Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   09 сарын 06, 2017

"Би хэрхэн ажилладаг вэ?" - 2016 оны Монголын Мисс, жүжигчин А.Баярцэцэг

Одоогоос жилийн өмнө монголчууд бид "Дэлхийн мисс"-ээр амьсгалж, Монголынхоо миссийг уухайлан дэмжиж байсан билээ. Оролцогч маань өнгөтэй байж, бидний түрлэг ч хүчтэй байж 2016 оны Монголын мисс А.Баярцэцэг 11-р байрт шалгаран, урьд хожид байгаагүй амжилт үзүүлснийг та бүхэн санаж байгаа байх. Дэлхийн хэмжээний мисс байна гэдэг гадаад төрх, гоо үзэмжээс гадна оюуны цараатай, сэтгэлийн үзэсгэлэнтэй байхыг шаарддаг. Тэр ч ёсоор А.Баярцэцэг Монгол, Испани, Өмнөд Африкд гурван их сургуулийг төгсөж, өндөр боловсрол эзэмшжээ. Үүний зэрэгцээ 10 гаруй жил загвар өмсөж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд жүжигчний карьер хөөн, гадаад дотоодын онц сонирхолтой кинонуудад дүр бүтээх болсон юм. Ингээд ердөө хэдхэн хоногийн өмнө 2017 оны Монголын мисс шалгаруулах тэмцээнд дараагийн миссдээ титэм зүүж өгсөн, Нью Йоркийн загварын долоо хоногт, Лос Анжелест киноны шалгаруулалтад тус тус оролцохоор маргааш нисэх гэж буй түүнтэй ярилцсанаа хүргэе.

Байршил: Улаанбаатар
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: 2016 оны Монголын Мисс, 2016 оны Дэлхийн миссийн шилдэг 11 оролцогчийн нэг, жүжигчин, загвар өмсөгч
Хэрэглэдэг гар утас: Nexus 6P
Хэрэглэдэг лаптоп: Acer
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Эрч хүчтэй, нарийн төлөвлөгөөтэй, хурдтай
Сошиал хуудсууд: Bayra Bela (IMDB), Bayara Bela (фэйсбүүк), @picachok (инстаграм)

Таны ажлын онцлох арга барил?

Нарийн төлөвлөгөөтэй ажилладаг. Хийх зүйлсээ календарь дээрээ хөтлөөд явах нь бүх ажлаа том зургаар нь харах боломжийг олгодог. Ажил, уулзалтуудаас эхлээд найзын төрсөн өдөр, жижиг сажиг бүх зүйлсээ алдалгүй бүртгэж, оруулж өгөхийг хичээдэг. Календарь дээр ажлынхаа төрлүүдийг өөр өөр өнгөөр будах нь цагаа зөв хуваарилж, ажлаа харж хянаж явахад дөхөм болдог юм.

Мөн ямар ч ажлыг хурдтайгаар хийхийг хичээдэг. Цаг хугацаа гэх асар үнэ цэнтэй баялгийг үр дүнтэй, эрч хүчээр дүүрэн ашиглахыг эрмэлзэнэ. Ер нь ажлыг цэвэр энергитэйгээ холбож ойлгох дуртай. Энерги, эрч хүч өндөртэй байвал тэр ажил хурдан, эрчтэй бүтдэг гэж итгэдэг. Өглөө гэрээсээ гарахдаа л бүх юм гоё болно, амжилттай бүтнэ гэсэн сэтгэлгээгээр өдрөө эхлүүлдэг дээ.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай аппликэйшн, програмуудаасаа нэрлэнэ үү?

Ажил мэргэжилтэйгээ холбоотойгоор IMDB-ийн про хувилбарыг байнга ашигладаг. Энэ хувилбарт нь кино урлаг, салбарын маань талаар илүү нарийн ширийн мэдээлэл, салбарын тоглогчдын имэйл, утасны дугаарууд, гол нь шинэ кино болон шалгаруулалтын мэдээнүүд тавигддаг юм. Мэдээж Гүүгл Календарийг хамгийн их ашиглаж байна. Сүүлийн үед Adobe Premiere-ийг ашиглаж, богино хэмжээний видео хийхээр суралцаж байна. Наадмын үеэр мотоцикльтой долоо хоног аялах үеэрээ хийсэн бичлэгүүд маань үнэхээр гоё болсон. Гар утсаараа хийсэн ч гэсэн 4К чанартай, лаптоп руу оруулах шаардлагагүйгээр засвар хийх боломжийг энэ апп надад олгож байна.

Би иймэрхүү бүтээлч апп-уудыг туршиж үзэх дуртай. Houzz дээрх интерьер шийдлүүдийг харна. Хэзээ нэгэн цагт мөрөөдлийнхөө байшинг өөрийн гараар тохижуулна гэж боддог болохоор таалагдсан зургуудаа хадгалаад авчихдаг юм. Сошиал медиа дээр Фэйсбүүкээ л голчлон барьж, идэвхтэй байхыг хичээдэг. Интернетээс хэт хамааралтай нийгэмд амьдарч буй өнөө үед бүх сошиал платформууд дээр идэвхтэй байна гэвэл хэт их цаг авах билээ.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Өглөө эрт босох. Тогтмол 7 эсвэл 8-аас босож байгаад цагийн өмнө эрт босоход л тэр хооронд асар их ажил амжуулах боломж үүсэж байгаа нь мэдрэгддэг. Марко Поло дээр ажиллаж байхад энэ төслийн гол удирдагч Жон Фускогийн өглөө бүр 4:30-аас босдог дадал надад гүн сэтгэгдэл үлдээсэн. 9 цагт ажил албан ёсоор эхлэхээс өмнө тэр хүн бүх имэйлдээ хариу өгч, ушугийн бэлтгэл, бясалгалаа хийж, тэр өдрийнхөө төлөвлөгөөг гаргаад нийт ажлынхаа 70 хувийг хийгээд дуусгачихдаг байсан юм. Хэдэн сая долларын төсөвтэй асар том багийг тэргүүлж байж хамгийн чөлөөтэй, хамгийн стрессгүй, хамгийн ажил хэрэгч хүн байсны нууц нь түүний эрт босдог дадал байсан.

Үүнээс үүдэн, бас тухайн үед уншсан "Зуршлын хүч" номоосоо санаа аван өглөө бүр 6 цагт босох даалгаврыг (challenge) өөртөө тавьж байлаа. Аливаа зүйлийг 21 удаа дараалаад хийхэд дадал болж хэвших боломжтой гэдэгчлэн би тэр жишгээр өглөө эрт боссон. Өглөө босоод иог, бясалгалаа хийгээд, бүх имэйлээ шалгаж, хэрэгтэй мэдээллүүдийг авч, 10 минутын TEDx-ийн бичлэг үзэхэд нэг л цаг өнгөрсөн байдаг юм билээ. Сатаарах зүйл багатай, төвлөрөл ихтэй байдаг өглөөний цагийг ашиглах нь цаг хэмнэдэг.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Саяхныг хүртэл Evernote-ийн идэвхтэй хэрэглэгч байсан. Гэхдээ одоо бол Гүүгл Календарь л ашиглаж байгаа. Календарь дээрээ хийх зүйлсээ чиглэлээр нь ялган 10 гаруй өнгөөр тэмдэглэдэг. Жүжигтэй холбоотой ажлынх шараар, загварынх улаанаар, хувийнх саарлаар гэх мэт.

Цаасан дээр бас тэмдэглэх дуртай. Багаасаа өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан. Цаасан дээр бичих, ажлуудаа дарах, тэмдэглэх нь өөр мэдрэмж өгдөг шүү. Өглөө босох цагаасаа эхлүүлээд ажлын жагсаалтаа аль болох нарийвчлан гаргаж бичдэг. Нийт ажлуудынхаа 80-аас дээш хувьтай биелүүлчихвэл амжилттай өдөр өнгөрлөө гээд их л аз жаргалтай хүн болдог доо.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Төлөвлөлт гэж хэлэх байх. Миний үндсэн мэргэжил маркетинг. Тиймдээ ч аливаа ажил, ажилбаруудыг тодорхой хугацааны төсөл гэж харан, цар хүрээнд нь тохирсон багийг бүрдүүлж, стратегийг нь тодорхойлж, алсын хараатайгаар хийдэг. Миний хувьд "Дэлхийн Мисс" шалгаруулалтанд оролцох болсноо Монгол улсаа дэлхийд сурталчлах 2 сарын хугацаатай төсөл гэж хүлээн авч, бүх ажлуудаа төлөвлөж байлаа.

Би Испанид нэг жил сурч байсан юм. Тэр үедээ латин бүжиг бүжиглэдэг найзуудаа хараад хэзээ нэгэн цагт ийм гоё бүжиглэдэг болох юм сан гэж санаа алдаж, цагаахан атаархдаг байлаа. Монголдоо ирээд хэд хэдэн сургалтанд хамрагдаж, сүүлийн 4 жил салса бүжиг бүжиглэж байна. Хүүхэд байхдаа хүүхдийн ордонд монгол бүжгийн дугуйланд явдаг байсан болохоор надад ойрхон байсан. Ер нь бүжиглэх дуртай.

Таны хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Жүжигчнээр ажиллаад 4 жил болж байна, 15 орчим кинонд дүр бүтээсэн байна. Ажлын онцлог гэвэл хэзээ дараагийн ажил орж ирэхийг хэлж мэдэхгүй, урт хугацаагаар харж төлөвлөхөд хэцүү. Ихэнх ажлууд харьцангуй тодорхой байдаг бол жүжигчин хүн байнга завгүй ч байж магадгүй, эсвэл хагас жил ажилгүй сууж ч мэднэ. Үргэлж л шалгаруулалтаас шалгаруулалтын хооронд, өөрийгөө батлан харуулах, дүр авахын төлөөх тэмцэл дунд амьдрал өрнөнө. Тэнцээгүй гэсэн хариу сонсоод сэтгэлээр уналгүй, өөрийгөө сэргээж, дараагийн ажлууддаа бэлдэх гээд ачаалалтай байдаг.

Гэхдээ би үнэхээр сэтгэл зүрхээрээ энэ ажилдаа хайртай. Дуртай ажлаа хийж байвал нэг их гомдоллоод ч байдаггүй юм байна. Маркетингаар ажиллах би дуртай. Гэхдээ зөвхөн толгойгоо ажиллуулж байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг байлаа. Харин жүжигчний ажил надаас толгойгоо ч ажиллуулахыг, бас сэтгэл зүрхээ ч ажиллуулахыг шаарддаг. Бүх мэдрэмж, сэтгэл зүрхээ зориулж байж дүр бүтээдэг учир надад бүтэн мэдрэмж, бүтэн таашаалыг өгдөг. Тэр маань эргээд нийгэмд хүрч, олон нийтэд нөлөөлж байгаа гэдэг нь сайхан санагддаг.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Дөнгөж хэдхэн хоногийн өмнө Холливудын нэрт жүжигчин Стивен Сигалын бүтээж буй Attrition гэдэг киноны зураг авалтыг дуусгаад эх орондоо ирлээ. Ирэх оны 3-р сард нээлтээ хийх энэхүү киноны зохиолыг С.Сигал өөрөө бичсэн гэдгээрээ онцлогтой. Холливудад тулааны урлагаараа танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн олон жүжигчдийн оролцсон энэхүү кинонд би Сан гэдэг нэртэй, гол дүрийн жүжигчний туслах эмчийн дүрд тоглолоо. Зураг авалт Тайландад болсон юм. Залуу жүжигчний хувьд их зүйл сурсан, ойлгосон өдрүүд өнгөрлөө. Ази хүний хувьд тулааны урлагаар хичээллэвэл бүр их өргөн боломж нээгдэх юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн. Хичээллэхээр ч төлөвлөөд амжсан (инээв).

Маргааш Нью Йоркийн загварын долоо хоногт явах гэж байна. Монголоос топ моделиуд, миссүүдээс бүрдсэн 7 хүнтэй баг дэлхийд алдартай энэхүү шоунд оролцоно. Дэлхийн топ дизайнерууд, загварын агентлагууд, салбарын гол тоглогчид цуглардаг энэхүү наадмаар дамжуулж эх орноо сурталчлах, төлөөлөх боломжтой гэж харж байгаа. Үргэлжлүүлээд Лос Анжелес руу явж, хэд хэдэн киноны шалгаруулалтанд оролцоно.

Өнгөрсөн долоо хоногт "Монголын Мисс"-ийн титмээ энэ жилийн үндэсний ялагч Ц.Энхжиндээ шилжүүлэн өглөө. Жилийн өмнө л титмээ гардан авснаас хойш цаг хугацаа их хурдан бөгөөд мартагдашгүй өнгөрчээ. Маш завгүй, дуулиантай, дурсамжтай нэг жил өнгөрсөн байна. Асар их туршлага, олон найз нөхөд, сайхан боломжуудыг бэлэглэсэн хэзээ ч мартахааргүй, хайрламаар жил байлаа. Сэтгэл их гэгэлзсэн, их догдолсон. Энхжинтэйгээ дараахан нь уулзаж, тэмцээний талаар мэддэг зүйлсээ чадлаараа хуваалцсан. Өндөр боловсролтой мундаг охин улсаа төлөөлөх учир энэ жил ч юм дуулгах байх гэж найдаж байгаа шүү.

Та ажиллаж байх үедээ хөгжим сонсдог уу? Ямар хөгжим таныг эрч хүчтэй болгодог вэ?

Ажиллах үедээ бол хөгжим сонсдоггүй, сатаарах гээд байдаг юм. Би оройн цагаар классик хөгжим сонсох дуртай. Харин өдрийн цагаар зөөлөн рок хөгжим сонсдог. Hozier, Bon Jovi-д дуртай. Испанид амьдарч байсан болоод ч тэр үү фламенго гитарт дуртай, аязаар нь хөглөгддөг. Сонсоод л баймаар, сонсохоор дотроос асаад ч байгаа юм шиг, босоод шууд бүжмээр ч юм шиг мэдрэмж төрдөг. Хэзээ нэгэн цагт гитар тоглож сурах юм сан гэж боддог, сурчихвал испани гитар тоглох гэж шунах байх даа.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна вэ?

Яг одоо зохиолч Б.Шүүдэрцэцэгийн "Хотулун Гүнж" зохиолыг уншиж байна. Нээлтээ хийгээд сар гаруй болж байгаа энэ зохиолоор хийгдэх кинонд би Чингис хааны гуч охин Хотулун гүнжийн дүрийг бүтээхээр сонгогдоод байгаа юм. Тийм болохоор энэ номыг шимтэн шимтэн уншиж байна. Энгийн номыг бол хурдхан уншаад дуусгадаг бол энэ номыг бол хуудас хуудсаар нь, өгүүлбэр өгүүлбэрээр нь уншиж байна.

Миний хамгийн дуртай зохиолч бол Пауло Коэльо. Түүний бүх зохиолуудыг уншсан. "Альхимич" хамгийн дуртай зохиол маань. Номоо хэвлэмлээр, барьж унших дуртай. Уншингаа таалагдсан үгс, гол хэсгүүдийг нь улаан ногооноор тэмдэглэж уншдаг. Уншсан номуудаа Goodreads дээрээ оруулж, бүртгээд явдаг.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд хэрхэн нөлөөлдөг вэ?

Ер нь их нээлттэй хүн гэж боддог. Зурхай уншихаар нумын ордын шинжүүд надад яг таараад байх шиг санагддаг юм. Нумын ордныхон их өөдрөг, аливааг үргэлж болох талаас нь хардаг, харьцангуй нээлттэй, сэтгэл хөдлөлөө хурдан гаргаад хурдан мартдаг хүмүүс байдаг юм билээ.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Өглөө эрт босно. 7 цаг гэхэд бол босчихсон байна. Харин орой унтах асуудалтай. Хүн дор хаяж 7-8 цаг амрах ёстой гэдэг болохоор эрт унтах гэж хичээдэг. Даанч өнөөгийн амьдралын хэв маягтай холбоотойгоор тэр болгон хүссэн цагтаа унтаад байж чаддаггүй. Дунджаар 23 цаг гэхэд унтдаг. Мэдээж ажилтай холбоотойгоор унтлагын дэглэм өөрчлөгдөнө. Дэлхийн миссийн үеэр 3 цаг л унтаж байсан, унтахад ч хайран мөчүүд байсан шүү.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олох вэ?

Кофе шопоос олж болох байх. Найзуудтайгаа кофе шопод уулзах дуртай. Аялах дуртай. Боломж олдвол уул салхинд гарахыг эрмэлзэнэ. Морь унах, нум сумын бэлтгэл хийх, Тэрэлж явах, Богд уул руу гарах бол миний амралтаа өнгөрүүлэх энгийн хэлбэрүүд. Нэг газартаа удаан байхаар давчдаад байх шиг санагддаг юм. Одоогоор 30 гаруй орноор аялаад байна. Удахгүй Непал, Энэтхэг явах гэж байгаа.

Амралтын өдөр бол салса үдэшлэгүүд дээрээс бас олж болно шүү.

Эрүүл амьдралын хэв маяг, дадал зуршлаасаа хуваалцана уу?

Гаднаасаа анхаарч, арьс нүүрээ арчлаад эхлэхээр эрүүл сайхан болчихно гэж зарим хүмүүс бодох нь бий. Гэхдээ эрүүл байхын тулд дотроосоо л эхлэх нь чухал гэж боддог. Ялангуяа идэж буй хоол хүн, хэрэглэж байгаа зүйлс, өдөр тутмын дадал зуршлаас, бүр цаашилбал бодож санаж буй зүйлс хүртэл үүнтэй холбоотой. Миний хувьд хэрэглэж буй зүйлсдээ ухамсартай хандаж, эрүүл хоол хүнсийг сонгон, хортой зүйлсээс аль болох татгалздаг учраас хоолны нарийн чанд дэглэм барихгүй байх боломжтой болдог.

Фитнесст явахаар цаг алдаад байх шиг санагддаг. Гэхдээ хөдөлгөөнтэй байх нь чухал тул миний хувьд бясалгал хийх, иог хийх, тогтмол алхах зэргийг хэвшүүлэхийг хичээдэг. Бясалгалд гүнзгий ороогүй ч энгийн түвшинд 5 минут л хийчихэд сэргээд ирж байгаа нь илт мэдрэгддэг. Мөн найзалж байгаа хүмүүс, эргэн тойрон маань эерэг энерги түгээж байгаа гэдэгт итгэдэг учир дотроосоо эрүүл байгаадаа эргэлздэггүй.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

Маш олон зүйлээс урам зориг авдаг. Эрч хүч өгдөг лекц, бичлэгүүд үзэх дуртай. Сэдэв сэдвээр нь тухайн нөхцөл байдалдаа тулгуурлаад хайн олоод үзэхээр аяыг нь сонсоод л огших нь бий. Тэвчээр алдрах, шийдвэр гаргах, асуудал тулгарах зэрэг үед иймэрхүү видео үзэхэд дэм өгдөг. Ted Talk-уудыг бол бүр зорьж үздэг.

Мундаг хүмүүсийг дагаж, тэдний амжилтаас урам зориг авч, өөрийгөө хөглөнө. Номноос үлгэр дууриал авна. Ялангуяа П.Коэльогийн номууд өөрөө өөртэйгөө ярилцах асуултуудыг хариулттай нь бэлдэж өгдөг учир түүний зохиолуудад дуртай байдаг юм.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

Ээжийн минь байнга хэлдэг байсан үгсийг онцолъё. "Хүн хэн ч байж болно. Ямар ч амжилтанд хүрч болно. Гол нь хэн байсныгаа мартаж болохгүй. Хүн хүнээрээ байх ёстой, энгийн байх ёстой" гэдэг санаа юм. Энэ нь хожим уншсан Соломон хааны үлгэрт гардаг "This Too Shall Pass" гэх үгтэй яг л агаар нэг юм шиг санагддаг. Түүндээ бүр автаад нэг хэсэг шивээс хийлгэнэ гэж явсан ч үе бий.

Соломон хаан This Too Shall Pass буюу "Энэ ч гэсэн улиран одно" гэсэн үгтэй бөгжтэй байж л дээ. Хэчнээн гайхалтай ялалт байгуулж, алдар нэр нь мандан бадарсан ч энэ үгээ хараад буцаж "газарддаг" байсан гэнэ. Хэчнээн ядарч, бүтэлгүйтэж уруудсан ч бөгжөө хараад сэргэж, зоригждог байж. Нэг өдөр тэр энэ байдлаасаа залхаад, бөгжөө үзэн ядаад тайлаад шидчихэж гэнэ. Гэтэл доошоо өнхөрч, шалан дээр унасан бөгж нь яг л өөдөөс нь "Энэ ч гэсэн улиран одно" гэсэн талаа харуулаад хэвтсэн гэдэг. Соломон хаан үүнийг хараад инээвхийлэн бөгжөө буцааж зүүгээд түүнээс хойш огт тайлаагүй юм гэнэ лээ. Энэ түүх надад "мөнхийн зүйл гэж хаа ч байхгүй" гэдгийг сануулдаг юм. Өнөөдөр хэчнээн сайхан өдөр байсан түүндээ хэт бахдах шаардлагагүй. Хэчнээн муухай өдөр байлаа ч хэт гуниглах хэрэггүй. Маргааш гэдэг өдөр бий, ахиад л бүх зүйл эхэлнэ гэдгийг хэлдэг. Хэцүү үед урам зориг өгч, хөөрсөн үед газардуулж өгдөг үгс гэж эрхэмлэж явдаг даа.

Залуу мэргэжилтнүүдэд хандан хамгийн чухал нэг зөвлөгөө өгөөч гэвэл юу гэх вэ?

Сэтгэл зүрхээ сонсоорой гэж л онцгойлон хэлмээр байна. Юу хийвэл үнэхээр аз жаргалтай байж болох вэ гэдгээ бодож, зүрх сэтгэлийн дуудлагаа сонсох хэрэгтэй байх. Эргэн тойрноос ирэх олон янзын дуу хоолойг бүгдийг нь түр авч хаяад өөртэйгөө л үлдэж, өөртэйгөө л ярилцаж сурах нь чухал. Мэдээж юу ч хийсэн эргэлзэх, айх, эмээх үе гарна. Тийм үедээ сэтгэлийн дуудлагаа сонсож сураасай гэж залуустаа хэлье. Үүний тулд өөрөө өөртэйгөө ярилцаж, ажиллаж сурах хэрэгтэй байх. Миний хувьд ном унших, сайн илтгэл, видео үзэхийг өөрөөсөө асуух асуултаа олж, өөртэйгөө ярилцах боломжийг эрэлхийлж байгаа л хэрэг гэж ойлгодог. Сэтгэлийн дуудлагаа нэгэнт сонссон бол ямар ч чиглэлээр ажилладаг бай, амжилт гэдэг цаг хугацааны асуудал гэдэгт итгэдэг шүү.

Та энэ буланд хэнийг санал болгож, ажлын арга барилтай нь танилцмаар байна вэ?

Ерөнхийлөгчөөсөө энэ асуултуудыг асуумаар байна. Улсын ерөнхийлөгч хүн яаж ажилладаг нь их сонирхолтой байна байх. Энэ түвшинд хүртлээ хэрхэн өөрийгөө хөгжүүлж, дайчилж байсныг нь уншаад олон залуус урам зориг авах биз ээ.

Гэрэл зургийг Б.Батзаяа (Зак)

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

147322   22


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.