Зун бол дэлхийн томоохон компаниудад ажиллаж буй, Монголдоо амралтаараа ирсэн шилдэг мэргэжилтнүүдийг барьж авах улирал ажээ. Энэ удаагийн "олз" маань Амазоны А.Амарбаяр байлаа. Дэлхийн жижиглэн худалдаа ба технологийн салбарын аваргуудын нэг Амазоны Сиатл дахь төв салбарт хөгжүүлэлт, үйл ажиллагааны инженерээр ажилладаг тэрээр 2008 онд Хойд Доката мужийн Дикинсоны их сургуулийг төгсжээ. Үүний дараа таван жил зочид буудлын захиалгын систем хөгжүүлэгч компанид ажиллаад Айова мужийн Махарашигийн их сургуульд магистраа хамгаалсан байна. Амазонд 3 дахь жилдээ ажиллаж буй зочин маань нийгэм, сайн дурын ажилд идэвхтэй оролцдог нэгэн бөгөөд Hack UB хакатоныг санаачлан, энэ 8-р сарын эхээр Улаанбаатарт зохион байгуулахаар ажиллаж байна.

Байршил: АНУ-ын Вашингтон муж, Сиатл хот
Одоо хашиж буй ажил, албан тушаал: Хөгжүүлэлт, үйл ажиллагааны инженер (DevOps engineer)
Хэрэглэдэг гар утас: iPhone 6S
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro 13'
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Шинийг санаачлах, автоматжуулах
Сошиал хуудсууд: Amarbayar Amarsanaa (фэйсбүүк), https://amarbayara.wordpress.com

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

DevOps инженерийг эрлийз инженер гэдэг л дээ. Миний ажлын 50 хувь нь код бичих, 50 хувь нь системээ турших, аюулгүй байдлыг хангаж ажиллах зэрэгт зориулагддаг. Техникийн мэдлэгтэй, нөгөө талаас хүмүүстэй харилцдаг, ер нь олон талын ажил хийдэг мэргэжилтэн. Тэгэхээр ажлын маань тал нь огт төлөвлөх боломжгүй байдаг. Асуудал гарсан үед тухай бүрт нь шийдээд явах ёстой. Арга барилын хувьд, би эхлээд асуудал гарсан бол шууд л системийн ажиллагаагаа эргэж хэвийн болгоход анхаардаг. Хамгийн чухал зүйл учраас. Зарим инженерүүд бол энэ асуудал хэнээс, юунаас болж үүсэв гээд суурь шалтгааныг нь эхэлж олох гэдэг. Ингэх нь миний хувьд цаг алдаж байгаа юм шиг санагдаад байдаг юм.

Мөн ажлаа эрт эхэлж эрт дуусгадаг. Голдуу 6 өнгөрөөж ажил дээрээ ирээд, 15 цаг өнгөрөөгөөд дуусгадаг. Үүний дараа фитнест явж, гэртээ хоол хийж, бусад сайн дурын ажлууддаа төвлөрдөг дөө. Мэдээж заримдаа уртасгасан цагаар ажиллах үе бий.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Манай баг Японы Канбан моделийг ашиглаж ажлаа явуулдаг. Хийх зүйлс, хийж байгаа зүйлс, хийчихсэн зүйлсээ тэмдэглэж явдаг систем юм л даа. Мөн бид Амазоны аппуудыг ажилдаа хэрэглэдэг. Хүмүүс бол мэдэхгүй байх. Мөн Амазоны хэрэглээний аппуудыг бас хэрэглэнэ. Amazon Music, Shopping, Audible гэх мэт. Технологи, бизнесийн салбарын сонин хачнаас хоцрохгүйн тулд Techcrunch, Hacker News, Blind зэргийг ашиглана. Blind дээр жишээ нь голдуу Цахиурын хөндийд ажилладаг хүмүүс нэрээ мэдэгдэлгүйгээр бүртгүүлж, ажилладаг компаниудынхаа талаарх мэдээллийг хуваалцдаг. Бас iOS-ийн аппаар хувьцаа ханш сонирхоно. Мөн фэйсбүүк, инстаграм.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Анхаарал сарниулах зүйлсээ бичиж байгаад хорих аргатай. Фэйсбүүк орохгүй, утсаа Airplane тохиргоон дээр тавих гэх мэт. Түрүүнд хэлсэнчлэн өглөө эрт ажлаа эхлүүлбэл 2-3 цаг сайн төвлөрөөд нэлээн ажил амжуулчихдаг. 9 цаг гээд л хүмүүс ирж, нохой нь хүртэл хуцна шүү дээ (инээв).

Мэдээж бас төлөвлөгөөтэй ажиллах нь цаг хэмнэнэ. Туршлагаасаа анзаарсан зүйл гэвэл багийн болон байгууллагынхаа гол зорилгыг мэдэж байх нь их тустай байдаг. Тэр зорилгод нийцэх ажлуудыг л хийхгүй бол өөрийн дуртай зүйлсийг хийснээр цаг л алдана. Байгууллагын зорилготой нийцсэн зүйлсийг хийсэн байлаа гэхэд дараа нь хурал дээр энийг яагаад хийсэн бэ гэхэд, энэ ажил том зургаараа манай зорилготой нийцэж байна гэхэд хэзээ ч бурууддаггүй. Мөн өглөө орой ажилдаа автобусаар явах 30-40 минутыг ажлаа төлөвлөх, аудио ном сонсох, хэрэгтэй юм унших зэрэгт ашигладаг.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Камбан боард дээр хөтөлдөг. Вэб аппликэйшн байдаг юм. Ашиглаж эхэлснээс хойш бүтээмж их нэмсэн шүү. Хүмүүс би ажилтай байна, завгүй л байна гээд байдаг. Гэхдээ заримдаа яг юунд хэр их цаг зарцуулаад байгаагаа мэдэхгүй байж тэгж ярих нь бий. Бичээд тэмдэглээд, цагаа бүртгээд ирвэл заримдаа жаахан зүйлд их стресстэж байгаагаа олж мэддэг талтай.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Шинийг санаачлахдаа сайн гэж боддог. DevOps инженер бол юмыг автоматжуулах үүрэгтэй. Нэг юмыг хоёр хийхгүй гэх бичигдээгүй хуультай. Нэг юмыг хоёр дахь удаагаа гараараа хийж байвал буруу зам руугаа явж байна гэж үздэг. Тийм болохоор болохгүй байгааг юмыг яаж болгох вэ, болгосон юмаа яаж сайжруулах вэ, сайжруулсан юмаа яаж автоматжуулах гэж системчилж боддог болчихсон байна лээ. Шинийг санаачилж байсан жишээнүүд бий. Анх Амазонд ороход манай багт лав компанийн соёлд сургах, компанитай сайн танилцуулах сургалт мэтийн зүйл байсангүй. Шууд л ажлаар даруулж эхний 2 сар ч ёстой самгардсан даа. Тиймээс шинээр орж ирж буй DevOps инженерүүдэд зориулсан 5 долоо хоногийн bootcamp сургалтыг санаачилсан нь менежерийн дэмжлэгийн авсан. Одоог хүртэл энэ сургалтаар 40 гаруй инженер дамжиж, Амазоны соёл, бизнес модель, манай хэлтсийн зорилго, хэрэглэдэг технологиудтай сайтар танилцаж, бэлэн болсныхоо дараа үндсэндээ ажилдаа орцгоосон. Энэ санаачилгаас шалтгаалан тушаал дэвших асуудал ч хүртэл яригдсан шүү.

ТАНЫ ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Онцлог нь төрөл бүрийн ажил хийдэг болохоор адал явдалтай, сорилт ихтэй байдаг. Надаас 100 хувь програм бичдэг болох уу гэдэг ч би одоогийн ажилдаа сонирхолтой.

Эерэг тал нь хийж буй ажлын цар хүрээ маш том байдаг. Саяхан гэхэд л би Амазоны Европт байдаг салбарын санхүүгийн хүмүүст ажлыг нь хялбарчлах систем хийж өгсөн. Үүний үр дүнд тус салбар жилд 400-500 мянган доллар хэмнэх юм билээ. Энэ мэт төрөл бүрийн хүмүүстэй харилцаж, тэднээс сурах боломжтой байдаг.

Хүндрэлтэй тал нь ажлынхаа тэн хагасыг төлөвлөж болдоггүй. Заримдаа ажил нэг л болж өгөхгүй бол стресстэнэ. Ямар нэг асуудал үүсэхэд үр дагавар нь өндөр эрсдэлтэй байдаг учраас бас тодорхой хэмжээний дарамт бий шүү.

АМАЗОНД АЖИЛЛАХЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ?

Манайх чинь байнга шинийг эрэлхийлдэг, байхгүй юмсыг бий болгоно гэж зорьдог компани. Тийм ч учраас ажилтнуудаа шинэ санаа байвал түүнийгээ туршаад үз гэж дэмждэг. Үүгээрээ шинэ юмны амт шимтийг хүртэх мэдрэмжийг ажилтнууддаа өгч, урам зориг нэмдэг. Хоёрдугаарт, ажилтнуудаа хэрэгтэй зүйлсээр нь бүрэн хангадаг. Нохойгоо хүртэл дагуулж ирээд хамт байж болно, нохойгоо салхилуулах тусгай парк хүртэл бий. Бидэнд Амазоноос худалдан авалт хийхэд 10 хувь хөнгөлөлт эдлэх эрх өгдөг.

Мөн ажилтнуудынхаа карьерыг ихэд дэмждэг. Ажилд орсноос зургаан сарын дараа менежер уулзаад, жилийн дараа хаана ажилламаар байна гэж асуун, түүнд нь тохируулсан ажлууд, төлөвлөгөөг гаргаж өгнө. Ер нь Амазон дотроо л сайн ажилтнаа хадгалж байвал хаана ажиллах нь нэг их хамаагүй гэсэн бодлоготой.

ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Таван долоо хоногийн хугацаатай Монголдоо ирээд байна. Би Hack UB хакатон гэх ашгийн бус төслийг санаачилж, Монголдоо зохион байгуулах гол зорилготой ирлээ. Манайд мэдээлэл их байгаа ч түүнийгээ системтэй зөв хүргэх тал дээр дутагдал бийг анзаарч, Улаанбаатарт буй бүх л бүтээгдэхүүн үйлчилгээг аппаар дамжуулан Монголд буй гадаад хүмүүс, ажилтнуудад хүргэх зорилготойгоор санаачилсан хакатон юм. Бүртгэл нь 7 сарын 31-ныг хүртэл явна. 10 баг оролцож, 10 апп бүтээх юм. Энэ хакатоны хувьд 3 том онцлогтой:
1. 10 багт АНУ-ын технологийн том компаниудад ажиллаж буй 10 монгол мэргэжилтэн ментор хийнэ.
2. Бид эмэгтэй хүмүүсийг сайн оролцоосой гэж уриалж, энэ тал дээр сайн анхаарч байгаа.
3. Хакатон 7 хоног бүтэн үргэлжилнэ. Эхний 2 хоногт бүүткамп сургалт, дараах 5 өдөр нь хакатон. Нэлээд урт хугацаанд хийгдэх тул чанартай бүтээгдэхүүнүүд гарах болов уу гэж итгэж байгаа.

Миний хувьд үүгээр дамжуулан монголчуудыг Амазоны технологиудыг ашиглуулж сургах давхар зорилго агуулсан. Амазоноос бараа хүргүүлэх орнуудын жагсаалтад Монгол байдаггүй. Яагаад гэж асуухаар Амазоны вэбүүд рүү хандаж буй хандалт Монголоос маш бага байдаг юм билээ. Үүнийг нэмэгдүүлж, Монголоо энэ жагсаалтанд оруулах санаатай. Би буцаж очоод компанидаа тайлан бичиж өгнө. Амжилттай болбол дараа жил манайхаас баг ирж авьяаслаг залуусыг компанидаа элсүүлэх боломж ч гарч магадгүй.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Ажиллаж байх үедээ сонсоно. Ханс Зиммерийн хөгжимд дуртай. Киноны сүртэй хөгжмүүдийг сонсохоор цаанаасаа л төвлөрөөд байх шиг санагддаг. Amazon Music-ээ л сонсоно доо.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Audible-ээр ном их сонсдог. Одоо сонсож буй номууд гэвэл Personal MBA, The Like Switch хоёр байна. Эхнийх нь их сургуульд MBA суралцалгүй хувиараа бизнесийн удирдлагад суралцах тухай, нөгөө нь FBI-д ажиллаж байсан хүний бичсэн, хүмүүсийг гаднаас нь хараад хэрхэн унших, тэдэнд хэрхэн нөлөөлөх талаар ном. Audible Амазоны компани ч бидэнд бол хөнгөлөлт байдаггүй тул мөнгийг нь төлөөд хэрэглэдэг.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, АЛЬ ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

100 хувь нээлттэй хүн. Ажилд маань эерэг сайнаар нөлөөлдөг.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Орой 10 өнгөрөөж унтаад өглөө 5.40-ийн үед сэрдэг.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Би 15 цаг өнгөрөөж ажлаа дуусгаад 4 цагаас нэг цаг фитнесст явдаг. 6 дөхүүлж гэртээ ирээд яг нэг цаг хоолоо хийж иддэг. Ер нь гадуур хооллоод байдаггүй. Найзууд маань ресторанууд ер мэдэхгүй юм гээд гайхаад байдаг. Тэгээд орой 7 цагаас сайн дурын ажлууд болон хоббитой зүйлсээ хийнэ дээ. Жишээ нь АНУ-д байдаг монголчуудтайгаа хамтран жилдээ нэг удаа "Америк дахь монголчуудын хөдөлмөрийн яармаг"-ийг зохион байгуулж, тэнд буй мэргэжилтнүүдийг Монголын компаниуд, байгууллагуудтай холбох ажил хийдэг. "Надад хэл үг байна" гээд монголчуудын илтгэлийн тэмцээн бас байна.

Мөн хөгжим, спорт нэлээн сонирхоно. Сагс, газрын теннис, гитар, төгөлдөр хуур зэргийг тоглочихно шүү.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?

Амазоны Жефф Безос, Элон Маск нарыг дурдаж болно. Ердөө саяхан Билл Гэйтсийг гүйцэж дэлхийн хамгийн баян хүн болоод буй Жефф Безос бол customer obsession буюу хэрэглэгчийг дээдлэх үнэт зүйлийг гаргаж ирснээр Амазоныг өнөөгийн түвшинд авчирсан хүн. Сүүлийн үед Амазонд нэг их цаг зарцуулахаа больсон. Хааяа бүх ажилтнуудын уулзалтууд дээр ирчихээд явдаг. Пуужингийн үйлдвэр гэх мэт бусад компаниуддаа цагаа илүүтэй зориулж байгаа билээ. Амазонд ажилладгийн хувьд хэрэглэгчийг дээдлэх энэ үнэт зүйлийг нь өөрийн болгох гэж хичээдэг. Мөн Цахиурын хөндийд амжилттай ажиллаж буй Yahoo-д байсан М.Сувдмаа, Microsoft-ийн Л.Бат-Өлзий, Google-ийн Баттулга зэрэг ах эгч нараасаа үлгэр дууриал авдаг даа.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

АНУ-д суралцах гээд анх очихдоо америк айлд амьдарч байсан. Тэгэхэд тэр айлын Эйми гээд эгч "Амарбаяр аа, чи бүх юмыг төгс хийж чадахгүй, бүх юм төгс байх албагүй' гэж их хэлдэг байсан. Бодвол надаас тийм хандлага ажигласан юм байлгүй. Түүнээс хойш энэ үгийг байнга санах болсон, сайнаар ч нөлөөлсөн.

ЗАЛУУСТ ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Технологи гэдэг бидний амьдралын салшгүй хэсэг болсныг бид бүгд харж байгаа. Технологийн нөлөө ирээдүйд улам л ихсэнэ. Тэгэхээр технологид суралцах зайлшгүй шаардлагатай болж байна. Хэрэглэгчийн түвшинд технологиудыг сайн ашигладаг, мөн гүнзгий түвшинд мэддэг найзуудтай болох нь чухал болов уу. Технологитой хамт дэлхий улам л даяарчлагдаж байгаа болохоор аль болох дэлхийн иргэн болж, олон улсын стандартад нийцэх зүйлсийг хийж сурах хэрэгтэй байх. Үүний тулд гадаад хэлний мэдлэг зайлшгүй.

Мөн customer obsession гэдгээ дахиад л яримаар байна. Монголд ирээд дэлгүүр орохоор зарим нь гуйлгаж байж юмаа зарах юм (инээв).

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

М.Сувдмаа эгчийг санал болгоё. Дээр үед мэдээлэл дутмаг байх үед АНУ руу тэтгэлэгтэй явж суралцсан, компаниудад хэрхэн орсон талаараа нийтлэл, блог бичиж над мэтийн олон залууст тусалсан хүн. Сувдмаа эгчийн ажлын намтрыг харахад л, бидэн шиг технологийн салбарт карьераа эхлүүлээд удаагүй байгаа залуусын хүсэж мөрөөддөг дийлэнх үе шатыг дамжсан байдаг.

Гэрэл зургийг Б.Батзаяа (Зак)