Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   07 сарын 29, 2017

"Монгол үсгийн дүрмийн толь" номын тухай + Зөв бичгийн санавал зохих дүрмүүд

Зөв бичгийн дүрмийн талаар хүмүүс эцэс төгсгөлгүй маргачихдаг. Ингэхдээ хүмүүс би ингэж заалгасан, миний үед ийм л дүрэмтэй байсан гэж мэтгэх нь хамгийн түгээмэл. Харин энэ маргааныг таслах нэг л сурвалж бол 1983 оны Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын зохиосон "Монгол үсгийн дүрмийн толь" юм. Сүүлд хоёр янзаар бичигддэг 700 үгийг бичлэгийг нэг мөр болгосон ч дүрмийн хувьд энэ дүрэм одоо хүртэл хүчинтэй юм. Гадуур хуучин номын худалдаагаар элбэг үзэгддэг энэ дэлгэрэнгүй толины төгсгөлд бидний монгол хэлний дүрэм гэж хэлж заншсан "Монгол үсгийн дүрэм" бий. Энэхүү дүрмээс хүмүүсийн алдаатай бичдэг зарим үгстэй холбоотой дүрмүүдийг түүвэрлэн хүргэж байна.

Санавал зохих зарим дүрэм

~29. Нэг үгэнд хэд хэдэн залгавар залгахдаа нэгэнт гээж бичсэн эгшгийг сэргээж бичихгүй. Жишээлбэл: нөхөд-нөхдөд-нөхдөдөө, үйлчлүүлэгч-үйлчлүүлэгчдэд-үйлчлүүлэгчдэдээ, бэх-бэхэж-бэхжих-бэхжихэд гэх мэт.

~32. Зөөлний тэмдгийн солигдох нь:
2. Зөөлний тэмдгийн дараа эгшигт (в, г, л, м, н, р) орвол зөөлний тэмдгийг сольж и болгоно. Жишээлбэл: соль - соливол, сахь, сахилаа гэх мэт.

~38. Үйл үгийн үндэс үүсгэх -л дагаврын шаардагдах балархай эгшгийг хаана нь бичих вэ гэвэл:
1. Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд -л дагаврыг залгахдаа зохих балархай эгшгийг ард нь бичнэ. Жишээлбэл: тагла, тавла, бөглө, нэрлэ, ажилла, төлөвлө, амла, сумла гэх мэт.

2. Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд -л дагаврыг залгахдаа зохих балархай эгшгийг өмнө нь бичнэ. Жишээлбэл: дансал, хагасал, борцол, батал гэх мэт.
Гажилт: Хэрвээ -л дагаврыг залгахад заримдаг гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэхээр байвал -л дагаврын шаардагдах эгшгийг ард нь бичнэ. Жишээлбэл: үндэс - үндэслэ, хавтас, хавтасла, идэш - идэшлэ.

~40. Нөхцөл үйлийн зэрэгцэх хэлбэрийн -ж, -ч нөхцөлийг үгэнд залгахдаа:
2. Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд зөвхөн -ж бичнэ. Жишээлбэл: бодож, хатаж, дасаж, гацаж, засаж, дуусаж, нисэж гэх мэт.

~43. Хамааруулах -х дагаврыг эр, эм ямар ч үгэнд зөөлний тэмдэг буюу и үсэггүй бичнэ. Жишээлбэл: дараах, хойнох, доторх, гаднах, эндэх, дундах гэх мэт.
Хааяа энэ дагавар өгөх оршихын тийн ялгалын нөхцөл зэрэгтэй нийлж тусгай үг мэт болсон байх учир бичгийн хэлний уламжлалыг дагаж дахь, дахин гэж тусгай бичнэ.

~44. Зарим тийн ялгалын нөхцөлийг бичих тухай өгүүлбэл:
4. Өгөх оршихын тийн ялгалын нөхцөл -д, -т:

-Т нөхцөлийг г ба өмнөө эгшигтэй с гийгүүлэгчээр төгссөн тогтворгүй н гүй үгэнд залгана. Жишээлбэл: худагт, Нацагт, нутагт, хэлтэст гэх мэт. Бас р, в гийгүүлэгчээр төгссөн зарим үгэнд уламжлал баримтлан бичнэ. Жишээлбэл: гарт, Дэндэвт гэх мэт.
-Д нөхцөлийг дээрхээс бусад үсгээр төгссөн үгэнд бичнэ. ЖИшээлбэл: ахад, шилд, сард, хүн бүрд гэх мэт.

~47. Том үсгээр бичих
б) Монгол, Орос зэргийн улс орны орны нэрийг зөвхөн хүний ерийн нэр болгож хэрэглэх буюу орон улсаас өөр эд юм ба ерийн нэр үгийн өмнө тодотгол болгож хэрэглэсэн бол бага үсгээр бичнэ. Жишээлбэл: Жижигхэн монгол эмээл моринд халтай. Бид орол хэл суралцахыг оролдоно гэх мэт.

~49. Гадаад үгийг бичих нь
7. К үсгийг хэлний г үсгийн дүрмээр к үсгээр төгссөн эр үгэнд ий эгшиг залгах ба к үсгийг эгшигт гийгүүлэгчийн адил үзэж залгавар залгана. Жишээлбэл: Фабрикийн, паркт гэх мэт.

9. Оросын у үсгийг монголын ү үсгийн адил эм эгшиг гэж үзэж залгавар залгана. Жишээлбэл: группийн, клубээс гэх мэт.

~50. Сул үгийг уг үгнээс нь саланги бичнэ.
6. Дуудах аялга үг аа, ээ, оо, өө дөрвийг эгшиг зохицох дүрмийг баримтлан саланги бичнэ. Жишээлбэл: хүүхдүүд ээ, залуучууд аа, нөхөд өө гэх мэт.

7. Дагавар үг уруу гэж бичихдээ эгшиг зохицуулахгүй эхний эгшгийг хасахгүй эр эм ямар ч үгэнд уруу хэвээр нь бичнэ. Жишээлбэл: уул уруу (уул өөд гэдэгтэй адил), гэр уруу (гэр өөд гэдэгтэй адил), гол уруу, өрөө уруу гэх мэт. Уул руу, гэр лүү гэж бичихгүй.

8. Идэвхгүй "а" язгуур нь гээгдсэн "сан, даг" нөхцөлийг уг үгнээс нь саланги эгшиг зохицох дүрмийн ёсоор "сан, сэн, сон, сөн, даг, дэг, дог, дөг" гэж бичнэ. Жишээлбэл: явсан сан, явсан даг, очсон сон, очсон дог гэх мэт.

17187   1


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.