Үсрэнгүй нэмэгдэх интернет хэрэглэгчид

Ази, Номхон далайн бүс нутаг дахь интернет хэрэглэгчдийн тоо энэ жилийн эцэс гэхэд 2 тэрбум хүрэх магадлалтай. Гэвч 4 тэрбум илүү хүн оршин суудаг энэ бүсийн хувьд уг тоо харьцангуй багад тооцогдоно. Нийт иргэдийн 46 хувь нь хотод амьдарч, 47 хувь нь интернетэд холбогдож, 36 хувь нь л сошиал медиа ашиглаж байгаа энэ бүс нутаг ойрын ирээдүйн технологи, сошиал медиа компаниудын өрсөлдөөний хамгийн том бөгөөд чухал талбар.

Жил бүр нэмэгдэж буй 300 сая интернет хэрэглэгчийг хэн өөртөө элсүүлж чадсан нь ялалт байгуулна гэсэн үг. Азийн бүс нутаг дахь интернет хэрэглэгчдийн зан төлөв ч маш сонирхолтой. Тэд бусад тивүүдтэй харьцуулахад сошиал медиад илүү их цаг зарцуулж, анхаарал хандуулдаг. Хэдий логистик болон бусад дэд бүтцийн хөгжил сул байж болох ч интернетээр худалдан авалт хийж, бараа захиалахыг илүүд үздэг. Энэ бүхэн Ази хүмүүсийн хурдан дасан зохицдог, шинийг турших дуртай зан төлөвтэй хамааралтай хэмээн судлаачид үзжээ.

Интернет хэрэглэгчдийн өсөлт. Монгол улс 3-р байрт эрэмбэлэгджээ. Эх сурвалж: WeAreSocial

Хамгийн их хөрөнгө

Ази тивийн саятнуудын эзэмшиж буй хөрөнгийн хэмжээ өмнөх жилээс бараг 10 хувиар өсөж, 17.4 триллион долларт хүрснээрээ бүх тивийг манлайлж байна. 2006 онд 8.4 триллионтой тэнцүү байсан саятнуудын хөрөнгө 10 жилийн дараа гэхэд 2 дахин өсөхөд Хятадын зах зээлийн тэлэлт, хөгжил шууд нөлөөтэй гэж хэлж болно. Америк тивийн саятнуудын хөрөнгө 16.6 триллион, Европынхны хөрөнгө 13.4 триллион доллартай тэнцүү байдаг.

Хамгийн олон саятантай хот юу гэж бодож байна? Хэрвээ таны хариулт Токио байсан бол баяр хүргэе. Токиод Лос Анжелес, Сан Франциско, Парисаас илүү их саятан амьдардаг. World Wealth Report-ийн мэдээлж байгаагаар Япон гаралтай 2.7 сая саятан байдаг гэнэ. Азид нийт 5.1 сая саятан байгаагийн 1 сая нь Хятад гаралтай. Харин АНУ энэ жагсаалтыг 4.5 сая саятантайгаараа манлайлдаг. Сонирхолтой нь, дэлхийн топ 10 баян хүний жагсаалтанд Ази хүн багтдаггүй билээ. Энэ бол Азийн зах зээлд асар их хөрөнгө, хөрөнгө оруулалтын боломж, худалдан авалтын потенциал байгааг илтгэх үзүүлэлт юм. Нийт эзэмшиж буй хөрөнгийн хэмжээ жилээс жилд хамгийн их өсөж буй бүс нутаг бол Ази, Номхон далай. Хэрэглэгчдийн худалдан авалт жилээс жилд өсөж, тансаг зэрэглэлийн барааны хэрэглээ нэмэгдэн, зах зээл улам бүр тэлсээр.

Ази саятнуудын хөрөнгө дэлхийд тэргүүлж байна. Эх сурвалж: Gapgemini

Хамгийн том зах зээл

Ази тив бол дэлхийн хамгийн их хүн суурьшсан бүс нутаг. Ойролцоогоор 4.4 тэрбум хүн энд оршин суудаг нь дэлхийн хүн амын 60 хувийг эзэлнэ. Хамгийн сонирхолтой нь энд хамгийн бөөгнөрсөн хийгээд хамгийн сийрэг хүн амтай улсууд аль аль нь оршин буй. АНУ-г эс тооцвол БНХАУ, Энэтхэг, Индонези гэсэн хамгийн их хүн амтай 4 улсын 3 нь Азид харьяалагдаж байна. Дэлхийн хамгийн их хүн амтай хот буюу 24.1 сая иргэнтэй Шанхай хот ч Азийнх.

Энэ нь өөрөө Ази, Номхон далайн бүсийг дэлхийн хамгийн том арилжааны зах зээл болгоход хангалттай үзүүлэлт юм. Хотжих хөдөлгөөн жилээс жилд нэмэгдэж, эдийн засгийн чадавх болон бусад үзүүлэлтүүд сайжирч, хэрэглэгчдийн худалдан авах чадвар, амьдралын чанарын үзүүлэлтүүд нэмэгдэж байгаатай холбоотойгоор дэлхийн тэргүүлэх пүүсүүд, брэндүүдийн гол анхаарлаа хандуулах цэг нь Ази болсонд гайхах зүйл үгүй. Хамгийн их худалдан авалт хийдэг дундаж давхаргын өсөлт ч энд үнэхээр үсрэнгүй байгаа. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани Apple-ийн Хятад дахь iPhone-ий борлуулалт буурсаар байгаа гэгдэж байгаа ч өнгөрсөн улиралд зөвхөн энэ бүсэд 9 тэрбум долларын борлуулалт хийсэн гэдэг.

Хамгийн өндөр потенциалтай гар утасны зах зээл

Гар утасны хэрэглээний өсөлтөөр Азийг гүйцэх тив байхгүй. Энэ бүс нутгийн хамгийн ядуу орнуудын нэгт тооцогдох Непалд хүртэл хүнийхээ тооноос илүү гар утас бий. Хонгконгод нэг хүнд 2.4 утас, Сингапурт 1.5 утас ноогддог. Хүнээсээ их утастай улсуудын жагсаалт Малайз, Тайван, Шри Ланка, Филиппин, БНСУ, Тайланд гээд үргэлжилнэ. Гар утасны хэрэглээ эрс өсөж байгаа нь технологийн стартапуудын хувьд "диваажин" мэт сэтгэгдлийг төрүүлж буй нь гарцаагүй.

Хэдий нийт хүн амын 62 хувь нь гар утас хэрэглэдэг ч энэ тоо 2020 он гэхэд 600 саяар өсөх хандлагатай байгаа гээд л бод! Дараагийн 3 жилд 600 сая шинэ хэрэглэгч. Энэ бол гар утасны апп хөгжүүлэгчид, технологийн стартапуудын хувьд хамгийн ихээр хүлээсэн тоо. Хэдийгээр нэг хүнд ноогдох ДНБ-ын хэмжээ нь дэлхийн дунджаас 3 мянга орчмоор бага буюу 11 мянган доллар байгаа ч энэ нь эсрэгээрээ гар утсаараа интернетэд холбогдох, гүйлгээ хийх, борлуулалт захиалах хэрэглээг дэмжиж байгаа гол шалтгаан болж байгаа гэнэ. Учир нь гар утас суурин компьютерээс хямдхан, бас хүн бүр интернетэд холбогдохыг тэмүүлж байгаа үе шүү дээ.

Ази, Номхон далайн интернет хэрэглээний статистик үзүүлэлт. Эх сурвалж: HootSuite

Хамгийн эмзэг хэрэглэгчид

Qualtrics-аас гаргасан судалгааны дүнгээс Ази, Номхон далайн бүсийн хэрэглэгчид хамгийн эмзэг, хамгийн их хэл ам хийдэг хүмүүс байдаг гэсэн дүгнэлт хийж болно. Сингапур, Хонгконгийн хэрэглэгчдийн 75 хувь нь тухайн бизнес санал хүсэлтэнд нь хариу ирүүлэх, харилцан холбогдох нь маш чухал ач холбогдолтой байдаг гэж үзсэн байна. Хэрвээ компани ямар нэгэн санал хүсэлтэд нь хариу өгөхгүй бол 40 хувь нь ахиж хэзээ ч тэднийхээр үйлчлүүлэхгүй гэж хариулж. Гэтэл энэ тоо АНУ болон Европт бараг 2 дахин бага байдаг гэнэ. Нийт азиудын 46 хувь нь нэг өдрийн дотор тухайн бизнес хариу өгөх ёстой гэж үздэг гэнэ.

Энэ бүхэн азиудын соёлын онцлог, харилцааны уламжлалтай шууд холбоотой гэж судлаачид үзжээ. Азиуд илүү дотно, илүү хувийн харилцааг илүүд үзэж, түүндээ ач холбогдол өгдөг гэнэ. Тийм учраас бизнесийн байгууллагууд хэрэглэгчтэй харилцах үйлчилгээндээ гойд анхаарч, тэдэнтэй илүү ойрхон байх шаардлагатай гэсэн үг. Маш олон барууны брэндүүд Азийн зах зээлд бүтэлгүйтэж, шахагдан гарч байгаагийн шалтгаан ч энэ байж магад. Сонирхолтой байгаа биз? Харин монголчууд бид яадаг билээ?

Ази, Номхон далайн зах зээлийн судалгааны байгууллагууд Улаанбаатар хотноо чуулж байна

Үндэсний тэргүүлэгч "MMCG" судалгааны компани Ази, Номхон далайн орнуудын судалгааны холбоо “APRC”-той хамтран Ази, Номхон далайн зах зээлийн судалгааны байгууллагуудын IX чуулган “APRC Conference 2017”-ыг ӨСӨЛТИЙГ ХАМТДАА ХАЙХ НЬ уриан дор 2017 оны 09 сарын 28, 29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Чуулганд гадаадын 15 улс орны дэлхийд болон бүс нутагтаа тэргүүлэгч зах зээлийн судалгаа, стратеги төлөвлөлтийн 30 гаруй компанийн 60 гаруй тэргүүлэх эксперт хүрэлцэн ирж зах зээлийг судлах, бизнесийн өсөлтийг бий болгох арга барил, хамгийн сүүлийн үеийн чиг хандлагын талаар дотоодын 200 гаруй бизнес эрхлэгчтэй хамтран хэлэлцэх юм.