Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   10 сарын 15, 2017

7 хоногийн тойм: 5800 долларын биткойн + 31 настай ерөнхий сайд + 120 сая үзэлттэй бичлэг

Цахим мөнгөний "галзуурал" хаа хүрэх бол?

Дэлхий дахинд

АНУ болон Израйль НҮБ-ийн боловсрол, шинжлэх ухаан, соёлын үйл ажиллагааг хариуцсан агентлаг UNESCO-ийн гишүүнчлэлээсээ татгалзаж байгаагаа зарлалаа. Гэхдээ энэ шийдвэр гарах нь цаг хугацааны л асуудал байсан гэдгийг тодотгох хэрэгтэй. АНУ 2011 онд UNESCO Палестинийг гишүүнээр элсүүлснийг эсэргүүцэн жил бүр олгодог 80 сая долларын санхүүжилтээ өгөхөө зогсоосон. Энэ нь тус байгууллагын нийт жилийн төсвийн 22 хувь гэсэн үг. Улмаар UNESCO 2013 оноос эхлэн АНУ-ын санал өгөх эрхийг түдгэлзүүлээд байсан юм. Чухам үүнтэй холбоотойгоор удтал хэлэлцсэний эцэст энэ шийдвэрийг гаргасан гэх Трампын засаг захиргаа НҮБ-д хуримтлагдсан хүнд суртал, ялгаварлан гадуурхах үйл ажиллагаатай тэмцэж буй нь энэ хэмээн мөн мэдэгджээ.

VOX: Яагаад Трампын захиргаа UNESCO-г орхив?

Энэ жилийн хамгийн сүүлийн Нобелийн шагналын эзнээр Чикагогийн их сургуулийн профессор Ричард Тейлер тодорлоо. Ингэхдээ түүний “сэтгэл судлалын эдийн засаг”-т оруулсан хувь нэмрийг үнэлж, тус шагналыг олгож буйгаа шагнал олгогчид онцлон тэмдэглэсэн юм. Ричард Тейлер нь сэтгэл судлалын эдийн засгийн анхдагчдын нэг бөгөөд орчин үед энэ чиглэлийн судалгаа эрчимтэй хөгжих болсны гол шалтгаан, түлхүүр нь юм. Тэрээр эдийн засгийн сонголтонд сэтгэл судлалын судалгааг тусгасан нь бодит байдалтай илүү ойр шинжилгээ хийх боломжийг эдийн засгийн шинжлэх ухаанд бий болгожээ. Сэтгэл судлалын эдийн засаг нь xүний сэтгэл зүй, зан байдал нь яаж тэдний эдийн засгийн сонголтонд нөлөөлдөг талаар судалдаг.

Unread: Тусгай цуврал: Нобел 2017 - Утга зохиол, энх тайван, эдийн засгийн салбарын шагналтнууд #3

Австри улс Европын холбооны хамгийн залуу удирдагчтай болох магадлалтай байна. Өнөөдөр явагдаж буй сонгуульд 31 настай Себастьян Курцийн тэргүүлж буй Ардын нам 30 орчим хувийн санал авч, олонх болох төлөвтэй байна. Консерватив үзэл баримтлалтай, дүрвэгсдийн эсрэг хатуу, татварын зөөлөн бодлого баримтална гэх уг нам одоогийн канцеллор К.Керний удирдаж буй Социал демократуудыг ялж чадвал Курц 31 настайдаа Австрийн төрийн тэргүүн болох билээ.


Энэ жил 31 настай Курц 2013 оноос хойш гадаад хэргийн сайдаар ажиллаж буй билээ.

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Сүүлийн үед ихээхэн хүчээ авч буй цахим мөнгөн тэмдэгт Bitcoin-ий ханш шинэ дээд амжилтаа тогтоолоо. Нэг биткойны үнэлгээ түүхэнд анх удаа 5800 доллар давсан нь хэд хэдэн улсын эрх баригчид цахим мөнгөний арилжааг хориглосон шийдвэр хөрөнгө оруулагчдын хүлээлт ба итгэлд төдийлэн нөлөөлөхгүй байгааг харуулж байгаа юм.

Coindesk: 5856 - Шинэ дээд амжилт!

Фэйсбүүкийн эзэмшдэг, VR технологийг анхлан хөгжүүлэгчдийн нэг Oculus шинэ бүтээгдэхүүнүүдээ зарлалаа. Google-ийн Daydream, HTC, Lenovo тэргүүтэй өрсөлдөгчдийнхөө эсрэг тэд хэд хэдэн шинэ төхөөрөмжөө танилцуулсан юм. Тэд илүү хямд, илүү хүчтэй Oculus Go, Oculus Dash, Oculus Home-ээ танилцуулж, Фэйсбүүкийн платформыг ашигласан дэвшилтэт үйлчилгээнүүдээ олны хүртээл болголоо. Хамгийн сонирхолтой нь дэлхий даяарх тоглолт, концерт, тэмцээнийг VR ашиглан үзэх боломжтой Facebook Venues, найзуудтайгаа холбогдоход зориулсан Facebook Spaces-ийн шинэ нэмэлтүүд байв.

Techcrunch: Oculus-ийн танилцуулсан бүх зүйлс

Элон Маскийн санаачилсан, хот хоорондын өндөр хурдны тээврийн технологи хөгжүүлэгч Hyperloop One шинэ хөрөнгө оруулалт татаж, нэрээ өөрчлөх болсноо зарлалаа. Алдарт энтрепренер Ричард Брэнсоны эзэмшдэг Virgin Group тус компанид хөрөнгө оруулснаар Virgin Hyperloop One нэртэйгээр хөгжүүлэлтээ хийх болжээ. Сансрын аялал санал болгохоор ажиллаж буй Virgin Galactic-ийг эзэмшигч Р.Брэнсон тус компанийн удирдах зөвлөлд орж ажиллах гэнэ. Сонирхуулахад, Hyperloop энгийн галт тэргээс 10-15 дахин хурдтай буюу 1080 км/цаг хүртэл хурдалдаг галт тэрэгний үйлчилгээг санал болгохоор ажиллаж байгаа билээ.

Стив Жобстой хамт Apple-ийг үүсгэн байгуулсан Стив Возниак технологи, шинжлэх ухааны чиглэлээр дагнасан Woz U нэртэй шинэ боловсролын платформоо танилцууллаа. Хамгийн үр ашигтай, хурдтайгаар компьютер, технологийн боловсролыг оюутнуудад олгох зорилготой гэх тус стартап үүнээс гадна 30 гаруй газарт биет байдлаар сургалт явуулах төлөвлөгөөтэй ажээ.

Microsoft-ийн эзэмшиж буй ажил мэргэжлийн сүлжээ Линкедин анх удаа видео сурталчилгааг дэмжиж эхэллээ. Дөнгөж 8-р сараас эхлэн видео тавихыг хэрэглэгчдэдээ зөвшөөрч эхэлсэн тэд видео сурталчилгааг хамгийн үр дүнтэй, илүү ашигтай хэрэгсэл болж чадна хэмээн үзэж байна.

М.Зукерберг 1 тэрбум хүнийг виртуал орчинд оруулахыг хүсэж байна.

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Үл хөдлөх хөрөнгө, барилга бүтээн байгуулалтын China Evergrande-г үүсгэн байгуулагч Хуй Ка Ян Хятадын хамгийн баян хүн боллоо. Түүний хөрөнгө өнгөрсөн жилтэй харьцуулахад 272 хувиар өсөж, 43 тэрбум долларт хүрснээр өмнөх тэргүүлэгч Ван Жианлиныг гүйцсэн юм. Энтертэйнмент бизнесийн могул, Ванда группийг үүсгэн байгуулагчийн хөрөнгө бараг 30 хувиар буурч, 5-рт эрэмбэлэгдэх болжээ. Харин технологийн салбарын төлөөлөл Тенсентийн Пони Ма, Алибабагийн Жэк Ма нар 2, 3-р байрт бичигдэж байна.

CNN: Хятадын хамгийн баян хүн!

Qualcomm болон Apple-ийн хооронд өрнөж буй оюуны өмчтэй холбоотой маргаан үргэлжилсээр. Чип үйлдвэрлэгч Qualcomm Хятадын шүүхэд хандан гомдол гаргаж, Apple-ийг гурван патентыг нь зөвшөөрөлгүй ашиглаж байгаа учраас борлуулалтыг нь зогсоохыг хүссэн байна. Батерей, дэлгэцтэй холбоотой эдгээр патентуудаас болж Qualcomm хэд хэдэн удаа шүүхэд хандаж, удаа дараа ялагдал хүлээсээр байгаа билээ.

Шинэ загварын машины үйлдвэрлэл нь удааширсантай холбоотойгоор Тесла дор хаяж 400 ажилтнаа ажлаас халснаа зарлалаа. Гэхдээ нийт 33 мянган ажилтантай гэх тэд үйл ажиллагаагаа өргөтгөж, шинэ ажилтнууд авахаа зогсоохгүй гэдгээ мөн мэдэгджээ. Төлөвлөгөө ёсоор 9-р сарын эцэс гэхэд 1600 ширхэг Model 3-ийг үйлдвэрлэсэн байх ёстой ч одоогоор ердөө 220 ширхэг худалдаанд гарсан нь олон хөрөнгө оруулагчийн урмыг хугалсан юм.

Технологийн салбарын гигантуудын нэг Самсунг Электроникс улирлын тайлангаа зарлалаа. Тэд өнгөрөгч гурван сард нийт 62 триллион вон буюу 54.9 тэрбум долларын борлуулалт хийж, орлого нь 12.8 тэрбум долларт хүрснээр өнгөрөгч жилтэй харьцуулахад 300 хувийн өсөлт үзүүлжээ. Хэдий гүйцэтгэх захирал нь хоригдох ял авч, Note 7-ийн батерей дэлбэрсэнтэй холбоотой олон асуудал гарсан ч чип болон шинэ ухаалаг утасны борлуулалт нь тэдэнд ийм амжилт авчирсан байна. Үүнээс гадна тус компанийн CEO-оор ажилладаг гурван захирлын нэг Квон О Хьюн ирэх гуравдугаар сард ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ.

Кантарын мэдээлснээр Америкийн зах зээл дэх iOS болон Самсунгийн үйлдлийн систем хэрэглэгчдийн эзлэх хувь бараг тэнцүү болсон гэнэ. iPhone-ийн шинэ утас худалдаанд гарахаас өмнө зарлагдсан энэ статистикийг харвал iPhone хэрэглэгчид 35 хувьтай болж, Самсунгийн 35.2 хувьтай дөхөж очсон байна. Гэхдээ үйлдлийн системээр харвал 62 хувь нь хэрэглэж буй Андройд гол систем хэвээр байсаар байна.

Хятадын хамгийн баян хүн өдгөө 59 настай

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Эмэгтэй жүжигчид болон хамтран ажиллагсдадаа бэлгийн дарамт үзүүлдэг байсан хэмээн буруутгагдаж буй нэрт продюсер Харви Вейнштейн Америкийн Кино Академиас хөөгдлөө. С.Спилберг, Т.Хэнкс, В.Голдберг нарын алдартнууд багтдаг тус байгууллагын удирдах зөвлөл нийт 3 цаг хуралдсаны эцэст уг шийдвэрийг гаргасан бөгөөд ингэснээр Х.Вейнштейн Оскарын шагналд нэр дэвших, санал өгөх эрхгүй болж байгаа юм. Академийн дүрмийн дагуу 54 гишүүний гуравны хоёроос илүүгийн саналаар гишүүнээс хөөдөг бөгөөд 90 жилийн түүхэндээ 2 дахь удаагаа л ийм шийдвэр гаргаж буй нь энэ юм. Өмнө нь 2004 онд "Загалмайлсан эцэг" киноны од К.Кариди нууцлалын зэрэгтэй бичлэг онлайнд тараасан хэргээр буруутгагдаж байжээ. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Вейнштейн өөрийгөө буруугүйг нотлохоор хичээж, өөрийг нь дэмжих хүмүүсийг нэгтгэж байгаа аж.

NYTimes: Харви Вейнштейн - Холливудын аймшгийн түүх

Канадын алдарт дуучин Шаниа Твэйн 15 жилийн дараа бие даасан цомгоо гаргаж, Биллбордын жагсаалтыг тэргүүллээ. Now нэртэй уг цомог нь энэ жил 52 настай дуучны 5 дахь студийн альбом болж байгаа юм. Хамгийн сүүлд 2002 онд Up! нэртэй гаргасан цомог нь мөн Америкийн топ цомгийн жагсаалтыг тэргүүлж байв. Ш.Твэйн 5 удаа Грэмми хүртэж байсан билээ.

Billboard: Шаниа Твэйн эргэн ирлээ!

Дэлхийн хамгийн алдартай кино франчайзуудын нэг "Оддын дайн" цувралын ээлжит анги The Last Jedi-ийн трэйлэр цацагдлаа. 12-р сарын 15-нд дэлхий даяар нээлтээ хийх уг киноны трэйлэрийг даваа гарагт анх цацагдахад дэлхий даяар 120 сая хүн шууд үзэж дээд амжилт тогтоов. Youtube дээр цацагдсан өдрөө 24 сая хүн үзсэн нь өмнөх дээд амжилт болох Star Wars: Force Awakens, Spider Man, Jurassic Park-ийг давж, мөн дээд амжилт тогтоожээ. Диснейн мэдэгдсэнээр киноны нээлтийн үзвэрийн тасалбаруудын ихэнх нь борлуулагдсан бөгөөд нээлтээ хийхээсээ ч өмнө 100 сая долларын орлого олох магадлалтай гэнэ.

20-р зууны Америкийн уран зохиолын гол бүтээлүүдийн нэгт тооцогддог To Kill A Mockingbird-ийг заавал унших номын жагсаалтаасаа хасаж байгаагаа нэгэн ахлах сургууль зарлалаа. Расизм, ялгаварлан гадуурхах үзлийг өдөөх үг хэллэгүүд нь залуу үеийнхэнд сөргөөр нөлөөлж байна хэмээн Миссиссипигийн Билокси ахлах сургуулийн удирдлага үзсэн байна. Өнгөрсөн жил 89 насандаа таалал төгссөн Харпер Лигийн уг зохиол 1960 онд бичигдсэн бөгөөд Пулицерийн шагнал хүртэж, 40 сая хувь борлуулагдан, кино нь Оскарын наадмаас гурван шагнал хүртсэн билээ.

Спортын ертөнцийн эргэн тойронд

Ирэх жил ОХУ-д явагдах хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох багуудыг тодруулах сонгон шалгаруулалтын эхний шат өндөрлөлөө. 21 дэх удаагийн ДАШТ-д оролцох учиртай 32 багийн 23 нь одоогоор тодроод байна. Латин Америкийн бүсэд Лионель Месси "гайхамшиг" бүтээж, Аргентин эцсийн мөчид эрхээ авсан нь хамгийн онцлох үйл явдал байлаа. Гэвч Чили, АНУ болон Нидерланд тэргүүтэй топ багууд шугамын дор үлдэж, ирэх зуныг өнжихөөс өөр аргагүй боллоо. Сири Австралид хожигдож, "үнсгэлжингийн үлгэр" нь эцэс болсон бол 300 мянга гаруйхан хүн амтай Исланд, Панамын багууд анх удаа дэлхийн аваргыг зорих боллоо. Нэмэлт тоглолтууд, плэйоффоос үлдсэн багуудын нэр тодрох юм.

ESPN: Хэн хэн эрхээ авав?

Европын хөлбөмбөгийн холбоо 2018 оны 9-р сараас эхлэх "УЕФА Үндэстнүүдийн Лиг"-ийн тэмцээнээ зарлалаа. Шигшээ багуудад илүү чанартай тоглолт хийх, үзэгчдэд үзүүштэй болгох үүднээс энэ лигийг зохиох санаачилга 2010 оноос эхлэн яригдсаар одоо л ажил хэрэг болж байгаа нь энэ. Үүний дагуу УЕФА-ийн гишүүн 55 орон 5 бүсэд хуваагдах бөгөөд сугалааны дагуу багууд 3, 3-аараа хэсэгт хуваагдан, тоглолт хийж, аваргаа тодруулах учиртай. Улмаар багууд бүс ахиж, доош унах зарчмаар тоглох аж. Энэ тэмцээний бүсийн аварга болон дэд аваргууд 2020 оны Еврод оролцох эрхээ шууд авах ач холбогдолтой юм.

UEFA: Шинэ тэмцээний талаар мэдвэл зохих бүх зүйлс

Өнөө цагийн хамгийн агуу теннисчид Шанхайн мастерсийн түрүү булаацалдлаа. Рожер Федерер өөрийн мөнхийн өрсөлдөгч Рафаел Надалийг энэ удаад 6:3, 6:4-өөр хожиж, энэ улирлын 6 дахь цомоо өргөв. Энэ нь түүний карьерын 94 дэх цом болжээ. Одоогийн байдлаар дэлхийн чансааг Надаль тэргүүлж байгаа бөгөөд энэ оны эцсийн финалын тэмцээнд дахин тоглох магадлал өндөр байгаа юм. Сонирхуулахад, энэ жилийн дөрвөн их дуулгын түрүүг энэ хоёр теннисчин хуваан хүртээд байгаа юм.

Тэгвэл Оросын алдарт теннисчин Мариа Шарапова допингийн асуудалд орооцолдон, 15 сарын шийтгэл хүртэн эргэн ирснээсээ хойших анхны цомоо Хятадаас хүртлээ. Тэрээр Тьянжины нээлттэй тэмцээний шигшээд Беларусийн тамирчин А.Сабаленкаг хожин түрүүлжээ. Хамгийн сүүлд тэрээр 2 жилийн өмнө Ромын Мастерсд аваргалаад байсан юм.

УЕФА нөхөрсөг тоглолтуудыг илүү ач холбогдолтой, сонирхолтой болгохыг хүсч байна

Алдалгүй унших арван мэдээ

Recode: Цахиурын хөндийн Оросын сурталчилгаатай холбоотой хямралыг тайлбарлахуй
BBC: Их Британи руу хүчтэй хуй салхи айсуй
Techcrunch: CarGurus-ийн IPO амжилттай болов
Forbes: Монгол финтек стартап 30 сая доллараар үнэлэгдэж байна
Verge: #WomenBoycottTwitter хөдөлгөөний талаар
CNN: БНАСАУ болон АНУ-ын үл ойлголцол үргэлжилсээр
IKON: Танилц, шинэ сайд нар!
TNW: Роботуудын тулаан: АНУ vs Япон
Variety: Happy Death Day-ийн амжилт!
QZ: Обама хип хоп артистаар хөргөө зуруулна

23733   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.