Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   03 сарын 22, 2018

Дэлхийн усны өдөрт: Тэг өдрийн өмнө

Хэрэглэх усгүй болчихвол бид яах вэ гэж та бодож байсан уу? Унданд хэрэглэх нь байтугай угаалга-ахуйн зориулалтын ч ус байхгүй болчихвол бидэнд юу тохиолдох бол? Нэг хувь хүнд бус нэг өрхөд ч биш, бүтэн нийгэмд, бүхэл хотод тийм асуудал тулгарвал бид ямар хариу үйлдэл үзүүлэх бол? Зөгнөлт зохиол ч юм шиг, холын ирээдүй ч юм шиг, төсөөлж бодохыг ч хүсэхээргүй ийм нөхцөл байдал Кэйп Тоун хотод үнэхээр учирсан гэвэл итгэх үү?

Энэ бол "Day Zero" буюу "Тэг өдөр"-ийн зураглал. Хот тэр чигтээ усны нөөцөө барах өдрийн төсөөлөл. Гэхдээ энэ өдөр тохиох хугацаа энүүхэн хаяанд нэгэнт тулжээ.

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын 2 дахь том хот Кэйп Тоун байгалийн тогтоц, түүхэн уламжлалаараа ихэд алдартай ч "усны хямрал"-аараа сүүлийн үед дэлхий нийтийн анхааралд өртөөд байна. 4 сая оршин суугчтай тус хотын хүн амын тоо хэт өссөн, сүүлийн гурван жил дараалан ган тохиосон зэргээс болж усны нөөц нь барагдаж, онц аюултай түвшинд хүрснээ зарлажээ. "Бид сүүлийн 20 жилийн турш үүнээс л хамгийн их айж, хамгийн ихээр бэлтгэсэн. Усны хямралаас зайлсхийх туршлага, хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээрээ олон улсын олон шагнал хүртсэн. 800 тэрбум литр ус нөөцлөх хүчин чадалтай зургаан далан барьсан, усны үнийг нэмсэн, нэг хүнд ноогдох усны хэрэглээг ч багасгах гэж оролдсон. Гэвч нэг л зүйл дээр алдсан байж. Цаг уурын өөрчлөлт!" хэмээн хотын захирагч асан Х.Зилле бичжээ. Үнэхээр ч тэд орон нутгийн хэвлэл дээр ус их хэрэглэж байгаа компани, албан байгууллагуудын нэрийг зарлах хүртэл арга хэмжээ авч, тогтмол усны үр ашигтай хэрэглээг сурталчилж байлаа. Харамсалтай нь үр дүнд хүрсэнгүй.

"Цаг аль хэдийн 23:00 болжээ. 00:00 цаг болж, өглөө сэрэхэд усны төлөөх "дайн"-эмх замбараагүй байдал ямар үр дагавар дагуулах бол гэдгээс л их айж байна" хэмээн Зилле үргэлжүүлэв.

Хотын захиргаанаас усны нөөц дуусах өдрийг "Тэг өдөр" хэмээн нэрлэж, иргэдийн усны хэрэглээг өдөрт 50 литр хэмээн хязгаарласан. 50 литр гэдэг бол хөгжингүй орны иргэдийн өдрийн хэрэглээний зургааны нэг л гэсэн үг. Энгийн хүн 5 минутанд шүршүүрт ороход л 50 литр ус үрдэг. 5 удаа жорлонгийн усаа татахад л хоолой руу урсдаг усны хэмжээ. Ширээ уул, Сайн итгэлтийн хошуу зэрэг үзэсгэлэнт тогтоц, далайн эргийн амралт цэнгээний газруудаараа алдартай, Африкийн хамгийн баян хотуудын нэг Кэйп Тоун бүрэн утгаараа хямралд өртсөний нэг жишээ нь энэ.

Өдөр бүр усны төлөө урт дараалалд зогсох Кэйп Тоуны иргэд "яагаад" гэсэн асуултанд хариу нэхсээр

Та хэр их ус "үрдэг" вэ?

Кэйп Тоун хотын иргэд халуунаар шарах наранд урт гэгчийн дараалал үүсгэн зогсоно. Крантны ус хаагдсан учраас ингэхээс өөр арга үгүй. Хот нийт 20 цэг гарган ус түгээх цэг байгуулжээ. Онцгой тохиолдолд хэрэглэнэ хэмээн цэргийн байгууламжууд байгуулж ус нөөцөлсөн гэнэ. Машин угаалга, усан сан, цэцэрлэг услалт, усан парк зэрэг "дэмий" ус үрэх бүх төрлийн үйлчилгээг бүрэн хориглов. "Усны хулгай"-тай тэмцэх эргүүлийн цагдаа нарыг ч гаргасан байна. Савтай усны үнийг хөөрөгдүүлэхээс сэргийлсэн журам хүртэл гаргажээ. Гэхдээ энэ ч хангалттай биш байж мэднэ.

"Тэг өдөр ирэхэд хүн бүр өдөрт 25 литр ус л хэрэглэдэг болно. Энэ бол төгсгөл биш юм гэхэд гамшиг. Орчин цагийн нийгэмд усаа хэмнэх тухай ухамсар бараг байхгүй гэж хэлж болно. Бид татвараа төлж л байгаа учир хүссэнээрээ ус хэрэглэх эрхтэй гэж бодох нь түгээмэл. Нийтээрээ ингэж бодож байгаа цагт Кэйп Тоуныг ямар ирээдүй хүлээж байгааг төсөөлөхөд бэрх байна" хэмээн Витватерсандын их сургуулийн профессор Д.Оливер ярьжээ. Хүн амын 25 хувь нь ажилгүй энэ хотод газарзүйн өвөрмөц байршлаас шалтгаалж хур тунадас тун бага унадаг бөгөөд муу мэдээ гарснаас хойш гол орлогын эх үүсвэр аялал жуулчлалын салбар нь ч уналтанд оржээ. Хэн ч амрах гэж очоод усанд оочерлохыг хүсэхгүй нь тодорхой.

Тийм учраас хотын захиргаанаас "Тэг Өдөр" ирэх хугацааг 2019 он хүртэл хойшлуулсан гэнэ. Анх зарлахдаа 4-р сарын дундуур гэж товлогдож байсан энэ өдрийг өмнө нь 7-р сар болтол хойшлуулаад байсан юм. Гэхдээ санаа амрах болоогүй, энэ бол ердөө л эдийн засгийг сэргээх гэсэн оролдлого, ерөөс гэнэтхэн устай болчихсон гэсэн үг огтхон ч биш. "Бид бүгд уналтанд орсон. Тэг өдөр гэдэг мессеж олон нийтэд тарж, хамгийн их хүн ирдэг Английн онгоц дүүрэхээ ч больсон. Энэ бол биднийг шууд л боомилж байгаа хэрэг шүү дээ. Хүмүүс бараг л Армагеддон болж байгаа юм шиг харах болсон" хэмээн аяллын компани удирддаг Т.Харрис хэлэв.

Кэйп Тоуны иргэд 2015 оны 2-р сарын байдлаар өдөрт 1.2 тэрбум литр ус хэрэглэдэг байсан гэнэ. Энэ тоо өдгөө 515 саяд хүрчээ. Магадгүй энэ бууралт нь дэлхийн рекорд байж болох ч хотын удирдлагын тавьсан 450 сая литр болгох зорилгод хараахан хүрээгүй юм. Хөдөө аж ахуйн салбар бүхэлдээ уналтанд орж, гангийн улмаас 1.2 тэрбум долларыг алдаад зогсохгүй 50 мянган хүн ажилгүй болсон гэнэ.

Нэг ёсондоо энд улс төрчид, фермерүүд, энгийн иргэд бүгд нийлэн хамтдаа амьдрах орчноо устай үлдээхийн төлөө буюу амьдралын төлөө тэмцэж байна. Алсын ирээдүйд биш аажуухнаар дэргэд маань ирчихсэн "аймшигт" өдрөөс зугатаан тэмцэж байна.

Анзаардаггүй анхаардаггүй усны үнэ цэн тулсан үед л хамгийн их мэдрэгддэг аж.

Хуурайшилт, усгүйжилтээс болж ховор ургамлууд мөхөж, байгаль орчинд нөлөөлсөөр...

Хамгийн харамсалтай нь энэ бол зөвхөн тохиолдлын хэрэг биш. Хэдий 300 жилд ганцхан тохиох ган гачиг тохиосон ч Кэйп Тоунаас өөр олон газар "ус" асуудал болж эхлээд байна. Энэтхэг, Мексикээс эхлээд Сомалиад хүртэл ийм асуудалтай олон хот бий. Барселона, Сан Пауло, Жакарта гээд усны хямралтай буй том хотуудыг бид нэрлэж болно. Бидний амьдарч буй Улаанбаатар хот ч энэ жагсаалтын дээгүүрт бичигдэнэ. Та бид өөрсдийн дэндүү хайхрамжгүй дадал, үр ашиггүй дэмий хэрэглээнүүдээ бодоход л хангалттай.

Өнөөдөр дэлхийн усны өдөр. 3-р сарын 22-ныг дэлхий даяар ийн тэмдэглэсээр яг 25 жил болж байна. Хамгийн амин чухал хэрэгцээтэй атлаа хамгийн "дутуу үнэлэгдсэн" эрдэнээсээ бид алхам бүрээр холдсоор...

Дэлхий дээр амьдарч буй 9 хүн тутмын нэг нь буюуу 800 сая хүн цэвэр ус хэрэглэж чадахгүй хэвээр л байна. 3 хүн тутмын нэг нь эрүүл-аюулгүй жорлонгүй хэвээр. 90 секунд тутамд нэг хүүхэд устай холбоотой өвчин эмгэгээс болж амиа алдаж байна. Жил бүр ариун цэвэр, бохир устай холбоотой өвчин 1 сая хүний амийг авсаар. Гэтэл бид хиймэл оюун, робот, нисдэг такси л ярьсаар буй 21-р зуунд амьдарч байгааг эргэн нэг сануулъя. Гар утас хэрэглэдэг хүний тоо шаардлага хангасан 00 ашигладаг хүнээс их байна гэхээр нэг л зүйл буруу байгаагийн шинж биш гэж үү?

Байдал улам хүндэрнэ. Уур амьсгалын өөрчлөлт биднийг улам л зовооно. Хүн амын тоо нэмэгдэх тусам хэрэглээ улам ихэснэ. Улам их хөрөнгө оруулалт, улам их байгууламжууд бидэнд хэрэгтэй болно. Гэхдээ бид үүнтэй эвлэрээд зүгээр сууж болохгүй, тоохгүй хаячихаж боломгүй.

Бидэнд "хамтрах" бас "хандлагаа өөрчлөх" боломж бий. Шүдээ угаахдаа л усаа хаахаас эхлээд энгийн, өдөр тутмын хэрэглээгээрээ бид усаа "хэмнэж" болно. Ухаалаг худаг, агаараас ус гаргаж авах, далайн усыг цэвэршүүлэх гээд олон инновацилаг оролдлогууд ч гарсаар. Тэднийг дэмжиж, хүчээ нийлүүлж, дуу хоолойгоо хүргэж, сонсоогүй нэгэндээ мэдээ дуулгахаас бидний хамтын ажиллагаа эхлэх учиртай.

Нэгэнт хоцрохоосоо өмнө ус хэмээх чандмань эрдэнээ "гамнаж", хайрлаж хэрэглэж сурах сан...

Өнөөдөр дэлхийн усны өдөр. "Тэг өдөр" хүртэл хэр их хугацаа үлдсэн бол? Асуултын хариулт бид бүхний хамтын ажиллагаа, хандлагаас шууд хамааралтай байх болно.

Постер зургийг: З.Сарантуяа /UNESCO/

"Тогтвортой хөгжлийн зорилгууд" булангийн өмнөх нийтлэлүүд

"Залуучууд тогтвортой хөгжлийг авчирна" - 17 зорилт, 17 санаачилга
2030 оны даалгавар: 17 зорилго - 17 асуулт
Утаанаас хэрхэн салах вэ? Хятадын туршлагаас суралцах нь
Залхуу хүнд зориулсан эх дэлхийгээ аврах хөтөч
Цагаан сарыг орчиндоо ээлтэйгээр тэмдэглэх зөвлөмж
"Давос 2018"-ыг тоймлох нь: Хуваагдмал дэлхийд нэгдмэл ирээдүйг бүтээх нь
Орчиндоо ээлтэй амьдрахад туслах 5 апп

21965   3


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan

Нийтлэлд оролцсон:

Sarantuya Z.
Buted O.




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.