Зориг сан 2006 оноос хойш 12 жил дараалан Швейцарийн Хөгжлийн Агентлагтай хамтран дотоодын их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан дээд боловсролын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд сургалтын төлбөрийн тэтгэлэг хүртэхээс гадна багт хуваагдан нийгмийн хөгжлийн бичил төсөл хэрэгжүүлдэг. Энэ жил нийт материалаа ирүүлсэн 735 оюутнаас 50 оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулжээ. Шалгарсан оюутнууд багуудад  хуваагдан 3 сарын турш нийгмийн сайн сайхны төлөө жижиг төсөл хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдөр бид эдгээр төслүүдийг товч танилцуулж байна.

НЭгдүгээр байр - " НОМЫН САДАН" ТӨСӨЛ

Тэргүүн байр эзэлсэн "Spectrum Mindset" баг нь VTV-тэй хамтран залуучуудыг ном уншихыг уриалсан цуврал нэвтрүүлгийг санаачлан хэрэгжүүлжээ. Өнөөдрийн завгүй нийгэмд зав гаргаж ном унших уу, завтай үедээ унших уу гэх асуултад хариулт хайж, ном унших сонирхолтой залуусыг унших шинэ арга барилд сургах зорилгоор номтой нөхөрлөгч олны танил эрхмүүдийг нэвтрүүлэгтээ урьж оруулсан байна. Тэдний нэвтрүүлэгт одоогийн байдлаар УИХ-ийн гишүүн асан, зохиолч Ц.Оюунгэрэл, ном борлуулагч Ц.Баасандорж, Лантуун дохио ТББ-ийн тэргүүн Ч.Ганжавхлан, Зориг сангийн тэргүүн С.Оюун, Херо интертайментын захирал Б.Баатар, зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгс, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана нар оролцоод байгаа ажээ.·

ХОЁРДУГААР БАЙР - "НОМТОЙ АВТОБУС" ТӨСӨЛ

Хоёрдугаар байрт "Номын гэгээ" багийн санаачилсан “Номтой автобус” төсөл шалгарсан юм. Тэд хот хоорондын автобусанд номын сан байрлуулж зорчигчдын оюунд хөрөнгө оруулах замаар мэдлэгийг тэгш хүртээх, цаашлаад нийтийн тээврийн тав тухтай орчинг бий болгох зорьжээ. Автобусанд төрөл бүрийн жанр, сэдвийн, аль ч насны хүмүүст тохирох 30 ш байрлуулж,номын танилцуулга, мөн “Номтой автобус”-д зорчих дүрмийг хавсарган өгөх үйлчилгээг бүрдүүлжээ.

Төслийн баг МУИС-ийн номын сангийн 1 давхарт байрлах Book Cafe, Ziferblat кофе шопуудад ном хандивлах хайрцаг байрлуулж, сайн дурын оролцоотойгоор номын фонд үүсгэсэн бөгөөд ивээн тэтгэгчээр Монголын психотроникийн хүрээлэн, Мон судар хэвлэлийн компани дэмжин ажиллаж, шинэхэн хэвлэлтээс гарсан номуудаа хандивласан байна. Төслийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Номтой ирээдүй ТББ-тай хамтран ажиллахаар болжээ.

ГУРАВДУГААР БАЙР - "УС БОЛ АМЬДРАЛ" ТӨСӨЛ

Усны нөөц, зохистой хэрэглээний талаар олон нийтэд мэдээлэл өгөх, усыг зөв зохистой хэрэглэхэд уриалах зорилготой хэрэгжсэн "Ус бол амьдрал" төсөл гуравдугаар байр эзэлжээ. Энэхүү төслийн баг нь Төв аймгийн Баянчандмань сумын дунд сургуулийн нийт 300 гаруй сурагчид сургалт зохион байгуулан, усыг зөв зохистой хэрэглэх хэвшилтэй болгох ажлыг өрнүүлсэн юм. Үүний хүрээнд тухайн сургуулийн хамгийн ачаалал өндөртэй ариун цэврийн өрөөний угаагуурыг мэдрэгчтэй холигчоор сольж, ариун цэврийн өрөө бүрт гар угаах зөвлөмж байрлуулжээ. Тухайн сургуулийн хувьд мэдрэгчтэй холигчийг суурилуулснаар жилд нийт 844,800 төгрөгийн үнэ бүхий 21.12 тн усыг хэмнэх тооцоо гарчээ. Мөн олон нийтийг усны зөв зохистой хэрэглээнд уриалан цахим хуудас нээн ажиллуулж, шууд болон шууд бус байдлаар 838 хүнд хүрч ажиллажээ.

БУСАД ТӨСЛҮҮДИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

"ӨВ СОЁЛОО ХАЙРЛАН ХАМГААЛЦГААЯ" төсөл. "Арвис" багийнхан залуучуудад түүх соёлоо хайрлан хамгаалахыг уриалан энэхүү төслийг хэрэгжүүлж, МУБИС-ийн НХУИС-ийн түүх, нийгмийн чиглэлээр суралцдаг 80 гаруй оюутан, Ховд аймгийн Чандмань, Манхан сумуудын дунд сургуулийн сурагчдад “Өв соёлоо хайрлан хамгаалцгаая” сэдэвт сургалтыг Монголын Соёлын Өвийн Төвтэй хамтран зохион байгуулжээ. Мөн оролцогчдод практикт суурилсан мэдлэгийг олгох сургалт хийн “Гурван сэнхэрийн агуй”-г үзүүлж, биет бус өв дээр бал, штрик, будгаар үлдээсэн бичвэрүүдийн хор уршгийн талаар зөвлөгөө өгсөн байна. Мөн тус төвтэй хамтран “Өв соёлоо хайрлан хамгаалцгаая” сэдэвт богино хэмжээний видео бичлэг хийж, олон нийтийн сүлжээнд байршуулжээ.·

"ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЧИГЛЭСЭН ТӨСӨЛ". "Оюуны гэгээ" баг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өөртөө итгэлтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хандлагыг эзэмшүүлэх, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл мэндийн тусламж болон нийгмийн оролцоон дахь уламжлалт хандлагаас үүдэн гарах тэгш бус харилцааг арилгах зорилготой төсөл хэрэгжүүлсэн юм. Үүний хүрээнд “Хэрхэн бусдад өөрийгөө зөвөөр ойлгуулах вэ?” агуулгын хүрээнд илтгэх урлагийн хичээлийг 7 хоногт 2 зочин илтгэгчийн хамт, 40 минутаар орж, “Ойлгоогүй ойлголт” арга хэмжээг зохион байгуулсан байна.

"ЦЭЦЭРЛЭГТ ЦЭВЭР АГААР БЭЛЭГЛЭЕ" төсөл. Тус багийнхан бага насны хүүхдүүдийг агаарын бохирдлоос хамгаалах санаачилга өрнүүлэн 5000 хүнд хүрч, 120 хүн оролцсон “Харах өнцгөө өөрчилье-Change your mind” арга хэмжээг амжилттай зохион байгуулан, арга хэмжээний орлогоор Зурагт орчимд байрладаг Нийслэлийн 86-р цэцэрлэгт 3 ш агаар цэвэршүүлэгч төхөөрөмж байрлуулжээ. Мөн тус цэцэрлэгийн 260 хүүхдэд, багш ажилчдын 45 хүүхдийг агаар шүүгчтэй маскаар хангажээ, Монос эмийн сангийн “Хүчилтөрөгчийн аян”-тай хамтарч Нийслэлийн 86-р цэцэрлэгийн 390 хүүхэд , 34 багш ажилчдыг хүчилтөрөгчийн коктэйлийн нэг өдрийн хэрэгцээгээр хангажээ.·

"АХУЙГАА АВЧ ҮЛДЭХҮЙ" төсөл. "Монгол элч" багийн цэцэрлэгийн насны хүүхдүүдэд монгол тоглоом наадгайн ач тус, төрөл зүйл, тоглох арга барилыг танилцуулах, танин мэдэхүйн ойлголт өгөх, тэдний сэтгэн бодох чадварыг дээшлүүлэх, монгол ахуй, зан заншилтай танилцуулахын зэрэгцээ хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ая тухтай, эрүүл орчин бүрдүүлэх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлжээ.. Төслийн хүрээнд 75 хүүхэдтэй "Их Монголын үрс" цэцэрлэгийг нүүдэлчин соёлын хэв маягаар, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй эд хогшил, тоглоомоор тохижуулан жишиг цэцэрлэгийг бий болгосон байна.

"ХАЙРЛАХУЙ, ЗӨВЛӨХҮЙ, ХУВААЛЦАХУЙ" төсөл. "“LAS”(Loving, Advising, Sharing) баг нь хагас, бүтэн өнчин, орон гэрээсээ дайжсан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг гэрийн нөхцөлд тайван, таатай, аюулгүй, эрүүл, орчинд асарч хөгжүүлэн, боловсрол эзэмшүүлж, амьдралд бэлтгэх зорилгоор “Манай гэр” асрамжийн газартай хамтран энэхүү төслийг хэрэгжүүлсэн юм. Үүний хүрээнд тус төвийн хүүхдүүдэд англи, япон, солонгос хэл, илтгэх урлаг, мэтгэлцээний сургалтыг явуулан, тус төвд эрүүл мэндийн, хууль зүйн булангуудыг нээж ажиллуулж, эрүүл мэндийн үзлэг явуулж, нас, биеийн жин, өндрийн харьцаа зэргийг тогтоож, хүүхдүүдийг витаминжуулсан байна. Мөн төсөлд хамрагдсан хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөөг нэг бүрчлэн өгч, хүүхдүүдэд хэрэгтэй ахуйн хэрэглээний зүйлсээр хангажээ.·

"АНТИБИОТИКИЙН ЗӨВ ХЭРЭГЛЭЭ" төсөл. "Аюулын дохио" баг нь эмийн зохистой хэрэглээ, тэр дундаа антибиотикийн зөв хэрэглээг дэлгэрүүлж, зохисгүй хэрэглээг тойрсон асуудлууд болоод түүний хор уршгийг олон нийтэд таниулах зорилгоор энэхүү төслийг Улаанбаатар хот, Ховд, Завхан аймгуудад хэрэгжүүлсэн юм. Төслийн хүрээнд антибиотикийн зохистой хэрэглээний талаар сургалтуудыг ерөнхий боловсролын сургуулиудад хийж, сургалтын өмнөх болон дараах үеийн тандах судалгааг хийн үр дүнг нийтэд мэдээлжээ. Мөн төслийн хүрээнд эмийн сангуудад тандах судалгааг хийж антибиотикийг жороор олгож байгаа эсэх талаар тайлан дүгнэлт гаргасан байна.