Өнөөдрийн зочинтой маань манай зарим уншигчид Unlock подкастаар дамжуулан эчнээ танилцсан байх. Тэр бол Японы хамгийн том компаниудын нэг Mitsui & Co-д металь, эрдэс баялгийн худалдаа, хѳрѳнгѳ оруулалт хариуцсан менежерээр ажилладаг Б.Тэгшбаяр юм. Тэрээр 1-р сургууль, Японы засгийн газрын тэтгэлгээр Кобэ их сургуулийг эдийн засгийн бакалавраар төгсөж, Хитоцүбашигийн их сургуульд хѳгжлийн эдийн засаг сэдвээр магистрын зэрэг хамгаалжээ. Үүний дараа бүх л салбарт үйл ажиллагаа явуулдаг Mitsui-д орж, өнөөг хүртэл 5 жил гаруй хугацаанд ажиллаад байгаа юм. Тэрээр үндсэн ажлынхаа хажуугаар төрөл бүрийн төслүүдэд хувь нэмрээ оруулдаг бөгөөд тэдгээрийн нэг нь Unread-тэй хамтран хүргэж буй, шилдэг сайн номуудыг тоймлон ярилцдаг Unlock подкаст билээ. Бид Тэгшээг 8-р сарын сүүлээр амралтаараа ирээд байхад нь ярилцсан юм.

Байршил: Япон, Токио
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: Mitsui & Co корпорацийн бизнесийн хэлтсийн металь, эрдэс баялгийн худалдаа, хѳрѳнгѳ оруулалт хариуцсан менежер, Unlock подкастыг санаачлагч
Хэрэглэдэг гар утас: iPhone 5
Хэрэглэдэг компьютер: Macbook Air 11
Сошиал хуудсууд: Tegshbayar Baasan (ЛинкэдИн), Tegshbayar Baasan (фэйсбүүк хуудас)

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Манай компани бараг нэрлэж болох бүхий л салбарт гадаад худалдаа, хѳрѳнгѳ оруулалтын тѳслүүд дээр ажилладаг, тухайлбал дэд бүтэц, тѳмѳр зам, цахилгаан станц, уул уурхайн хөрөнгө оруулалтын төслүүд, хүнс хѳдѳѳ аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа гэх мэт олон тѳрлийн бизнес дээр ажилладаг. Жишээлэхэд, Австралиас нүүрс аваад Хятад руу гаргах, АНУ-аас хөнгөн цагаан аваад Вьетнамд зарах гэх мэт. Миний одоо төвлөрч ажиллаж байгаа нь Австрали дахь тѳмрийн хүдэрлэгийн уурхай дахь хѳрѳнгѳ оруулалт юм. Би эрдэс баялгийн хѳрѳнгѳ оруулалт хариуцсан менежер гэдгээс гадна гадаад худалдаан дээр трейдер гэж явдаг. Анх үйлчлүүлэгчтэй уулзахаас эхлээд гэрээ хэлцэл хийх, тээвэрлэлт хариуцах, хил гаалиар гаргах, терминал маркет (commodity market) дээр trading болон үнийн зохицуулалт хийх гээд бүх процессыг хариуцаж явдаг.

Хөрөнгө оруулалтын том төслүүд бол харилцах хүн олонтой, төлөвлөгөөгөө маш нарийн гаргах ёстой байдаг. Олон улс дамнасан том баг ажиллаж байдаг болохоор багаар ажиллах чадвар сайтай байх ёстой. Бас олон талын мэдлэг хэрэг болдог. Мэргэжлийн бус техникийн зузаан тайланг уншаад, хэрэгцээт мэдээллийг олж авах, цааш нь дамжуулах, яг ѳѳрийн мэргэжлийн биш зүйл дээр ч гэсэн нарийн дүн шинжилгээ хийх шаардлага ч гарна.

Тэгэхээр арга барилын хувьд олон юм дээр зэрэг ажиллаж таардаг. Ялангуяа компанид орсон эхний жилүүдэд зайлшгүй олон юм зэрэг хийх шаардлагатай байсан. Одооноос харин нэг зүйл дээр төвлөрч ажилладаг болох гэж хичээж байна.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Ажил дээр Outlook, оффисын програмуудыг ашиглана. Мөн Gmail, Google Calendar байна. Сүүлийн үед цөөхөн апп, програм ашиглахыг илүүд үзэж байгаа. Тэгээд мэдээж подкастууд.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Өмнөх өдөр нь маргаашийнхаа ажлыг төлөвлөөд өглөө ирээд шууд л ажилдаа ордог. Ажлынхаа ахаас бас нэг арга сурсан нь хурал дээр төвлөрөх. Хүмүүс хурал тараад, хурал дээр яригдсан зүйлсийг дахиж яриад л байдаг. Түүний оронд хурал дээрээ сайн төвлөрч, асууж тодруулах зүйлсээ сайн лавлаж, хуралтай дуусахтай хамт тэр сэдвээ шууд хаах хэрэгтэй гэж тэр хүн зөвлөсөн. Үр дүнтэй санагддаг.

Подкаст бол миний цаг хэмнэх гол зүйл. Өглөө босоод ажилдаа явтал 50 минут болдог. Шүршүүрт ороод, кофегоо бэлдэн өглөөний ундаа уугаад гарахад гэсэн үг. Энэ хооронд 10-15 минутын гурван ч подкаст сонсож, ѳдѳр тутмын мэдээлэлээ авч амждаг. NPR UpFirst, Economist, NHK English сувгуудаас ингэж мэдээ мэдээлэл сонсдог. Подкаст бол сургууль, ажилдаа явах замдаа, эсвэл гадаа гүйх, алхах, гэр цэвэрлэх, машин барих гээд л тогтож сууж юм унших боломжгүй үед, давхар ямар нэг зүйл хийнгээ сонсон, мэдлэг, мэдээллийг хуримтлуулж болдог цаг хэмнэх үр дүнтэй хэрэгсэл юм.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Хийх ажлын жагсаалтаа ажил дээрээ бол аль болох зориуд гараар, цаасан дээр бичиж тэмдэглэдэг. Гараар тэмдэглэл хѳтлѳх нь илүү бүтээлч байх боломжийг олгодог гэж боддог. Хувийн ажилийн жагсаалт, тѳлѳвлѳгѳѳг утасныхаа Notes апп дээр тэмдэглээд явдаг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Багийн тоглолт хийх, багийн гишүүн байхдаа дажгүй сайн гэж бодож байна. Ажил дээр хамтаараа, багаараа л ажлыг явуулна шүү дээ. Подкаст маань ч багийн тоглолт.

Том компанид 30, 40, магадгүй 50 жил үргэлжлэх төсөл дээр ажиллахад өөрчлөгдөхгүй зүйлс их ч өөрчлөлт хийх шаардлага гардаг. Эерэг үр өгөөжөө өгөх ямар нэг өөрчлөлтийг санаачлахдаа муугүй шүү.

Харин хувьдаа бол байнга шинэ зүйлүүдийг туршиж, өөрийгөө сорих дуртай. Дугуй унах, марафонд гүйх, гадаад хэл сурах гэх мэт. Ер нь орчноо солиод шинэ юм хийхээр гоё байдаг. Төрөл бүрийн зүйл хийж, тэдгээрийгээ хооронд нь огтлолцуулах дуртай.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Олон улсын том төсөл болохоор тухайн орнуудын хэл, соёлоос хамаараад хөрвөх чадвартай байх ёстой. Том компани болохоор хэдий хөдлөхдөө удаан ч гэсэн үр нөлөө өндөртэй байдаг. Би уул уурхай буюу металь, эрдэс баялгийн нөөцийн төсөл дээр ажиллахыг хүсэж одоогийн ажилдаа орж байсан. Манайх Монголд төлөөлөгчийн газартай, судалгаа хийдэг.

Подкастын хувьд олон жил подкаст сонссон, мөн Монгол хэл дээр сонсчихоор подкаст олддоггүй байсан тул энэ подкаст гэдэг зүйлийг олон монгол хүн ашиглан цагаа хэмнэж, шинэ зүйл сурах зэрэг ашиг тусыг нь хүртээсэй гэж бодоод эхлүүлсэн. Улаанбаатарт лав машинд их түгжирдэг тул подкаст сонсох нь тун тохиромжтой юм шиг санагддаг. Подкаст хийж эхэлснээс хойш монгол хэл маань сайжирч, ойлгомжтой ярих тал дээр мэдэгдэхүйц ахиц гарч байна. Дээр нь уншсан номоо эргээд ярихаар үлдэц сайтай байдаг.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Одоогоор Австрали дахь төмрийн хүдэрлэгийн уурхайн хөрөнгө оруулалтын төсөл дээр ажиллаж байна. Эндээс, Сингапур, Австралиас гээд нийт 20-30 хүнтэй баг ажиллаж байгаа.

Подкаст дээрээ танай багтай хамтрах болсондоо баяртай байна. Олон хүн сонсдог болж, монголчуудын подкастын хэрэглээг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж найдаж байна. Unread-ээр хоёр долоо хоног тутам, бямба гарагт подкастын шинэ дугаар цацагдах юм. Яг одоо бол 10 гаруй хоног амрахаар Монголдоо ирчихээд байна. Яваандаа Монголдоо ирж ажиллах төлөвлөгөө байгаа.

Мөн ажлынхаа хажуугаар найзуудтайгаа жижиг сажиг төслүүд дээр цаг гаргадаг шүү. Стартапын санаанууд дээр ажилладаг. Сүүлийн үед Японд суралцаж буй залуустай хамтран ном гаргах төсөл дээр явж байгаа. Хөгжлийн тухай эссэнүүдийг эмхэтгэн монгол хэлээр гаргах юм.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ХӨГЖИМ ТАНЫГ ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛГОДОГ ВЭ?

Ажиллаж байхдаа хөгжим огт сонсдоггүй. Чимээгүй орчинд ажилах дуртай. Ер нь урлагийн авьяас тааруу (инээв). Хөгжмийн оронд подкастууд л сонсоно доо.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

За ямар ном уншсан, одоо уншиж байгааг маань подкастаас харж сонсож болно. Танин мэдэхүй, өөрийгөө хөгжүүлэх, шинжлэх ухааны гээд уран зохиолын бус номуудаас хамгийн сайн үнэлгээтэй, заавал унших номуудын жагсаалтад байдаг номуудаас шилж уншихыг хичээдэг. Номыг гэртээ цахим уншигч дээрээ уншдаг даа. Харин мэргэжлүүдийн номуудын тухайд, хөрөнгө оруулагчдын гарын авлага гэгддэг The Intelligent Investor гэх сонгодог номыг удаан уншиж байгаа. Мөн Томас Пикеттигийн "21-р зууны капитал" номыг уншиж байна.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Нээлттэй хүн. Аяллаар явах үедээ тухайн орныхоо хэлийг мэдэхгүй байсан ч яаж ийгээд болгочихоод байдаг юм. Нэг удаа цагдааг ч аргалж байлаа (инээв). Олон газраас холбогдсон олон орны хүмүүстэй ажилладаг болохоор нээлттэй байхаас ч аргагүй. Гэхдээ нээлттэй гэдэг нь хэт яриасаг, "галзуу" гэсэн үг биш, үзэл бодлын хувьд нээлттэй байх гэж ойлгодог.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Одоо бол дунджаар шөнө 12-7 цагийн хооронд унтаж байна. Амралтын өдөр бол 8 цаг унтчихна. Хангалттай нойр авахыг хичээдэг.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Аялах дуртай. Одоогоор 40 гаруй орноор аялсан. 9 сард Европ явж, 9 сарын 9-нд Швейцарьт уулын бүтэн марафонд гүйнэ, 500 м-ээс 2000 м орчим хүртэл дээшээ ѳгсѳнѳ. Өмнө нь бас Нью Йоркийн марафонд гүйж байсан. Гүйхээс гадна дугуй, усанд сэлэлт, ширээний теннис, снөүбоард, сөрфинг зэрэг спортуудыг сонирхож, боломжоороо хичээллэдэг. Ингээд бодсон чинь олон спорт сонирхдог юм байна. Үүнээс гадна гадаад хэл сурах хоббитой. Герман, орос, франц, испани хэлүүдийг сурч байсан, сурах гэж хичээдэг. Гэхдээ тийм сайн бол биш ээ.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?

Гэр бүл, найз нар, ойр дотныхноосоо урам зориг авдаг. Хүн болгон л өөрийн гэсэн сайхан чанар, давуу талтай. Тэр болгоноос л өөртөө шингээх юм сан гэж боддог. За тэгээд сайн номоос өөрийгөө цэнэглэнэ. Зарим номууд үнэхээр хүчтэй нөлөөлөх нь бий. TED Talk-ууд байна.

Гэхдээ ерөнхийдөө миний хийх юмнууд тодорхой байдаг учраас урам зориггүй болох, эрч хүчгүй болох нь харьцангуй гайгүй байдаг гэж болно.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

10 жилд математикийн Баяраа багш маань "Хэнтэй, хаана, юуны төлөө, юу хийж байгаагаа сайн бод" гэж байнга зөвлөдөг байсан нь санаанаас гардаггүй. Бас МУИС-д ороод сургуульдаа сэтгэл хангалуун биш байгаагаа ярихад ээж маань "Чи бүхнийг мэддэг юм уу? Үгүй бол зүгээр л сур" гэсэн. Тэгэхэд, нээрээ хаана ч очсон хүнд сурах зүйл их байдаг шүү дээ гэж бодож билээ.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Хэрвээ чи их хэмжээний хөрөнгө өвлөж аваагүй л бол, маш чинээлэг айлд төрөөгүй л бол толгойгоороо л хоолоо олж иднэ. Надад бол толгойгоороо л хоолоо олж идэх сонголт байсан. Тэгэхээр тархи толгойгоо хөгжүүлж, хамгаалж явах ёстой байх. Ямар сайндаа би дугуй унахдаа, снөүбоардоор гулгахдаа хамгаалалтын малгай тогтмол өмсдөг. Ямар нэг аваар осолд ороод гар хөлөө алдлаа ч толгой үлдвэл учиртай (инээв). Хамгаалалтын малгайгаа хоёр жил тутам тогтмол сольдог.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦАХЫГ ХҮСЭЖ БАЙНА ВЭ?

Unlock подкастыг хамтран хөтөлж байгаа хоёрыгоо буюу Австралид Merrill Lynch-д ажиллаж байгаа Наги, Японд Accenture-д ажиллаж байгаа Дээгий нарыг санал болгоё.

Гэрэл зургийг Д.Ганзул

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

Unread Media