтэй өнгөрүүлэх нь таны амралтыг илүү урт бас сонирхолтой болгох боломжтой.

Эрт боссон цагтаа өглөөний цайгаа тухтай уухаас эхлээд дасгал хөдөлгөөн хийх, гадуур алхах, өглөөний уулзалт зохион байгуулах гээд юу ч хийж болно. Өглөөний цагаар өөрийгөө хөгжүүлэх дадал нь ихэд ашигтай нөлөөлдөг талаар олон алдартнууд өгүүлдэг. Тиймээс зуныг унтаж биш урагшилж өнгөрүүлэхийн тулд эрт босохыг санал болгож байна.

Санал болгох: Яагаад өндөр бүтээмжтэй хүмүүс өдрийг үүрийн 4 цагт эхлүүлдэг вэ?

шинэ хүмүүстэй танилцах

Ажил, сургууль гэрийн хооронд ихэнх цаг тань үрэгдэж буй үед бүх зүйл нэг хэвийн, нэг хэвэнд цутгасан мэт санагдах нь бий. Ажлаас ажлын хооронд, хичээлээс хичээлийн хооронд цагаа үрж буй, нэг дор зогсчихоод байх шиг санагдах үед шинэ хамт олон, шинэ хүрээлэл дунд орох нь таныг сэргээж, илүү бүтээмжтэй болоход тусладаг.

Тэгвэл зуны амралтаараа өөрийгөө эвдэж, хүрээллээ тэлж, шинэ хүмүүстэй танилцаж, тэдний ертөнцийг нээх хамгийн тохиромжтой цаг. Тэднийг сонсож, дуртай сэдвээрээ ярилцаж, асуудал шийдэж, хамтдаа цагийг үр дүнтэй өнгөрүүлэх нь биднийг олон талаар хөгжүүлэх болно. Сошиал хуудсуудаар хялбархан олдож болох уулзалтууд, эвентүүдээр зочилж, идэвхтэй харилцаа үүсгэхээс энэ бүхэн эхэлнэ. Тиймээс хожмын олон хамтын ажиллагааг эхлүүлэх үндсээ зуны амралтаараа тавиарай.

Санал болгох: Шинэ танилтай болоход тань туслах 4 зөвлөмж

ном унших

Ном унших бидний ертөнцийг улам тэлж, өөр амьдрал-өөр орчин, өөр дүр-өөр зохиолоор аялах боломжийг олгодог. Чөлөөт цагаараа, ялангуяа зуны амралтаар ном унших шиг кайфтай зүйл бараг үгүй байх. Гадаа халуун нар шарах эсвэл тасралтгүй бороо цутгах үед халуун кофе-цай хажуудаа тавьчихаад дуртай номоо дэлгээд суух шиг жаргал байхгүй.

Уншъя гэж бодоод хойшоо тавьсан эсвэл эхлүүлчихээд дуусгаагүй орхисон номуудаа одоо л барьж авч, ард нь гарах цаг! Яагаад уншсан номоороо тэмдэглэл хөтөлж, хүсвэл тэрийгээ найзуудтайгаа хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлж болохгүй гэж? Ном бүр нэгийг өгүүлж, өөр олон зүйлсийг сануулдаг, мэдүүлдэг учир таныг илүү сайжрах, нэг алхам урагшлахад тань нэмэр болох л болно. Аа тийм, цагаа дэмий үрэхгүйн тулд унших номоо сонгохдоо заавал цаг гаргаж байгаарай.

Санал болгох: Зуны амралтаараа уншвал зохих 10 ном

шинэ зүйл туршиж үзэх

Зуны амралтын хэсэгхэн хором таныг удаан бодсон, төлөвлөсөн, санаандаа төсөөлсөн шинэ зүйлсээ туршиж үзэх төгс талбар. Шүхрээр буух, гольф тоглож сурах, шинэ бялуу туршиж үзэх зэрэг "хөгжилтэй" үйлүүдийг яг одоо л хийхгүй бол хэзээ хийнэ гэж? Санаа нийлэх андуудыгаа уруу татаж, хамтдаа туршиж үзвэл мартагдашгүй амралт болохгүй гэж үү?

Үүнээс гадна урт хугацаанд үр дүн нь гарах ажлуудаа ч эхлүүлж болно. Найзуудтайгаа нийлж шинэ төсөл эхлүүлэх, эргэн тойрондоо нөлөөлөл үзүүлэх нийгэм рүү чиглэсэн санаачлага гаргах зэрэг бүгд үүнд багтана. Цаг байгаа учир хангалттай төлөвлөж, хангалттай алдаж, хангалттай шинэ зүйл сурах боломж амралтаар тохиодог юм шүү.

Санал болгох: Бүтээмжээ нэмэгдүүлье гэвэл энэ 7 зүйлийг хийхээ боль

цахим хичээлд суух

Цахим хичээл бол таныг мэргэжлийн болон хувь хүний үүднээсээ өөрийгөө хөгжүүлэх боломж олгох хамгийн тохиромжтой сонголт. Дэлхийн топ сургуулиудын хөтөлбөрөөс сонголтоо хийж, хамгийн шилдэг багш нарын хичээлийг цаг гарган сонсох нь танд олон давуу талыг олгох болно. Дээрээс нь өөрийгөө сорьж, орон орны олон найзуудтай болох ч боломж олгодог.

Яагаад аз жаргалын онолын тухай эсвэл Хятадын түүхийн талаар хичээл үзэж болохгүй гэж? Сонирхлыг тань татах олон хичээл, олон сэдэв ихэнх нь үнэгүй онлайн орчинд байна. Програмын хэл анхаарлыг тань татсаар удаж буй бол, шинэ хэл сурна даа гэж өөрийгөө хуурсаар овоо удсан бол одоо л эхлэх цаг. Сатаарах зүйл багатай амралтын үеэрээ цахим хичээлд цаг гаргаад дадчихвал дараа нь ихэд нэмэртэй гэдгийг хувийн туршлагаасаа зөвлөж байгаа юм шүү.

Санал болгох: Edx: Дэлхийн боловсролыг гэрээсээ + Зуны амралтаараа үзэх хичээлүүд

42898   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.