Барселонагийн халдлагад амь насаа алдагсдын гэгээн дурсгалд зориулан олон нийт хүндэтгэл үзүүлж, эв нэгдлээ илэрхийлсээр байна.

Дэлхий дахинд

Европын аялал жуулчлалын томоохон бүсүүдийн нэг, Испанийн 2 дахь том хот Барселонад террорист халдлага болж, 14 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Орон нутгийн цагаар 17:00-ийн орчимд хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй гудамд цагаан өнгийн фургонтой этгээд явган хүмүүс рүү дайрсан бөгөөд үүний улмаас 34 улсын 100 гаруй иргэн гэмтэл авсан гэнэ. Энэхүү хэргийн хариуцлагыг Исламын улс бүлэглэл хүлээнэ гэдгээ мэдэгдсэнтэй зэрэгцэн цагдаагийн хүч тэсрэх бөмбөгөөр тоноглогдсон, ахин халдлага хийхээр зэхэж байсан байж болзошгүй таван этгээдийг хөнөөж, хэрэгтэй холбоотой хэд хэдэн сэжигтнийг баривчилж, өргөн хүрээт мөрдлөг үргэлжилсээр байна. Испани улсын ерөнхий сайд М.Рахой гурван хоногийн гашуудал зарласан байна.

Vox: Барселонагийн халдлагын талаар бидний мэдэх бүх зүйлс

Хонгконгийн ардчиллын хөдөлгөөний 21 настай залуу лидер Жошуа Вонг 6 сар шоронд хоригдох ял авлаа. 2014 онд Хонгконгийн нөмөрсөн "Шүхэрт хувьсгал"-ын гол нүүр царай түүнд шүүхээс эхэндээ олон нийтийн ажилд албадан оролцох, тэнсэн харгалзах ял оноосон ч Бээжингийн шахалтын улмаас хүндрүүлсэн ял оноосон байж болзошгүй хэмээн шинжээчид үзэж байна. Ийн хоригдох ял авснаар тэрээр ирэх 5 жилд улс төрийн албанд нэр дэвших эрхгүй болж байгаа юм.

Telegraph: Хонгконгийн хувьсгалын 17 настай лидерийн тухай

Сьерра Леон улсын нийслэл Фритоуны зах хэсэгт хүчтэй орсон аадар борооны улмаас хөрсний нуралт үүсэн 400 гаруй хүн амь насаа алдсан байна. 11 жил үргэлжилсэн иргэний дайн, 4000 хүний амийг авсан эбола вирусын тархалтын дараагаар ихээхэн сульдсан эдийн засагтай тус улсын ерөнхийлөгч Э.Корома сураггүй алга болсон 1000 гаруй хүнийг хайхад, мөн орон гэргүй болсон 3000 гаруй иргэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд туслахыг олон улсаас хүсээд байгаа ажээ.

Хэт үндсэрхэг цагаан арьстнуудын өдөөсөн Шарлотссвилийн жагсаалын дараа 2 талыг аль алийг нь буруутгасан "хачирхалтай" мэдэгдэл хийгээд амжсан АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өөрийн үүсгэн байгуулсан бизнес, технологийн салбарын лидерүүдийг оролцуулсан 2 ч зөвлөлөө татан буулгалаа. Түүний баримталж буй бодлоготой үзэл санаа нийлэхгүйн улмаас энэ зөвлөлийг аль хэдийн Интел, Under Armour, Tesla, Disney зэрэг 8 компанийн захирлууд орхиод байсан билээ. Трампын захиргаан дахь халаа сэлгээ энэ долоо хоногт ч үргэлжилж, энэ удаад түүний сонгуулийн хамгийн нөлөө бүхий зөвлөхүүдийн нэг, Цагаан ордны ахлах стратегичаар ажиллаж байсан Стив Баннон ажлаа хүлээлгэн өгсөн байна. Тэрээр өмнө нь өөрийн удирдаж байсан Breitbart-даа эргэн ирж, ”Трампын төлөө дайснуудтай нь гаднаас тулалдана" гэдгээ мэдэгджээ.

Трампын удаа дараагийн хариуцлагагүй мэдэгдлүүд түүний рэйтинг хамгийн бага түвшиндээ хүрэхэд нөлөөлөв.

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Дэлхийн хамгийн баян хүн Билл Гэйтс 2000 оноос хойшхи хамгийн том хандиваа эхнэрийнхээ хамтаар удирддаг Bill & Melinda Gates санд өргөлөө. 61 настай Гэйтс 5 тэрбум доллартай тэнцэхүйц Майкрософтийн хувьцаагаа сандаа бэлэглэсэн нь энэ бөгөөд өөрийн үүсгэн байгуулсан компанидаа эзэмших хувь нь 1,3 хувь болон буурчээ. 1994 оноос хойш Bill & Melinda Gates сан нийт 34 тэрбум долларыг эрүүл мэнд, хүрээлэн буй орчин болон бусад хөгжлийн төслүүдэд хандивлаад байгаа ажээ. Сонирхуулахад, 1999 онд тэрээр 16 тэрбум доллартай тэнцэх хөрөнгөө өөрийн сандаа хандивлаж байжээ. Үүнтэй зэрэгцэн Фэйсбүүкийн СОО Ш.Сандберг 100 сая доллартай тэнцэхүйц 590 мянган ширхэг Фэйсбүүкийн хувьцааг өөрийн сангуудад мөн хандивлаж байгаагаа зарласан байна. Үүнд нь түүний үүсгэн байгуулсан LeanIn.Org, OptionB.org нар нь багтжээ.

BI: Билл Гэйтс хэрхэн дэлхийн хамгийн том хандивлагч болсон бэ?

Хятадын засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн өмчит зарим үйлдвэрийг хувийн хэвшлийн оролцоотойгоор хөгжүүлэх бодлогын хүрээнд үүрэн телефоны оператор China Unicom-ийн 35 хувийг 12 тэрбум доллараар үнэлэн арилжаалах болсон байна. 269 сая хэрэглэгчтэйгээрээ улсдаа 2-т жагсдаг уг компанид хятадын тэргүүлэх технологийн компаниуд болох Alibaba, Tencent, JD, Baidu зэрэг компаниуд хөрөнгө оруулах болжээ.

FT: China Unicom 12 тэрбум долларыг босголоо

35 тэрбум долларын үнэлгээтэй, Энэтхэгийн 2 дахь том IT-ийн үйлчилгээ үзүүлэгч компани Infosys-ийн гүйцэтгэх захирал Вишал Сикка үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн нь хөрөнгө оруулагчдад гэнэтийн мэдээ байлаа. Үүсгэн байгуулагчдын удаа дараагийн дарамт шахалтын улмаас ажлаа хийх боломжгүй болсон хэмээн шалтгаанаа тайлбарласан түүний шийдвэрийн дараагаар тэдний хувьцааны үнэлгээ 13 хувиар буурчээ. 3 жилийн дотор компанийн ашгийг 25 хувиар нэмэгдүүлсэн Сикка компанийн дэд захирлаар ажиллах үргэлжлүүлэн ажиллах бөгөөд 1 долларын цалин авах гэнэ.

PC-ий зах зээлийн өсөлт удааширч, зардал нэмэгдэн, гар утас, таблет зэрэг ухаалаг төхөөрөмжүүдэд байр сууриа алдаж буйгаас шалтгаалан Lenovo 2015 оны 9-р сараас хойш анх удаа алдагдалтай ажилласнаа зарлалаа. Өнгөрсөн жилийн мөн үед 173 сая долларын ашигтай тайлан зарлаж байсан тэд 72 сая долларын алдагдалтай байснаас нэгж хувьцааны үнэлгээ нь Хонгконгийн бирж дээр 4 хувиар буурчээ. Дэлхийн номер нэг компьютер үйлдвэрлэгчийн байр сууриа HP, Dell-д дараалан алдсан тэдний нийт борлуулалт 10 тэрбумд хүрсэн байв.

86 тэрбум долларын хөрөнгөтэй Билл Гэйтс эхнэрийнхээ хамтаар нийт хөрөнгийнхөө 95 хувийг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулна хэмээн амлалт өгсөн билээ.

Технологийн ертөнцийн эргэн тойронд


Angry Bird-ийг бүтээгч финлянд компани Rovio ирэх сарын эхээр IPO хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэд 2 тэрбум долларын үнэлгээтэйгээр 400 саяыг зах зээл дээрээс босгохоор зэхэж байгаа ажээ. Тэдний 2009 онд гаргасан Angry Birds нь зөвхөн гар утасны тоглоом биш, энтертэйнмент ертөнцийн хамгийн алдартай дүрүүдийн нэг болтлоо хөгжиж чадсан билээ.

Barrons: Яагаад Angry Birds бүтэлгүйтэж магадгүй вэ?

Азийн хамгийн үнэ цэнтэй технологийн компани Тенсент өнгөрсөн улиралд 2,7 тэрбум долларын цэвэр ашиг олж, компанийн хувьд рекордоо тогтоолоо. Энэ өсөлт нь яг одоо 200 сая хэрэглэгч тоглож, хамгийн өндөр өсөлттэй гар утасны тоглоом болсон Honour of Kings-ийн амжилттай шууд холбоотой. Гар утасны тоглоомын бизнесийн орлого 2,2 тэрбумд хүрч анх удаа РС тоглоомоосоо давсан гэдгийг тэд онцолжээ. Үүнээс гадна WeChat-ийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо 963 саяд хүрч, сурталчилгааны орлого нь 900 сая доллар болсон байна.

NYTimes: Дэлхийн хамгийн том технологийн компаниуд зөвхөн Америкийнх биш

Онлайн худалдааны гигант Алибаба улирлын тайлангаа зарлаж, 2,1 тэрбум долларын цэвэр ашигтай ажилласнаа мэдэгдлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс даруй 96 хувиар өссөн гэсэн үг. Сүүлийн 12 сарын хугацаанд нийт 466 сая хэрэглэгч нийт борлуулалтын 85 хувийг бүрдүүлсэн цахим худалдааны платформоор үйлчлүүлжээ. Гэхдээ үүнээс гадна клоуд систем, энтертэйнментийн үйлчилгээ үзүүлэгч бизнесүүд нь ч сайн өсөлт үзүүлснийг тэд онцолсон байна.

Зүүн өмнөд азийн хамгийн том эдийн засаг Индонезийн номер 1 цахим худалдааны платформ TokopediaАлибаба 1.1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийснээ зарлалаа. Гүүглийн тооцоолсноор энэ бүс нутагт цахим худалдааны зах зээлийн багтаамж 2025 он гэхэд 5,5 тэрбумаас 88 тэрбум болон өсөх гэнэ.

Youtube хамгийн сүүлийн үеийн шуурхай мэдээний видеог хүргэх Breaking News нэмэлтийг сайт болон апп-даа нэвтрүүллээ. Тус платформыг ашиглан хэрэглэгчид өдөрт 1,5 тэрбум цагийн видеог үзэж байгаагаас үндэслэн нийгэмд өрнөж буй аливаа мэдээг түгээх гол хэрэгсэл болох боломжтой хэмээн Гүүгл үзэж байгаа аж.

169 сая идэвхтэй хэрэглэгчтэй, азийн зах зээлийн тэргүүлэх чат апп-уудын нэг Line групп чатуудад шууд бичлэг хуваалцах шинэ нэмэлтийг танилцууллаа. Хэрэглэгчид 200 хүртэл хүнтэй групп дээр өөрийн видеог шууд хуваалцах боломжтой болж байгаа гэнэ.

Нетфликсийн үүсгэн байгуулагчдын нэг Мич Лоув MoviePass нэртэй стартапаараа кино театрын зах зээлийг аврахыг хүсч байгаа гэнэ. Тэрээр сард 10 доллар төлөн өдөрт бүр хүссэн нэг киног хүссэн театртаа үзэх моделийг санал болгож байгаа ажээ.

Өнгөрч буй долоо хоногт гар утасны зах зээл ихээхэн завгүй байв. Нэгэн үе дэлхийн топ гар утас үйлдвэрлэгч асан Нокиа шинэ ухаалаг утсаа албан ёсоор танилцууллаа. Нокиаг эзэмших болсноосоо хойш HMD Global-ийн гаргаж буй анхны утас Nokia 8 нэртэй бөгөөд 599 долларын үнэтэйгээр 9-р сараас эхлэн худалдаанд гарна. Андройд үйлдлийн системтэй уг утас анхны 2 камераа зэрэг ашиглаж, #Selfie бус #Bothie лайв хийж болдог утас гэдгээрээ онцлогтой гэнэ. Тэднээс гадна Андройдыг бүтээгч А.Рубины танилцуулсан 699 доллараар борлуулагдах, онцгой дизайн, бат бөх чанартай гэх 360' камертай утас зах зээлд гарахад бэлэн болсон байна. Тэд ирэх долоо хоногоос эхлэн урьдчилан захиалсан хэрэглэгчдэдээ эхний утсаа хүргэнэ гэдгээ мэдэгджээ.

Nokia ухаалаг утасны зах зээлд нэвтрэх ээлжит оролдлогоо хийлээ. Энэ удаад тэдэнд аз таарах болов уу?

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Нээлтээ хийгээд удаагүй байгаа "Annabelle: Creation" кино нь бокс оффисоос 110 сая долларын орлого олсноор New Line-ийн бүтээл "The Conjuring" цуврал 21-р зууны хамгийн өндөр орлого олсон аймшгийн франчайз цуврал боллоо. 2013 оноос хойш энэ цувралын нийт 4 кино гарсан бөгөөд нийт орлого нь албан ёсоор 1 тэрбум доллар давсан анхны аймшгийн цуврал кино болсон байна. New Line энэ цувралын "ертөнцөд" үргэлжлэх ахин 3 ч киног бүтээх болсноо зарлаад байгаа билээ.

IndieWire: The Conjuring хэрхэн хамгийн амжилттай аймшгийн франчайз болсон бэ?

Хакеруудын удаа дараагийн цахим халдлагад өртөөд буй HBO энэ удаад өөрсдийн буруутай үйлдлээс шалтгаалан үзэгчдийн ид хүлээлтэн дунд үргэлжилж буй киноныхоо шинэ ангийг алдсан байна. Хуваарь ёсоор энэ даваа гарагт цацагдах учиртай байсан Game of Thrones-ийн 7-р улирлын 6-р ангийг HBO Spain санамсаргүй байдлаар цацжээ. Сонирхуулахад, хакерууд хэд хэдэн медиа компаниуд руу HBO-ийн эзэмшдэг бүх сошиал хуудсуудын нууц үгийг жагсаалтаар явуулсан гэнэ.

GameRadar: Game of Thrones-ийн алдагдсан ангиуд, зохиолууд

Дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани Apple Холливудад, контентийн зах зээлд өрсөлдөх боллоо. Өнгөрсөн 6-р сард Сони ТВ-д ажиллаж байсан захирлуудыг ажилд авсан тэд зөвхөн ирэх жилд 1 тэрбум долларыг Game of Thrones, House of Cards шиг 10 контент бүтээхэд зарцуулна гэдгээ мэдэгджээ.

Шарлоттсвиллийн "гунигт" явдлын дараагаар АНУ-ын экс ерөнхийлөгч Б.Обамагийн хийсэн жиргээ түүхэн дэх хамгийн олон лайк авсан твийт болсон байна. Ялгаварлан гадуурхлын эсрэг алдарт Н.Манделагийн эшлэл бүхий энэ жиргээ одоогоор 4,3 сая лайк авсан нь өмнөх рекорд А.Грандегийн Манчестерийн халдлагын дараах бичлэгээс даруй 1,5 саяар их гэсэн юм.

NBC телевиз зөвхөн Snapchat-аар цацаж буй өдөр тутмын контент нь анх цацагдснаасаа хойш нийт 29 сая хэрэглэгчид хүрснийг зарлалаа. Нийт үзэгчдийнх нь 60 хувь нь 25-аас доош насных байсан гэдэг нь тэдний хувьд том амжилт байсан бөгөөд энэ нь телевизийн хамгийн өндөр үзэгчтэй нэвтрүүлгээс нь даруй гурав дахин илүү үзүүлэлт гэдгийг онцолсон байна.

49 настай алдарт жүжигчин Даниел Крэйг 2019 онд бүтээгдэх Жэймс Бондын шинэ ангид тоглоно гэдгээ мэдэгдлээ. Өмнө нь 4 ч цувралд агент 007-ийн дүрийг бүтээсэн Д.Крэйг цувралд эргэн ирэх эсэх нь тодорхойгүй байсан билээ. Хамгийн сүүлд 2015 онд гарсан Spectre дэлхий даяар 880 сая долларын орлого олсон юм.

Чингис хааны нууцлаг шарилыг хайж буй адал явдлын талаар өгүүлэх шинэ киноны зохиолыг Universal худалдаж авсан талаар Deadline мэдээллээ. Уг кино зохиолыг Beauty and The Beast, The Huntsman: Winter's War-ийн зохиолч Эван Спилиотопулос бичсэн бөгөөд алдарт жүжигчин Дуэйн Жонсон продюсерээр нь ажиллана гэнэ. Киноны нэр болон гарах огноо зэрэг бусад мэдээлэл хараахан тодорхой болоогүй байна.

"Хэн ч анхнаасаа бусдыг арьсны өнгө, гарал угсаа, шашин шүтлэгээс нь болж үзэн ядаж төрдөггүй" хэмээх тайлбартай энэхүү зургийг 2011 онд Мэрилэнд дэх асрамжийн газрын ойролцоо авчээ.

Спортын ертөнцийн эргэн тойронд

Медиа зах зээл, хэрэглээний судалгаа, үнэлгээний хамгийн том компани Ниелсен цахим спортын зах зээлд хөл тавьж байгаагаа зарлалаа. Тэд сүүлийн үед цар хүрээ нь эрчимтэй тэлж буй цахим спортын зах зээл дэх ивээн тэтгэлтийн үнэлгээг хийхэд голчлон анхаарах бөгөөд шинэ хэмжүүрүүдийг хөгжүүлэхэд зориулсан хэлтсийг байгуулж байгаа ажээ. Өнгөрч буй долоо хоногт хамгийн их сонирхогчтой тоглоомуудын нэг дотагийн ДАШТ буюу The International 2017 тэмцээний ялагч тодорлоо. Түүхэн дэх хамгийн өндөр буюу 24 сая долларын шагналын сантай уг тэмцээнд Нидерландаас гаралтай Team Liquid анх удаа түрүүлжээ.

Bloomberg: Цахим спортын зах зээл хэр том бол? Nielsen үүнийг мэдэхийг хүсч байна


Тайваний Тайпэй хотноо дэлхийн оюутны спортын Универсиад наадам нээлтээ хийж байна. 29 дэх удаагийн наадамд 142 улсын 7600 гаруй тамирчид спортын 21 төрөлд 275 багц медалийн төлөө өрсөлдөнө. Монгол улсаас 9 спортын төрөлд 76 хүний бүрэлдэхүүнтэй баг энэхүү наадамд оролцох ажээ.

Ikon: Универсиад наадамд оролцох багийг үдэн гаргалаа


Европын хамгийн их үзэгчтэй хөлбөмбөгийн лиг Германы Бундеслига албан ёсоор нээлтээ хийлээ. 55 дахь улирлын нээлтийн тоглолт сүүлийн 5 жил дараалан аваргалаад буй Байерн Мюнхен болон Байер Леверкузен багуудын хооронд болж, цомыг хамгаалагчдын ялалтаар өндөрлөсөн. Уг тоглолтын үеэр лигийн түүхэнд анх удаа видео бичлэг ашиглаж шүүгч шийдвэр гаргасан тохиолдол гарчээ. Долоо хоногийн дундуур Испанийн супер цомын төлөөх "эль классико"-ийн ялагч тодорч, Реал Мадрид нийлбэр дүнгээр 5:1-ээр Барселонаг илүүрхэн цомын эзэд болсон байна.

EA-ийн бүтээдэг FIFA цувралын хамгийн хүчтэй өрсөлдөгч Pro Evolution Soccer алдартай тамирчдын дүрсийг эзэмших эрхээрээ шинэ хэрэглэгчид татах маркетинг ашиглаж байгаа. Өнгөрсөн сард дэлхийн хамгийн хурдан хүн Усайн Болтыг хөлбөмбөгийн спортод "уруу татаж" орхисон Konami энэ удаад алдарт Дэвид Бэкхэмийг багтаа аван тоглох боломжийг тоглоомчдод олгож байгаагаа зарлажээ.

Допингийн шинжилгээнд бүдэрснээр 15 сар тоглох эрхээ хасуулсан алдарт теннисчин Мариа Шарапова их дуулгад эргэн ирэх боллоо. Дөрвөн их дуулгад бүгдэд нь түрүүлсэн түүхэн дэх аравхан эмэгтэй тамирчны нэг Шарапова өдгөө чансааны 148-д бичигдэж буй ч Америкийн Теннисний холбоо түүнд энэ сарын сүүлээр эхлэх Америкийн нээлттэй тэмцээнд оролцох "цагаан хуудас"-ыг олгож байгаагаа зарласан байна. 2006 онд энэ тэмцээнд аваргалж байсан орос бүсгүйд 5-р сард болсон Ролан Гарросыг зохион байгуулагчид цагаан хуудас олгохоос татгалзаж, шуугиан тариад байсан билээ.

PES 18 9-р сарын 12-нд худалдаанд гарна.

Алдалгүй унших арван мэдээ

BBC: Энэтхэгт хүчирхийллийн хохирогч 10 настай охин амаржлаа
Daily Mail: Зимбабвегийн ерөнхийлөгчийн эхнэр модель бүсгүйг зоджээ
Time: Малала охин Оксфордын их сургуульд суралцана
Techcrunch: Фэйсбүүкээр өдөрт 45 сая хүн төрсөн өдрийн мэндчилгээ хүргэдэг
QZ: Өвөр Монгол дахь биткойн олборлогчдын амьдрал
Vice: "Морьдын Uber" бол Монголын цоо шинэ сошиал апп
Reuters: Финляндад хутгатай этгээд халдлага үйлдэж, 2 хүн нас барлаа
Vox: БНСУ-ийн ерөнхийлөгчийн рэйтинг 90 хувьд хүрч, АНУ-д хандан хүчтэй мэдэгдэл хийлээ
The Verge: Facebook-ийн М.Зукерберг 2 сарын "шинэ аавын" амралт авна
CNN: Япончуудын сөнөөсөн америк усан онгоц 72 жилийн дараа олдлоо

Хамгийн залуудаа буюу 17 настайдаа Нобелийн шагнал хүртсэн Малала философи, улс төр, эдийн засгийн чиглэлээр суралцана.

Долоо хоногийн тоймын өмнөх дугаарууд

7 хоногийн тойм: Баяртай, Болт! + Биткойны галзуурал + Америкт үнэртсэн анархизм
7 хоногийн тойм: 10 мянган өвчин эмчлэх технологи + 3 тэрбум хандалттай видео + 222 сая еврогийн үнэтэй хөлбөмбөгчин
7 хоногийн тойм: Дэлхийн хамгийн баян хүн + Теслагийн шинэ загвар + Улаанбаатар 2023
7 хоногийн тойм: Майкрософтын түүхэн амжилт + Честер Беннингтоны гунигт төгсгөл + Хакухогийн 1048 дахь даваа
7 хоногийн тойм: Шуугиан дүүрэн Монгол наадам + Алхаж сурсан хиймэл оюун ухаан + Бүхнийг ангайлгасан телепортын туршилт